Украин Европын холбооноос татгалзлаа

Өнөөдөр Европын холбооны “Дорнодын хамтын ажиллагаа” дээд хэмжээний уулзалт албан ёсоор эхлэв. Энэ чуулга уулзалтыг Украины зарим ард иргэд Европын холбоонд нэгдэх томоохон боломж хэмээн ихээхэн найдлага төрүүлж байсан юм.

Гэвч Европын холбоотой худалдаа хийх чөлөөт бүсийн хэлэлцээр байгуулах хэлэлцээр үр дүнд хүрч чадсангүй. Украины ерөнхийлөгч Виктор Янукович Европын холбоотой худалдаа хийх чөлөөт бүсийн хэлэлцээрт гарын үсэг зурахаас эрс татгалзаж, хурлыг орхин гарсан нь хачирхалтай шийдвэр боллоо хэмээн хэвлэлүүд бичиж байна.

Виктор Янукович хэлэлцээрт гарын үсэг зурахаас татгалзаж, хурлыг орхин гарсны дараа Киев хотын төв талбайд 2000 гаруй оюутнууд цугларч эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эхлэв.

Харин Европын холбооноос Виктор Януковичийг гаргасан шийдвэрээ эргэн харахыг ятгаж байгаа аж. Хэрэв тус улс Европын холбоонд элсэх юм бол зээл тусламжийн олон санал орж ирэх бөгөөд, шийдэгдэж чадахгүй байгаа олон асуудлуудаа шийдвэрлэх боломжтой. Тэдгээрийн нэг нь ерөнхий сайд асан Юлия Тимошенког суллах асуудал яригдаж байгаа. Украин улс Европын холбоонд элсэхээс татгалзсанаар Юлия Тимошенко суллагдах магадлал бараг үгүй болох юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ