Хятадууд Зүүн өмнөд тэнгисийг эзэгнэх гэнэ

Хятад, Японы хооронд ихээхэн маргаан дэгдээж буй аралтай холбоотой хэрүүл дахин дэгдэж эхэлсэн нь шинэхэн биш ч гэсэн анхаарал татсан асуудал болж байна.

Хятадын Батлан хамгаалах яам даваа гаригт маргаантай энэ бүсэд яаралтай хамгаалалт гаргах шаардлагатай гэж тушаал гарган агаарын эргүүл бүхий хамгаалалт гаргасан. Японоор Синкаку, Хятадаар Дайоюу хэмээн нэрлэдэг энэхүү бүлэг арлын төлөө хоёр улс түнжин хагарах дээрээ тулаад байгаа билээ. Арлын улс хэмээн нэрлэгддэг Япон улсад арал илүүдэхгүй нь ойлгомжтой. Харин Зүүн Өмнөд Азийн эх газрын ихэнхийг эзлэн оршдог Хятад ул яагаад алгын чинээхэн энэ газрыг булаалдах болов.

Үндсэндээ хоёр хэсэгт хуваагдсан байрлаж буй энэхүү арлын дор их хэмжээний газрын баялаг байгааг олж мэдсэн даруйдаа хоёр улс булаацалдаж эхэлсэн. Газрын хий болон ховор загас жараахай бас бус газрын баялаг байгаа энэ хэсгийг өөрийн нутаг болгож чадсанаараа хүртэх ашиг ихийг бодсон нь тодорхой.

Хятад улс зөвхөн Японтой арал булаацалдаж байгаа юу гэвэл үгүй ээ. Дундад улсын санаа нь Зүүн өмнөд тэнгисийг бүхэлд нь өөрийн болгох гэсэн далд хүсэл дор буй. Өнгөрсөн жил шинэчилсэн газрын зураг дээрээ Вьетнамыг газар нутгийн өөрийн улс хэмээн зурж сая сая газрын зураг тараасан нь багагүй дуулиан дэгдээсэн. Түүнчлэн Тайваньтай байнга газар нутгийн маргаан, улс төрийн үл ойлголцолтой байсаар өнөөг хүрсэн.

Ийнхүү Хятад улс их усыг эзэгнэхийн төлөө өөрийн улсын тэнгисийн цэргийн флотуудаа хүчирхэгжүүлж эхэлсэн. Үүний нэг илэрхийлэл бол Хятадын тэнгис далайд байрлуулах тив хоорондын JL-2 пуужин эхний үе шатны байлдааны бэлэн байдалд ороход дөхөж байна гэж АНУ-ын конгрессын эдийн засаг, аюулгүй байдлын хүрээнд БНХАУ-тай харилцах комиссын саяхан нийтлүүлсэн илтгэлд тэмдэглэжээ.

БНХАУ асар богино хугацаанд иймэрхүү төрлийн хоёр ч пуужинтай болсоноо ийнхүү зарлаж байна. Тэнгисийн цэргийн энэхүү хүчирхэгжилт нь цаагуураа АНУ-д ч бас нөлөө үзүүлэхүйц болж ирж байгааг АНУ-ын тал өөрөө ч ажиглаж байгаа.

Хятадын эдгээр атомын пуужинт шумбагч онгоцууд ирэх онд байлдааны эргүүл хийж мэдэхээр байгаа ажээ. Үүнээс өмнө 1987 онд шумбагч пуужин туршилтаар гаргаж байсан ч тэрхүү шумбагч төдийлөн амжилттай байгаагүй.

Харин өнөөдрийн хувьд шумбагч пуужинбүхий гурван хөлөг онгоц бэлэн байгаа, түүнээс гадна 24 пуужин бүхий хөлөг онгоц тус улсын тэнгисийн цэргийн флотод байгаатухай Риа Новости дамжуулж байна. Хятад улс чимээгүйхэн ийнхүү тэнгисийн флотынхоо хүчийг нэмэгдүүлж байгаагын цаад учир нь Зүүн өмнөд тэнгисийг бүтнээр нь эзэмших санааг илэрхийлж байна.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ