Хятадын шоронгуудын хар дарсан зүүд мэт амьдрал

CNN-ийн нийтлэлийн буланд гарсан энэхүү нийтлэл нь Хятадын шоронд хүмүүс ямаршуухан тамд амьдардаг талаар тодорхой өгүүлжээ...

Бяцхан хайрцагтай захидал задрах үед энэ бүхний нууц дэлхий нийтийн өмнө дэлгэгдсэн юм.

Аравдугаар сарын сүүлчийн өдөр буюу сүнсний баярын өдрөөр АНУ-д нэгэн гэр бүлд бяцхан бэлэг бас хэдэн хулуу довжоон дээр нь тавьсан байв.

Гэрийн эзэгтэй хайрцагтай зүйлийг онгойлгоход гараар хийсэн хэдэн тоглоомон чимэглэл, түүн дотор сайтар чихэж хийсэн нэг бичиг байжээ. Нээж уншвал англиар муухан бас хятадаар бичсэн захиа маягийн зүйл байв.

Захидал бичсэн хүн цаас бал хаанаас олсон юм бол доо гэмээр жижигхэн цаасан дээр тасалдаж гардаг балаар “Дэлхийн Хүний эрхийг Хамгаалах Байгууллагад” хандсан, тэдэнд уламжилж өгөхийг хүсч мянга мянган хүн маш хэцүү нөхцөлд амьдарч байгаа тухайгаа бичиж, хэрэв уламжилж хүргэж чадвал насан туршдаа талархаж явахаа илэрхийлсэн утга бүхий захиа байсан юм.

Захидлыг авсан бүсгүй үнэн худлыг нь мэдэхгүй, захидал явуулсан хүн амьд эсэхийг ч мэдэхгүй байсан ч захиаг тэдний хүссэн газарт хүргэх нь хамгийн зөв хэмээн энэ бүхний учир зангилааг тайлахаар болсон нь зөв шийдвэр байлаа.

Захидлыг явуулсан хүн шоронгийн дарга нарын тушаалаар орон гэргүй, өнчин хүүхдүүдэд явуулах гар доорх материалаар хийсэн тусламжийн тоглоом хийлгэх үед энэ захидлаа нэг тоглоом дотор хийж амжсан байжээ.

Маш урт хугацааны дарангуйлал

Хятадын Маасанжиа гэх хөдөлмөрийн лагерт мянга мянган хүн сэтгэлзүйн болон биеийн асар хүнд дарамт дор байдаг. Тэдгээр хүмүүс ийнхүү олон улсын байгууллагаас тусламж хүсэн дуу хоолойгоо илэрхийлжээ.

Хийсэн хэргийнхээ гэмийг ухаарч шоронд хоригдоно гэдэг өөрөө шийтгэл байтал тэднийг хүн чинээ авч хэлэлцэхгүй хамгийн адгийн бүхнийг хийлгэж байгаа нь тэсэхийг аргагүй тамлаж, доромжилж байгаа явдал хэмээн бичжээ. Хэрэгтнүүдийн ихэнх нь насаараа хорих ялаар шийтгүүлсэн архаг ялтнууд.

Шинээр ирж байгаа хүмүүс эндхийн амьдралыг хэрхэн өрнөдөг тухай төсөөлөө ч үгүй, учир нь тэдний хэзээ ч төсөөлж байгаагүй бүхэн тэднийг угтаж байдаг учраас гэжээ.

Энэ бүхэн хэзээнээс эхэлснийг мэдэхгүй, мэдэхийн ч аргагүй. Нэгэнт наранд гарахгүй болсон хүмүүсийн амьдрал асар том, энэ лагерт ямар ч итгэл найдваргүй үргэлжилсээр төгсдөг. Тэдний олонх нь амиа хорлохоос өөр арга замгүй болдог ажээ.

Хятадын тухайд

Үй олон сая хүнтэй, сүүлийн жилүүдэд асар хурдацтай хөгжиж буй Азийн орон бол Хятад. 2008 оны зуны олимпийн наадмаас хойш дэлхийд илүү чадал чансаатайгаа харуулахаар улайрч байгаа луу гэж хэлж болно.

Олуулаа улс олон хүнийхээ эрх ашгийг дагах нь ойлгомжтой. Гэсэн ч тус улсын учир дутагдалтай зүйлүүд дэлхий нийтийн өмнө тодоос тод байдаг ч тэдгээрийн тухайд ёстой тоодог ч үгүй. Нэг тэрбум давсан хүн ам нь хэтэрхий олон болж ядуусын тоо нэмэгдэнэ гэхээс сэргийлж нэг хүүхэд бодлогыг хэрэгжүүлсэн түүхтэй. Гэтэл одоо тус улсын 40 орчим хувь нь дундаас дээш насныхан болжээ.

Хүчирхэг гүрэн улс болохын тул жижиг үндэстнүүдээ маш чанга гараар барьж байгаа. Ойрын жилүүдэд хятадын автономит бодлогыг эсэргүүцсэн түвд, уйгарууд эсэргүүцлээ хурцаар илэрхийлж байгаа.

Гэсэн ч их гүрний хүчээр тэднийг нухчин дарсаар л байна. Олонхийн эрх ашгийг дээдэлдэг тус улсад цөөнх байна гэдэг байхгүйгээс ялгаагүй. Хоригдлууд ч мөн ялгаагүй. Тэрбум хол давсан хүн амтай орон элдвийн гэмт хэргээс нийгмээ хамгаалахын тулд хатуу чанга хуультай байх нь ч аргагүй. Тиймээс Хятадын хатуу хуулийг зөрчсөн олон сая иргэд нь шорон хэмээх аймшигт лагерьт насаа элээдэг. Хятадын хуулийн бодлого нь нэгэнт түгтсон дүрэм журам зөрчсөн л бол цаашид энэ хүнтэй ямар нэг төлөвшил, засралын тухайд ярих шаардлагагүй, шууд л явуулдаг газарт нь явуулж тэнд нь аль болох удаан байлгахыг эрмэлздэг.Эрх чөлөөт энгийн иргэн байхдаа хүн ч биш, хүн биш ч биш амьдрал тус улсад байдаг байсан тухай хэрхэн мэдэх билээ.

Хорих лагерийн бараан амьдрал

Хятадын хойд хязгаарт орших энэ хөдөлмөрийн лагерт нарны гэрэл ч тусдаггүй мэт бараан, гунигт амьдрал өрнөсөөр байна. Хоригдлууд тариан талбайд ажиллаж, тоосго, блок хийж өдрийг өнгөрөөнө. Хөх өнгийн өндөөс өндөр хүйтэн хаананы цаана 5000 орчим хүн эрхээ хасуулан хоригдож байна.

Үүрийн 4:15 цагаас эхлэх тэдний амьдрал дарамт шахалт, доромжлол, боолчлолын дор өрнөсөөр оройн 19:00 гэхэд нам жим болдог. Хэрэггүй бол өрөөнөөсөө гарч бусдын нүдэнд өртөөд хэрэггүй гэх дүрэмтэй. Хоригдогсод энэ газрын тухайд “дэлхий дээр биеллээ олсон тамын хөндий” хэмээн ярьдаг.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард энэ хорих хөдөлмөрийн лагерийн тухай хятадын нэгэн сонинд “Өндөр хананы цаана” гэсэн нийтлэл гарсан. Гэсэн ч нэгэнт маш өндөр ханатай болсон учир хэний ч хэлсэн үг ханыг давж чадахааргүй болжээ. Тусламж хүссэн, туслахыг оролдсон хэн хэн нь тусыг эс олсон. Харин өнөөдөр дэлхий нийтээрээ мэдсэн учир байдал арай өөр болох болох болов уу гэсэн найдвар байгаа. Гэхдээ байдал хэр зэрэг өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй.

Зөвхөн Масанжиа шоронгийн тухайд л ийм байгаа бол бусад хөдөлмөрийн 100 гаруй лагерт байгаа 190 мянга гаруй хүний эрхийн асуудал бараг л адилхан байгаа нь ойлгомжтой. Хэрэг хийсэн ч ялаа эдэлж буй тэдэнтэй хүн ёсоор харьцдаг байгаасай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ