Д.Цогтбаатар: Дарга гэдэг хүнийг үзэн ядаж өссөн


Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн ерөнхийлөгч, МУСГЗ, сэтгүүлч Б.Галаарид шинэхэн ток шоугаа эхлүүлээд удаагүй байгаа. Түүний нэвтрүүлгийн нэр нь “Галааридын цаг” бөгөөд мэдээ, мэдээллийн "Молор" телевиз болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үзэгч уншигч, танд хүрнэ.
{!!!left!!!}Нэвтрүүлгийн зочноор өмнө нь Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном нар оролцсон бол энэ удаад ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар уригджээ. Түүнтэй хийсэн ярилцлагыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр толилуулж байна.
-Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарыг мэдэх ч хүн, мэдэхгүй ч хүн байгаа. Бага залуу наснаасаа өдий зэрэгтэй өндөрлөгт хүрэхэд ямар зам туулсан бэ гэдгийг судалж үзээд, сонирхолтой хүн гэсэн үүднээс ярилцлагынхаа зочноор урилаа. Огт өөр өнцгөөс тантай ярилцъя гэж бодлоо. Польшийн нэг номонд таны тухай гарчээ. Гол баатар нь өөрөө байх юм. Яагаад батаарын эрэлчин болчихов оо?
-Хүүхэд нас маань 40 мянгатад өнгөрч байлаа. Тухайн үед орос хоёрдугаар сургууль төмөр замд байсан. Тэнд дөнгөж сургуульд ороод байсан үе. 1964 онд аав маань Намын тТөв хороонд ажиллаж байлаа. Тэр үед Лоохууз, Нямбуу, Сурмаажавын гэх хэрэг мандаж, радиогоор тэдний хэргийг бут цохилоо хэмээн зарлаж байлаа.
Тэр үеэс л миний амьдрал орвонгоороо эргэсэн. Өмнөговь аймгийн Гурвантэсийн давсны артельд аавыг маань нормчингоор явуулснаас өнөөгийн бидний яриад байгаа динозаврын ясны түүхтэй холбоотой болсон юм. Дөнгөж тэнд очиж байхад Польшийн палеонтологичид оччихсон байсан.
Хөдөөний хүүхдүүд тэднийг их сонирхоноо. Тухайн үед надад их завшаан тохиолдож польш эрдэмтэд тэр олон сониучирхсан хүүхдүүдээс намайг сонгож, Өмнөговь аймгийн Нэмэхтийн хөндийд үлэг гүрвэлийн яс хайхаар очсон багийнхны эрэлд оролцуулсан.
Тэр үед долоон настай байжээ. Динозаврын олдвороо ч олсон. Тэгээд аваад явсан байх. Энэ тухай “Динозаврын эрэлчин” гэдэг ном Польшид хэвлэгдсэн байдаг.
-Хүүхэд байхдаа улс төрийн нарийн ньюансуудыг мэдэхгүй байсан байх. Гэхдээ өөрийн чинь амьдралд гарсан энэ үйл явц тэр үед өөрт чинь хэр санагдаж байв?
-Орчин солигдсон. 40 мянгатын хүүхэд маслотай талх иддэг, дулаан байранд байдаг. Өвөлд найзуудтайгаа лааз хавтгайлж байгаад хоккей тоглодог, зунд нь сагс, хөлбөмбөг тоглодог байлаа. Гэтэл нэг л өдөр Зис-5 гэдэг ачааны машин дээр бүх эд хогшлоо ачаад, хятад харгалзагчтай хамт Өмнөговь аймаг руу явсан даа.
Тэр үед бага дүү маань өлгийтэй байсан. Тэнд очоод тоглоом нь ч өөр байгаа юм. Тэнд лапта, кагар гэдэг тоглоом сурч байлаа. Гэхдээ дарга гэдэг хүн л манай аавыг энд авчирсан, манайхыг энд нүүж ирэхэд энэ дарга нар нөлөөлж байгаа гэдгийг мэдэрч, дарга гэдэг хүнийг үзэн ядаж өссөн.
-Гэхдээ танай аав бас дарга байсан биш үү?
-Дарга байсан. 40 мянгатад даргын хүүхэд байхдаа машинаар зөөлгөж байсан хүн эгэл ард түмэн яаж амьдардаг тэр орчныг мэдэрч эхэлсэн. Нэг талаасаа энэ нь амьдралын том сургамж болсон.
Хоёрдугаарт дарга нар биднийг ийм байдалд хүргэсэн болохоор дарга нарт дургүй байлаа. Ангийн дарга болгоно гэхэд ч үгүй гэж байсан.
Багш яагаад гэж асуухад “Ер нь дарга гэж хүн хүнийг зовоодог учраас хэзээ ч дарга хийхгүй” гэж хэлж байсан ч насан туршдаа дарга хийжээ.
-Тэр үеийн "Пионерийн үнэн" сонинд хамгийн бага нь хамгийн ажилсаг гэсэн агуулгатай мэдээлэл гараад өөрийг чинь цалинтай, орлоготой сурагч байсан тухай бичиж байсан юм билээ?
-Би орос сургуулийн нэгдүгээр ангид сурч байгаад шууд Өмнөговьд очсон хойноо ээжээрээ хичээл заалгаад шууд хоёрдугаар ангид орсон. Тэгээд хоёр, гурав, дөрөвдүгээр ангиа Гурвантэсийн бага сургууль, Баяндалай сумын дунд сургуульд суралцсан юм.
Аав маань амьдрал хэцүү байна, нутаг оронд маань явуулаач ээ гэсэн утгатай захидлыг тухайн үеийн Улс төрийн товчоо, Төв хороонд байнга бичдэг байлаа. Аав уг нь Дорнод аймгийн Булган сумын харьяат хүн.Гэтэл зөвшөөрдөггүй байв. Манай нагац ах Гунгаажав гэж хүн бас энэ хэрэгт холбогдоод Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд загасчнаар цөлөгдсөн. Тухайн үед сахарын өвчтэй бие нь тааруухан хүн байсан юм.
Тэгээд тэнд жил гаран амьдраад нас барсан. Улаанбаатарт эмчлүүлнэ гэсэн хүсэлт тавьсан ч зөвшөөрөөгүй. Их том биетэй хүнийг Хөвсгөлөөс онгоцонд суулгаад Улаанбаатар руу нисгэх гэтэл Төв хорооноос ярьж байна, наад хүнээ буулга гэж ярьсан гэдэг. Манай аав ээжийг ч оршуулгад нь оролцуулаагүй.
Нагац ах маань улс төрийн өндөр боловсролтой, Монголросцветмет нэгдлийн анхны дарга, Дорнод аймгийн даргын ажлыг хоёр ч удаа хийж байсан, Хэнтий, Баянхонгор аймгийн дарга хүн байлаа. Өөрөө их ширүүн, хатуу сэтгэлтэй хүн байсан болохоор “Би эмчилгээ хийлгэхгүй. нас барах цаг нь болбол нас барна биз. Өвөөг маань хар далайн эрэгт цаазалсан байдаг. Намайг Хөвсгөл далайн эрэгт цаазлах хувь тавилантай байж дээ” гэж хэлээд нас барсан байдаг юм.
Тэгээд нэлээд бичиг цаас явуулсны эцэст ээж, дүү, бид Дорнодод очиж нэг жил амьдарсан юм. Гэр бүлийнхнийг нь зөвшөөрдөг юм билээ. Аавыг маань зөвшөөрөөгүй. Тэгээд тэнд хоёрдугаар найман жилийн тавдугаар ангид элсэн орж суралцсан.
Тэнд жил амьдарч байтал аавыг маань зөвшөөрөөд Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд амьдарч болно гэсэн шийдвэр гарсан. Тэгээд бид аавтайгаа хамт амьдрах аз завшаан тохиож, Дорнодоос шилжиж очоод зургадугаар ангид орсон. Тэр үед би хадланд гарч хэдэн төгрөг олж, гэрийнхэндээ нэмэр болъё гэж нэлээд сайн ажилласан юм. Тэгэхэд л “Пионерийн үнэн” сонины сурвалжлагч надаас ярилцлага авч байж.
-Хэдэн төгрөгийн цалин авч байв?
-Тусгай гэрт байрладаг байсан болохоор хоол ундны мөнгө төгрөгөө хасаад нэг төгрөг 80 мөнгөний цалин авч байсан. Ээж маань “Миний хүү ямар ч байсан улсад хөдөлмөрөө үнэлүүллээ. Чамд энэ их мөнгө. Ээж нь чиний ирээдүйг гэрэл гэгээтэйгээр харж байна. Миний хүү хоёр чийдэн ав” гэж зөвлөж байлаа. Би ч шууд дэлгүүрээс хоёр чийдэн авсан. Тэр цагаас хойш тэр хоёр чийдэн бидний амьдралын гэрэл гэгээ болж чадсан. Надад их нөлөөлсөн.
-Дарга байсан аавыгаа давсны нормчноор ажиллаж байсан тэр дүр зургийг өөрийн нүдээр харж байсан уу?
-Харж байсан. Манай аав зарчимч, юманд тууштай хүн. Тэнд давс шуудайлах уралдаан зарлачихна. Төвлөвлөгөө нормоо биелүүлбэл их цалин авна шүү дээ. Тухайн үед би аавдаа тусалдаг л байлаа. Манай гэрийнхэн ярилцаад бүгдээрээ хамтарч ажиллаж байж л илүү цалин авах юм байна гэж ярьж байв. Миний хийх ажил бол шуудай оёх. Матгар тэвнээр шуудайгаа хатгаад л татчихна. Аавын маань санаачлагаар тэр нуурын дундуур нь зам тавьсан. Тэнд мотоциклийн мотор залгаад, чирдэг тэлээ шиг юм хийгээд, тэрүүгээрээ давсаа зөөдөг болсон. Гэвч энэ санаачлагыг нь дэмжээгүй. Эсэргүү хүн юм санаачлах эрх байхгүй гээд үйл ажиллагааг нь зогсоосон. Тэр үед Ю.Цэдэнбал дарга ажил шалгах гэж ирэхдээ их сөөнгө хоолойгоор “Сайн байна уу Дашнамжил гуай. Бие сайна уу, ажил сайна уу” гэж хэлж байсан. Харин аав маань олон түмэнтэйгээ ажиллахад сайхан байна л гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Яагаад тэр үеийн удирдлага, томчууд давсчин, загасчин гэх мэт ажлыг дорд үзэж, эгэл ажилчин хүмүүс хийх ёстой гэж боддог байсан, бас буруутсан хүмүүсийг яагаад заавал тийм ажил хийлгэхээр цөлж байсан нь одоо ч хүртэл надад сонин санагддаг.
-30-аад оны үед эсэргүүний хүүхдүүдийг олны өмнө гаргаад нулимаад, хөөгөөд явуулдаг түүх байсан гэсэн. Танд тийм зүйл тохиолдож байв уу?
-Цэрэгт оны ялгаа байдаг шиг сургуулийн дотуур байранд бас оны ялгаа байдаг байлаа. Тэндхийн сумын хүүхдүүд нь 1, 2-р баг гэж явна. Харин артелийн хүүхдүүд артелийнхан гэж нэрлэгдэнэ. Тэгээд багийн хүүхдүүд нь артелийн хүүхдүүдээ дээрэлхэж, зоддог байсан юм. Би хотын хүүхэд байсан болохоор их эмзэглэж, артелийн хүүхдүүдээ өмөөрч зодолдоно. Тэгэнгүүт намайг нэг нөхөр айлгах гэж байгаад хутгалчихсан. Би аав ээж, сургуулийнхандаа ч хэлэхгүй нууж байсныг нэг талхчин өвөө мэдээд аав ээж, сургуулийнханд хэлчихсэн байж билээ.
-Таны үндсэн мэргэжил юу билээ?
-Би инженер хүн. Оросод сургууль төгссөн. Аравдугаар ангиа Сүхбаатар аймагт төгсөөд гадаадын хуваарь аваад, эргэж ирээд Эрдэнэтийн боловсон хүчин болно гэсэн захиалгатайгаар явсан. Эргэж ирэнгүүт Геологийн яамнаас Монголросцветмет нэгдэлд хуваарилсан. Харин би хөдөө явъя гэж санал тавиад, УИХ-ын гишүүн асан Ш.Отгонбилэг гэж хүнд өргөдлөө өгөхөд намайг эх оронч сайн залуу байна гээд Эрдэнэт руу хуваарилж билээ. Тэнд засварчнаар ажлаа эхлээд байж байтал зарлан дуудах ирээд цэрэгт явах боллоо. Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа хүнийг цэрэгт явуулдаггүй байсан юм.
Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн орлогч дарга Эрдэнэжав гэдэг хүн намайг цэргийн хэлтсийн хүн дээр авчраад “Энэ хүнийг чөлөөл. Яагаад гэвэл Сайд нарын зөвлөлийн тогтоолтой.” гээд чөлөөлүүлсэн ч хяналтын тоо гүйцэхгүй байна гээд дахиад татсан. Энэ нь цаанаа бодолтой байсан юм билээ. Эрдэнэт үйлдвэрийн цехийн орлогч дарга байсан Борхүү намайг цэрэгт явуулах сонирхолтой байж. Тэгээд би ч шарандаа явсан даа. Армид цэргийн алба хаана гэдэг хүнд их олон зүйл сургадаг юм билээ. Ялангуяа удирдах, зохион байгуулах, гүйцэтгэлийн хяналтыг шалгаж байхыг надад сургасан.
-Та төрийн өмчийг хамгаалах үүргээ хэр сайн биелүүлж байна. Ямар нэгэн дарамт шахалт байна уу?
-Маш хариуцлагатай ажил. Нэг юманд их харамсдаг. Энэ олон жилийн хугацаанд төрийн өмчийг яагаад үнэгүйдүүлж байсан юм бол. Одоо хүртэл яагаад үнэгүйдэж явсаар байгааг гайхдаг. Төрийн өмчөөр тоглож, баяжиж болдог гэсэн сэтгэлгээ Монголын нийгэмд бий болчихож. Төрийн өмчөөр баяждаг тогтолцоо нь хүмүүсийг ийм сэтгэхүйтэй болгочихож. Төрийн өмчөө ашиглаад хувийн компаниуд нь ч янз бүрийн тендерт оролцдог. Тендэр ний нуугүй хэлэхэд булхайтай байна. Үүнийг зогсоохын тулд тогтолцоогоо л өөрчлөх хэрэгтэй. Солонгосчууд тендерээ 15 минутад л шалгаруулчихаж байна. Компьютер дээр компаниудынхаа мэдээллийг оруулаад л шалгаруулчихна. Тэнд чанаргүй, буруу сонгоно гэсэн ойлголт байхгүй.
-Тендер дагаад хамгийн хямд, чанаргүй үйлчилгээг санал болгодог, бүр илүү зардал гаргадаг энэ хариуцлагагүй байдлыг хэрхэн засах вэ?
-Тендер үнэхээр хариуцлагагүй явагдаж байна. Үүний ард янз бүрийн улстөрчид, дарга нар, компани байна. Тэрнээс биш аж ахуй эрхлэгчдээ дэмжсэн тендерт ямар ч булхай гарах ёсгүй. Саалийн үнээ гэгдэх Эрдэнэтийн үйлдвэр дээр бараа материалыг өмнө нь 5-10 дахин үнэлж авч байсан. Одоо үүнийг нь зогсоож байна. Зүгээр л ширээний ард сууж байгаад баяжиж байгаа хэсэг бүлэг хүмүүс байна.
-Төрийн өмчийн газруудад зах зээлийн үнийн судалгаа байдаггүй юм уу, шахаж байгаа барааг наадах чинь Хятад, Оросоос авахад ийм үнэтэй байдаг юм гэж хэлж болдоггүй юм байх даа. Энэ байдал одоо өөрчлөгдөж байгаа юу?
-Өөрчлөгдөж байгаа. Урьдчилаад мөнгө өгдөг тогтолцоог нь байхгүй болгочихсон. Эрдэнэт үйлдвэрт үнийн комисс гарсан. Үнэлгээ хийдэг. Өөрөөр хэлбэл, жинхэнэ шударга бизнес хийдэг нөхдүүдээ дэмжээд зах зээлийн үнийг тогтоож өгдөг. Тухайлбал, Эрдэнэтийн ган бөмбөлөг гэж цуутай наймаа байгаа шүү дээ. Тэр ган бөмбөлгийг Хятад, Орос, Монголоос Дарханы төмөрлөгийн үйлдвэр нийлүүлж байна. Гэтэл Дарханы төмөрлөгийн үйлдвэр нийлүүлээд байхад яагаад Оросоос авах гээд байгаа юм. Яагаад Хятадаас нийлүүлж байгаа юм. Ерөөсөө л сонирхол байгаа байхгүй юу. Нэг удаа нийлүүлэхэд л 900 сая төгрөгийн ашиг олж байгаа.
-Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь нийлүүлэлтээ хангаж чадахгүй байгаа юм биш үү?
-Дийлнэ. Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга нарыг хооронд нь уулзуулаад “Та нар шууд гэрээ хий, Монгол Улсын үндэсний эрх ашгаа бодоод гэрээ хий” гэхэд тэд хийж байна. Тэгэнгүүт 20 мянган тонныг Дарханы үйлдвэр жилдээ үйлдвэрлэж чадна гэж байгаа юм. Өвлийн цагт ачаалал нь багасах үедээ хийчихвэл Эрдэнэт үйлдвэр жилдээ 4 сая ам доллар хэмнэнэ. Энэ мөнгөөр юу ч хийж болно. Энэ их мөнгийг урд нь жил бүр авдаг хүмүүс нь авч байж. Хэрвээ Эрдэнэт үйлдвэртээ үлдээд байсан бол техник технологийн шинэчлэл, улам үр дүнтэй ажиллахад нь нэмэр болох байсан. Гэтэл хэн нэгэн нь хулгайлчихаж байгаа юм. Зүгээр ард түмэнтэйгээ адилхан амьдарч байсан нөхдүүд гэнэт хаустай болчихож байна.
-Эрдэнэт, Дархан хоёр маш ойрхон. Тэгээд хоорондоо гэрээ хийчихгүй ийм олон жил болсон гэхэд гайхаад байна?
-Харин тийм. Хорин жилийн хугацаанд 80 сая ам доллар мөнгө завшигчийн гараар орсон байна. Энэ их мөнгөөр хэчнээн сургууль барьж, хүүхдүүдийн мэдээлэл мэдлэгт нь яаж нэмэр болох байсан бол. Ер нь манай монголчууд IQ өндөртэй улс шүү дээ.
-Төрийн өмчийн хороо тэгвэл их зөв бодлогууд хэрэгжүүлж байгаа юм байна. Бүх төрийн мэдлийн газрууд таны хүссэн хэмжээнд бодлого хэрэгжүүлж чадаж байна уу?
-Ер нь хүмүүс шинэчлэлд хойрго ханддаг юм байна. Гэхдээ шантрах хэрэг байхгүй. Анх Төрийн өмчийн хороог даргалаад алдагдалтай ажиллаж байгаа үйлдвэрүүдээ нээлттэй зарласан. Алдагдалтай ажиллаж байсан үйлдвэр 37 байсан. 13 компани тэрбумаас дээш төгрөгийн алдагдалтай, 100 саяас нэг тэрбумын алдагдалтай 12-13, 3-100 саяын алдагдалтай арван компани байна. Нийтдээ жилд 50 тэрбум төгрөг алдаж байна. Нээлттэй зарлаж байгаа нь ард түмний хяналтыг дээшлүүлж байгаа хэрэг. Надад олон хүн хандсан. Малын эмч Сэр-Од гэж нэг өвгөн “Цөм сүргийн аж ахуй алдагдалтай ажиллана гэж байхгүй. Сор болсон малын үйлдвэр шүү дээ. Бид Монголынхоо ахуйн философи талаасаа асуудлыг бодох ёстой. Яагаад гэвэл Говьгурван сайхан гэдэг ямааг 45 градусын өргөрөг дээр биш 44-р өргөрөг дээр аваачвал илүү бойжно шүү” гэсэн сонин үндэслэл хэлж байсан. Бас их, дээд сургуулиудын багш нар “Яагаад энэ үйлдвэрүүд алдагдалтай ажиллаад байна. Бид судалгааг нь гаргая л даа. Хамтарч ажиллая” гэсэн. Ийм сайхан сэтгэлтэй хүмүүс байна. Хамтран ажиллаж ч байгаа. Одоо удахгүй судалгааны дүн нь гарах байх. Ер нь алдагдалтай ажиллаж байгаагийн шалтгаан нь хариуцлага алдалт юм байна. Ялангуяа төрийг удирдаж байгаа дээд шатны хүмүүстээ хариуцлагын тогтолцоог мөрдүүлж эхлэхгүй бол дороо эр бяр гаргаад байх хэрэггүй. Улс төрийн соёлтой технологи бидэнд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Цогтбаатар гэдэг хүн Төрийн өмчийн хороог удирдаж чадахгүй бол жилийн дараа огцор гэх жишээний.
-УИХ, Засгийн газарт ч янз бүрийн ашиг сонирхол бий. Төрийн өмчийн байгууллагуудаар дамжуулж мөнгө иддэг нөхдүүд ч бий. Эдний зүгээс танд дарамт ирж байна уу?
-Одоохондоо яг илэрхий юм харагдаагүй байна. Цаашид юу болохыг мэдэхгүй. Ер нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулна. Алдагдалгүй ажиллах ямар боломж байна тэр хүртэл нь явна. 1996 оноос эхлээд өмч хувьчлал явагдсан. 1999 он гэхэд 926 хуулийн этгээдийг хувьчилсан байдаг юм. Хамгийн сүүлийн вариантаар үзэхэд 176 тэрбум төгрөг улсын төсөвт оруулчихаад байна. Тэгэхээр үнэгүйдүүлж хувьчилсан нь ч байна, шударгаар хувьчилсан зүйл ч байна. Гол нь тэр үед Монголын хөрөнгөтнүүд бий болоогүй, зах зээл нь шинэхэн байсан учраас дандаа дампууруулж унагаж байгаад авчихдаг байсан. Тэр компанийн ирээдүйг бодохгүйгээр. Одоо энэ тогтолцоог өөрчилье.
-Дуудлага худалдаагаар өгчихвөл яадаг юм?
-Дандаа мөнгөтэй холбогдчихоод байгаа юм. Дандаа дуудлага худалдаагаар зардаг арга хуучраад байна. Одоо концепцоо өөрчилмөөр байна. Зарим нэг хэсгийг нь дуудлагаар зараад, ихэнхийг нь хувьцаа хэлбэрээр хувьчилъя. Хөрөнгийн биржийн ажил болгоё. Гадаад дотоодын хөрөнгө оруулалт татъя. Дуудлага хуралдаагаар худалдчихаар тухайн үед улсын төсөвт мөнгө орох ч ирээдүйд улсын төсөвт ямар ч нэмэр үзүүлэхгүй. Тиймээс ирээдүйгээ харах хэрэгтэй. Тухайн компанийг бага багаар нь хувьчилсаар төр өөрөө хяналтын л багц хувьтай үлдэх хэрэгтэй. Гол нь энэ компаниа өөд татах гээд байна л даа. Гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар тэр компанийн эдийн засаг найдвартай болоод, өрсөлдөх чадвартай болоод гадагшаа гаргах чадвартай болно. Бид ийм компани олон бий болгох тусам улсын төсөвт орох ногдол ашиг, татвараар оруулах мөнгө нь улам л нэмэгдэнэ.
-Гэхдээ таны алба төр солигдоход өөрчлөгдөх боломжтой алба шүү дээ. Таны энэ бодол санааны залгамж хадгалагдах болов уу?
-Хувьцаагаар хувьчилдаг тогтолцоог бий болгочихвол хэн ч энэ албан тушаалд ирсэн тэрийгээ л хийгээд явна.
-Төр өөрт нь данхайсан байшин сав их байна. Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр лүү” хэлэцүүлгийн үеэр төр ер нь ийм өмч эзэмших шаардлагагүй гэсэн санаа хэлсэн. Үүнийг дэмжиж байна уу?
-Дэмжиж байгаа. Бидэнд юмыг сэтгэж боддог, бүтээгдэхүүн гаргадаг, үйлдвэрлэдэг л төр хэрэгтэй. Түүнээс биш хүнд суртал гаргаад, лиценз тусгай зөвшөөрлөөр хориг хийдэг төр байх ёсгүй. Ямар ч үед ганц хоёр цагийн дотор зорьсон ажил хэрэг нь бүтдэг байх ийм л төр хэрэгтэй шүү дээ.
-Яам, тамгын газруудыг түрээсийн байранд байлгах нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй байж чадах уу?
-Чадна. Судалгаагаа хийж байгаа. Яам өөрөө бодлогын л яам байна.Хажуудаа аж ахуй удирдаад явж болохгүй. Одоо бол хажуудаа хөгжлийн төв гэх мэт газартай. тэрүүгээрээ бизнес хийж байх жишээтэй. Төрийн ажил үйлчилгээ өөр өөрсдийн чиглэлээр явахгүй бол хэн хэндээ гай болдог гэдэг нь харагддаг. Товчхон хэлбэл, төрийн өмчийг түмний өмч болгоё гэсэн концепц боловсруулмаар байна. Хувийнхийг ч гэсэн нийтийнх болгож болно шүү дээ.
-Хувийнхийг нийтийн болгоно гэхээр хувийн өмчийг хураах гэж байна гэж эсэргүүцэх байх?
-Тогтолцоогоо зөв шийдчих юм бол зөвөөр ойлгоно. Сайн дурын үндсэн дээр ийм ажил зохион байгуулж болно. Тэрнээс биш хүний хувийн өмчийг хүчээр нийтийнх болгоно гэж байх ёсгүй. Үнэхээр нийтийн өмч ашигтай байна гэж үзвэл тэр руу явж болно. Монголын эдийн засагт хамгийн их хувь нэмэр оруулж байгаа байгууллагууд бол хувийн хэвшлийнхэн. Одоогоор 80-аад хувийг эзэлж байна.
-Танай өмчид хичнээн байгууллага байна вэ?
-Төрийн өмчид 94 байгууллага байна. Явцдаа өөрчлөгдөнө, хувьчлагдана. Өнөөдөр төрийн өмчит компанийг үнэ цэнэтэй болгож л хувьчлах хэрэгтэй.
-Энэ байгуулллагууд таны бодлого шийдвэрийг ягштал баримталж чадаж байгаа юу?
-Янз бүрээр л хүлээж авна. Ихэнх нь зөв зүйтэй гэдгийг ойлгож байна.Хуучинсаг юмаа хүсдэг улсууд ч бий. Тиймээс аль болох дотоод нөөц бололцоогоо ашиглаач л гэж байгаа юм. Ашиглахгүйгээс болоод л өнөөдөр доголдол гараад байна.
-Олон нийт бүгдийг харж байхад хяналт тавих амар гэдэг байр суурийг хэр дэмжиж байгаа вэ?
-Маш их дэмжиж байгаа. Компанийн засаглал бол өөрөө хамгийн түрүүнд ил тод байх хэрэгтэй. Ингэж байж үйл ажилллагаа нь хэвийн явагдана. Төрийн өмчийн хорооны сайтаар орж хараарай. Одоогоор миний гаргасан 260-аад тушаалыг тэнд байрлуулсан. Юуг нь алдаж, юунд нь оносныг харахад нээлттэй. Тэндээс компаниудын санхүүгийн байдлыг, хорооны тушаал, нийтээр дагаж мөрдөх журмуудыг харж болно. Санхүүгийн байдлаа сайтад хийгээгүй компани байхыг үгүйсгэхгүй. Одоо шаардаад эхэлчихсэн. Саяхан Ерөнхий сайдын 149-р захирамжаар ил тод нээлттэй байхыг хэрэгжүүлэх зарчим явж байгаа. Тухайн компанийн талаарх бүх мэдээллийг 33 үзүүлэлтэд багтаахаар ажиллаж байна. Цаашид бүх компани энэ үзүүлэлтээр мэдээлэл тавих болно. Солонгосын туршлага судалж байж гаргасан.
-Та хөндлөнгийн шинжээч гэж өөрийгөө бодоод Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарын ажилд дүн тавь гэвэл хэдэн оноо тавих вэ?
-Би өөртөө итгэлтэй байна. Цаашид хийх зүйл үлдлээ гэж бодоход 4 гэсэн дүн тавина. Би өөрөө энэ шинэчлэлийг эхлүүлсэн, хийх ёстой. Хийж чадахгүй бол огцрох ёстой. Бидэнд тийм соёл хэрэгтэй. Өнөөдөр нэг онгоц уналаа, ямар нэг аваар гарлаа гэхэд тэр салбарын сайд нь огцордог байх хэрэгтэй. Энэ соёлыг бид үзүүлэх ёстой.
-Ээжийнхээ тухай яриач, энэ хэлмэгдлээс болж яаж хохирч явав?
-Ээжийгээ ярихад их хүнд байдаг. Манай ээж дөрөвдүгээр ангийн боловсролтой. Дорнодын театрын жүжигчин хүн. Анхны 32 жүжигчний нэг. Тэр үед нандиа Тогтох гэж хэлэгддэг байсан.Юманд их цэвэрч, нандин ханддаг хүн байсан. Үнэхээр бага насалсан. Монголын зоригт эмэгтэйчүүд хүүхдээ яаж хүмүүжүүлдгийн жишээг ээж маань харуулсан. Надтай тусдаа уулзаж “Миний хүү ах, эгч, дүү нараа авч явах хүн шүү. Хэнд ч битгий дээрэлхүүлээрэй. Дандаа зоригтой, эрэмгий байх ёстой” гэж хэлж байсан. Би одоо ч гэсэн ах эгч, дүү нараа, журмын нөхдөө байнга хайрлаж, хүндэтгэж явдаг. Ядарч яваа нэгнийгээ дандаа дэмжиж яваарай гэдэг үгийг нь мартаж чаддаггүй. Монгол эмэгтэй хүний нандин философийг би хэзээ ч мартахгүй. Маш богино насалсанд нь харамсдаг. Энэ миний үзэн ядаад байдаг дарга нарын шийдвэрээс болсон гэж би үздэг. Тэгээгүй бол ээж маань урт насалж, ихийг бүтээх хүн байсан. Аав ээждээ нэг захидал бичъе гэж бодож байгаа. Та хоёрынхоо захиж хэлснийг биелүүлж явж байгаа шүү гэдгээ захидлаар дамжуулаад ч болов хэлэхийг хүсч байна. Гэдээ би улс нийгэмдээ ихийг хийж бүтээгээд ч аав ээжийнхээ ачийг хариулж чадахгүй. Энэ бүтээх гэж явж байгаа зам мөр маань сайн сайхан байгаасай. Дээд тэнгэрээс биднийгээ харж, хандаж байгаасай.
-Манай зочноор оролцож, зовлон жаргалаа илэн далангүй хуваалцсан эрхэм зочиндоо баярлалаа. Бодож төлөвлөж яваа ажил тань бүтэх болтугай. Төрийн залгамж чанартай урт хугацааны бодлого болох болтугай. Монголчуудад ээлээ өгөх болтугай гэж хүсье.
-Танай ярилцлага олон хүний хэлж чадаагүй үгийг хэлүүлээсэй. Их сайхан нээлттэй ярилцлага боллоо. Олон хүний сэтгэлийг онгойлгоосой. Хүн бүрт хэрэгтэй шүү. Хөгжлийн төлөө хамтдаа явцгаая.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ