Хүүхдүүдийн гол “дайсан” нь хятад тогоо болжээ

Өнгөрсөн жил Гэмтэл согог судлалын үндэсний төвд түлэгдэлт өвчнөөр 1200 гаруй хүн хандсан байна. Үүний850 орчим тохиолдол нь буюу 69 хувь зөвхөн 0-4 насны хүүхдүүд байна. Тэгвэл бага насны хүүхдийн түлэгдэлт өвчин яагаад тэргүүн байрт жагсч байгааг Нийгмийн эрүүл мэндийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн Б.Сувд судалжээ. Түүнтэй ярилцсанаа сонирхуулья.

-Түлэгдэлт өвчин ихэсч байгаагийн гол шалтгаан нь юу байх юм?

-Хүүхдийн өвчлөл дотор осол гэмтэл тэргүүлдэг. Үүн дотроосоо түлэгдэлт өвчин тэргүүлж байна. Тиймээс түлэгдэлтэд юу нөлөөлөөд байгааг судалж үзлээ. Нэгдүгээрт, гэр доторх зан үйл нөлөөлж байна. Тухайлбал, ээж нь хүүхдээ хөхүүлж байхдаа хоолоо идэх, хоолоо хийж байхдаа хүүхдээ дэргэдээ байлгаж байна. Мөн
халуун тогоо буюу хятад тогоог гэр хорооллынхон ихээр хэрэглэж байгаа нь хүүхдийг түлэх бас нэгэн эрсдэл болж байна. Хятад тогоонд түлэгдсэн хүүхдүүдийн нас барах магадлал нь өндөр. Тус тогооны залгуур нь маш богино тул олон залгуурт ойртуулж газарт байршуулан хоол цайг хийдэг, тогооны таг нимгэн болохоор хоол, цай дэврэхэд түлэгдэх аюул өндөр байдаг. Ер нь цахилгаан хэрэгслийн тоо олон болох тусам хүүхдийн түлэгдэх эрсдэл нэмэгддэг. Одоо бүр эмнэлэг дээр очиход “Өө энэ хятад тогооны хүүхэд” гээднэртэй болчихсон байна. Бид үүндээ тултал дасан зохицож болохгүй биз дээ. Түүнчлэн сүүлийн үеийн зуухнуудад хүүхэд түлэгдэх эрсдэл өндөр байна. Хэдэн жилийн дараа гэхэд түлэгдэлтийн гол шалтгаан нь “Энэ зуух байна” гэхийг үгүйсгэхгүй.

-Түлэгдэлт өвчинд өртөж байгаа хүмүүсийн дийлэнх нь 0-5 насныхан байна гэсэн үү?

-Тийм ээ. Мөлхөж эхэлж буй 4-8 сартай хүүхдүүд, хөлд орж эхэлж буй 6-18 сартай хүүхэд, 12-оос доош насны хүүхдүүд илүү өртөж байна. 2011 онд хийгдсэн судалгаагаар түлэгдсэн нийт хүүхдүүдийн 75.3 хувь нь 7-24 сартай байсан. Түлэгдсэн хүүхдүүдийн 81.0 хувь нь нэг удаа, үлдсэн нь хоёр түүнээс дээш удаа түлэгдсэн байна. Монгол гэрт амьдарч байгаа өрхийн хоол хийх процесс нь гэрийнх нь багананы хойд хэсэгт явагддаг. Гэтэл хүүхдийн тоглох талбай нь тэнд байгаад байдаг. Ер нь гэр хороололд амьдарч байгаа хүүхдийн түлэгдэх магадлал өндөр байна.

-Хүүхдүүд ганцаараа байхдаа түлэгдсэн байх юм уу?

-Үгүй ээ. Дандаа насанд хүрсэн хүмүүстэй хамт байж байгаад түлэгдэж байна. Тэгээд нөгөө насанд хүрсэн хүмүүс чинь өөрийнхөө уламжлалт аргыг хэрэглэж, уламөвчнийг нь хүндрүүлээд байна.

-Тухайлбал, ямар арга хэрэглэж байна гэж?

-Барааны саван, нохойны үс, элсэн чихэр, уушгины улаан эм, гутлын тос, “Хоромхон” тос, өндөгний шар гэх мэт зүйлсийг хэрэглэж байна. Уг нь эрүүл мэндийн байгууллагаас эдгээрийг хэрэглэ гэж огт зөвлөж байгаагүй. Нян бактёр нь чихэрлэг болон давслаг орчинд үрждэг. Барааны саван түрхээд тэрүүхэн үедээ өвчин намдааж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх боловч цаашаагаа хувилж, химийн түлэгдэл үүсгэдэг. “Хоромхон” тосыг л гэхэд бага зэргийн түлэгдэлтэд хэрэглэдэг. Гэтэл айхавтар түлэгдэлтийн үед хэрэглэж байна. Элсэн чихэр гэхэд бактёр үүсгэх орчныг бий болгоно. Уушгины улаан эм хүнд үүсэх хордлогыг гүнзгийрүүлдэг. Өндөгний шар уураглаг орчин үүсгэж нян бактёр үүсгэнэ. Мөн түүхий мах тавихыг хориглодог. Энэ мэт хориглосон зүйлс нь түлэгдэлтийг улам хүндрүүлдэг. Хүүхэд түлэгдэхээс гадна маш их өвдөлтийг мэдэрч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. XXI зуунд өвдөлт гэдгийг мэдрэхгүй байх ёстой гэж үзэж байгаа шүү дээ. Тиймээс айлуудад өвдөлт намдаах эм заавал байх ёстой.

-Тэгэхээр хамгийн түрүүнд өвчин намдаах эм уулгах ёстой гэсэн үг үү?

-Өвдөлт намдаах эм өгөөд түлэгдсэн хэсгийг нь хүйтэн усанд дүрэх ёстой. Тэгээд шууд эмнэлэгт хандах хэрэгтэй. Анхны тусламж яаралтай үзүүлэхгүй бол түлэгдэлт нь улам л цаашаагаа нэмэгдээд байдаг юм.Гэтэл манайхан кинон дээр гардаг “Бумаагийн үе”-ээс л дор байна. 2012 онд нэг аймагт эгч ах нартайгаа байсан хүүхэд хятад тогоон дээр унаж түлэгдсэн байна. Гэтэл 80 хувь нь түлэгдсэн тэр хүүхдийг эмнэлэгт хүргэлгүйгээр гэрт нь ес хоног тарчлаасан байна. Гэтэл эцэг эх нь ямар ч эмнэлгийн тусламж үзүүлэхгүй хэрнээ лам авчирч ном уншуулсан гэж байгаа. Ес хоногийн дараа саахалт айлынх нь хүн хүүхэд уйлаад байхаар нь орж ирж харчихаад түргэн тусламж дуудсан байна. Гэтэл түргэний эмч ирээд үзэх гэтэл нөгөө хүүхэд нас барчихсан байсан гэсэн. Тэгэхээр ийм хариуцлагагүй эцэг эхчүүдийг яах ёстой вэ гэдгийг нь ч хөндөх асуудал болоод байгаа юм.

-Эмнэлгийн тусламж авсан бол тэр хүүхэд амьд үлдэх байсан байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Ямар ч түлэгдэл 90, 100 хувь биш бол амь насыг нь аврах боломжтой. Гадны орнуудад гэхэд 90 хувьтай түлэгдэлтэй очиход амь насыг нь авардаг гэсэн. Манай монголчууд “Түлэгдэл байж л байдаг шүү дээ” гэсэн хандлагатай байна. Бүр зарим нь галын бүрханд хүүхэд бүртгүүлж байгаа шүү дээ” гэж ярьж байх жишээтэй. Тиймээс эмнэлэгт хандалгүй дараад өнгөрсөн ч тохиолдол олон байгаа. Ер нь түлэгдсэн гурван хүүхдийн нэг нь л эмнэлэгт очдог юм байна. Тэгэхээр тэргүүлэх шалтгаан болоод байгаа энэ өвчний үзүүлэлт улам л дээшээ ахина гэсэн үг шүү дээ.

-Түлэгдэлтээс болоод нас барсан тохиолдол хэр олон байдаг бол?

-Манай улсын хувьд бол 60 хувиас дээш түлэгдэлттэй ирж байгаа хүмүүсийнх олонх нь нас барьж байгаа. Хавсарсан халдвартай ирж байгаа учраас тэр. Дээр хэлсэн түлэгдэлтийг сэдрээх зүйлсийг хэрэглэж, бохирдуулсан учраас амиа алдахад хүргэдэг байна.

-Энэ өвчний үед үзүүлэх тусламж, эмчилгээний чанар манай улсад ямар түвшинд байгаа бол?

-Тусламж, эмчилгээ бол сайжирч байгаа. Түлэгдэлтээс болоод хуруу нь алгандаа наалдаад татсан хүүхдийн гарыг буцааж тэнийлгэх хагалгааг хийдэг болсон. Мөн Солонгосоос мөнгөний хольцтой тос оруулж ирсэн байна билээ Тэр тосыг маш зузаан түрхээд гурван хоног боолтыг нь авахгүй байвал үр дүнтэй гэсэн. Мөнгө нь халдваргүйжүүлдэг юм.

-Энэ тосыг түрхвэл сорвигүй эдгэрэх боломжтой гэсэн үг үү?

-Тийм ээ. Ер нь сорви бол түлэгдэлтийн эцсийн үр нөлөө байдаг. Гэхдээ эмнэлэгт яаралтай хандаж, эмчилгээ хийлгэсэн тохиолдолд сорвигүй эдгэх боломж бий.

-Ер нь хүүхдээ түлэгдэлтээс сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг дээр сууж байгаа дарга нар биш, эцэг эхчүүд нь хамгаална гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Хөгжингүй оронд түлэгдэлт өвчин их байдаг юм байна. Тэд түлэгдэлтээс яаж сэргийлдэг вэ гэхээр нэгдүгээрт, амьдарч буй орчныг нь аюулгүй болгох, хоёрдугаарт, эцэг эхийг нь зан үйлээ өөрчлөх хэрэгтэйг зөвлөдөг юм байна. Тодруулбал, түлэгдэлтийн эрсдэл болж байгаа хятад тогоонд хоол цайг хийхдээ хүүхдийн гар хүрэхгүй газарт байршуулах хэрэгтэй. Тогоо, халуун тогоо, ус буцалгагч, халуун сав зэрэг халуун хоол, цайтай сав, суулгыг тавих тусгай тавиур байхгүйгээс шалан дээр байршуулж байна. Энэ нь бага насны хүүхдүүдэд шууд түлэгдэх аюултай орчинг гэрт нь бий болгож байна юм. Түүнчлэн бага насны хүүхдээ хооллохдоо гар хүрч болзошгүй газраас нь халуун хоол цайг холдуулах, хүүхдээ хөхүүлж байхдаа хоол цайгаа идэхгүй байх, хоол хийхдээ хүүхдээ өрхийн бусад гишүүдээр авахуулах эсвэл хөдөлгөөнийг нь хорих ор, тэрэг зэрэгт суулгах хэрэгтэй юм. Энэ мэтчилэн анхаарал болгоомжтой байхгүй бол хүүхэд түлэгдчихвэл тэр айлын амьдралын хэмнэл тэр чигээрэй өөрчлөгдөнө. Нэг жишээ ярья л даа, Түлэнхийн төв дээр очсон чинь нэг эмэгтэй “Би өөрөө хүүхдээ түлээгүй байж эмнэлэгт хүүхдээ хараад хамаг цагаа алдаад л, ажил хийж ч чадахгүй байна” гэж байна. Тэгэхээр нь хэн хүүхдийг чинь түлчихсэн юм гэсэн ”Манай хадам ээж л байхгүй юу” гэж байгаа юм. Тэгэхээр тэр хүний ажил хийж мөнгө олох хугацаа багассан, дэрээс нь хадам ээжтэйгээ харьцаа муудсан байна. Ингээд бодохоор хэдийгээр хүүхэд нь түлэгдсэн ч тухайн өрхийн хэвийн амьдрал алдагдаж байна. Тиймээс эцэг эхчүүдэд гэр, сургууль бол хүүхдийн хувьд хамгийн аюулгүй орчин байх ёстой гэдгийг сануулья.

Б.Аззаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ