Н.Удвал: Би олон хүний хүсэл сонирхол биелэхэд саад болж байх шиг байна

Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та нам дамнасан бүлэглэлийн зохион байгуулалттай дайралтад өртдөг гэж ярьдаг. Энэ ямар учиртай вэ?

-Би хүний эрүүл мэнд, амь настай холбоотой эмзэг салбарыг удирддаг. Хараад байхад үе үеийн удирдлагууд энэ салбарт хоноцын сэтгэлгээгээр хандаж иржээ. Мэргэжлийн зохицуулалт шаардсан, задгай, олон асуудал хуримтлагдсан салбарыг миний бие хүлээж авсан. Сумын эмчээс эхлээд, төрийн сайд хүртэлх бүх шат дамжлагаар ажиллаад ирсэн хүний хувьд би эрүүл мэндийн салбарыг алган дээрээ тавьсан шиг л мэднэ. Янз бүрийн асуудлууд гардаг нь нөгөө л нэг эрх ашгийн төлөө гүйдэг хэсэг хүмүүстэй холбоотой байдаг. Нэг ёсондоо тэдгээр хүмүүсийн эрх ашиг зөрчилддөг бололтой юм.

Өнгөрсөн хугацаанд салбартаа хийгдэж буй ажлыг олонд хүргэхээс илүүтэй, нам дамнасан бүлэглэлийн дайралтад өртөж байгаа маань аргагүй л анхаарал татах болсон. Манай салбарынхны зөвхөн саар талыг харуулсан энгийн жишээнүүдийн нэг нь саяхан Гэмтэл согог судлалын үндэсний төвд гарсан явдал юм. Тухайн үед 25 настай залууд эмч нар шуурхай тусламж үзүүлээгүйгээс, амиа алдсан гэж шуугисан. Энэ дагуу талийгаачийн ар гэрийнхэнтэй манай зөвлөх уулзсан юм. Ар гэрийнхэн нь талийгаачийн амиа алдсан явдалд эмч буруугүй гэдгийг ойлгоод, гаргасан өргөдөл, гомдлоо буцааж авсан. Энэ мэтээр байнга дайралтад өртдөг. Уг нь надад ямар нэгэн дайсан, өс хонзонтой хүн байхгүй. Би хэн нэгэнтэй дайн байлдаан зарладаггүй. Зүгээр л зарчимтай улстөрч байхыг хичээдэг.

Эрүүл мэндийн салбарын шинэчлэл өнгөрсөн он жилүүдэд зөвхөн хуучин бодлогын алдаануудыг засах төдийхнөөр явж ирсэн байдаг. Тиймээс өнөөдөр эрүүл мэндийн салбарт үүсээд буй нөхцөл байдал олон жил хөрөнгө мөнгөний асуудал нь голлож явсантай холбоотой гэдгийг би мэдрээд байгаа.

-Хэдэн жилийн өмнө санхүүжилтээ 100 хувь авсан төрөх эмнэлэгодоо хүртэл ашиглалтад ороогүй. Энэ салбар яагаад үе үе гацаанд ороод байна аа?

-Төрөх эмнэлгийн барилгыг анх барьж эхлэхэд 19 тэрбум төгрөг шаардлагатай гээд санхүүжилтээ 100 хувь авсан байдаг. Гэтэл өнөөдөр ажлын явц нь дөнгөж 50 хувьтай яваа. Тэгсэн хэрнээ нэмж 13 тэрбум төгрөгийн санхүүжилт авах тухай асуудал үүссэн. Нэг ёсондоо төрөх эмнэлэг 32 тэрбум төгрөгөөр баригдах болоод байна. Энэ мэт ойлгохын аргагүй асуудлууд үүсдэг. Мөн нэгдүгээр эмнэлгийн өргөтгөл байна. Бүх эмч нь ийм зургаар тухайн барилгыг бариулъя гээд анхнаасаа зураг төслөө гаргаж өгсөн гэсэн. Гэтэл нөгөө захиалагч байгууллага зураг төслийг дур мэдэн өөрчилж, тендер зарласан байна. Ингээд 12 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байсан барилгыг 48 тэрбум төгрөгөөр барина гээд цаана чинь надтай уулзахаар яваа сурагтай. Би яаж үүнийг зөвшөөрөх юм бэ.

Ер нь би энэ салбарыг удирдсанаар хувийн хүсэл сонирхол, мөрөөдөлтэй олон хүнд саад болж байх шиг байна. Бусдын жишгээр хувь тохироод явбал над шиг жаргалтай хүн байхгүй биз дээ. Дээр нь хэн ч над руу дайрахгүй. Даанч надад тийм сэтгэл алга. Надад “шударга байх хэцүү шүү, чи ганцаардана” гэж олон хүн хэлдэг. Би ганцаардахаас айдаггүй. Гол нь ард түмний эрх ашгийн төлөө тэмцэх ёстой учраас энэ байр суурин дээрээ баттай зогсоно.

-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргыг сонгох гэж нэлээд асуудалтай тулгарлаа. Ганц эмнэлгийн даргыг томилох эрхгүй юм бол яамны хэрэг байна уу гэсэн байр сууринаас иргэд хандаж байгаа?

-Гэмтэл согог судлалын үндэсний төвд үүссэн асуудал нэр бүхий хүмүүсийн хийсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа байсан.

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн гол цөм нь чанар юм. Хамгийн хэцүү нь гарсан шинэчлэлийн бодлого байгууллага дээр очоод гацдаг. Энэ нь өнөө тогтолцооны гажуудалтай холбоотой. Хамгийн энгийн жишээ гэвэл, саяхан Эрүүл мэндийн сайдын хувьд шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр Нийслэлийн эрүүл мэндийн газарт 40-50 хүний бүрэлдэхүүнтэй шалган туслах баг гаргасан. Гэтэл нийслэлийн Засаг даргын орлогчоос надад хариу ирүүлсэн байсан. Тэр хариу бичигт "Эрүүл мэндийн сайдын тушаалаар ажиллаж буй баг нийслэлийн эрүүл мэндийн газруудаар ажиллах эрх зүйн чадамжгүй" гэж дурдсан байсан. Ингээд нөгөө хүмүүсээр ажлыг нь хийлгээгүй. Эрүүл мэндийн салбар тогтолцооны ямар гажуудалтайг эндээс харж болно. Нэг ёсондоо Монголын төр ямар ч эрх мэдэлгүй болжээ. Нөгөө талаар, төрийн байгууллагын хариуцлага, соёл, үйл ажиллагаа ийм хэмжээнд хүртлээ алдагдсан байна. Төр, төрийн захиргааны төв байгууллагуудад Эрүүл мэндийн яам шалгалт хийхээр очлоо гэхэд хөөгдөхөөр түвшинд хүрчихээд байна.

Үнэн хэрэгтээ, аль нэг сум эсвэл багт вакцины хүндрэл гарлаа гэхэд хариуцлагыг нь эрүүл мэндийн сайд хүлээдэг. Гэтэл төрийн байгууллагууд тоосон шинжгүй, Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт шалгалт хийлгэхгүй гээд буцааж явуулсан байгаа юм.

Би нэг л юмыг хэлье. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар анх удаа эмч нарын алдаа, хүүхдийн эндэгдэл, ёс зүйн асуудал, технологийн шинэчлэлийн тухай ярьж байна. Эдгээр асуудлууд өмнө нь нууц, хаагдмал байсан. Харин одоо үүнийг ил тод байлгаж, хуучин тогтолцоог халах цаг нь болсон гэж үздэг.

-Анхны хүүхдээ төрүүлж буй 21 настай залуухан ээж саяхан амиа алдсан. Гуравдугаар төрөх эмнэлэгт болсон энэ явдалд эмч нарыг буруутгаад байгаа. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Надад одоогоор энэ асуудалтай холбоотой мэдээлэл ирээгүй л байна. Ер нь эмч нартай хариуцлага тооцох механизм маш бүдэг. Тэгээд ч Эрүүл мэндийн тухай хуулинд эмчилгээ үйлчилгээний чанар, аюулгүй байдлын тухай хэн ч хариуцлага хүлээх заалт байдагтүй. Уг заалтыг хуулиндаа оруулвал, шат шатандаа хариуцлага тооцох механизм бүрдэх байх. Одоогоор манайд хариуцлага алдсан эмчийг ёс зүйн хороогоор оруулах арга хэмжээ л авдаг. Хамгийн дээд талын шийтгэл нь сайдын тушаалаар эмчлэх, сувилах, эм барих эрхийг нь хасдаг.

-Эмч нар цалингаа нэмүүлэхийг шаардаж, жагсахаа мэдэгдсэн ч энэ асуудлыг түр хойшлуулсан. Тэд хэдэн төгрөгийн цалин авна гээд байгаа вэ?

-Эмч нарын цалин хэд байх ёстойг судалсан. Дунджаар эмч нар сард хоёр сая төгрөгийн цалин авах ёстой юм байна гэсэн тооцоо гаргаад байгаа. Харин хэзээнээс ийм хэмжээний цалин олгох нь улс орны эдийн засгийн байдалтай холбоотой. Эрүүл мэндийн салбарын төсөв болон даатгалаас авах мөнгийг нэмэгдүүлэх тал дээр үйлдвэрчний эвлэлтэйгээ санал нэгдсэн. Тавьж байгаа эдгээр шаардлагыг зарчмын хувьд буруу гэж үзэхгүй байгаа. Гол нь баталгаа нотолгоонд суурилсан шинжлэх ухааны үндэстэй шаардлага байх ёстой гэдэг байр суурийг баримталдаг.

-Таныг АНУ юм уу Англи руу Элчин сайдаар явна гэсэн яриа гарсан. Энэ үнэн үү?

-Надад тийм санал ирээгүй. Ирсэн ч би явахгүй гэдгийг албан ёсоор хэлье. Учир нь надад эрүүл мэндийн салбарыг эрүүлжүүлэх чиглэлээр хийх ажил их байгаа.

-Танай яам Засгийн газар дотроо хамгийн хүнд сурталтай яамаар тодорсон байх аа?

-Засгийн газар яамдуудынхаа ажлыг дүгнэж танилцуулсан. Манай яам магнайлаагүй ч сүүл бариагүй. Эрүүл мэндийн яамыг хүнд сурталтай гээд өөрсдөө нэг үзүүлэлт зохиочихоод түүнийгээ өөрсдийн үзэмжээр байр эзлүүлдэг тоглоом Монголд бий болоод удаж байгаа шүү дээ.

-Н.Энхбаяр даргатайгаа холбоотой байгаа юу. Биеийн байдал нь ямар байгаа вэ?

-Ойрд холбогдоогүй. Биеийн байдал нь хамаагүй дээрдсэн гэсэн. Гэхдээ хэсэгчилсэн эмчилгээнүүд хийгдэж байгаа юм билээ.

Ч.АННА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ