Карзай ТТГ-аас мөнгө авч байснаа хүлээжээ

Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай өөрийнх нь засгийн газар америкийн Тагнуулын төв газраас /ТТГ/ мөнгө авч байсныг даваа гарагт хүлээн зөвшөөрчээ гэж Франс  пресс  агентлаг мэдээлсэн байна. Энэ нь их биш мөнгө, хуулийн дагуу л зарцуулсан гэж Хамид Карзай хэлжээ. Тэр уг мөнгөний жинхэнэ хэмжээний тухай өөр дэлгэрэнгүй зүйл огт дурдаагүй байна.

ТТГ-ын “хий мөнгөний”  тухай өгүүлсэн “Таймс Нью-Йорк” сонины дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн дугаарын нийтлэлийн хариуд Карзай ийнхүү мэдэгдэл хийжээ. Тус сонин Карзайн засаг захиргааны тэргүүний орлогч асан Халил Романы хэлснийг иш татахдаа, албан ёсны шугамаар авсан мөнгийг бодвол, ТТГ-ын мөнгийг ямар ч хяналтгүйгээр  зарцуулж байжээ гэж бичсэн байна. ТТГ-ын санхүүжилтийн  хэмжээ  олон арван сая долларт хүрсэн байж болох юм  гэж  “Нью-Йорк таймс” сонинд дурджээ.

Английн “Гуардиан” сонинд бичсэнээр, Британийн  МI6 гэдэг тусгай алба ч Афганистаны эрх баригчдад мөн ингэж тусалж байсан байна. АНУ, Их Британи хоёр Афганистаны ерөнхийлөгч өөрсдийнх нь талыг баримталж  байгаагийн хариуд Карзайн дэглэмийг  ивээн тэтгэж байжээ гэж дээрх сонинд бичсэн байна.

С.Инда

  //

СЭТГЭГДЭЛ БИЧИХ