Долигонуур зан хэрэгтэй л гэнэ шүү

Хүрээлэн буй хүмүүстэйгээ найрсаг хандах нь үнэгүй олддог мөртлөө өндөр үнэд хүрдэг ёс суртахууны хэмжээс юм гэж Испанийн нэрт зохиолч Сервантес нэгэнтээ бичиж байжээ.
Найрсаг зан буюу монголчилбол манж зан нь тийм муу зүйл бас биш юм гэнэ шүү. Өөрөө болохоор магтаал сайшаалд нэн дуртай атлаа өрөөлд урмын үг унагах дургүй эсвэл чаддаггүй монголчууд инээмсэглэсэн, магтаалын үг урсгасан хүнийг манж зантай, долдой, долигонуур гэж муулах тал руугаа. Гэхдээ урмын үг, долигонуур зан хоёрыг салгаж ойлгох хэрэгтэй л дээ.
Манай эгчийн охин "Ээжээ надад бүүр аймар их цүнх, гутал, хувцас, пальто аваад өгөөч. Бүгдээс нь зөндөө ихийг авна шүү." гэж байна. Би ч хэллээ, "Чи хурдан том болдог, тэгээд ч чамд байгаа ш дээ" гэсэн чинь "Гэхдээ манай найз нар хэний аав баян гэж ярьцгаадаг. Миний аав хамгийн баян нь байгаасай гэж хүсэж байна."гэж л дээ. Яагаад ингэж хүсэж байгааг нь асуусан чинь баян аавтай хүүхдүүд олон найзтай, баян аавтай хүүхдийн хүсэж байгаа тоглоомыг тоглодог, баян аавтай хүүхэд найзуудаараа хүссэн зүйлээ хийлгэдэг гэсэн гэнээ. Долигонох нь аль хүүхэд наснаас эхэлдэг бололтой шүү.
{!!!right!!!}Орчин үед “Арын хаалга” гээч юм үзэгдэл болон үржиж, хэн танил талтай, бялдууч долигонуур нь дээш ахидаг, илүүг олдог байдал архагшиж байна. Хэн илүү чадвартай, чадалтай нь алба ажил эрхлэх ёстой байтал аль нэгэн даргын ивээлд багтаж чадсан эсэхээр хэмжигдэж албан тушаалын үүд хаалга онгойх боллоо. Сайн ч ажилласан, муу ч ажилласан адилхан цалин авдаг байлаа, тэр нэгэн цагт.
Одоо бол ихийг хийж байж ихийг хүртэнэ гэдгийг мэдэж байгаа хэрнээ л бага хийж их авахыг хичээж байна. Гар газар, хөл хөсөр суугаад бусдаар тэтгүүлж, үнэгүй юмаар өөрийгөө тордох сэтгэлгээ амь бөхтэй байна. 1990 оноос хойш бидний эдийн засгийн гэдэг юм уу, хэрэглээний чиглэлд хувьсгал гарсан ч оюун сэтгэлгээнд өөрчлөлт үндсэндээ гараагүйг олон юмаар баталж нотолж болно.
Би гэж нэг юм газар тэнгэрийн завсарт тэмээ ямааны зааг дээр төрсөн хүн байх юмаа. Уг нь хүнд муу санаад байдаггүй юм. Гэхдээ л бодож байгаагаа тайлбарлахдаа хэлэх эв зүйгээ олдоггүй бололтой юм. Уг нь муу хүндээ ясны муу. Дуугарахаас ч дургүй хүрээд байдаг. Ер нь долигонуур зан бараг байдаггүй хүн л дээ.
Миний өнөөдрийн амьдралд миний хийсэн сайн үйлийн минь хариу харагдахгүй ч байсан болно. Гол нь хожим үр хүүхдэд минь харагдана. Би ингэж итгэсээр ирсэн. Гэхдээ заримдаа бас бодох юм. "За яахав, сайхан сэтгэл байхад болно доо," гэж намрын үхэр шиг явсаар өөрөө идэх "өвс"-өө хүнд идүүлчихэж байгаа юм. Заримдаа яахаа үнэндээ мэдэхээ байчих юм. Таньдаг ах маань “Одоо үед дургүй хүнтэйгээ ч гэсэн инээгээд харьцах хэрэгтэй. Ингэж чадсан хүн л амжилтанд хүрнэ” гэж байсан. Нээрээ л тийм юм шиг. За яршиг төвөг. Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөнө гэдэг юм. Өөрийнхөөрөө л амьдарна аа.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ