Чөтгөр тонилгосон хэргээр баривчлаад гэрлэсэн өдөр нь амийг нь бүрэлгэв

Энэ сонин хэргийн амьд гэрч өндөр настан Ш өдгөө Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт сэрүүн тунгалаг аж төрж байна. Ная шүргэсэн настай ч болсон явдлыг он, сар, өдөртэй нь ярьж байлаа. Зарим үйл явдал нь өөрт нь ч тохиолдсон ажээ. Гэхдээ их хэлмэгдүүлэлтийн үе арай биш юм. Нэлээд хожуу цаг бөгөөд 1946 онд болжээ. Гэхдээ л их хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр бүрэн замхраагүй байсан болохоор тэр буй за. Ш гуай нэрээ бүтэн бичихийг зөвшөөрөөгүй юм. Тиймээс нэрийнх нь эхний үсгээр илэрхийлэв. Тэрбээр 10 гаруйхан настай жаал охин байжээ.

Энэ явдал тэр үеийн Ховд аймгийн Дөрөөнуур, одоогийн Баян-Өлгий аймгийн Алтанцөгч суманд болжээ. Баян-Өлгий байгуулагдаад бараг жил л болж байсан юм уу даа. Ш гуайн аавынх “баян” Баажаанх гэдэг айлтай зуслангийн Улаан-Уул гэдэгт зусч байжээ. Нүүрэн тал нь нэл хад, асгатай араараа дэлгэр, уужуу сайхан уул юм байна. Охин хүүхэд болохоор хурга, тугал голдуу эргүүлдэг байжээ. Гэтэл нэг өдөр хэдэн сарлаг нь ялаархаад, хажууд нь дүнхийх Цамбагаравын оргилын мөс хавьцаа оччихоод бууж ирэхгүй байжээ. Аав нь сумын төв явчихсан тул ээж нь охиндоо үүрэгдсэн юм байх. “Харанхуй болохоос өмнө үхрээ хурааж ир” гэжээ. Тэр өндөр оргил руу мацсаар байтал нар жаргах дөхөөд иржээ. Нэгэн үхэр хадны дэргэдээс гэнэт боохой босоод их л аажуухан, тэрүүхэндээ тун залхуутайхан маягтай эргэн харсаар өгсчээ.

Хашгираад ч нэмэр болохгүй болохоор нь чулуу аваад шидтэл халтираад уулын уруу өнхөрчихжээ. Бараг эгц босоо газар болохоор тогтолгүй гулдсаар ёроол хавьцаа нь ирээд ухаан алдсан юм байх. Гэнэт ухаан орвол гэртээ ирчихсэн, айлынхан тойроод, ижий нь уйлаад сууж байжээ. Хөдлөх гэтэл болдоггүй гэнэ. Ингээд яасан ийснийг асуутал хажуу айлынх нь өвгөн “Амьд үлдсэн нь их юм, охин минь. Одоохондоо юм бүү ярь” гэжээ.

Ингээд дахиад л ухаан алдсан бололтой хэсэг хугацааны дараа дахин ухаан орвол лам хар ирчихсэн ном уншиж байжээ. Хоёр хөл нь хөдөлдөггүй гэнэ. Тэгтэл хоёр хөлийнх нь яс энд, тэндээ шилбэ хавьцаагаа цоорчихсон байжээ. Өвдөнө гэж тамтаггүй байсныг яриад хэд хэдэн сорвио үзүүлэв. Нэг залуухан цагаан лам ном уншиж суусан нь тэр үед тэр хавьдаа шинээр тодроод буй Төгсөө лам бололтой байжээ. Тэр лам байсан гэнэ билээ.

Лам шөнөжин ном уншаад, үл мэдэх эм, шөрмөсөн чулуу нухан холиод өнөө гэмтсэн газар нь түрхэж өгчээ. Бас нэг айлаас авчирсан мазаалайн өөхөөр тосолжээ. Тэр өөхийг лам тарнидаад тослосон тул өнөө өвчин нь оргүй мэт болсныг өнөө ч хачирхаж явдагаа ярив. Одоогийнх шиг эмнэлэг, эм, тэр дундаа өвчин намдаах эм байгаагүй болохоор Төгсөө лам байгаагүй аваас яах байсныг мэдэхгүй гэнэ. Маргааш нь аав нь ирээд мөн л уйлаан, майлаан болохын зэрэгцээ ээжтэй нь хэрэлдээд сүйд болжээ. Ганц охиноо уулын оргил өөд явуулж байдаг мангар авгай чамаас өөр байхгүй гэж ирээд л бууж байснаа гэнэт гарч яваад “Алтангагнуур” өвс олж иржээ. Алтай нутагт элбэг өвс учраас олох, түүхэд зовлон байгаагүй нь мэдээж. Ингэж тэгсээр, Төгсөө лам ойр ойрхон ирсээр зургаан сар хэвтэрт шахуу байгаад өвлөөр нэг юм хөл дээрээ боссоноо ярив.

Өөрийнх нь амьдралд тохиосон түүх ийм юм. Түүний дараа жил мөн л тэндээ “баян” Баажаагийнхтай зусчээ. Баажаагийнх хоёр тэрсхэн хүүтэй айл байж. Мөн л арваад насны хүүхдүүд байсан бололтой. Хоёр хүү нь зуслангийн Улаан-Уулын зурам алахаас өөр ажилгүй байсан юм байх. Баян айлын хүүхэд ямар хонь, хурга хариулна гэх биш. Харин тэр хоёр хүү Ш ажаад их дотно байсан гэнэ. Сав л хийвэл “Ш ажаа” гээд л амттан барин гүйцгээдэг байжээ. Томыг нь буюу аравтайг нь Тулгаа гэдэг байж. Бүтэн нэрийг нь мартсан гэнэ.

Нэг өдөр тэр Тулгаа ёстой ухаан солиотой юм орилоод гүйгээд иржээ. Айсандаа болоод дагжиж, чичрээд олигтой ч юм ярих тэнхээгүй уйлсаар байжээ. Яриан дундаа нэг бол хүн, эс бол чөтгөр гэхээс өөрийг хэлэхгүй байж. Тэр хавийнхан мөн л цуглачихаад гайхаад байж байтал ухаан нь арай саруулсаж ирсэнээ Улаан-Уулын урд талын хадан доторх нэгэн хадны завсар чөтгөр сууж байсан гэжээ. Хоёр бүлтгэр нүдтэй, чармай нүцгэн, бяцхан хүүхэд шиг биетэй, хурдан хөдөлгөөнтэй чөтгөр байсан. Бид хоёр халз тулчихаад би наашаа, тэр уул руу гүйсэн гэж ирээд л авцалдаагүй юм ярьж байснаа орой хэрд халуураад эхэлжээ.

Тэр хавийнхан тэр даруй Улаан-Уулыг бараг самнаад юу ч олоогүй гэнэ билээ. Тэр бусдад юу болоо ч гэж үзэгдээд байхав дээ. Тэгээд иртэл Тулгаа нь ч бараг солиорчихоод босч, гүйгээд эхэлжээ. Арайхийж барьж тогтоож байгаад Ш гуайн аав Төгсөө оточ руу явжээ. Шөнө хугаслаад отчийг олоод иржээ. Оточ гэртээ тогтдоггүй хүн байж л дээ. Арга байж уу, тэр хавьд эмч домч байсан биш. Бараг л байсан ганц нь Төгсөө оточ юм чинь. Төгсөө оточ шөнөжин гүрэмдээд үүр цайхын алдад номоо өндөрлөжээ. Ш гуай “баян” Баажаагийн эхнэртэй цай, хоол хийж байсан тул мөн л цурам хийлгүй хоносон байна. Бас сайндаа ч биш, бяцхан охин тул сониуч байлгүй яахав. Ламын хэлэхийг ёстой үг гээлгүй сонсч байсан гэдэг.

Лам ийн ярьж байсныг сонссон байна. “Зуслангийн Улаан-Уул догширох нь ээ. Одоо л дарахгүй бол горьгүй. Хүүхэд тавьчихсан юм байна ш дээ. Ёс мэддэггүй юмнуудын хийж байгаа ажил” гэж ирээд л ярьсныг өгүүлж суулаа. Төгсөө номоо уншаад дундаа орж байх үеэс л Тулгаа илааршиж эхэлсэн бөгөөд төдөлгүй унтаад өгчээ. Тэгээд тэд Улаан-Уулын өнөө хаданд очиж чөтгөрийг хөөх юм болжээ. Ш гуай ч дагаад давхичихаж. Хүүхэд шуухад хэрэггүй гэж цааргалаагүй юм байх. Бөөн хадан дотор ороод “Айж, цочиж болохгүй шүү” хэмээн анхааруулаад мөн л өврөөс ном гарган уншиж эхэлжээ. Залуухан ламын цээл сайхан дуу хорвоог цочоон ахуйд гэнэт хадан дотор хүүхэд орилоод явчихжээ. Тэнд байгсдын үс босоод, нуруу руу нь хүйт оргиод ирсэн гэнэ билээ.

Арав гаруй насны бяцхан охин бүү хэл бидний үеийн нас биед хүрсэн харчуул ч байсан тэгэх байсан биз ээ. Харин нүдэнд үзэгдэж, харагдсан юмгүй өнгөрчээ. Тэгээд ч буг тэр болгонд харагдаад байдаггүй юм гэнэ. Лам ч тэгсэн юм байх. Үзэгдсэн хүндээ сайн, саараар нөлөөлдөг ажээ. Тулгын хувьд саар тохиолдол нь байсан бололтой. Эртхэн янзлахгүй бол эрүүл мэнд, амь насанд ч аюултай гэдэг байжээ. Бугийн хорлолыг Европын анагаах ухаан эмнэхгүй нь мэдээж.

Тиймээс арга чаргыг нь хайлгахгүй аваас Тулгад тохиолдсон мэт зүйлс яваандаа сэтгэцийн өвчин болон архагшаад Сэтгэл мэдрэлийн эмнэлэг мэтэд насыг барах юм уу эсхүл тэр даруй үхэж далд ордог юм байх. Тиймэрхүү юмнаас болсон хэд хэдэн тохиолдлыг Ш гуай мэдэх ажээ. Хоёр, гурван ч айлын хүүхэд тавь, жараад онд галзуурч, солиорон аймгийн Нэгдсэн эмнэлэгт очоод эргэж ирээгүй гэнэ билээ. Нөгөө хүүхэд чарласнаас хойш Төгсөө лам “За, ингээд буг дарагдлаа. Улаан-Уул ч Улаан Уул хэвээрээ үлдлээ.

Эрт мэдсэн нь сайн болов. Нүүж, дүрвээд яахав. Одоо гэм зэм болохгүйгээс хойш эндээ зусацгаана биз ээ” хэмээжээ. Тэр зундаа тэр хэд зуслангийн Улаан-Уул руу зүглээгүй бөгөөд дараа жилээс нь мартсанаас хойш дахиж тийм явдал болоогүй ажээ. Ингээд Төгсөө ламаа үдэж өгсөн бөгөөд түүнийг явангуут нэгэн сонин яриа гарчээ.

“Ирэх намрын дунд сарын 17-нд Төгсөө лам гэрлэх юм гэнэ. Норов агаагийн дунд охиныг буулгах гэж байгаа юм байна. Сайн айлын сайхан хүүхэн авах нь ээ” гээд л шуугицгаажээ. Тэр харин үнэн байсан гэнэ. Энэ тухай өгүүлэхийн өмнө өөр сэдвээр нэг яръя. Сэртэв гэдэг айлын сэтэртэй морь нь өвсөнд хахаад үхэх дөхжээ. Тэгээд сэтэр нь уурласан юм байх. Сэртэв өөрөө солирсон гэнэ. Сэтэр засах ажлыг Төгсөө лам хийх болж гэсэн яриа гарчээ. Сэртэвийнх нэгэн шарга морьтой бөгөөд тэр нь сэтэртэй байсан юм байх.

Нас нэлээд ахиж явсан болохоор нэг удаа өвсөнд хахаад золтой л явчихаагүй ажээ. Тэр нь ч бас зүгээр нэг хахалт байгаагүй гэх. Эзэндээ муу юм зөгнөсөн хахалт байжээ. Тэр өдрөөс хойш эзэн нь болох Сэртэв гэнэт гөлрөө өвчтэй болсноо удалгүй ухаан самуурч эхэлжээ. Тэгсээр бүр солиорсон байна. Ш гуайн аав, “баян” Баажаа хоёр сэтэр ариулахад нь хоёр гэрээ төлөөлөн очоод иржээ. Төгсөө лам тун ядах юмгүй ариулсан гэнэ билээ. Лам ийн ярьжээ. “Танай сэтэртэй морь их сэжигч адгуус юм. Хүнээр бол барагтай зүйл зохихгүй амьтан гэсэн үг. Хар номынхны идээ /өвс/-нээс зооглочихож. Харж, хандаж байхад яадаг юм” гэжээ. Тэгсэн чинь тэр хавьд зусч байсан хасаг айлын өвснөөс идчихжээ. Сэртэвийн хүүхдүүд хасаг хүүхдүүдтэй үерхдэг байж л дээ. Тэр үед хасаг айлууд мориндоо зун ч гэсэн өвс хадаж өгдөг байжээ.

Тэгээд хүүхэд юм болохоор сонирхонгоо хамт хадалцаад шанд нь шуудай өвс авсныгаа сэтэртэй мориндоо өгчихгүй юу. Ингээд л хэрэг мандсан байна. Тэр айлын хүүхдүүд мэдээж муу юм санаж өгөөгүй нь ойлгомжтой. Энгийн адгуус байсан бол яах ч үгүй л дээ. Даанч сэтэртэй морь байгаад зохиогүй ажээ. Өөр шашинтай улс тул өвс нь хүртэл таарахгүй байгаа хэрэг юм. Ингээд сэтэртэй морь нь бузартчихгүй юу. Тэгээд тэр нь эзнээр нь дамжиж илрээд бөөн юм болсон нь тэр ээ. Түүнийг хэрэв Төгсөө лам засаагүй бол Сэртэв мөн насаараа солиорох байсан биз. Бүтэн өдөр гүрэмдэж байгаад усанд оруулан, рашаанаар ариулаад хадаг зүүж өгснөөр сэтэр засах ажил өндөрлөдөг ажээ. Зөвхөн морь гэлтгүй сэтэртэй буур, бух, хуц, ухнад ч ийм явдал тохиож болдог байж мэдэх юм. Гэхдээ харин тийм юм ер сонсогдоогүй юм байна шүү.

Адуу тэнгэртэй амьтан болохоор арай өөр байж бас болох юм гэж Ш гуай сонирхуулсныг ч хэлэх нь зөв байх. Тэдний үхрийн сэтэр уурлаж гэнэ гэх яриа сонсоогүй, тэр талаар уншиж, дуулаа ч үгүй юм байна. Юутай ч Сэртэвийн шарга тийнхүү буруу номтны өвс зооглочихоод хахаад үхчих дөхжээ. Морь үхэлгүй үлдсэн тул өвчин эзэнд нь хүрсэн байж ч мэдэх л дээ. Тэр талаар бид тийм сайн мэдэх юм биш. Сонсч л явсан болохоос бидний үеийнхэнд нүдээр үзсэн зүйл хаа байх билээ. Харин яагаад ч юм нөгөө сэтэр ариулсан ажил тэр үед олны чихэнд хүрээд нэлээд шуугиан тарьчихжээ. Одоо бодвол бүр зориудаар бэлдсэн юм билээ хэмээн Ш гуай ярилаа.

Төдөлгүй намрын дунд сарын 17 ч болжээ. Нэлээд дээрээс тараасан Төгсөөгийн найр хурим ч ихэд дуулиан, шуугиантайхан эхэлжээ. Нутаг усныхан ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөн байж очжээ. “Баян” Баажаагийнхан, Ш гуайнхан бүгд гэр бүлээрээ очжээ. Арга байж уу, тэдний өвчин зовлонг нимгэлж өгсөн ганц ачтан шүү дээ. Харин оточийнх яагаад ч юм сумын төвөөс холгүй байжээ. Найр ч нижгэр болсон байна. Ш гуай хүүхэд болохоор бас л гэр орон, найрын ажилд туслан оролцож байжээ. Хуримын бэр гээд нэг их сайхан эгч ирж баруун монгол найр эхэлжээ. Өдөржин найрлаад сайхан байлгүй яахав.

Хавь ойрын Ховдын Эрдэнэбүрэнгээс өөлдүүд ч иржээ. Лам хүний хурим найр ч нижгэр, дэлгэр болдог бололтой санагджээ. Тэгээд ч өмнө нь ламын найр хуриманд явж байсан биш дээ. Бусад хурим найр тэгэхэд бараг сар үргэлжилдэг байсан гэнэ билээ. Тэр өдөр тэр хавьд дөрөв, таван хурим болж буй сурагтай байжээ. Намрын дунд сарын 17-нд л монголчууд хуримаа хийдэг уламжлалтай байсан юм билээ. Ингээд нар хэвийх алдад гэнэт чийчаантай хүмүүс иржээ.

Машинаас цагдаа бололтой хоёр хүн бууж ирээд хуримын гэрээр ороод мэнд ус ч байхгүй гэрийн эзнийг хамт явахыг шаарджээ. Найрынхан бүр алмайрч орхиод яасан, ийснийг нь асуусан юм байх. “Буг дардаг хүн гэсэн байх аа” гэхээс өөрийг хэлээгүй байна. Тэгээд л лам Төгсөөгийн аав ээж, ахан дүүс, эхнэр, эхнэрийн ээж, аавыг орилуулаад орхичихжээ. Хэзээ ирэх, яахыг нь ч хэлээгүй гэдэг. Найрынхан найрлах ч хэцүү, байх ч хэцүү маргаашийг болгожээ. Маргааш оройхон хэл ирсэн байна. Аймгаас сумын төв рүү утасдсан юм уу, яасан юм сумын дарга ирээд их л халган байж ийн ярьжээ. “За, та бүхэн найр наадмаа өндөрлөнө байгаа.

Барагтайхан мэдээ ирлээ. Аймгийн цагдаагийн газраас мэдээ аваад шууд наашаа ирлээ. Та бүхэн биеэ барьцгаа. Үймж, бухимдаж болохгүй. Төгсөө маань эргэж ирэхгүй болжээ” гээд л ярьтал өнөө сайхан эгч босон харайгаад л орилж, үсээ үгтээн чарлаж гарчээ. Хоёр талын аав, ээжүүд ч уйлаан, майлаан бололгүй яахав. Одоо бодоход “ногоон малгайтан”-ы үлдэгдлүүд бүр заналтай юм шиг яг хуримын өдрийг нь тааруулж байгаад барьсан байгаа юм даа. Хүний баярын сэтгэл рүү ус цацаж, цус урсгахаа тэд мэдэхийн дээдээр мэднэ л дээ. Түүнээс биш барих цаг хаа мундаа гэж. Хэдэн сарын өмнө барих боломж байж шүү дээ.

Төгсөөгийн талаар тухайн үед хэсэг шуугиад өнгөрчээ. Буг дарж, сэтэр арилгаад төлөөнд нь амиа өгчээ. Заавал хуримынхаа шөнө байхдаа ч яахав. Зориуд зохион байгуулжээ. За, бараг замдаа буудчихаа байлгүй дээ. Түүнээс биш тийм шуурхай хариу ирээд байхдаа яадаг юм. Шоронд орсон хүний талаар хэдэн сарын дараа л мэдэгддэг биз дээ гэх зэргээр ярилцаад өнгөрсөн гэнэ билээ. Түүнээс хойш тэр нутагт ганц нэг оточ гарсан ч олны хөлөөс их хол байсаар ирсэн гэдэг юм билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ