Тээврийн хэрэгслийн тоо гурван жилд 255 мянгаар нэмэгджээ

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон ч өдөр ирэх бүр тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсээр байгааг албаны эх сурвалж мэдээлж байна.
Нийслэлийн Статистикийн газрын мэдээгээр одоогоос гурван жилийн өмнө нийслэлд 162710 тээврийн хэрэгсэл байсан бол 2012 онд 66 мянгаар нэмэгдэж 228592 болсон байна. Авто тээврийн газрын мэдээгээр улсын хэмжээнд өдөрт 150-300 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авдаг гэсэн дүн байгаа аж. Түүнчлэн Зам тээврийн яамнаас гаргасан мэдээгээр энэ оны арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар нийслэлийн хэмжээнд 45297 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авчээ.
Харин Авто тээврийн газрын өнгөрсөн наймдугаар сард гаргасан мэдээгээр Улаанбаатар хотод 321159 тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд өдөрт дунджаар 170 гаруй мянга нь замын хөдөлгөөнд оролцдог гэсэн байна.
Эдгээр тээврийн хэрэгсэл дээр нэмэгдээд нийслэлийн шалган бүртгэх товчоодоор хоногт дунджаар 9000 гаруй тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгаас хот руу орж ирдэг гэсэн судалгаа гарчээ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ