НҮБ-Тагнуулчдын өгөөш

...Нууц мэдээлэл агуулагчид ийм нягтрашилтай байрласан өөр газрыг олоход бэрх. Энд өөр хоорондоо ямарваа нэгэн дипломат харилцаа байгуулаагүй дипломат ажилтнууд ч ажилладаг.Бусдын яриа хэлэлцээрийг нууцаар чагнах, өөрийн талд хүн элсүүлэх боломж дээд зэргийн...


2004 оны хоёрдугаар сард Британийн засгийн газар улсын нууцыг задруулсан хэмээн буруутгагдаж байсан Кэтрин Ганын эрүүгийн хэргийг мөрдөхөөс татгалзахаар шийджээ. 29 настай Ган бүсгүй Засгийн газрын холбооны төв /Government Communications Headquarters-GCHQ/ буюу тус улсын хамгийн нууцлаг байгууллагад хятад хэлний орчуулагчаар ажиллаж байжээ. 2003 онд санаандгүй байж байтал түүний гарт АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн нэгэн удирдагч Фрэнк Козын электрон шуудангийн текст орсон бөгөөд тэрхүү мэдээлэлд тэрбээр GCHQ-аас НҮБ-ын Нью-Йорк дахь төв байрны талаарх мэдээллийг цуглуулахад туслахыг хүссэн байна.

Энэхүү хүсэлтийг 2003 оны нэгдүгээр сарын 21-нээр тэмдэглэсэн байв. Энэ бол Вашингтон, Лондон, Мадрид гурав Аюулгүйн зөвлөлөөс Ирактай дайн хийх зөвшөөрлийг авах гэж оролдож байсан үе байв. Нөхцөл байдал маш төвөгтэй байв. Зөвлөлийн гишүүн орнуудаас зөвхөн Болгар улс л тус тогтоолын санаачлагчаар нэгдэв.

Энэ тал дээр эргэлзэж байгаа улс орон гэвэл Ангол, Гвиней, Камерун, Мексик, Пакистан, Чили гэсэн зургаан улс байсан агаад тэднээс дор хаяж тавыг нь өөрийн талд татан авах хэрэгтэй байлаа. Чухам эдгээр зургаан орноос НҮБ-д суугаа төлөөлөгч нарын байр суурийг нэн даруй олж мэдэж, мөн таагүй явдлыг үгүй болгохын тулд тэдгээрийг тагнуулдаж өгөхийг Фрэнк Коза хүсч байв.

Эдгээр төлөөлөгч нар тухайн үедээ өөрсдийн ач холбогдлыг өндөрт өргөж, НҮБ-ын байран дундуур их л чухал царайлан алхацгааж, сэтгүүлчдэд ганц нэг ойлгомжгүй өгүүлбэрийг явдал дундаасаа шидсэн болоод “хоохолзож” байв.Ирактай дайн хийхийг эсэргүүцдэг Кэтрин Ган нь тагнуул хийхийг хүссэн энэхүү ёс бус мэдээллийг илчлэхээр шийдэж, улмаар энэ текстийг найз бүсгүйдээ үзүүлсэнд цаадах нь сэтгүүлч найздаа уламжилжээ. Ингээд Англи-Америкийн тагнуулын хуйвалдааны талаарх мэдээ Observer сонинд нийтлэгдэв. Засгийн газрын харилцаа холбооны төв мэдээллийг алдагдуулсэн эх үүсвэрийг ядах юмгүй олж тогтоов. Ийнхүү гуравдугаар сард Кэтрин Ганыг баривчилсан юм. Түүнийг Төрийн нууцын тухай хуулийг зөрчсөн хэмээн буруутгасан бөгөөд хоёр жил хоригдох аюул нүүрлээд байсан билээ.

РУЗВЕЛЬТЫН НУУЦ ХУЙВАЛДААН

Дипломат ажиллагаа, тагнуул хоёр хаа сайгүй л хамтдаа дагалдаж явдаг. Козагийн явуулсан илгээмжтэй холбоотой хэрэг нь цорын ганц онцгой тохиолдол биш, харин нийтлэг нэгэн үзэгдэл юм. Бид АНУ-ын хамгийн нууцлаг хаалттай онцгой алга болох Үндэсний аюулгүй байдлын агентлагт зориулсан “Body of Secrets: Anatomy of the Ultra-Secret National Security Agency” номын зохиолч, электрон мэдээлэл дэх тагнуулын мэргэжилтэн Жеймс Бэмфордыг та бүхэнд толилуулж байна.

“НҮБ дэх Америкийн тагнан турших үйл ажиллагаа нь бүр 1945 оны дөрөвдүгээр сард Сан Францискод НҮБ-ыг үүсгэн байгуулах бага хурал дээр л зэрэгцэн эхэлсэн юм. АНУ тэр үед үүсгэн байгуулагч орнуудын төлөөлөгчдийн хэлсэн үгийг нэгбүрчлэн сонсох маш өргөн хүрээний, бас технологийн хувьд маш хүнд хэцүү үйл ажиллагааг явуулсан юм. АНУ-ын тагнан турших үйл ажиллагаа нь бүхий л мэдээллийг хамраад зогссонгүй, нэлээд хэдэн орны тэр дундаа Францын нууц шифрүүдийг ч нэвтрэн тайлж чадсан билээ” гэж Бэмфорд ярьж байна.

Энэ бүхнийг Жеймс Бэмфорд номондоо хэрхэн дүрсэлсэнийг авч үзвэл:
“Урт хар лимузинууд эгээ л ирвэсийн сүрэг шиг Сан Францискогийн доворхог гудамжаар нэг үйл явдлаас нөгөө рүү амжих гэж хөндлөн гулд жирэлзэж байв. Цэцгийн дэлгүүрийн ачааны машинууд нь нил сарнай цэцэг бүхий том том сагснуудыг үй олноор нь зөөвөрлөж байлаа. Алтан хаалганы доохон талд оргилуун дарс гол шиг урсаж, энд тэндгүй гэрэл зургийн аппаратын оч гялсхийнэ. Үнэндээ энд болж буй үйл явдал Бродвейн шоугаас юугаар ч дутах юм алга. Ерөнхий найруулагчаар Нью-Йоркийн алдарт загвар зохион бүтээгч буюу хамгийн сэтгэл догдлуулсан театрын мюзиклыг найруулагч Жо Милзайнер байв. “Тавтай морил, Нэгдсэн үндэстнүүд ээ” хэмээн дуурийн театрын үүдэн дээр неонон гэрлээр бичсэн байлаа. Эндхийн нөхцөл байдал нь дипломат ажиллагаа гэхээсээ илүү Голливудын кино нээлтийг санагдуулж байв. Хэн нэг алдартныг нүдээрээ үзчихсэн хэмээн найдан бужигналдах хүмүүсийг цагдаагийнхан арайхийн тогтоон барина. Энэ үед Дэлхийн шинэ хэв журмын талаарх хэлэлцээрт оролцохоор тавь гаруй орны дипломатууд цугларсаар.

Гэтэл Америкийн төлөөлөгч нарт нууцлаг нэгэн зэвсэг байв. Покер хөзөрт заль мэх гаргадаг шиг тэд өрсөлдөгч нарынхаа хөзрийг нууцаар харж байв. Ихэнх төлөөлөгч нарын хувьд энэ бол онцгой их нэр төрийн хэрэг байлаа. Гагцхүү чин үнэнч шалтгаан бол Америкийн нууц албадуудад ирсэн зочдыг ажиглан мөрдөх албанаас нь түр ч гэсэн хөнгөлж өгөх хүсэл эрмэлзэл байлаа.

Гадаадын төлөөлөгч нарын нууц код оруулсан цахилгаан мэдээ нь жирийн цахилгаан шуудангаар илгээгддэг байв. Сан Францискогийн хувьд хамгийн том цахилгаан мэдээний компани нь Western Union байлаа. Цахилгаан мэдээнүүдийн хуулбарыг авахад ядах зүйл байсангүй. Учир нь цэргийн цензурын тухай хууль хүчинтэй хэвээр байсан тул Western Union тэднийг засгийн эрхийнхэндилгээх үүрэгтэй байлаа. Радио долгионыг барьж авахын тулд тусгай төхөөрөмжийг боловсруулсан байлаа. Барьж авсан мэдээллийг тусгайлан тоноглосон 46 телетайпын шугамаар АНУ-ын Виржини мужийн Арлингтон Хилл дахь Хуурай газрын хүчний холбооны армийн шифр тайлах албаны төв байр руу дамжуулагддаг байв. Тус ажиллагааг дэд хурандаа Фрэнк Роулэтт удирдаж байв. Түүний хэлснээр ажил туйлын их, шифр тайлагч цэргүүдэд хоногийн 24 цаг хүрэлцдэггүй байв. Гэвч үр дүн нүдэн дээр байв. Сан-Франциско дахь бага хурал нь чухам түүний гүйцэтгэсэн албын ачаар амжилттай явагдсан гэж Роулетт үздэг аж. Ямартаа ч тус алба нь энхийн цагт ч тун шаардлагатай гэдгээ харуулж чадсан юм. Учир нь АНУ нь дайны дараа эхэн үед тагнуулын ажиллагааг бүрмөсөн орхигдуулсан байсан юм.

ХӨНДИЙ ХООСОН ХУЛУУНЫ ХЭРЭГ

Зөвлөлт улсын тагнан турших үйл ажиллагаа ч төдийлөн муу байсангүй. Тэдний нэг ажилтан Олжер Хисс нь дайнаас өмнө хөдөө аж ахуйн яамАНУ-ын конгресс, Дээд шүүхэд, улмаар Хууль зүйн яаманд ажиллаж байгаад 1939 онд Төрийн захиргааны Алс Дорнодын хэлтсийн улс төрийн зөвлөх болжээ.

Холбооны дээд албанд коммунистын тагнан турших сүлжээ үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн цуу яриа 1930-аад оны эхээр Вашингтонд тарсан авч захиргааныхан болон хэвлэлийнхэн энэ бол ерөнхийлөгч Рузвельтыг эсэргүүцэгчдийн гаргаж байгаа яриа хэмээн үзэж байв. 1939 оны наймдугаар сард Зөвлөлт-Германы халдан довтлохгүй байх гэрээ байгуулсаны дараа нөхцөл байдал огцом өөрчлөгдөж, Зөвлөлтийн агентууд дайсагнагч орны тагнуулч болон хувирчээ.

Энэ мөчид Зөвлөлтийн цэргийн тагнуулын албаны холбоочин асан Уиттакер Чамберс нь ухаан орох цаг болсон гэж шийджээ. Тэрбээр үүнээс жилийн өмнө тоглоомоос гарсан агаад Москваг өшөөгөө авна гэхээс үхтлээ айдаг байв. Есдүгээр сард түүнтэй Франклин Рузвельтын “тархины трестийн” гишүүн, тэр үед Төрийн албаны дотоодыг аюулаас хамгаалах албаны даргын алба хашиж байсан Адольф Огастас Берль уулзжээ. Зөвлөлтийн тагнуулын албаныхан гол гол яамдууд хийгээд батлан хамгаалах газруудад өөрийн үндэс суурийг суулгасан хэмээн сонсоод Берль ерөнхийлөгчид бараалхахад цаадах нь хараан хөөсөн хэмээн Чамберс ярьжээ. Гэвч Чамберс тайвширсангүй 1942 онд Холбооны мөрдөх товчооны захирал Эдгар Гуверт иймэрхүү утгатай найман хуудас зурвасыг үзүүлжээ. Гэвч тэр үед АНУ болон ЗХУ нар холбоотнууд байсан, бас Гувер нацистын тагнуулч нарын араас хөөцөлдөж байсан тул тэрбээр тус бичгийг ул мөр үлдээлгүй устгажээ.

Олжер Хисс дипломатын албан тушаалаар ямар ч саад тотгоргүй ахиж байв. Чухам тэрбээр НҮБ-ыг үүсгэн байгуулагчдын нэг болов. Тэрбээр Думбартон Окс дахь бага хурлын гүйцэтгэх захирал байсан бөгөөд энэ хурал дээр 1944 оны 8-10-р сард НҮБ-ын Дүрмийн сангийн төслийг боловсруулалцсан агаад дараа нь тэрхүү дүрмийг баталсан Сан-Францискод тэрбээр ерөнхий нарийн бичгээр ажиллаж байв. Думбартон-Окс болон Сан-Франциско хоёрын хооронд 1945 оны хоёрдугаар сард Хисс нь Америкийн төлөөлөгчдийн гишүүний хувиар Крымын Ялтад болсон Холбоот гүрнүүдийн тэргүүлэгчдийн бага хуралд оролцжээ. Ялтаас Хисс Америкийн дипломат ажилтнуудын хамтаар Москвагаар дайрсан байна. Тэнд түүнтэй гадаад хэргийн орлогч сайд Андрей Вышинский уулзаж, улмаар бага хурал дээр онцсайн ажилласных нь төлөө Зөвлөлтийн засаг төрөөс талархал илэрхийлж байгааг нь уламжилсан ажээ.

Тэр оны тавдугаар сард Чамберс гэм зэмээ хүлээх гэсэн гурав дахь оролдлогоо хийжээ. Энэ удаад Вашингтон дахь нөхцөл байдал огт ондоо байв. Гувер генерал Донованы Стратегийн албаны газрын тагнуулын ажлыг болиулалхын тулд шаргуу тэмцэл явуулж байв. Учир нь түүний үүргийг Холбооны мөрдөх товчоонд шилжүүлсэн байжээ. Чамберсын мэдээлэл нь бусад өөр хоёр эх үүсвэрээс авсан мэдээлэлтэй /нэг нь энэ л агентлагийн сүлжээний зарлага Элизабет Бентли болон Оттава дахь Зөвлөлтийн Элчин сайдын шифр тайлагч ажилтан байсан, дүрвэгч Игорь Гузенко нарын/ яг тохирч байв. Гувер ерөнхийлөгч Трумэнд маш нууц тунхаг бичгийг явуулсан бөгөөд үүнд хамгийн чухал мэдээлэл нь нийт Засгийн газрын байгууллагад шургалж орсон 12 ажилтны чухам тав нь Донованы албанд ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байлаа.Гэвч тэдгээрийг шүүхийн өмнө албан ёсоор буруутгахад хангалттай баримт олдохгүй байв.

Энэ хооронд Олжер Хисс 1946 оны арван хоёрдугаар сард огцорч, Эндрю Карнегийн нэрэмжит Олон улсын сан хэмээх Вашингтоны нэлээд нөлөө бүхий дүн шинжилгээний төвийн ерөнхийлөгч болсон байлаа. Түүний хэрэгтэр үед Timeсэтгүүлийн ажилтан байсан Уиттаккер Чамберс Америкийн эсрэг үйл ажиллагааны төлөөлөгчдийн танхимын байнгын хороонд /HUAC/ мэдүүлэг өгсөний дараа буюу 1948 оны наймдугаар сарын 3-нд олонд ил болсон юм. Хисс нь Рузвельтын хамтаар Ялта руу явж Дайны дараа энхийг сахиулах хэлэлцээрт оролцож, НҮБ-ын хөлд нь сөгдсөн гэдэг нь урьд өмнө байгаагүй дуулиант хэрэг байв.

Хоёр хоногийн дараа буюу наймдугаар сарын таванд тус байнгын хорооны өмнө Алжер Хисс өөрөө мэдүүлэг өгөв. Тэр хэзээ нэгэн цагт коммунист намын гишүүн байсан, эсвэл тус намын гишүүдтэй үерхэж байсан гэдгийг бүрэн дүүрэн үгүйсгэж, мөн амьдралдаа нэг ч удаа Чамберстэй уулзаж байгаагүй гэв. Түүний өөртөө итгэлтэй хатуу хариулт нь холбооны хэд хэдэн гишүүдийг ч итгүүлж чадсан юм. Нэгэн сурвалжлагч ерөнхийлөгчөөс: “Конгресст тагнуул хийсэн явдал нь олон түмний анхаарлыг мөнгөний ханш уналтаас түр ч гэсэн сарниулах гэсэн өгөөш гэж та үзэж байна уу” хэмээн асуухад Трумэн “Тийм ээ, би тэгж бодож байна” хэмээн хариулжээ. Ингээд тэр сурвалжлагч өөрийн хэлсэн үгийг ерөнхийлөгчийн гаргасан санаа мэтээр хувирган бүх сонинуудаар тарааж орхив.

Гэвч Конгресст Хиссын хэргийг мартахад бэлэн байгаа хүмүүс тэр болгон олон байсангүй. Тэдний нэг нь HUAC-ийн гишүүн, бүгд найрамдах намын гишүүн болон конгрессын гишүүн Ричард Никсон байв. Тэрбээр хороог шившгээс аврахаар шийджээ. Учир нь Чамберс, Хисс нарын мэдүүлэг нь өөр хоорондоо зөрчилдөж байв. Хэн нэг нь худал ярьж байна гэдэг нь худал мэдүүлэг өгсөнийхөө төлөө хариуцлагад татагдаж мэднэ гэсэн үг. Өөрийн үнэн гэдгээ батлахын тулд Чамберс нь тус хороонд 70 гаруй бичиг баримтыг хүлээлгэн өгсөн бөгөөд түүний хэлснээр тэрбээр үүнийг Зөвлөлтийн тагнуулын албаныханд өгөхөөр Хиссээс авсан ажээ. Түүнээс гадна Хиссээс авсан материалыг түүний Мэрилэнд муж дахь гэрт нь хоосон хөндий хулуун дотор хадгалж байв. Үнэхээр хулуунд боловсруулаагүй гурав, хэд хэдэн боловсруулсан бичил хальс олдсон бөгөөд үүн дээр Чамберс бичиг баримт болон Хиссын бичгийн машинд байсан бичигнүүдийн зургийг буулгасан байлаа.

Хэдийгээр Чамберс хальснуудыг 1938 онд авсан гэж баталж байсан Никсон эдгээр хальснуудыг Kodak компанийн лаборатори руу шинжилгээнд өгч явуулжээ.Тэгтэл тэндхийн ажилчид чухам хальснуудыг 1945 онд боловсруулсан гэсэн хариу гарсан нь конгрессын гишүүнийг цохилтонд оруулсан байна. Ингээд Никсон хэвлэлийн бага хурал зарлаж, бүхнийг илчлэхээр завдаж байтал гэнэт Kodak-аас утасдаж “Энд бага зэрэг алдаа гарсан байна. Хальсыг 1938 онд боловсруулжээ” гэсэн хариулт өгчээ.

Хулууны хэргийн учрыг олох хооронд 10 жил өнгөрөв. Шүүхээс хийж чадсан бүх зүйл гэвэл Хиссыг худал мэдүүлэг өгсөн хэмээн буруутгасан явдал. Гэвч шүүхээс шуудшийдвэр гаргаж ял оноож огт болохгүй байсан бөгөөд бүр 1950 оны нэгдүгээр сард дууссан хоёр дахь шатны шүүх ажиллагаан дээр Хисст ял оноосон юм. НҮБ-ыг үүсгэн байгуулагч гурван жил гаран хугацаагаар торны цаана суусан агаад энэ үед ялалт байгуулсан Никсон хийсэн ажлынхаа тухай Конгрессын өмнө тайлан тавьж байлаа. Хэлсэн үгэндээ тэрбээр ийм чухал хэргийг мөрдөхөд тусламж үзүүлэхийг огт хүсэхгүй байсанд, мөн Вашингтоны засгийн эрхийнхэнд коммунист үзэл суртал нэвтэрч байгаад огт үл тоомсорлосон шинжгүй байсан хэмээн төрийн удирдлагыг шүүмжлэв. Харри Трумэны хувьд Хиссыг ялласан явдал тун ч хүнд цохилт болов. Никсоны хувьд тэрбээр хэрэв өөрийг нь олон түмний дунд алдаршуулсан хулуу байгаагүй бол тэр ерөнхийлөгч болж чадах байсан нь юу л бол гэдгийг өөрөө ч хүлээн зөвшөөрсөн байна.

Олжер Хисс 1996 онд 92 настайдаа нас нөгчжээ. Амьдралынхаа эцсийн мөч хүртэл тэрбээр Зөвлөлтийн тагнуул байсан гэдгээ үгүйсгэсэн бөгөөд өөрийгөө цагаатгах боломжийг хайж байв. 1992 онд түүнд ийм боломж гарсан юм. Тэрбээр Оросын хамгийн нууцлаг архивт ч нэвтрэх эрхтэй түүхч генерал Дмитрий Волкогоновт хандсан аж. Генерал Америкийн хэлмэгдсэн албан хаагчдын нэр төрийг сэргээхээр шийдэж, удалгүй АНУ-д очихдоо Хисс коммунист намын гишүүн байсан гэдгийг гэрчлэх, тэр байтугай тагнуул хийсэн гэдгийг нотлох ямар ч бичиг баримт архиваас олдоогүй гэж мэдэгджээ. Гэхдээ гэрчлэх баримт олдоогүй гэдэг нь тэднийг огт байхгүй гэсэн үг биш, харин ч генералын нэвтрэх боломжгүй тагнуулын архив гэж бий шүү дээ. Сайн санаат хүнийхээ хувьд Дмитрий Волкогонов энэ хэргийг дуусгана гэж амлажээ. Тэрбээр тэр үеийн Гадаад тагнуулын албаны захирал Евгений Примаков руу утасдсан боловч “Гадаад тагнуулын алба нь хэн тагнуул, хэн үгүй гэдэг тал дээр ямарваа нэгэн магадлагаа гаргаж өгдөггүй” гэсэн хариу авчээ.

1945 онд эргэн очицгоое. Жеймс Бэмфордын хэлснээр Вашингтон нь НҮБ-ын төв байрыг Нью-Йоркт байрлуулах тал дээр шаргуу хөөцөлдөж байв. “Үнэн хэрэг дээрээ энэ нь АНУ ч тэр, ЗХУ-ын хувьд ч тэр ашиг сонирхолд нийцэх юм. Америкийн тагнуулын алба цахилгаан тагнуулын тал дээр цаг ямагт давуу талтай байсан. Харин Зөвлөлтийн тагнуулын давуу тал нь хүний хүчин зүйл. Тиймээс Москва НҮБ-ын далавчин дор АНУ руу аль болох ажилтнаа явуулах боломжтой шүү дээ” гэлцэж байлаа.

ӨГӨӨМӨР СЭТГЭЛТ АННАН

Энэ цагаас хойш НҮБ-ын ханан дахь тагнан турших үйл ажиллагаа нэлээдгүй цэцэглэн хөгжиж байна. Энэ байгууллага нь эгээ л бүх дэлхийн улс орнуудыг тагнахад ая тухтай байх зорилгоор тусгайлан байгуулагдсан мэт.

Нууц мэдээлэл агуулагчид ийм нягтаршилтай байрласан өөр газрыг олоход бэрх. Энд өөр хоорондоо ямарваа нэгэн дипломат харилцаа байгуулаагүй дипломат ажилтнууд ч ажилладаг.Бусдын яриа хэлэлцээрийг нууцаар чагнах, өөрийн талд хүн элсүүлэх боломж дээд зэргийн. Хэрэв хүсвэл тухайн дипломатч хоёр, эсвэл гурван талд ч зэрэг ажиллаж болно. Ийм жишээ тагнуулын түүхэнд олонтаа таарч байсан. НҮБ-ын халхавчин дор Олег Калугин Москвагийн радиогийн сурвалжлагчийн журмаар өөрийн мэргэжлийн гараагаа эхэлжээ. “Хүйтэн дайны” үед НҮБ-ын ерөнхий хороонд 300 гаруй Зөвлөлтийн иргэд ажиллаж байсан агаад тэдний олонх нь Холбооны мөрдөх товчоо хийгээд тагнуулын албаны ажилтнууд байлаа. Тэд албан тушаалын шат өөд тун ч амжилттай ахиж байв. Ерөнхий нарийн бичгийн даргын туслахыг Зөвлөлтийн тагнуулын албаны янз бүрийн офицерууд гүйцэтгэж байв: Тухайлбал, Танагийн зөвлөхөөр Виктор Лессовский, дараа нь тэрбээр Вальдхаймын туслахаар ч ажиллаж байсан.

Мөн К.Вальдхаймын туслахаар Валерий Крепкогорский, Хавьер Перес де Куэльярын зөвлөхөөр Геннадий Естафьев нар ажиллаж байлаа /тэдгээрийн ажилласан он нь өөр юм/. Зөвлөлтийн дипломатчдаасНҮБ-д ажиллаж байсан, хамгийн алдартай, бас өндөр албан тушаалыг хашиж байсан дүрвэгч бол мэдээж Аркадий Николаевич Шевченко буюу НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч агаад тэр үед ярьж байсанчлан тэрбээр 1978 оноос нэг мөр эх орондоо ирэхгүй байхаар шийдсэн байна.

Британийн засгийн эрхийнхэн Кэтрин Ганд холбогдолтой эрүүгийн хэргийг хаах болсоноо олон нийтэд огт тайлбарлаагүй юм. Шүүхэд прокурор Марк Эллисоны мэдэгдсэнээр “түүнийг шүүн яллахад үндэслэл болчихоор баримт мэдээ өөр алга байна”. Шинжээчдийн үзэж буйгаар Засгийн газар ял тулгах ажиллагаанаас татгалзах нь өлзийтэй гэдгийг ухаарсан бололтой. Эс бөгөөс шүүх тагнуулын ажлын аргачлалын учрыг олох гэж ухаж төнхөх болно гэж үзсэн аж.

Кэтрин Ганы хэрэг хаагдахаас өмнөхөн Британийн Олон улсын хөгжлийн сайд асан Клэр Шорт Засгийн газрын бас нэг аймаар нууцыг нээжээ. Түүний хэлснээр Британийн тагнуулын албаныхан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннаны утсаар ярьсан яриаг нууцаар чагнасан аж.

Гайхалтай нь Кофи Аннан түүний яриаг чагнасан талаарх мэдээг төдийлөн хүндээр хүлээн авсангүй.Түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга ердөө л “Аннан энэхүү ажиллагааг таслан зогсоогоосой хэмээн хүсч байна” гэсэн мэдэгдэл хийжээ.Ерөнхий нарийн бичгийн дарга яагаад энэ мэдээллийг мөрдөөгүй юм бол? Энэ тал дээр Жеймс Бэмфорд дараахь үзэл санаатай байна:“Харийн оронд тагнан турших үйл ажиллагаа явуулна гэдэг нь угтаа бол хууль бус ажиллагаа. Гэхдээ гадаадын дипломат ажилтнуудыг АНУ-ын нутаг дэвсгэр дээр ажиглахад Америкийн ямар ч хууль дүрмийг зөрчсөнд тооцогдохгүй. Олон улсын эрхийн үүднээс авч үзвэлэнэ бол үнэхээр хууль бус явдал, тэгээд ч ерөнхий нарийн бичгийн дарга хүссэн бол асуудлыг хурцатгаж болох байлаа. Гэхдээ миний бодлоор орчин үеийн харилцаа холбооны технологи хийгээд өөрийн холбооны шугамуудыг хамгаалах тал дээр илүү их мөнгө зарцуулах ёстой бөгөөд энэ нь тагнан турших үйл явцаас өөрийгөө хамгаалах цорын ганц арга юм” гэжээ.

Чухам иймээс л НҮБ дахь тагнан турших ажиллагаа, Полишинелийн нууцыг Фрэнк Козын жагсаалтад дурдагдсан нэг ч орон дуулиан болгон цацсангүй.Тэдний хоёр нь болох Мексик, Чили хоёр нь албан ёсоор эсэргүүцэл үзүүлсэн ч үүнийгээ тун нам жим байдалд хийж гүйцэтгэв.

Чили Улсын НҮБ дахь төлөөлөгч байсан Хуан Габриэль Вальдес нь “Лос Анжелес таймс”-ын сурвалжлагчид саяхан болсон нэгэн явдлыг хүүрнэжээ. Иракийн дайны өмнөхөн Америк-Британи-Испанийн тогтоол гаргах төсөл дэмжигдэх эсэх нь шалтгаалж байсан улс орнууд өөрсдийн харилцан буух хийлт хувилбарыг санал болгожээ. Тус төслийн агуулгыг хэлэлцэхээр Чилийг төлөөлж зургаан элч цугларсан байна. Яриан дундуур бараг бүгдэнгийнх нь гар утас зэрэг дуугарсан тул сайдууд элчүүдэд зөвлөгөөнийг орхиж явахыг тушаажээ. Хожмоо сайдууд руу АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга утасдсан байна. Мексикийн элч Адольфо Агилар Синсерзөвлөгөөнөөс буцаж явахад түүний гар утас ахиад л дуугарсан байна. Энэ удаад АНУ Мексикийн саналыг хүлээж авахгүй хэмээн түүнд Америкийн дипломатч урьдчилан сануулсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ