"Анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэнд ч хэрэггүй цаас гэж ойлгож байна"

“Шинийг санаачлагч хуульчдын холбоо” ТББ-аас Улсын дээд шүүхийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ үеэр тус ТББ-ын гишүүн Э.Энхбаатараас хэдэн зүйл тодруулав.

-Та бүхний хурал зарласан зорилго юу вэ?

-Хяналтын шатны шүүх нь анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй байдал, үгүйсгэгдсэн нотлох баримтыг үндэслэж тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах эрхгүй гэж заасан байдаг. Шүүх эрх мэдлийн байгууллага нь хараат бус байх бөгөөд хөндлөнгийн нөлөөнд үл автана гэсэн байдаг. Гэтэл одоо бол бүх зүйлд өөрчлөлт оруулдаг Дээд Шүүхтэй болчихсон байгааг та бүхэн биднээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Жишээлбэл МАХН-ын дарга Н.Энхбаяр, МИАТ-ын удирдлагуудын хэрэг гээд өшөө олон олон хэргүүд байгааг та бүхэн мэдэж байгаа байх.

-Дээд шүүхийг шүүмжилж байна уу?

-Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, тогтоолыг үл хайхран боломжтой л бол Дээд Шүүхэд хандах зорилго иргэд, өмгөөлөгчдийн дунд газар авчээ. Үндсэндээ хүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахын тулд шүүхэд ханддаг гэж ойлгож болно. Харин шүүх уг эрх нь зөрчигдсөн этгээдийг хамгаалж чадаж байна уу гэвэл үгүй гэх газар байхгүй. Эцсийн шийдвэрийг дээд шүүх гаргадаг гэдэг ойлголт төрчих юм бол энэ хүн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэнд ч хэрэггүй цаас юмаа гэж ойлгож байна.

-Заавал дээд шүүхэд хандах шаардлагагүй, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үү?

-Ийм ойлголт төрүүлснээр шүүхийн системд сөрөг үр дагавар бий болгож шүүхийн үйл ажиллагаанд зэрэглэл тогтоох дагавар бий болно. Ер нь давж заалдах шат хяналтын шат гэдэг бол яахав онцгой тохиолдолд байдаг заавал дээшээ давах ёстой заавал хяналтаар орох ёстой гэсэн ойлголт онол талаас нь харвал байдаггүй. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн шийдвэр нь томчуудын хэрэг дээр түлхүү харагдаж байна.Үүнээс үзвэл шавь нар нь алдаж багш нь засаж байгаа мэт харагдаж байна.

-Энэ их том асуудал шүү?

-Харин эсрэгээрээ ийм онцгой хэргүүд дээр бүх шүүгч нь анхаарлаа хандуулж ажиллах ёстой байтал алдаа гаргаад байна. Тэгэхээр энэ нь шүүхэд тулгамдаад байгаа маш том асуудал болоод байна.

-Та нар тэгээд яаж энэ байдалтай тэмцэх юм?

-Үүнтэй холбоотойгоор залуучууд бид хөндлөнгийн хяналттай байгууллага байгуулж байна. Гэхдээ бид шүүгчийн дотоод итгэл үнэмшил рүү орохгүй, дотоод итгэл гэдэг нь шүүгч хүний амин сүнс нь байна. Харин бид процессын шинжтэй алдаа байвал үүнийг илрүүлэхийг хичээнэ. Эрх зүйн орчин муу байгаа хэдий ч бид хуулийн хүрээнд л ажиллана. Бид хуулиа хүндлэнэ, хуулиа дагаж мөрдөнө. Хуулийн эсрэг ямар ч үйл ажиллагааг зохион байгуулахгүй. Хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтний захиалгаар ажиллахгүй гэдгээ албан ёсоор та бүхэнд мэдэгдэж байна. Байгаа зүйлийг бид бүхэн байгаагаар нь ил гаргаж тавина эндээс үүнийг хууль зүйн яам, их хурал, засгийн газар шүүх нь анхааралдаа авах нь, энэ байгууллагын эрх хэмжээний асуудал бид нар үүнийг тулгахгүй. Хэрвээ бид зөрчил байна гэж үзвэл бид хуулийн яг ямар процессыг зөрчөөд байгаа гэсэн асуудлыг л хөндөх болно. Анхан шатны шүүхийг үнэгүйдүүлснээр ачааллыг өөрсдөө бий болгож байна. Өөрөөр хэлбэл заавал давах ёстой гэсэн ийм байдалд хүрч байгаа учраас хүмүүс давдаг энэ нь нөгөө талаасаа өмгөөлөгчдийн хувьд тактик болчихсон. Тэгэхээр процессийн хуулийг зөрчсөнөөр ийм сөрөг үр дагаврыг нийгэмд бий болгоод байгаа учир хөндлөнгийн байгууллага байх зайлшгүй шаардлага бий болоод байна. Процесс алдаж гаргасан шийдвэр байх ёсгүй, бүх зүйл хуулинд заасан үе шат, дэг журмаар явах ёстой гэж ойлгож байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ