Ө.Мөнгөнтулга: Анхнаасаа өндөр, царайлаг байх шаардлага тавьсан нь дээр

“Чонын алтан шагай”, “Тнгри”, “Улаан дөрвөлжин” зэрэг кинонд дүр бүтээснээс гадна орчуулгын киноны чадварлаг дуу оруулагч, жүжигчин Ө.Мөнгөнтулгатай ярилцлаа.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллав?
-Аймшгийн жанраар бичдэг Ц.Ууганбаяр гэж залуу зохиолчийн “Зоорь” өгүүллэгээс сэдэвлэсэн “Зоорь” нэртэй Монголын уран сайхны 3D аймшгийн кино хийгдээд дуусч байна. Кино ирэх сарын эхээр кино театруудаар гарч, үзэгчдийн хүртээл болно. Одоогоор эвлүүлэг дуусаад, дуу, хөгжим чимэглэлийн ажил явагдаж байна.
{---left---} Ерөнхий найруулагчаар нь Цогт-Эрдэнэ, зураглаачаар нь “Заяа Ш” студийн найруулагч, зураглаач Даваадорж, зургийн даргаар Саранцэцэг, хөгжмийн зохиолч Баярбилэг, зураач Гэлэгжамц гэх мэт бүрэлдэхүүнтэй ажиллалаа.
Гол дүрд нэг хэсэг кино урлагаа орхиод байсан жүжигчин Мөнхзул, залуу жүжигчин Батбаатарын Анхбаяр, UBS телевизийн хөтлөгч Уянга, Хүслэнт, Анужин гээд хоёр жаахан хүүхэд оролцон тоглож байна. Мөн миний бие энэ кинонд Галсан гэх залуугийн дүр бүтээлээ.
-Өөрийнхөө дүрийн тухайд, ямар үйл явдал гарах вэ?
-“Зоорь” өгүүллэг цахим хуудсаар, номоороо залуусын дунд нэртэй, хүмүүс нэлээд мэддэг өгүүллэг. Миний ажилласан дүр Галсан. Галсангийн гэр бүл хөдөөнөөс хот руу шилжиж ирээд, өөрийнхөө нөөц бололцоондоо тааруулаад хямдхан байшин худалдаж авна. Тэр нь оршуулгын газартай хаяа нийлсэн, муу ерын сүнс шүгэлсэн газар. Ингээд тэр гэр бүл эмгэнэлтэй хувь заяатай тулгарч байгаа талаар энэ кино өгүүлнэ.
{!!!left!!!}-Аймшгийн, тэгээд 3D анхны монгол кино байх шүү?
-Аймшгийн, 3D гэдгээрээ анхных. Яагаад 3D форматыг сонгож авсан бэ гэхээр үзэгчдэд илүү бодит мэдрэмж мэдрүүлэхийг хүссэн. Бас энэ киногоороо үзэгчдэд тийм санааг мэдрүүлэхийг хүссэн, ийм мессэж хүргэхийг хүсэн гэсэн зүйл манай кинонд байхгүй. Зүгээр л паркт очоод галзуу хулгана дээр суугаад буугаад ирэхэд ямар мэдрэмж төрдөг вэ яг тэрэн шиг тодорхой хэмжээний айдас, кайф мэдрээд гараасай л гэж бодож байгаа.
-Гэхдээ аливаа уран бүтээлд ямар нэг хэмжээгээр нийгэмд тулгамдсан асуудлыг дэвшүүлж байдаг шүү дээ?
-Манай найруулагчийн гол барьж байгаа зарчим нь өнөөдөр гурван сая хүрэхгүй Монголчуудын 70-80 хувь нь улаанбаатар хотод бөөгнөрөөд, суурьшиж байна. Ингээд агаарын бохирдол, түгжрэл, хүмүүсийн стресс улам ихсэж байна. Тэр дундаа газрын асуудал их хөндөгдөж байгаа. Зай завсар л гарвал байшин барьдаг болчихож. Ингээд хөдөө орон нутгаас шилжиж ирсэн айлууд “Чимээгүй хот”-той хаяа дэрлэн, хашаа татаж амьдарч байна. Энэ хэт бөөгнөрөлөөс үүдэлтэй хүний амьдралд юу ч тохиолдож болно гэсэн санааг гаргахыг зорьсон л доо.
-Ойрын хугацаанд төлөвлөж байгаа уран бүтээл?
-Хэд хэдэн кинонд тоглох санал ирсэн. Ямар кино, ямар дүр байгааг нь судлаад явж байна. Олон ангит кинонд удахгүй тоглох байх. Чадвал нэг хүний моно драмд тоглох санаа байна. Тухайн үед нь үзэгчид харах биз. Одоогоор төлөвлөгөө энэ л байна.
-“Чонын алтан шагай”-д тоглосоноос хойш та олонд илүү танигдсан байх?
-Урьд нь олон ангит кинонууд хийгддэг байсан ч яг тийм детектив жанрын кино ерөөсөө хийгдээгүй байсан. Тэр утгаараа шинэлэг, үйл явдал ихтэй, яриа багатай кино байсан. Аяга тогооны асуудлыг хөндөөгүй, бид мэддэг ч тэр бүр ил байдаггүй сэдвийг хөндсөнөөрөө үзэгчдэд илүү хүрсэн. Тэгээд миний тоглосон Тансаг гэдэг дүр олонд хүнд хүрсэн байх.
-Жүжигчин хүний хувьд ямар дүр бүтээхийг илүүд үздэг вэ?
-Ямар ч дүр байсан ажиллана гэж би боддоггүй. Тухайн найруулагчийн тавьж байгаа саналыг эхлээд судлахыг илүүд үздэг. Хүнд зохих, зохихгүй дүр гэж байна. Хэрвээ миний байгаа материал, дотоод сэтгэхгүйтэй, хувь жүжүигчинтэй уялдаатай байгаад сайн дүр бүтээж чадна гэж өөртөө итгэлтэй байвалтоглохыг эрмэлздэг. Ямар ч байсан суралцаад, гайгүйхэн жүжигчин болчих юмсан гэж хүсдэг.
-Бага насаа дурсаач?
-Улаанбаатарын унаган хүүхэд. Нийслэлийн арван жилийн 18-р дунд сургуульд суралцаж төгсөөд, 1996 онд КУДС-д ороод, 2000 онд төгссөн. Бусад хүүхдүүдийн л адил хүүхэд байлаа. Гэхдээ жүжигчин болно гэж хүсч, мөрөөдөж байсангүй. Урлагийн үзлэг, дугуйланд явах нь явж байсан. Яг дээд сургуулийн элсэлтийн шалгалтад орохдоо л жүжигчин болох хувь тохиол таараад, шалгалтанд нь тэнцчихсэн. Энэ мэргэжлийг сонгосондоо харамсаж байсан үе байхгүй. Яагаад гэхээр бусад ажил мэргэжлийг бодвол их сонирхолтой. Байнга өөрчлөгдөж, өөр өөр сэдэлтэй орчин нөхцөлд, өөр өөр хүмүүстэй харьцдаг болохоор нэг хэв шинжит амьдралыг бодвол их сонирхолтой.
-Гэр бүлээ танилцуулаач?
-Манай эхнэр Цэвэлмаа гэж бүсгүй бий. “Сарнайх” гоёлын студид ажилладаг. Гурван хүүтэй. Бусдын л адил, хоёр идэхгүй, хоосон хонохгүй монголчуудынхаа дунд ажиллаж, амьдарч явна.
-Монголын үзэгчдийн талаарх таны бодол?
-Нийт үзэгчид гадны кинотой монгол киногоо их харьцуулдаг болж. Аргагүй л байх. Сайн кинотой харьцуулж байж өөрсдөө улам сайн хөгжихөд түлхэц болдог. Гэхдээ Монголын кино урлаг хөгжихгүй биш хөгжөөд байгаа. Социализмын үед Монголыг кино урлаг ЗХУ-ын тусламжтайгаар хөгжиж байсан. Одоо ч үзээд уйддаггүй, сайн сайн кинонуудбий. Гэтэл нэг хэсэг Монголын кино урлаг зогсолтод орсон. Харин одоо дахин сэргэх гээд, шинэчлэгдэх гээд зүтгэж байна. Кино урлагийн нуруун дээрээ авч явж байгаа залуусыг зөвөөр хүлээж аваасай, дэмжээсэй, сэтгэлийн дэм өгөөсэй. Хийж байгаа кино бүрийг нь холливүдийн тэр гайхалтай техник технологиор хийсэн кинонуудтай харьцуулж үзэхээсээ илүү, монголын кинонд ямар ахиц дэвшил гарч байгааг ухаарч хараасай гэж хүсэх юм.
-Монголын кино урлагт төрийн дэмжлэг их дутагдаж байгаа талаар олон уран бүтээлч ярьдаг.Таны бодлоор яаж дэмжих хэрэгтэй бол?
-Төр засгаас дэмждэг л дээ. Гэхдээ ганц нэг удаа хөрөнгө мөнгөөр туслахдаа гол биш, бодлоготойгоор хөгжүүлэх тал дээр ажил хиймээр байна. Наад зах нь зориулалтаар нь ашиглахаа больчихсон кино театруудаа ганц хоёрынх нь үйл ажилагааг сэргээвэл монголын кино урлагт оруулж байгаа том хөрөнгө оруулалт болно.
Нэгэнт хувьчилчихсан газар гээд болдоггүй юм бол хүн ам төвлөрсөн газар нь яагаад шинээр кино театр нээж болохгүй гэж. Одоо хоёр гуравхан кино театр дээр 20-30 кино очоод оочирлодог.
Эхний кино нь гарч байтал дараагийн кинондоо
шахагдаад буудаг. Ингээд энд тэндээс ивэн тэтгэгч хайж, зарим нь бүр орон байраа барьцаанд тавьж кино хийсэн байтал зардлаа ч олж чадахгүйд хүрдэг. Кино театрууд бас бизнесийн байгуулага болохоор тэднийг буруутгах аргагүй.
Тиймээс уран бүтээлчдийн дараагийн уран бүтээлээ хийх зардлаа нөхөөд авах хэмжээний байх нөхцөл боломжоор хангаад өгөх хэрэгтэй байна л даа.
-ШӨХТГ-т кино театруудад гарч байгаа киног өндөр үнэтэй байна гэж иргэдээс гомдол ирдэг гэсэн. Энэ талаар киноны уран бүтээлчийн хувьд юу гэж бодож байна?
-Харин тийм гэсэн. Би мэдээллийн сайтаас уншсан л даа. Нийт үзэгчдэд хандаж хэлэхэд нэг киног 6000 төгрөгөөр л үзэж байгаа шүү дээ та бүхэн. Гэтэл тэр киног хамгийн багадаа 40-50 уран бүтээлч оролцож, 70-80 сая төгрөгөөр бүтээдэг. Гэтэл сарын турш кино театрт гарлаа гэхэд кино бүтээсэн мөнгөө олж авч чадах үгүй нь их эргэлзээтэй. Тэгсэн мөртлөө манай үзэгчид хошин урлагийн тоглолтыг ямар ч үнэтэй байсан хамаагүй үздэг юм билээ. Хамгийн доод тал нь 9000 төгрөг. Тэгээд тэрнээс дээшээ, заримдаа бүр шаглаж зардаг гэсэн. Гэтэл хошин шогийн уран бүтээлчид кино уран бүтээлчид шиг тэгж 70-80 сая төгрөг зарцуулдаггүй. Тиймээс хүний оюуны хөдөлмөрийг зөв үнэлж дүгнэх хэрэгтэй л дээ. Үнэ буулгах дээрээ тулвал бүх төрлийн урлагийн байгууллагын үнийг адилхан бууруулах хэрэгтэй байх.
-Гадаад кинотой харьцуулаад байна гэлээ. Тэгвэл монгол кинонуудыг бас хооронд нь сайн, муу гэж харцуулж байна?
-Ний нуугүй ярихад киног мөнгө олох хэрэглүүр болгоод байгаа хэсэг бүлэг хүмүүс байгаа. Тэд монголын кино урлагийн хэтийн төлөвт хэзээ ч санаа зовдоггүй юм шиг санагддаг. Зүгээр нэг удаа мөнгөний кино хийгээд явж байгаа хүмүүс байна. Үнэхээр сайн уран бүтээл хийгээд, зориод зүтгээд, сайн бүтээл гаргаад үзэгчдэд их таалагдаж байгаа ч уран бүтээл байна. Тэр бүхнийг ялгаж салгаж байгаа бол сайн хэрэг л дээ.
-Кино шүүмжлэгчид дутагдаад, ямар ч цензургүй мөнгөний кинонууд олноор гарч байгаа юм биш үү?
-Дээр үед уран сайхны зөвлөл гэж манайд байсан. Одоо Хятадад ч байдаг юм билээ. Кино гэдэг зүйлийг нэвт мэддэг, нэг ёсондоо шүүгчид гэсэн үг. Тэгээд нэг шинэ кино гарахад бэлэн боллоо гэхэд уран сайхны зөвлөл тэркиног ямар нэг хувийн амбицгүйгээр, хээл хахуульд автахгүйгээр, чин үнэнчээр шүүгээд, яг л монголын киноны хөгжлийн төлөө зүтгэдэг байх хэрэгтэй байна. Тэгээд сайн муу киногоо цензурдээд, сайн киногоо 10000-р, арай жаахан мууг нь 6000-р ч юм уу, үнэ ханшийн хувьд ч зөрүүтэй тогтоодог байж болно шүү дээ. Энэ чинь хүний хүч хөдөлмөрийн шударгаар үнэлж байгаа хэрэг.
-Дээр үед уран сайхны зөвлөл киног яаж дүгнэдэг байсан юм бол?
-Одоо кино судлаач шүүмжлэгчид бараг байхгүй дээ. Байгаа хүмүүс нь өнгөцхөн талаас нь, үзэгчдийн дунд яригдаж байгаа яриа, сонин хэвлэлийн мэдээ сэлтээс сайн кино, гоё кино болжээ гэсэн мэдээлэл сонсоодл сайн гэж дүгнэх жишээтэй болчихож. Энэ хэтэрхий ерөнхий хандаж байгаа биз дээ. Гэтэл дээр үед Ө.Мөнгөнтулга гэдэг жүжигчин тэр дүрд ингэж ажиллаж байснаасаа саяны тоглосон дүрдээ ингэж өсөж дэвшсэн байна, ингэж муудсан байна гэж хувь уран бүтээлчийг нь детальчилж шүүмжилж байсан гэсэн.
-Солонгос олон ангит кино манай телевизүүдээр өдөр шөнөгүй л гарах боллоо. Монгол киноны уран бүтээлчийн хувьд шүүмжлэлтэй хандах байх?
-Кино үздэг үзэгчдийн дийлэнх нь 18-30 насны залуучууд байдаг. Гэтэл нэг эмгэнэлтэй зүйл нь энэ залуус солонгос драмд үнэхээр донтжээ. Манайд солонгосын соёлын хувьсгал болж байгаа гэхэд хилсдэхээргүй нөхцөл байдал үүсчихээд байна. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл телевизүүдээр гарч байгаа энэ олон солонгос кинонд цензур тогтоох гээж ажиллаж байгаа гэж сонссон. Энэ ажлыг яаравчилмаар байна. Гадуур явж байхад залуусын хувцаслалт, үс засалт, дуу алдахдаа хүртэл солонгосоор дуу алдаж байх шиг. Тэр сериалуудаараа дамжуулж, биднийг өөрсдөдөө уусгах гэсэн Солонгосчуудын бодлого ч юм бил үү. Ер нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах зүйл. Тэгээд манай залуучууд монгол киногсолонгос драмтайгаа зүйрлүүлж, тоглож байгаа жүжигчдийг нь хүртэл солонгос одод шиг царайлаг, нуруу туруутай, сайхан бие хаатай байх ёстой юм шигээр ярих болсон. Тэгээд шүүмжилж эхэлдэг.
-Үнэхээр тийм шүү. Сүүлийн үед кинонд царайлаг охид залуус, загвар өмсөгчид, олны танил болчихсон нэртэй сайн жүжигчин л тоглуулахгүй бол бараг ашиг орлого олохоо больчихсон юм шиг ээ?
-Яг үнэн. Мэргэжлийн кино урлаг гэх зүйлийн үнэ цэнэ алдагдаж байна. Жилд өчнөөн залуу жүжигчин мэргэжлээр сургуулиа төгсч байна. Гэтэл тэдэнд ажлын байр байхгүй. Манайд ганцхан театр байдаг. Хөдөө орон нутгийн хөгжимт драмын теөтрууд руу явах дургүй. Үнэхээр урлагт хайртай нэг нь иргэний зориг гаргаж хөдөө орон нутаг руу явж байгаа. Үлдсэн хэсэг нь борооны дараах мөөг шиг олширсон гэх арилжааны хэдэн телевизэд киноны дуу оруулагчаар ч юм уу, хөтлөгчөөр “шингэж” байна. Хэрвээ үнэхээр кино урлагт, аливаа уран бүтээлд царайлаг, сайхан бие хаатай, загвар өмсөгч шиг хүн тоглуулах шаардлагатай юм бол анхнаасаа жүжигчний ангид элсэлт авахдаа ийм шаадлага тавьдаг болох хэрэгтэй юм шиг санагддаг.
-Кинонд дуу оруулах тийм амархан ажил уу?
-Төгссөн хүүхдүүд ажил олдохгүй болохоороо орчуулгын киноны жүжигчид болно гэж ярьдаг тухай сонсогдсон. Сонин санагдсан шүү. Орчуулгын киноны жүжигчин гэдэг дурынхүний хийгээд байдаг, амар ажил биш. Орчуулгын кинонд дуу оруулж байгаад кинонд тоглосон жүжигчид их амжилттай явдаг тал бий. Их зүйл сурдаг л даа.
-Жүжигчдэд оюутан байхад нь яг мэргэжлийн уран чадварын хичээл хэр их заадаг вэ, бусад сургуулийн хувьд оюутнууддаа лекц их уншаад дадлага бага хийлгүүлдэг ...
-КУДС гэхэд оюутнууддаа киноны хичээл заамаар байна. Тэнд театр заадаг, тайзны хичээл заадаг. Гэтэл төсгөөд ганцхан театртай. Тэнд ажилд орж байгаа хүн ганц нэг. Харин үүний оронд кинонд хэрхэн тоглох, камерын өмнө яаж дүр бүтээх хичээл заамаар байгаа юм. Бас дуу оруулагчийн анги гэж тусдаа баймаар байгаа юм.
-Сайн менежмент, реклам сурталчилгаатай кино их ашиг орлого олоод байна уу даа?
-Кино өөрөө бүтээгдэхүүн. Үнэхээр сайн бараа бүтээгдэхүүн эхний үедээ л сурталчилгаа хэрэгтэй. Цаашаа сайн гэдгийг нь үзэгчид мэдэнгүүт хүссэн хүсээгүй үзэгчдээр дүүрэн байх болно. Эсвэл зурагт тавихаар л тэр киноны реклам гарсаар байж хүчээр тулгаад рекламдаад хүмүүст хүргэчихдэг сайн ч, муу ч кинонууд байна. Эцэстээ реклам суратлчилгаа сайн ч бай, муу ч бай киноны чанар гэдэг хамгийн чухал асуудал.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ