Химийн хорт бодисын хогон овоо боссоор байна

Бидний эргэн тойронд аюултай хог хаягдлын том том овоо боссоор байна. Энэ төрлийн хог хаягдлын тооллогыг 2008 онд Улаанбаатар хот орчимд хийхэдзөвхөн жилд шатааж устгах шаардлагатай хог хаягдал 7,994 тн, дахин ашиглах хаягдал 1,354 тн, булж устгах хаягдал 998 тн, дахин боловсруулах хаягдал 455 тн буюу ганцхан жилд 10801 тн хог хаягдал үүсдэг нь тогтоогджээ. Энэ их хогон овоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа ч байгаль орчинд ээлтэй технологиор устгах байгууламж одоо хэр алга. Уг нь газрыг сонгосон боловч хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэхгүй байгаагаас нүдэн балай чихэн дүлий явж ирэв.

Гэтэл химийн бодис ашиглан алт олборлодог иргэд, аж ахуйн нэгжүүдэд таван жилийн өмнө шалгалт хийхэд 10 аймгийн нутаг дэвсгэрт 120 гаруй цэгт мөнгөн ус, цианидаар бохирдсон 200 мянга орчим тн хаягдал , шлам үүсч, 53 га талбай, олон арван худаг бохирдсон байсан. Тиймээс мөнгөн ус ашиглан хүдэр боловсруулж байсан 145 тээрмийн үйл ажиллагааг зогсоож, 35 кг мөнгөн ус, 1200 кг натрийн цианидыг хурааж устган, есөн аймгийн 37 сумын 230 цэгт хуримтлагдсан 197687 тн шламыг саармагжуулан булшилж, химийн бодисоор бохирдсон 128 мянга гаруй кв.метр талбайг цэвэрлэн орон нутагт нь хүлээлгэн өгчээ.

Ер нь улсын хэмжээнд химийн бодис , нефтийн бүтээгдэхүүнээр бохирдсон газрын судалгаа, тооллого огт хийгдээгүй бөгөөд Чех улсын Хөгжлийн агентлагтай хамтран нефтийн бүтээгдэхүүнээр бохирдсон газрын судалгаа хийж, түүнийг цэвэрлэх аргачлал боловсруулах жишиг төсөл хэрэгжүүлэх, НҮБ-ын Аж үйлдвэрийн газартай “Мөнгөн усны зохистой менежментийг бий болгох төсөл”-ийн хүрээнд Бороо голын бохирдлыг цэвэрлэхээр зэхэж байна хэмээн Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга өгүүлэв. Харин ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгээс полихлорт бифенилээр бохирдсон газрын судалгаа хийж эхэлжээ.

2001-2011 оны хооронд Хордлогын яаралтай үндэсний төвд нийт 5054 хүн хэвтэж эмчлүүлсний 2776 (54,9 хувь) нь эмийн бодисын, 1586 (31,4 хувь) нь химийн бодисын, 390 (7,7 хувь) нь архины, 327 нь бусад тохиолдлын шалтгаантай байсан бөгөөд үүний улмаас 134 хүн нас барж, мэргэжлээс шалтгаалж өвчилсөн хүний тоо 7000-д хүрсэн байна. ЭМЯ-ны судалгаагаар химийн бодисын хордлогын дотроос хамгийн түгээмэл тохиолдож буй нь хүнсний зориулалтаар худалдаалж буй 50-80 хувийн цууны хүчлийг санамсаргүй болон амиа хорлох сэдэлтэйгээр жилд 50-60 хүн ууж хордон, 3-9 нь нас барсан болохыг тогтоожээ. 2010 онд хамгийн олон буюу 75 тохиолдол бүртгэгдсэнээс 11 нь амиа алджээ. Иймээс энэ оноос эхлэн БОНХ-ийн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар Монгол Улсад ашиглахыг хориглосон бодисын жагсаалтад 25 хувиас дээш концентрацитай цууны хүчлийг оруулж, түүнээс дээш концентрацитай 500 мл хүртэл хэмжээгээр жижиглэн савласан цууны хүчлийг хүнсний зориулалтаар ашиглахыг хориглосон байна. Мөн Засгийн газрын тогтоолоор хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд онцгой хортой 31 бодисын ашиглалтыг хязгаарлаж, 126 бодисыг бүрмөсөн хориглов.

Сүүлийн жилүүдэд химийн бодисын хэрэглээ өсөн нэмэгдэж, 2007 онд 134 аж ахуйн нэгж 400 гаруй нэр төрлийн химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах, худалдах, үйлдвэрлэх зөвшөөрөл авч байсан бол 2012 онд давхардсан тоогоор 281 аж ахуйн нэгж 724 нэр төрлийн химийн бодисын зөвшөөрөл авчээ. Замын-Үүдийн боомт дээр хураагдсан энэ төрлийн бодис замбараагаа алдаж, гаалийн байгууллагынхан устгах нь байтугай хадгалах ухаанаа олохгүй болов. Ус, ундаа, сүү, мах, талх үйлдвэрлэхэд ч химийн хорт бодис хэрэглэсээр байгаа нь нүдэнд үл үзэгдэх аюул айл болгоны хаалга тогшсоор явна.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ