Би майлж чадахгүй ч уйлж чадна

Саяхан болтол “Говьд хүн болж төрснөөс хангайд бух болж төрсөн нь дээр” гэсэн үг байлаа. Говийн байгалийн хатуу ширүүн төрхийг илтгэж, хүмүүсийн амьжиргаа тааруу байсан эл үгийн утга өдгөө өөр өнгө аястай болжээ.

Манай Үндсэн хуульд иргэн “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан байдаг. Гэтэл одоо хүний хөл ховорхон хүрсэн говийн газрын хэвлий хүчит техникийн хөлөөр орвонгоороо эргэж, газар тэнгэрт түйрэн нүүрлэжээ.

Алтыг нь аваад авдрыг нь орхисон ангал нүхнүүд харлаж, Галбын говийн сөөсгөр даахитай хүүхдийн зулай шиг хөрсийг улаан зулга болтол маажсан олон салаа замд хүнд даацын машинууд үлий цөмрөх адил санагдуулна.

Уурхай бараадсан монголчууд ажлын мал шиг болж, цахилгаан бороохой, харь үүлдрийн нохдын боргоон дор ээрэгдэн хуарангийн амьдралаар хэдэн бор төгрөг зулгаана. Нэрт сэтгүүлч Б.Цэнддоо нэгэнтээ мал дагавал мал болно хэмээн бичиж байсан. Тэгвэл зарим уурхайн гадаад эзэд монгол ажилчдыг толгойдоо арьс ширлүүлсэн манкурт боолын дайтай үзэж байна.

Хоёр жилийн өмнө “Саусгоби сэндс” компанийн канад захирал Курт Черч нүүрсний уурхайн манай 49 ажилчныг ажлаас нэгэн зэрэг халж байсан. Жилд 5-8 сая тонн нүүрсийг татваргүй хил давуулдаг тэрээр даварч, ишиг эврээ ургахаар эхийгээ яаж мөргөдгийг ингэж харуулсан юм. Хүний хүү хүрэн бөөртэй гэдэг ч.

Иргэдээ өмөөрөх учиртай төр, засаг маань ч төдийлөн дуугарсангүй. Дараа нь Рио Тинто Оюутолгойн хоёр мянган монгол ажилчныг бөөнөөр нь халж орхисон. Нүүрс тээврийн замд цөөнгүй хүн хүнд даацын автомашины дугуйны нөхөөс болсоор. Тэд амьд явах эрхтэй ч баталгаа алга.

Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5-д “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж тов тодорхой хуульчлан баталсан.

Улаанбаатарын гудамжинд бүхэл бүтэн хүний “эзэнгүй цогцос” хэвтэж байхад эзгүй хээрээс алдсан малыг нас хүйс, им тамгаар нь зүсэлж, газар нутгаар нь нэрлэж байгаад Монголын үндэсний олон нийтийн радио орон даяар өглөө, оройгүй зарлаж байна.

Сураг гаргасан хүний шагнал урамшил талийгаачийн хойтох зардлаас хол давна. “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн буянаар хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ 70 тэрбум төгрөгөөр хууч өвчнөөсөө салж эхэллээ. Дээр нь ноос, ноолуураар далайлган хавартаа 30-50 тэрбум төгрөгийг төсвөөс өлхөн хумсална. Төрийн хамгаалалттай малын тоо толгой таван төрлөөрөө өсч, өнгөрсөн оны эцэст 40 саяд хүрэв.

Гэсэн ч 40 сая малтай Монголд нэг кг үхрийн мах 9000 төгрөгийн үнэд хүрч байна. Мах, гурилаас бусдыг импортоор авдаг манай улсад энэ хоёроос бусдыг нь эрүүл хүнс гэж итгэхэд бэрх. Олон жилийн өмнөөс ярьсан “Эрүүл монгол хүн” хөтөлбөр Л.Гүндалайтайгаа хамт эрүүл мэндийн салбараас сорвигүй арчигдсан.

Эрүүл мэндийн даатгалгүй зүрх зогсвол төр биш, иргэн буруутай. Шалгалтаар 160 аж ахуйн нэгжээс хамааралтай 2702 иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, тэтгэврийн харилцаа ч үүсээгүй байсан. Даатгалын санд 600-800 сая төгрөгийн өртөй тэдгээр компанийн зарим өмнө нь Өршөөлийн хуулиар татварын өрөөс мултарч байжээ.

Харин эхчүүдийн төрөлт нэмэгдсэн нь хөөрхий хүүхдийн мөнгөний буян. Хүүхнүүд ч бас яахав, хүүхэд төрүүлсэн бол одонгийн шагналтай. Хөөрхий муусайн эрчүүд жилийн жилд импортын 5 сая литр спирт, 9,5 сая литр архи дарс, 3,3 сая литр пивоноос гадна архины 93, шар айрагны 24, спиртийн 12 үйлдвэрийн бүтээгдэхүүний онцгой албан татварын хүнд ачааг үүрдэг.

Нэгэнт л анхнаас нь гадаадаас авчраад, дотооддоо хийгээд бэлэн болгочихсон юмыг ууж устган төсвөө дүүргэхээс өөр яахав. Энэ болгонд түүртэж явснаас хангайд бух болж төрсөн нь...

Гэсэн ч бид Монголдоо монгол хүн болж төрсөндөө бахархдаг. Цөөхөн монголчуудаас олимпийн аварга шил дараалан төрж, хэдэн зуун саяулаа арлын Японы бахархал сумогийн оргилд гарч, сансарт нисч, шатрын ертөнцөд аваргалж, өндөр технологиор өрнөдийн хөгжингүй оронд мэдлэг чадвараараа цойлж яваа нь цөөнгүй.

Үнэхээр ч энэ хорвоод эрдэнэт хүмүүний төрлийг олж төрнө гэдэг түм буман будааны ширхгээс ганц зүүний үзүүр дээр нэг нь тогтох лугаа их хувь тавилан гэдэг юм билээ.

Гэтэл зөвхөн Монголдоо малтайгаа барьцаад ч байгаа юм шиг, монгол хүний үнэлэмж малаасаа дор ороод ч байгаа юм шиг энэ цагийн зарим өнгө нэг л бишээ. Ингэж бодохоор би майлж чадахгүй ч уйлж чадна.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ