Ц.Даваасүрэн: Засгийн газарт хариуцлагатай ажиллах үүрэг өгсөн

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр "УИХ-ын намрын чуулганаар ирэх оны төсвийг хуулийн хугацаанд нь баталлаа. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад харьцангүй хөрсөндөө буусан төсөв болсон. Өмнөх оны төсвүүд нэлээн өндөр өсөлттэй байсан. Ингээд оны төгсгөлд тодотгол хийдэг, танагддаг, зардал нь буурдаггүй байхаар баталлаа. Энэ байдлыг засах үүднээс харьцангуй байж болох түвшинд нь авч боловсруулсан. Нэг жишээ хэлэхэд, төсвийн орлого, зарлагабараг өмнөх жилийн түвшиндөө байгаа. Харин тодотгосон төсөвтэй харьцуулахад найман хувийн өсөлттэй байна. Экспортын бүтээгдэхүүний орлогыг нэлээд доогуур түвшинд авсан. Өнгөрсөн жил нэг тонн зэсийн үнийг 8100 ам.доллараар авч байсан. 2014 оны төсөвт 6200 ам.доллараар авсан. Мөн нүүрсийг 160 ам.доллараар авч байсан бол ирэх жилийн төсөвт 115 ам.доллар байхаар тооцсон. Энэ бол ирэх жилийн хувьд байж болох төвшинд авсан гэсэн үг. Өнгөрсөн жилийн төсөвт тодотгол хийх асуудал давтагдахгүй байх. Хөрөнгө оруулалтын арга хэмжээг дахин нягтлах хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс нэгдүгээр улиралд аудитын үнэлгээ хийлгүүлэхээр 0 дүнтэйгээр тусгасан байгаа.

Засгийн газрын оруулж ирсэн төсөв дээр орлого тал дээр 20 тэрбум, зарлага дээр 17 тэрбум төгрөг нэмэгдсэн. Засгийн газрын оруулж ирсэн түвшинд батлагдсан. Түүнчлэн нэмэлт татвар бий болгоогүй. Хотын татварыг ярьсан боловч энэ удаадаа орхисон. Хэрэгжилтийн явцад цалин, тэтгэвэрийн эх үүсвэрийг тогтоож өгсөн. Үүнд хувь заагаагүй. Эргээд үнэ өсгөдөг учраасхувь хэлэхгүй байгаа. Өөр нэг зүйл бол оюутнууд энэ хичээлийн жилд 70 мянгаа аваад явна. Дараа жилээс сурлагын үзүүлэлттэй нь холбож өгнө. Энэ мөнгийг авахдаа оюутан хүн сурах хөдөлмөрөө сайн хийх хэрэгтэй гэж үзсэн.

Зарим хүмүүс валютын ханш дээр шүүмжилсэн. Үүн дээр бид хоёр зүйлийг анхаарсан. Засгийн газрын яамд нь валютын ханшийг бууруулна гэж байхад буруулж болохгүй гэж хэлж болохгүй. Хариуцлагатай ажилла гэдэг үүрэг өгсөн. Түүнчлэн хөрөнгө оруулалт буурсан. Ирэх онд 1,1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Хэтэрхий өндөр өсөлт эрсдэл бий болгож байгаа учраас тодорхой хэмжээний хуримтлал үүсгэх ёстой" гэв.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ