“Скайтел”-ийг “ZTE” компанийн хэрэгтэй холбогдуулан шалгаж эхэллээ


Тэгвэл энэ удаад уг компанитай холбогдуулан “Скайтел” компанийн санхүүг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн гэнэ. “Скайтел” компанийн тухайд Хятадын хөрөнгө оруулагчийг Монголд 2004 онд орж ирэх үеэс хамтарч ажиллаж эхэлсэн. Ингэхдээ хамтарч CDMA-2000 технологиор манай улсын баруун, өмнөд бүс нутагт тоон радио релейний сүлжээ байгуулах төслийг хэрэгжүүлсэн аж. Иймд Авлигатай тэмцэх газраас “Зайлшгүй шалгах шаардлагатай” хэмээн үзсэн бололтой юм. Харин энэ талаар “Скайтел” компаниас тодруулахад “Шалгалт ороогүй” гэдэг тайлбарыг хийж байв. Гэхдээ албаны эх сурвалжийн мэдээллээс харахад энэ долоо хоногийн турш “Скайтел” компанийн санхүүд шалгалт хийж буй гэдгийг баталж байлаа.
Энэ компани нь Хятадын Засгийн газрын дэмжлэгээр үйл ажиллагаа явуулдаг.Зөвхөн өнөөдрийн байдлаар гэхэд Филиппин, Уганда, Замби, Кени, Шри-Ланк, Иран, Англи, Австрали тэргүүтэй улсад төсөл хэрэгжүүлсэн. Гэсэн ч дээрх улсуудын Засгийн газрын олонх нь гомдол гаргаж, төсөл хэрэгжүүлэх эрхийг нь хассан байдаг. Ингэхдээ Англи, Австралийн үндэсний мэдээлэл, харилцаа, холбооны сүлжээнд суурилуулсан тоног төхөөрөмж нь тухайн улсын мэдээллийн аюулгүй байдалд заналхийлэл учруулсан гэдгээр буруутгагдсан. Мөн Филиппиний Ерөнхийлөгч болон парламентынх нь дарга нар нь уг компаниас авлига авсан нь тогтоогдож албанаасаа бууж байж. Тус компанитай холбоотой муу жишээ үүгээр дуусахгүй бөгөөд Энэтхэгт нийлүүлсэн цахилгаан холбооны төхөөрөмжид нь нууц мэдээлэл дамжуулах бичил төхөөрөмж байсан нь илэрсэн байдаг. Иймд Энэтхэгийн Тагнуулын төв байгууллага дээрх хэргийг шалгаж, Засгийн шазар нь “Энэтхэгийн нутаг дэвсгэр дээр энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хятадын бусад үйлдвэрлэгчдийн тоног төхөөрөмжийг импортлохыг хориглосон шийдвэр хүртэл гаргаж байж.
Тэгвэл манай улсын хувьд ч гэсэн бусад улс оронд ажилласан туршлагаа нэвтрүүлсэн байх талтай. Энэ талаар нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат хэвлэлийн бага хурал хийж, тодорхоймэдээллийг олонд дэлгэсэн байдаг. Тухайлбал тэрбээр “Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүхийг “ZTE” компанийн томоохон албан тушаалтнуудын нэр холбогдсон их хэмжээний мөнгөний хэрэгт холбогдуулсан шалгаж байгаа” гэж байв. Уг мэдээллийнтайлбарыг““ZTE” Монголд томоохон төслүүд дээр ажилласан. Эдгээрт ногдох татварын асуудлыг Ч.Гансүх ажил үүргийнхээ хуваарийн дагуу оролцож, шалгаж байсан” хэмээн Авлигатай тэмцэх газрынхан хийж байсан.
Түүнчлэн “ZTE” компанийн хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярыг ч шалгаж буй. Ингэхдээ түүнийг мөн л бусад улс орны улстөрчдийн нэгэн адил авлига авсан, өгсөн, авахыг завдсан гэх үндэслэлээр шалгаж буй гэх. Гэхдээ асуудал зөвхөн энд дурдсан төрийн албаныхнаар тогтохгүй бөгөөд цаашид ч хүрээгээ тэлнэ гэх яриа бий. Тэгвэл энэ удаад “Скайтел” компанийн санхүүг дээрх “ZTE” компанийн үйл хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаагэх мэдээллийг албаны эх сурвалж нотолсон. Түүнчлэн энэ дашрамд тодруулахад “Скайтел” компанийн Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчид өнгөрсөн онд хувьцаагаа зарснаар монголчууд дангаараа эзэмших болсон. Иймд хэрэг явдлын хүрээнд Авлигатай тэмцэх газраас олон жилийн өмнөх үүх, түүхийг хүүрнэн өгүүлэх шаардлага гарч мэдэх биз ээ.
Г.Отгонжаргал
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ