Цахилгаан тогоогоо залгаатай орхисноос амиа алдах шахжээ

Хоногийн хугацаанд Нийслэлийн онцгой байдлын алба объектын гал түймрийн , аврах ажиллагааны дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүнийг гаргаж шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

Тухайлбал Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагыг 09:13 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан байна.

Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, гуравдугаар хороолол 13Б байрны орцонд утаа тархсан байна гэсэн дуудлагыг 12:26 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад иргэн 53 настай эмэгтэй О согтууруулах ундаа хэрэглэж цахилгаан тогоо залгаатай орхиж унтсан байсныг аюулгүй болгож, түүнийг утаажилтын бүсээс гаргаж амь биеийг нь аварчээ.

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Драгон төвийн урд МТ ШТС-ийн талбай дээр машин унаад шатахуун нь гоожиж байна гэсэн дуудлагыг утсаар 18:53 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад өргөгчтэй Маяти загварын машины өргөгчөөр суурийн блок өргөж байгаад Ланд-100 загварын машиныг дарж унан гидрийн масло асгарсан байсныг элсээр дарж аюулгүй болгосон байна.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын баруун талд автозам дээр машин шатаж байна гэсэн дуудлагыг 00:11 цагт өгснөөр Аврах, гал унтраах 35 дугаар ангийн тасгийг гаргахад Норд бенз загварын ачааны автомашины тэвшин дээр ачаатай гэр ахуйн тавилга шатаж байсныг унтраажээ.

Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, 11 дүгээр хороололд байрны нэг давхарт дэлгүүрээс утаа гараад байна гэсэн дуудлагыг 02:30 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад эзэнгүй дэлгүүрт цахилгаан тогоо залгаатай орхисон байсныг цагдаагийн байгууллагын хяналтанд аюулгүй болгосон байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ