Хэн нь сургаад, хэн нь оромдоод байна

Багш нар их олон янз, сайн муу, мэдлэгтэй мэдлэггүй. Хичээл нь ч их олон янз, хэрэгтэй хэрэггүй, ойлгомжтой ойлгомжгүй. Дунд сургуульд байхад манай биологийн багш гэж хүний яриа ойлгодоггүй, асуусан үг мэддэггүй хичээл дээрээ хуулан бичгээс өөр зүйл хийлгэдэггүй байж билээ. Саяхан зурагтаар гарч л харагдсан. Ер нь ихэнхи хичээл хуулан бичлэгээс өөр юм хийдэггүй байсан даа.

Гэхдээ зарим багш нар үнэхээр их хөдөлмөрлөж, сайхан сэтгэлээрээ зүтгэж яваа. Хаа газар л юу ч чадахгүй, юу ч хийхгүй мөртлөө бусдын хүчээр амьдардаг бэртэгчид бий. Багш нарын дунд ч гэсэн бусдынхаа сүүдэрт нуугдчихаад “цалин нэмүүлэх сайхан шалтаг боллоо” гээд завшиж яваа юу ч хийдэггүй улс бий. Ялгах л хэрэгтэй дээ, сайн ялгаж үнэхээр чадалтайд нь цалин нэмэх нь зүйтэй биз.

Багш гэдэг нэр хүндтэй, сайхан мэргэжил байлаа. Гэтэл зах зээлийн нийгмийн үед багшийн мэргэжлийн үнэ цэнэ, нэр хүнд унаж, хэдэн багш нар олж буй хэд гурван төгрөгөөрөө амьдралаа залгуулан ядаж, зарим нь амьдралын эрхээр ганзагын наймаанд гарч, хувийн бизнес эрхэлж, сурах бичиг энэ тэрхэн хийж, оюутнуудаа шахан, аль эсвэл цаг хөөцөлдөн, сургууль хэсэж явсаар өдийг хүрлээ. Багш нарын цалин хангамж муу, нийгмийн асуудал нь хүндрэлтэй болсноос манай улсын ихэнх багш нар нийгмийн эмзэг давхаргад харьяалагдах болсон гэхэд хилсдэхгүй. Ийм байдлаас улбаалж залуу үеийнхний дунд багш мэргэжлийн нэр хүнд унан, багшийн ангийг сонгон суралцахаас сурагчид зайлсхийх болсон ба ялангуяа мэдлэг чадвар сайтай сурагчид багшийн ангийг сонгон суралцах сонирхолгүй болсон. Харин хуваарьгүй үлдсэн болон шалгалтын оноо хүрээгүйгээс аргагүйн эрхэнд багшийн ангийг сонгодог болжээ. Энэ байдал нь цаашдаа боловсон хүчний ур чадвар, боловсролын чанар, үйл ажиллагаанд “сөрөг” нөлөө үзүүлсээр.

МУБИС -ийг жил бүр хэдэн зуугаараа багш нар төгсдөг, гэхдээ төгсөж байгаа оюутнуудыг биш элсэж байгаа хүүхдүүдийг эхлээд анхаарах нь зүйтэй юм шиг. Жил бүрийн конкурсаар мэргэжил хэтийн зорилгоо яв цав төлөвлөөгүй хүүхдүүд МУБИС-ийн босгыг алхаж байна, ердөө л аав ээж нь улсын сургуульд яаж ийж байгаад ор гэсний улмаас. Ямар ч багш болох сонирхолгүй, тэр хирээр хичээл номондоо зүтгэлгүй цаг хугацааг урсгасаар, шоудсаар, хуулсаар явтал дөрвөн жил дуусдаг. Зарим нь багшийн чадвартай төгсдөг бол зарим нь ердөө л диплом өвөрлөөд хоцордог. Ийм хүмүүс юугаа заахын бэ, орчин үеийн хүүхдүүдэд. Тэгэхээр багшаар элсүүлж байгаа хүүхдүүдээ анхан шатанд нь сайн шалгаруулж авах хэрэгтэй.

Одоо интернет их хөгжсөн цаг. Сургууль бүхэн интернеттэй болсон байна. Тийм болохоор багш хөгжлийн төвөөрөө дамжуулаад багш нар хоорондоо туршлага солилцох нэгдсэн багш нарын сургалт, заах арга зүйн сайт нээх хэрэгтэй гэж бодож байна. Мөн багш нарыг бичиг цаасны олон шалгалтаар дарамтлахаа болимоор байна. Зуны амралтаар кредитийн сургалт явуулаад намар нь шалгалт аваад тэнцсэн багш нарыг ажиллуулаад, энэ багш нараа хичээлийн жилийн дундуур олон янзын шалгалт энэ тэр гэлгүй ажлыг нь хийлгэмээр байна. Үүнээс гадна багш нарын үнэлэмж гэж алга болжээ. Дээр бичсэнчлэн багшийн мэргэжил хамгийн мууд тооцогдох болсон байна шүү дээ. *Чи нэг муу багш л хийж байгаа биз дээ* гэж ярих хүмүүс олон болсон байна.

Яг хэн нь сайн сургаад байна хэн зүгээр оромдоод байна, түүнийг нь олж тогтоодог баймаар. Cайн сургаад хүүхдүүдтэй сайн харилцдаг багшийн цалинг заавал нэг 300 гаран мянгаар үнэлээд байх дэмий. Харамсалтай нь сайн нь муу нь ялгаагүй бараг ижилхэн цалин авдаг. Дээрээс нь бөөн бичиг цаасаар дардаг. Тийм ч хөтөлбөр ийм ч конспект гээд л. Тэрнийгээ яралзтал бичээд яг хичээл заахдаа сурах бичгээс бичүүлдэг багш байдаг. Тэрнийг бичихдээ муу ч,яг хүүхдүүдтэй ажиллахдаа эвийг олоод хүнд сэдвийг хүртэл хэд хэдэн хэсэг болгоод ойлгуулчихдаг багш ч байдаг. Гэтэл бичиг баримтаа цагт нь батлуулдаг гээд л эхний багш нь илүү үнэлэгддэг. Тэхээр багшийг үнэлж урамшуулдаг, багшийн цалинг үр дүнгээр нь тогтоодог боловсронгуй тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. Мөн ажлын бүтээмжийг яаж үнэлэх вэ гэдэг асуулт ч байна. Бүрэн дунд боловсролын агуулга боломжийн. Харин заах арга нь даанч хэрэггүй. Толгойг нь ажиллуулахгүй бэлэн будаа өгч тэрийгээ шалгадаг нь муу жишээ. Багш нар өөрсдөө задрахгүй байна. Толгойгоо задлахгүй байна. Хэвшмэл маягийн заах арга л яваад байна.

Үнэндээ боловсролыг ихэд чухалчилж байгаа хэрнээ яг чанартай бодит боловсрол гэгч юу болохыг тодорхойлохгүй орхигдуулаад байна. Миний бодлоор Монгол хэлний багш гэхээр л зөвхөн монгол хэл, уран зохиол, монгол бичиг заагаад байх биш давхар бусад салбарыг судлаж ашиглаж чаддаг байх олон талын мэдлэгтэй оюуны өндөр чадвар шаардаад байх шиг. Хичээлүүдийг хооронд нь сонирхолтой байдлаар холбож чадаж байгаа багш нарын хичээлийг сурагчид илүү их анхаардаг. Сурах сонирхол их байдаг. Өнөөгийн нөхцөлд сурагчийг чи сур биш яагаад сурах ёстойг ойлгуулж сурагчийн хүсэл сонирхолыг сурах хүслийг бадрааж байж хамтарч сурцалцах байх гэж бодох юм. Бас бие даасан үзэл бодолтой бие хүнийг төлөвшүүлэх гэсэн ойлголт багш нарт дутагддаг юм шиг санагддаг. Авьяасыг нь хөгжүүлэх гэж ярьдаг ч бие хүн гэдэг зөвхөн авьяас биш шүү дээ. Тэгээд хар л даа бүгдээрээ нэг ижил сэтгэж нэг ижил бодох ёстой мэт байлгаад л.

Манай дүү долоон настай хоёрдугаар анги төгсөх шалгалт өгөв өө. Тэгсэн чинь *явах* гэдэг үгний эсрэг үг бичээрэй гэжээ манай дүү *ирэх* гэж хариулаад буруудаж оноогоо хасууллаа. Би ч гэсэн явахын эсрэг ирэх л гэж бодсон. Гэтэл багшаас нь асуутал *зогсох* гэнээ. Энэ бол жаахан өрөөсгөл байгаа биз. Яахав аль аль нь зөв. Яагаад заавал хүүхэд алдуулах гэж байгаа юм шиг ийм шалгалт бэлтгэдэг байнаа. Би тэгээд гадуур нэлээн хэдэн хүнээс асуулаа. Бүгд л ирэх гэж хариулсан.

Иймээс бас үнэлгээний асуудлыг бас өөрчлөх хэрэгтэй. Миний санаа бол үнэлгээг өнөөдөр бүх хүүхэд математикч болохгүй гэдэгчлэн яагаад ялгавартай сэтгэдэг хүүхдүүдийг нэг зүйл дээр бариад байгаа юм бэ? Бүх хүүхэд ижилхэн сэтгэж байна уу гэдгээр нь үнэлээд байна ш дээ. Одоо цагт хүүхдийг өмнөхөөсөө хэр зэрэг ахисан бэ гэдгээр нь үнэлмээр санагдаад байдаг юм. Яагаад заавал бүх хүүхэд нэг түвшинд байх ёстой гэж. Сайн хүүхдийг дээш нь явуулахгүй, муу хүүхдийг улам доош нь оруулдаг өнөөдрийн энэ үнэлгээний аргачлалыг би бол огт дэмждэггүй.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ