“Эвдэрхий” хүүхдүүд хөөрхий

Сүүлийн үеийн залуус бол ер нь л сэтгэлийн хөөрлөөр, дурлал хайрандаа шатсандаа, хар залуугаараа айл гэр болж “тоглож” байна. Ямар ч бэлтгэлгүйгээр. Өнөөдөр Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг бол яах аргагүй энэ мөн. Гэр бүлийн боловсрол мэдлэг дутмаг байгаагаас салалт нэмэгдэж хүүхдүүд өнчирч байна. Хүүхдээ хүмүүжүүлэх арга барил дутмаг байгаагаас хүүхдийн хүсэл зорилгыг мохоож өөртөө итгэлгүй, сул дорой иргэн төлөвшиж байна. Цаашилвал бэлгийн замын халдварт өвчин, үр хөндөлт, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц олон асуудал бий болсоор. Нийгмийн хурдацтай хөгжил, амьдралд тулгарч байгаа асуудлуудын үр дүнд гэр бүл гэдэг эрхэм зүйл хаягдаж нэг л мэдэхэд ард үлдчихсэн байна.
Салсан гэр бүлийн хүүхдүүдийн дийлэнх нь зан үйл гажсан, буруу замаар орсон байдгийг нуугаад яахав. Хэрэг төвөгт орооцолдсон, хар тамхи хэрэглэж, гудамжаар тэнэж яваа хүүхдүүдтэй сэтгэлийг нь уудлаад ярилцахад ихэвчлэн гэр бүл нь салсан, улмаар ээжийгээ эсвэл аавыгаа үгүйлэн гансарч гүн хямралд орсон байдаг юм билээ. Тэр алдаж яваа хүүхдүүдийг эцэг эх нь ийм зам руу түлхсэн гээд бод доо. Эндээс эцэг эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ ирээдүйг балруулдаж, нүгэл үйлддэгээ ойлгох хэрэгтэй. Гурван нас хүртэл нь хүүхдийг бурхан шиг байлга гэдэг шиг хүүхэд хамгийн сайн сайхныг мэдэрч өссөнөөр амьдралын аз жаргалыг олж хардаг болох ёстой. Гэтэл яг энэ сайхныг мэдэрч өсөх насан дээрээ эцэг эхийн хэрүүл, үл ойлголцол, дарангуйлал харж өссөн хүүхэд ямар хүн болох вэ.
БЗД-ийн есдүгээр хороо. “Шар хад” хэмээх зарим хүмүүст эвгүйцэл төрүүлэх энэ газарт амьдрах нэгэн хүү миний мэдэхийн гэр оронгүй хүүхэд шиг тэр хавийг эргүүлдэн өдрийг өнгөрүүлдэг, бас PC тоглоно. Тэр хүүхэдтэй хэсэгхэн зуур ярилцах санаатай PC тоглоомын газар луу дагаж орлоо. Тэнд бага, дунд ангийн гэмээр эрэгтэй хүүхдүүд ухаан алдан тоглож сууна. Хажууд нь суугаад хэдэн зүйл асуулаа.
-Миний дүү хэдэн настай вэ?
-Аравтай. Яах гэсэн юм.
-Гэр чинь хаана байдаг юм?
-Энд л байдаг. Танд ямар хамаатай юм бэ.
-Чи өдөржин л гадуур явж харагдах юм. Ээж аав чинь загнадаггүй юм уу?
Загнахгүй. Ээж аав хоёр салаад удаж байна аа. Манай ээж өглөө гараад л орой ирдэг ажилтай. Хойд аав архи ууна. Гэрт очихоор уур хүрээд байдаг юм. Найзуудтайгаа тоглох гоё ш дээ. Заза би тогломоор байна хэмээних л уурласан. Жаахан биендээ баймгүй том хүний яриатай, хоолойны өнгө, ярианы хэлбэр нь цаанаа л “эвдэрчихэж”. Хайран хүүхэд.
Тэгвэл бид аз жаргалтай гэр бүлийг хэрхэн бий болгох вэ? Яаж сэтгэл хангалуун амьдрах вэ, үр хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэх гээд энгийн боловч чухалд тавигдах эдгээр асуултад хариулт олох гэж эрдэг. Бас шаналдаг. Гэвч юу ч хийж чаддаггүй. Ажил ажил, мөнгө цалин гэж гүйсээр эцэст нь маргаан, үл ойлголцол, хүйтэн харьцаа давамгайлж, амьдралаа ямар ч баяр баясгалангүй уйтгартай нэгэн хэвийн байдалд оруулж, өнгө зүсгүй бэлэгдлийн төдий зүйл болгож, эцэстээ юу ч үгүй алдчихсан байдаг. Түүнээс гарах хор уршиг нь ч их байдгийг анзаардаггүй. Энэхүү асуудлуудыг шийдвэрлэхэд бага ч болов мэдлэг болгох үүднээс ийнхүү бичсэнийг эрхэм гэр бүлүүд ойлгож тунгаана биз ээ.
Тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбон, нэгэн айлын гал голомтыг бадраахаар эр эм хоёр гэр бүл болцгоодог. Нэгэн насны амьдралаа туулан, үр хүүхэд, ач зээгээ тойруулж жаргахаар гэрэлт ирээдүйгээ ярилцан, хуримын алтан бэлзэг солилцон, шинэхэн гэрийнхээ өрхийг татна. Анхны үрийн зулайг үнэртэн амьдралын урт замын дөнгөж эхний хэдхэн шатыг алхан гарчихаад цаашид гүйцээлгүй буцах гунигт төгсгөл өнөөгийн нийгэмд шил шилээ даран гарах болжээ.
“Болохгүй байна, бүтэхгүй байна, таарахгүй байна” гээд ирээдүйн бүхий л зорилго тэмүүллээсээ ухарч, нэгэн тулганы галыг бөхөөж байна. Анхны амьдрал, анхны эхлэлээ хөсөр хаяхаасаа илүүтэйгээр хорвоод мэндлээд хэлд орж амжаагүй нялх үрээ өнчрүүлж орхих тэр хатуу шийдвэрийг дэндүү амархан гаргадаг болсон мэт. Эцэг эх болсон тэдний залуу насны ааг омог, шантарч туйлдах сэтгэлийн бурууг юу ч мэдэхгүй ангалзан эрхлэх бяцхан үр нь үүрч, золиос болон шийтгэгдэж байна. Гэр бүл болж, амьдрал зохионо гэдгийг чулуун гэрт тоглоом өрөн тоглохтой адил сэтгэсэн мэт дэндүү хэврэг, дэндүү хийсвэр болсны учир юунд байна вэ? Нийгмийн амьдрал, шинэ үеийн сэтгэлгээ юу? Эсвэл багаас олсон хүмүүжил, ухамсар уу?
Нөгөөтэйгүүр гэр бүл болох гэж буй хоёр нэг нэгнээ огт ойлгож мэдээгүй, цаашлаад өөрөө өөрийгөө ч бүрэн таниагүй байдаг болж. Өөрөө өөрийгөө танин мэдээгүй хүн бусдыг таньж яахан чадах билээ. Үүний уршгаар ханиа таних гэж оролдох оролдлого бүр нь бүтэлгүйтэж, хэрүүл уруулд хүргэн, улмаар “таарахгүй юм байна” гэсэн дүгнэлт хийхэд хүргээд байна. Гэр бүл гэж юу вэ гэдгийгээ ч төдийлөн мэдэхгүй, гэр бүлийн гишүүдийн, нөхрийн, аавын, эхнэрийн, ээжийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж амжаагүй хэрнээ дэр нэгтгэсний уршгаар энэ бүхэн гарч байна. Бүх талаараа огт бэлтгэгдээгүй хоёр хүн нэг гэрт орж, амьдрал үүсгээд эхлэхээр “гэрлэх гэж ийм хэцүү зүйл байдаг юм уу, би ингэх ёстой гэж үү” гээд маш олон хямралд өртөж, асуудал урган, улмаар шантрахад хүргэдэг гэх.
Гэр бүл гэдэг нь нэг өрөөнд хамт амьдрахыг нэр биш. Хос хоёроос эдийн засгийн хувьд ч тэр, нийгмийн байр суурь дотоод амьдрал гээд олон талын бэлтгэлийг шаарддаг юм. Хүүхэдтэй болсноор бүхэл бүтэн хүн тэр гэр бүлд нэмэгдэх тул түүнийг тэжээх чадвар бий эсэхээс авахуулаад олон зүйлд бэлэн байх хэрэгтэй. Гэр бүлээ төлөвлөж чадсан хүмүүс харин хэдэн ч настайдаа хүүхэдтэй болж, түүнийгээ авч явж чадаж байна.
Эцэст нь залуустаа хандаж, нандин сайхан гэр бүлээ нураахаасаа өмнө чадах бүхнээ хийж, бүх арга замыг хайж үзээч гэж аминчлан хэлэхийг хүсч байна. Гэр бүл чинь нурахад ганцхан чи бус олон хүн нэг насаараа хохирч байна шүү дээ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй юм. Монголын шинэ үеийн залуус өөрөөсөө бурууг хайхдаа муу, өөнтөгч, өөртөө итгэхдээ сул, өчүүхэн хүрээнд сэтгэдгийн улмаас бусдыг өөрчлөх оролдлого хийдэг, эсвэл шүүмжилдэг. Өнгө өнгийн хүмүүс өчнөөн давуу, сул талтайгаар оршин тогтнодгийг хүлээн зөвшөөрч, байгаагаар нь хайрлах талаар бага хэлүүлсэн юм шиг байгаа юм шүү.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ