Тамхины хуулиа эргүүлэн татчихсан нь шулуухан

Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд хэдэн сар болчихов доо. Эхний нэг сар гаруй ч сайхан байсан шүү. Тамхи татаж байгаа хүн ч харагдахгүй, дэлгүүрүүдээр тамхи ч зарахгүй, тамхи татдаг найзууд маань хүртэл сандарч гүйлдээд байгааг нь хараад энэ хууль ч ёстой жинхэнэ утгаараа хэрэгжих нь дээ гэж бодож байсан. Яг үнэнийг хэлэхэд тамхи татдаггүй надад сайхан л байсан юм. Өнгөрсөн цаг дээр ярьж байгаа маань харин харамсалтай байна.

Өнөөх тамхины хууль дашин шогийн үлгэр болсон шиг байна аа. Хаа сайгүй тамхи зуусан хүмүүс байна шүү дээ. Хуулиндаа “Тамхийг битүү орчинд буюу өрөө тасалгаанд татахгүй. Үүнд албан байгууллагын оффис хамаарна. Хоолны газар, бар, ресторан, орон сууцны орц хонгил, цэцэрлэгт хүрээлэн, автобус такси, галт тэрэг зэрэг нийтийн тээврийн хэрэгсэл, олон нийтийн газар буюу кино театр, театр гэх мэт. Мөн сургууль болон түүнээс 100 метр зайд тус тус тамхи татахыг хориглоно.” хэмээн заасан байгаа шүү дээ.

Хаана байна вэ тэр хэрэгжилт нь. Та гадуур явахдаа харж байгаа биз дээ. Хаа сайгүй тамхи татсан хүмүүс явж байна. Өнөөх хориглосон газруудын ихэнхэд нь тамхидалд “буцаад иржээ”.

{!!!right!!!}Уг нь хуулийн хэрэгжилтэд Засаг дарга, цагдаагийн албан хаагч, мэргэжлийн хяналтын болон олон нийтийн байгууллагын албан тушаалтан, СӨХ хяналт тавина гэсэн байсан. Тамхи татаж буй хэсэг байхад хуулиа мөрдөж буй бас нэг хэсэг хүмүүс байна. Үнэхээр л хянах гэсэн юм бол өнөөх хянан ажиглах хэсэг хаана байна вэ гэдэг асуудал гарч байгаа юм. Энэ хуулийн хянах асуудал юу болж байна аа, тамхидалт эргээд хуучин хэвэндээ орлоо шүү дээ хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчаас асуухад “Иргэдээс ирсэн гомдлын дагуу бид шалгана. Одоогоор шалгалт хийж, хянасан зүйл байхгүй. Зургаадугаар сард шалгасан шалгалтын дүн л байна” гэсэн юм.

Үнэхээр энэ хууль Монголын хөрсөнд таарсангүй ээ. Хөөрхий цагдаа нар энд тэнд тамхи татсан нөхдөд очиж хуулиа ярьж шаардлага тавьдаг л гэнэ. Гэтэл урдаас нь хээв нэг мөнгө байхгүй, өгөхгүй, та нар бусдаас нь торгууль авдаг юм уу гээд хэл амаараа “дээрэлхээд” байхад нь цагдаа нар бас яаж ч чадах аа больчихсон гэх юм. Үнэхээр нэгэн цагдаагийн албан хаагч энэ тухай учирлан ярьсан. Тэрээр “Гадаа гудамжинд бохь чихэр зарж суугаа эмээ өвөө голдуу хүмүүс яг үнэндээ ширхэгийн тамхи зарж хэдэн төгрөг олдог юм билээ. Нууцаар зараад байгаа юм л даа. Өдрийн 5000 төгрөг олж чаддаг болов уу даа мэдэхгүй. Тамхи татуулсан, зарж борлуулсан хувь хүн,аж ахуйн нэгж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 -20 нугалсантай тэнцэх торгууль, энэ нь нэгээс гурван сая төгрөгийн торгууль хүлээнэ гэсэн үг.

Хөгжилтэй оронд бол иргэд өөрсдөө маш хяналттай байдаг юм гэнэ билээ. Гудамжинд хүн хог хаявал хойно нь явж байсан хүн шууд торгох эрхтэй. Голдуу ахимаг насны хүмүүс сайн дураараа цагдаа хийдэг гэсэн. Хэрвээ хэн нэгэн тамхи татаж байвал тэд шууд очоод үнэмлэхээ үзүүлээд торгох эрхтэй гэх. Манайд тийм сайн дурынхан ажиллуулбал сүүлдээ зодоон цохион, хэл ам, хэрүүл тэмцэл болоод сална биз.

Анх батлагдахдаа олон нийтийн дэмжлэгийг хүлээж, УИХ-ын гишүүд ганц сайн хууль баталлаа гэж оноо авч байсан Тамхины хяналтын тухай хууль ийнхүү монголын хууль гурван хоног гэдэг муухай үгийг хэрэглэхэд хүргэчихлээ. Баталсан хуулийг нь хэрэгжүүлэх хүн байхгүй болчихоод байхад хуулиндаа өөрчлөлт шинэчлэлт хийнэ гээд сууцгаах юм. Шинэчлэл хийгээд яах юм. Цаасан дээр хэдэн үсэг, тоо л солигдоно биз. Бодит амьдрал дээр наадах чинь биелэхгүй таминь ээ.

Ер нь манай гишүүд сэтгэл хөдлөлөөр гадны хуулийг орчуулж батлах биш, тэр хууль чинь монголын хөрсөнд таарч тохирох уу, хүчээр таарууллаа гэхэд дараа нь үүсэх асуудал юу байна гэх мэт бүх талаас нь нарийвчилсан судалгаа хийж байж батлах хэрэгтэй шүү дээ. Тэгж байж хэрэгжинэ. Гэтэл тамхи татах газрыг нь зааж өгөхгүйгээр баахан олон тамхичдыг тамхинаас нь хүчээр гаргах хууль баталчихаар чинь нийгэмд зөрчилдөөн үүсээд байна шүү дээ.

Үүнээс ямар дүгнэлт гарч байна вэ гэхээр нийгмийн тун бага хэсэг энэ хуульд ач холбогдол өгч дагаж мөрдөж, бас хэрэгжүүлж, мэдээллийн бүх сувгаар сурталчилж байна. Харин олонх нь тамхи татсан нэгнийг харсан ч хууль зөрчиж байгааг нь мэдсэн ч хараагүй, мэдээгүй юм шиг л өнгөрч байна.

Хэрэгжихгүй байсан ч хамаагүй баталсан л бол бандан тас гэсээр хууль цааз, төрийн нэрийг унагасаар байх уу. Уг нь эрүүл мэнд, санхүү талаасаа бодвол зайлшгүй хэрэгжих л учиртай хууль. Хамгийн гол нь хэрэгжүүлэхийн тулд ядаж л тамхи татах цэгүүдийг тодорхой болгох, анхааруулах самбаруудыг байрлуулах, хяналтын тогтолцоог сайжруулах зэрэг ажлыг ойрмогхон хиймээр юм. Эсвэл иймэрхүү арга хэмжээ авахгүй, хяналт тавихгүй суугаад байх юм бол яршиг зүгээр энэ хуулиа эргүүлээд татчихсан нь дээр. Тэр нь шулуухан.

Бохь чихэр зараад сууж байгаа эгч дээр очлоо. Тамхи харагдахгүй байсан ч тамхи байна уу гээд асуучихлаа. Тэгтэл “Байна, хэдийг авах юм гээд цаанаа байгаа жижиг хайрцгийг ухаж байна.

-Тамхи зарж болж байгаа юм уу, цагдаа нар торгохгүй байна уу?

-Дүү минь бид нар амьдрах гэж ядаж байна. Цагдаа нар ирээд заримдаа торгоё гэдэг л юм. Бидэнд мөнгө байхгүй, хоногийн хоолны мөнгөө залгуулах гээд зогсож байна шүү дээ. Ямар юмаараа торгуулахав дээ. Тамхи зарж л хэдэн төгрөг олдог. Чи сэтгүүлч хүүхэд үү. Та нар ч гэсэн бидний мууг үзэж явснаас, энэ хүмүүсийн амьдрал хэцүү байдалтай байна, ядаж тамхиа айж сандрахгүйгээр ил зарах боломж олгох талаас нь ярьж өгөөч.

Би энэ эмээгийн мууг үзэж, тамхийг нь хураалгах гэсэнгүй. Гагцхүү энэ хуулийн хэрэгжилт ийм болчихоод байгааг л баримттайгаар хэлэхийг хүссэн юм. Харин дараа нь тамхи худалдан авч байгаа хэрэглэгчтэй хэдэн үг солилоо.

-Тамхины хяналтын тухай хууль хэр хэрэгжиж байна таны бодлоор?

-Эхэндээ ч сүрхий байх шиг байсан. Тамхи олж татах гэж нэлээд юм болдог болсон шүү нэг хэсэг. Харин одоо буцаад хэвэндээ орж байх шиг байна. Хаа сайгүй л тамхи татаад явж байна. Би ч гэсэн дагаж татаад л байгаа.

-Заавал олонхийг дагах алба байна уу, нэг хүн ч гэсэн хуулиа биелүүлвэл сайнсан?

- Уг нь буруу л байх. Гэхдээ олонхоороо дагаж мөрдөхгүй байгаа хуулийг би ганцаараа баримтлаад яахав дээ.

-Энэ хууль хэрэгжиж эхлээд чиний хувьд тамхи татах нь багассан уу?

-Үгүй ээ. Олон жил татсан надад тамхинаас гартал хугацаа хэрэгтэй байна. Гаръя гээд л шууд гарчихгүй юм шиг байгаа юм.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ