Ж.Батзандан: Үнэхээр гутарлаа

Төрийн өндөр албан тушаалтан нь оффшор бүсэд данстай байхыг хориглох зэрэг хэд, хэдэн шалгуур тавьсан заалттай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан санаачлан УИХ-д мэдүүлснийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноор хуралдаанаар өчигдөр хэлэлцсэн ч дэмжлэг авч чадалгүй унасан. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодрууллаа.
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцсэн ч уналаа. Оффшор данстай байхыг хориглоно гэх заалт төслийг унагаах гол шалтгаан болчихов уу гэж бодогдсон. Та хувьдаа ямар байр суурьтай байна вэ?

-Оффшор гэж татвараас нуугддаг бүс. Тийм болохоор оффшорт төрийн өндөр албан тушаалтнуудыг мөнгө байршуулах, хадгалахыг хориглох заалтыг төсөлд тусгасан байсан. Харамсалтай нь дэмжсэнгүй. Тэгэхээр төрийн өндөр албан тушаалтнууд маань оффшор бүсдээ мөнгөө хадгалаад, төсвөөс, төрөөс хулгайлснаа гадаадад байршуулаад явахаар болж байх шиг байна. Мөнгөө байршуулаад сайн сайхан яваарай гэж ерөөе дөө.

-Эл төсөлд тусгаснаар гадаад эхнэр, нөхөртэй төрийн өндөр албан тушаалтанг томилоходшалгуур тавьж байх шиг. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа албан тушаалтнуудаас хэд нь энэ шалгуурыг хангаж чадахаахгүй байгаа вэ?

-Төрийн албаны зөвлөлөөс тодорхой тоог асуух хэрэгтэй байх. Цөөнгүй байгаа. Ер нь, төрийн өндөр албан тушаалд гадаад эхнэр, нөхөртэй хүмүүсийг томилох нь ёс зүйгүй хэрэг гэж би ойлгодог. Америк, Канад, Англид ч тэр гадаад эхнэр, нөхөртэй хүнийг төрийн албан тушаалд томилохдоо заавал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвшөөрөл авч байж оруулдаг. Ийм л байгаа. Гэтэл Монголд ардчилал гэдэг нэртэй эрх чөлөө гэдэг нэртэй дур зоргоороо ярьдаг, дур зоргоороо авирладаг төртэй болсон. Ардчилал бол дур зоргоороо авирлахын нэр биш, ардчилал нь хэмжээ хязгаар, ёс суртахуунтай байхыг хэлдэг юм.

-Төрийн алба хашиж байгаа гадаад эхнэр, нөхөртэй хүмүүсийн хувьд ашиг сонирхлын зөрчил хэр байдаг бол?

-Монголд 1990-ээд оны эхэн хүртэл Орос эхнэрүүдийн үе гэж байсан. Гадаад эхнэр, нөхөртэй хүмүүс Монголын төрийг удирддаг байсан. Гадаад улс орны нөлөөгөөр Монголын төр ажилладаг байсан. Гадаадын колони шахуу болчихсон үе саяхныг хүртэл байлаа шүү дээ. Одоо харин орос эхнэрүүдийн үе биш хятад нөхөр, эхнэрүүд, америк нөхрүүдийн үе ирж байх шиг байна. Үүнээс болгоомжлох үүднээс гадаад эхнэр, нөхөртэй тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгддэг байх төсөл өргөн барьсан. Харамсалтай нь дэмжсэнгүй. Гадаад эхнэр, нөхөртэйгөө Монголын төр явахаар болж байх шиг байна.

-Энэ төслийг дэмжиж байгаа гишүүн байна уу?

-Олон гишүүн дэмжиж байгаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн тал нь дэмжсэн, мөн тал нь дэмжээгүйгээс төсөл маань унасан. Монголын төрд эх орноо гэсэн бодолтой гишүүд цөөнгүй байгаад би баярлалаа. Эх орноо оффшорт хийчихье гэсэн бодолтой хүмүүс цөөнгүй байгааг хараад бас гутарлаа.

-Төрийн өндөр албан тушаалтан гэдэгт ямар алба хашиж байгаа албан тушаалтнуудыг хамруулах вэ?

-Төрийн, улс төрийн удирдах албан тушаалтан, төрийн тусгай албаны удирдах албан тушаалтан, төрийн захиргааныудирдах албан тушаалтнуудыг хамруулж байгаа. Нэг их олон хүн биш. Яг хэдэн хүн хамрагдахыг Төрийн албаны зөвлөл нарийвчлан хэлж өгөх боломжтой.

Г.ДАРЬ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ