Гурван Баярын тавилан

“Арав хүртлээ тэр “гахай” Баяр гэж хочлуулдаг байжээ
Санжаагийн Баяр. 1956 оны гуравдугаар сарын 4-нд Улаанбаатар хотод төрсөн. Улстөрч, дипломатч, Монгол Улсын 25 дахь ерөнхий сайд. Тэрээр 1973 онд Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн 10 жилийн 3-р дунд сургууль, 1978 онд Москвагийн Улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. багын орос хэлтэй. Мөн англи хэлтэй нэгэн.
Санжаагийн Баяр 1988 онд МАХН-д элсчээ. 2005 оны нэгдүгээр сараас МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2007 оны 10 сард болсон МАХН-ын 25-р их хурлаас түүнийг тус намын даргаар сонгожээ. 2007 оны 11 сарын 22 ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 97.1%-ийн саналаар Монгол улсын ерөнхий сайдаар томилогдсон. Тэгвэл 2008 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсанУИХ түүнийг 2008 оны 9 сарын 11-ний өдрийн хуралдаанаараа оролцсон гишүүдийн 98.5 хувийн саналаар Монгол Улсын ерөнхий сайдаар дахин томилсон. Түүнийг Монгол улсын түүхэнд ерөнхий сайдаар завсаргүй улиран сонгогдсон анхны хүн хэмээдэг.
“2012 оны сонгуульд хэн ч ялсангүй. Ард түмний сонголт нь ийм байв. Хэнийг ч ялуулаагүй нь хамтраад зүтгэ гэсэн үүрэг, захиалга биш гэж үү. Гэтэл нийгмийнхээ энэ захиалгыг уландаа гишгээд, түүхэн ийм бололцоон дээгүүрээ хээвнэг гишгэлээд гарахад нь би харамссан. Дахиад л хайран цагаа хий хоосон улстөржөөд барах нь. Даанч дээ. Дэлхийн хөгжил биднийг хүлээхгүй дээ гэж сэтгэл их гонсойсон. Нөгөө л улстөржсөн сэтгэлгээ, нөгөө л хямдхан популизмд бууж өгөөд, ялагдаад байх шиг. Яалтай ч билээ. Хамтраад амин гол асуудлаа шийдэх гэсэн хандлага тасарсанд би үнэхээр харамсаж байгаа. 2008 онд бид сонгуульд ялчихаад хамтрах санал хүргүүлж байлаа” хэмээн тэр ярьжээ. 2008 онд түүний Засгийн газар зургаан жил хэлэлцээд, шийдвэрлэж чадаагүй байсан Оюутолгой ордын ашиглалттай холбоотой гэрээг байгуулсан.
Тэр үедээ “Нэг, хоёр тэрбум ам.долларт шийдэж болох Оюутолгойн асуудлыг олон жил хүлээлгэснээс болж 4, 5 тэрбумаас доошгүй болгосон байна. Энэ гэрээ сайн болсон, улс төрийн болоод бусад бүх хариуцлагыг бид хүлээхэд бэлэн” гэж мэдэгдэж байжээ. Харин хэдэн сарын өмнө өгсөн ярилцлагадаа “Дуугарах байтугай хүчтэй дугтарч байгаад гэрээг байгуулсан гол хүн нь би мөнөөс мөн. Тиймээс гэрээ буруу болсон гэвэл гол буруутан нь би мөн. Улс төрийн шийдвэр гаргасан учраас. Харин зөв болсон гэвэл гавьяаг хуваалцах хүн олон байна байх. Гэрээ “төгс төгөлдөр” болсон гэж би хэзээ ч хэлж байгаагүй. Ерөөс төгс төгөлдөр гэх юм хүний бодит амьдралд байхгүй, бодол мөрөөдөлд л байдаг зүйл. Одоо цуцалдаг цаг нь ирсэн гэвэл эрх мэдэл нь байж л байна. Хөндлөнгөөс мань мэт нь яах ч билээ.” хэмээн ярьжээ.
Тэрээр элэгний өвчтэй бөгөөд өвчний учир үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган, 2009 оны 10 сарын 28-нд Ерөнхий сайдын албан тушаалаа хүлээлгэж өгсөн. Улмаар АНУ-д элэг шилжүүлэн суулгуулах мэс засал хийлгэсэн. Түүний дараа 2012 онд зүрхний титэм судсанд төмөр цагариг суулгуулж, өргөсгүүлэх мэс засал хийлгэсэн юм. Эмчилгээ хийлгэх үеэр түүний УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болж, дараагийн сонгууль эхэлсэн. Гэвч түүний нэрийг МАН-ын удирдлагууд дэвшүүлээгүй билээ.
Үүний шалтгааныг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхтэй холбоотой гэх таамаглаж байсан ч С.Баяр өөрийгөө ерөнхийлөгч болох одонд төрөөгүй хүн гэдгээ мэднэ хэмээн хоёр ч удаа ярьж байсан. Үүнийгээ батлахын тулд “Наад зах нь төрийн тэргүүн ганц бие байж болохгүй байх” хэмээн тайлбарлаж байсан юм.
Гэр бүлийн төдийгүй улс төрийн амьдрал нь дардан биш замыг туулсан энэ эрхмийг багадаа дэггүй, зодоонч хүүхэд байсан гэдгийг үеийнхэн нь ярьдаг бөгөөд 40 мянгатаар зодоон хийгээд явдаг атаман байлаа хэмээн хуучилдаг.
“Арав хүртлээ тэр “гахай” Баяр гэж хочлуулдаг, цулцгар цагаан хүүхэд байлаа. Тарган хүүхдийн зовлон их. “Гахай”, “мантуу” гэж хочлох нь наад захынх. “Өнгөтэй өөдтэйг минь булаах гэнэ, өгөхгүй гэвэл гөвнө. Үгүйдээ л араас амбаардчихаад зугтаана. Хойноос нь хөөгөөд гүйцэх биш. Гүйцлээ ч хариугаа авах зориг дутна. Хөвгүүд дээрэлхэнэ, охид үл тооно. Бүгд нийлээд шоолно. Тарган хүүхдийн зовлонг багадаа тарган байсан хүн л ойлгоно. Дээрэлхүүлэх тусмаа ийм л байх ёстой юм байлгүй гэсэн арчаагүй хандлагад аяндаа автана. Боолын ийм сэтгэлгээтэй явсаар хамаг амьдралаа барах хувь заяа тохиосон бол яана гэж бодогддог байв. Тэгвэл үүнээс илүү эмгэнэл гэж юу байх билээ” хэмээж дурамж номондоо бичжээ.
Түүний ээж нь биологийн ухааны доктор, Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн А.Дулмаа гуай юм. Ээж нь “Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төв”-ийг байгуулсан бөгөөд насаараа энэ үйлсэд зүтгэжээ. Ээж нь ийнхүү загас өсгөж байхад хүү нь загас барих хоббитой байдаг хэмээн С.Баяр ярьдаг байна.
С.Баярыг ерөнхий сайд байх үед буюу 2008 оны долдугаар сарын 1-нд УИХ-ын парламентын сонгуулийн дүнтэй холбогдуулан үймээн дэгдсэн. Энэ өдөр Монгол улс түүхэндээ анх удаа онц байдал тогтоож, үймээний улмаас 5 хүний амь нас эрсэдсэн билээ. Тэрээр энэ үймээнийг зохион байгуулалттай гэж үздэг бөгөөд ажлаа хийснийхээ төлөө цагдаа хариуцлага хүлээх, түүний дээрх ерөнхий сайд буруутах ёсгүй гэж үзэж байгаагаа цөөнгүй ярилцлагандаа дурджээ.
Тэрээр хоёр ч удаа гэр бүл зохиосон боловч салсан. Том охиноосоо төрсөн хүү Нацагийг өөрийн нэрээр овоглож явдаг. Анхны эхнэр нь О.Гэрэлтуяа, дараагийн эхнэр нь Х.Хулан юм. Мөн мисс Г.Оюунгэрэлтэй нэр холбогдож хэвлэл мэдээллээр шуугиулж байсан бол сүүлийн үед АНУ-д байхдаа н.Ариунсувд гэдэг залуу бүсгүйтэй дотносож, 57 насандаа дахин нэг охинтой болж, таван хүүхдийн аав болсон билээ.
25 дахь ерөнхий сайд маань хамгийн сүүлийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн гэсэн машингүй, адуу малгүй, ямар нэг лицензгүй гэж тайлагнажээ. Гэхдээ тэрбээр Сансар кабелийн ТВ-ийн үүсгэн байгуулагч, “Палас” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэнэ. Энэ нь өөрт нь хангалттай байдаг тухай ч нэгэн удаа ярьж байсан билээ. Гэхдээ АНУ-д гурван ч том хаус, өргөөтэй гэх мэдээлэл бас бий. УИХ-ын гишүүнээр дөнгөж сонгогдох үедээ 5.3 сая төгрөгийн хөрөнгө мэдүүлж байжээ. Гэтэл ерөнхий сайдын албыг хашаад жил гаруй болсны дараа өнөөх хөрөнгө нь 20 дахин өсөөд 109 195 000 төгрөгт хүрчихсэн байсан нь олон хүний гайхаш төрүүлсэн юм.
Ерөнхий сайд байх богино хугацаандаа хийсэн олон том ажлынх нь дундаас Ураны ашиглалт, хадгалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх ажил олон сэтгүүлчдийн анхаарлын бай болдог. Цөмийн эрчим хүчний тухай хуулийг яаран батлуулж, Орос, Япон, Франц зэрэг цөмийн энергийн том төлөөлөл улстай ойр ойрхон гэрээ хэлцэл, уулзалт хийж явсан нь дээрх гэнэтийн их хөрөнгийн эх үүсвэр байж болох тухай сэтгүүлчид хардсан байдаг.
С.Баяр гэр болон ажлын өрөөгөө зөөлөн өнгөтэй зурагнуудаар чимэглэх дуртай. Ялангуяа монгол зураачдын бүтээлийг илүү сонгодог аж. Зураг уншиж, мэддэг хүмүүсийн хажууд энгийн сонирхогч гэж өөрийгөө хэлэх ч өөрийнхөө хэмжээнд зураг ойлгож, тайлбарладаг нэгэн. Оюутан, залуу байхдаа Beatles, Bee Gees, монгол, орос дууг пянзаар сонсдог байсан бол хожим нь CD-г цуглуулдаг болоод байжээ. Харин ерөнхий сайд байхад охид нь 30 GB багтаамжтай iPod бэлэглэснээр дээрх дискнүүд ч хэрэгцээнээс нь гарсан гэдэг.
Тэрээр амьдралаа ихэд зарчимч байдлаар авч явахыг хичээдэг байна. Тухайлбал улс төрд “Асуугаагүй бол бүү зөвлө”, “Эрх мэдлийг хариуцлага дагах ёстой” зэрэг зарчмыг эрхэмлэдэг аж.
Эзгүй хойгуур нь түүнийг чиглэсэн хар PR явдаг нь бараг зүй тогтол болсон. Тэгвэл энэ бүхэнд хариулт өгөхдөө тэрээр “Францын Ерөнхийлөгч асан Де Голь хэлсэн байдаг. Над руу угаадас цацлаа гэхэд тэр нь намайг онооч уу, үгүй ч үү. Харин угаадас цацдагт нь угаадасны үнэр нэвт шингээстэй гэсэн утгатай үг байдаг санагдаж байна. Орчноо шинжвэл угаадасны эхүүн үнэр нэвт шингэчихсэн яваа этгээд цөөнгүй л таардаг.Тэглээ гээд яах гэж. Холуур тойрсгээд салхин дээгүүр нь гарах хэрэгтэй. Зууралдах хэрэггүй. Үнэр нь шингэж мэднэ.” хэмээжээ.
Зөвлөгөө өглөө гээд мөнгө төгрөг авч байгаагүй
Бадамын Баяр. 1985 оны тавдугаар сарын гурванд Улаанбаатар хотод төрсөн. 28 настай, ЭМШУИС-ийг Хүний их эмчээр төгссөн.
Тэрээр Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яаманд мэргэжилтнээр ажилладаг төрийн албан хаагч.
Спортод их дуртай. Ширэн бээлий боксын клубт тогтмол хичээллэдэг. Учир нь хүн байнгын идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь эрүүл байхын үндэс. Нийт өвчлөлийн дунд хамгийн их тохиолддог өвчн бол халдварт бус өвчин ордог. Халдварт бус өвчин гэдэгт зүрхний өвчин, чихрийн шижин, зарим төрлийн хавдар, таргалалт, дотрын эмгэгүүд ордог юм. Эдгээр өвчний үндсэн суурь шалтгаан нь буруу хоололт, идэвхгүй хөдөлгөөн, хорт зуршил зэрэг юм.” гэж тэр үздэг.
Бас баримтладаг нэг зарчим нь хүн амьдралынхаа хэв маягийг зөв байлгах хэрэгтэй гэж. Түүний гаргасан нэг томьёолол байдаг гэнэ. Тэр нь Эрүүл амьдралын ногоон жор = Идэвхтэй хөдөлгөөн+ Зөв зохистой хооллолт + Зөв дадал. Энэ Ногоон жорыг хүн амьдралдаа байнга хэрэглэж өөртөө дадал болгож чадах юм бол хүн эрүүл саруул, залуугаараа байх бүрэн боломжтой.
Тиймдээ чхүмүүст эдгээр зүйлийг ойлгуулахын тулд фэйсбүүк, твиттерт “Цахим Эмч” гэсэн аккаунтаар зөвлөгөө өгдөг, зарим нэг хүмүүсийн асуусан асуултанд нь мэргэжлийн зөвлөгөө өгөхийг хичээдэг чадахгүй зүйл байвал аль болох зөв чиглүүлэхийг хичээдэг, сайхан сэтгэлтэй нэгэн.
“Цахим Эмч”-ээр зөвлөгөө өгөхөд түүнээс цаг нэлээд шаарддаг ч гэсэн тангараг өргөсөн эмч хүнийхээ сэтгэлээр аль болох туслахыг хичээдэг. Мэдээж нэг ч хүнээс тусаллаа, зөвлөгөө өглөө гээд мөнгө төгрөг авч байгаагүй.
Хувийн амьдралын хувьд эхнэр хүү охинтойгоо амьдардаг. Төрийн алба өглөө 08:00 цагаас цугладаг болохоор өглөө 06:00 цагт босоод гэрээсээ 07:00 гээд гарахаас л түүний шинэ өдөр эхэлдэг гэсэн.
Харин орой 05:00 цагт тараад 18 цагаас ЭМШУИС-ын Эрүүл мэндийн удирдлагын магистрынхаа хичээлдээ очино. Ингээд найм гэж тараад л, гэргий үр хүүхэд рүүгээ яарна. Залуу хүний амьдрал ийм байхдаа л аз жаргалтай байна шүү дээ. “Өглөө ажилдаа яардаг, орой гэр лүүгээ яардаг хүн хамгийн аз жаргалтай хүн” гэж сайхан үг байдаг юм билээ. Б.Баяр яг л энэ замналаар явж байгаа “цоглог” залуу.
Долоо хоногийн гурван өдөр нь “Ширэн бээлий” клубт боксын бэлтгэлтэй байдаг түүний бие хаа нь блдигийн тамирчнаас дутахгүй. Ажлын өдрүүдээр зав их муу байдаг болохоор амралтын өдрүүдээрээ аль болох гэр бүлдээ цаг зав гаргаж хамт байхыг хичээдэг гэнэ билээ.
Түүний санаа зовниж явдаг зүйл нь өөрийнх нь сонгосон мэргэжлийнх нь салбарын өнөөгийн байдал. Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх хэрэгтэй гэж тэр үздэг. Тиймдээ ч Эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр магистраа хамгаалахаар шийдээд, магистр хамгаалах сэдвээ Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр эхлүүлээд, судалгаагаа үргэлжлүүлж байна.
Мөн тэрээр парапсихологи, далд ухамсар, био энергийн чиглэлийг их сонирхож уншдаг гэсэн шүү.
Бусдад нийцүүлэх гэж хичээдэггүй нэгэн
“Тататунга”, “АХА” нэвтрүүлгээрээ олны танил болсон “Сэмүүн” студийн найруулагч Б.Баяр бол тэр бүр олны анхааралд өртөөд байдаггүй, хэл амнаас холуурхан явдаг даруухан уран бүтээлч гэхэд болно. Түүний уран бүтээлийн онцдог нь их өвөрмөц. Тэр эх түүх, монгол ёс заншил, түүхэн олдвор, байгалийн баялаг зэргээрээ ихэд бахархдаг нэгэн бөгөөд тэр ч утгаараа уран бүтээлээ энэ чиглэл рүү хандуулахыг хичээдэг.
Тэрээр “Усчин”, “Сар анх мандсан нутаг”, “Хаадын хаан”, “Би Монгол хүн” зэрэг баримтат киногоороо Олон улсын томоохон кино наадмуудаас шагнал хүртэж байсан бөгөөд сүүлийн хэдэн жилд Монгол орны улс төрийн амьдрал, түүхэн хүмүүсийн намтрыг ихээхэн судалж, Монгол ахуйгаа түлхүү харуулахыг хичээж яваа гэнэ.
Мөн тэрээр “Academy awards” наадмын талаар сөрөг бодолтой явдаг гэнэ. “Тэртээ тэргүй, наадмын тов гарахтай зэрэгцээд шагнал авах бүтээл нь тодорчихдог юм чинь оролцоод яахав дээ” хэмээн тайлбарласан нь бүтээлч сэтгэлгээ, уран бүтээлийн өнгө аясаа бусдын сэтгэлд нийцүүлэх гэж хичээдэггүйтэй нь холбоотой.
Монголын кино урлагт мартагдах шахаад байсан баримтат киноны төрлөөр бүтээлүүдээ туурвиж, олон улсын томоохон наадмуудаас шагнал “бөөндөж” буй чадварлаг уран бүтээлч бол “Сэмүүн” студийн захирал, найруулагч Б.Баяр.
Найруулагч Б.Баяр өмнө нь олон улсын кино наадамд хэд хэдэн удаа оролцож,тэргүүн байрт шалгарч байсан авьяаслаг уран бүтээлч юм. Тухайлбал, тэрбээр Япон улсад болсон Азийн кино наадмын тэргүүн байрын шагналт “Усчин”/1997 он/, ОХУ-д болсон кино наадмын шагналт “Бат Варшав хоёр”/1998 он/ болон “Бүүвэйн дуу”/2000 он/, “Тэнгэрийн нүүдэл”/2001 он/, “Төлчин”/2002 он/, “Ганбат”/2007 он/, “Зууныг эзэлсэн шонхор”/2008 он. Монгол Улсын баатар Гунгаа генерал/, “Зөвхөн намайг үхсэний дараа”/2001 он. Барон Унгерн/, “Сар анх мандсан нутаг”/2011 он. Сүг зураг/, “Миний амьдралын аз жаргал, уйтгар гуниг”/2011 он. Ардын жүжигчин Л.Жамсранжав/, “Би Монгол хүн”/2012/зэрэг баримтат кино бүтээжээ. Мөн түүний урын санд “Гурван долоо хоног”/1999 он/ бүрэн хэмжээний кино, “Үрэгдсэнийг хүлээгч”/2001 он”, “Бурхан богд аав бид хоёр” /2002 он/ зэрэг богино хэмжээний кино бий. Үүний сацуу тэрбээр “Тататунгаа”, “Дэлгэцийн бурхад”, “Шагайн цаг”, “Мэлмий найраг”, “АХА” зэрэг 13 нэвтрүүлгийн зохиогчоор ажиллажээ.
Мөн өнгөрсөн аравдугаар сард“Рашаан хад” хэмээх шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат киногоо бэлэн болгосон юм. Энэхүү хад нь нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт оршдог бөгөөд хүн төрөлхтөн үүссэн цагаас эдүгээг хүртэлх түүхийн ул мөрийг хадгалсан байгалийн ил музей юм. Хуучин чулуун зэвсгийн үеийн хадны сүг зураг, нэн ховор савагт хирсний дүрслэлээс эхлээд үй олон тамганы дүрс, түрэг, руни, уйгаржин монгол, хятад, манж зэрэг олон янзын бичиг үсгийн дурсгал нэг дор байдгаараа онцлог.Тэрээр “Энэ бол Монголчуудын агуу их оюуны соёл. Монголчуудыг асар их оюуны соёлтой ард түмэн байсан юм гэдгийн баримтаар үзүүлж байгаа юм. Нүүдэлчин ард түмэн маань хадан дээр оюуны тэр их өндөр чадвараа чулуугаар цохиж, бичиж үлдээсэн байна.” хэмээн бахархан ярьж байсан. Энэ нь "Сэмүүн" студийн 18 дахь баримтат кино болжээ.
Б.Баяр одоо 40 нас гарч байгаа хэдий ч уран бүтээлээ хийхээрээ хорин хэдтэй залуу шиг л дайраад орчихсон байдаг гэх. Бас кинон хийхдээ тэр стандартыг дагаж мөрдөх дуртай. Тиймдээ ч “Өвөг дээдсийнхээ үлдээсэн тэр сайхан байгаль, өв уламжлалаа харуулж, стандарт түвшинд хийхэд л хангалттай. Даанч сүүлийн үед тэр стандарт гэдэг нь алдагдчихсан. Кино урлагт авьяастай залуус олон байна шүү дээ. Гэвч дандаа хувийн тоглолт хийдэг, багийн зохион байгуулалт алга. Баг зангидах ганц хүн нь найруулагч байдаг юм.” гэж үздэг.
Тэр улс төрд сонирхолгүй, аль нэг талыг дэмжихийг ч хүсдэггүй. Түүнд улс төрийн талаарх, аль нэг намыг дэмжсэн кино хийгээч гэсэн санал хэдэн удаа ирж байж. Гэвч тэр зөвшөөрөөгүй. Сүүлдээ ч “Энэ угаасаа хийхгүй” гэж бодсон уу тийм санал ирэхээ ч больсон гэсэн.
Дээлтэй бол хөдөөнийх, соёлгүй гэх өрөөсгөл бодолтой тэр огт санал нийлдэггүй. “Монголчуудын хамгийн том соёл нь уул устайгаа харьцах. Дээл хувцастай хүмүүсийг хараад хотынхон “Хөдөөний муу тэнэг, соёлгүй амьтад” гэж муулж болохгүй шүү дээ. Тэдний соёл шал өөр байхгүй юу. Байшин барилга бөөгнөрсөн энэ их хотод яаж амьдрахаа тэд мэдэхгүй байгаа. Тэгвэл бид хөдөө очоод уурган дээгүүр нь алхаж, усанд нь сүү дусаавал шууд л загнуулна. Цэвэр байгальтайгаа холбогдсон, жинхэнэ агуу соёл чинь тэнд л байдаг. Гэтэл хотынхон хоол идээд амаа арчихгүй бол, халбагаа зүүн гар талдаа тавьчихвал шууд л соёлгүйд тооцогдоно. Эцсийн эцэст соёл гэдэг чинь юу юм бэ. Миний ойлгосноор, энэ маш амархан. Бусдад гай болохгүй л бол тэр чинь соёл.”
Тэр “Монголчууд агуу, Монголоос бүх юм үүссэн” гэж ярих дуртай ч хүмүүс “Чи юм болгоныг Монгол гэхээ болиоч” гэдэг гэнэ. . Тэгэхээр нь Б.Баяр зарим хүнд “Энэ гайгүй ээ, цаашид монголынх гэх бүр олон юм гарч ирнэ” гэж хэлдэг гэсэн шүү. Ингэж итгэлтэй хэлээд байгаагаа тэр ингэж тайлбарлажээ. “Аль эрт 364 онд монголчууд одон орон судалсан түүх бий. Худлаа гэвэл, Иранд агуу их Хүлэг хааны байгуулсан Хас ордон байгаа. Хятадад аль XIII зуунд Хувилай хааны байгуулсан одон орон судлах ордон байна. Юун Галилей, тэрнээс хамаагүй эрт судалсан байгаа биз дээ. Монголчууд саяхныг хүртэл хуурай сүүгээ өөрсдөө хийдэг байсан. Сармай даавуунд сүү шингээж, хатсаных нь дараа нухаад үхрийн давсганд хийж авч явдаг байсан.”
Монгол нутагт төрсөндөө бахархдаг тэрээр хэрвээ өөр оронд төрсөн бол монголчуудад атаархах байсан гэнэ. Харин нэгэнт энэ оронд төрчихсөн болохоор өөр ямар ч үндэстэнд атаархдаггүй, хотоос гараад хаа дуртай газраа гадас шааж,майхан бариад суух ийм сайхан эх орноороо бахархдаг гэсэн.Түүний хэлэх дуртай үг нь“Могойг гурав хуваасан ч гүрвэлийн дайтай. Монголыг гурав хуваасан ч гүрний дайтай”.
Түүнд бүр 20 жилийн өмнө эхэлсэн ч одоо хүртэл зураг авалт нь дуусаагүй кино байдаг гэсэн шүү. Түүнийхээр баримтат кино стандартад нийцсэн байх ёстой. Харин сүүлийн үед гарч байгаа баримтат кинонуудын ихэнх нь хөрөг нийтлэл маягийн, энтертайнмент тал руу харуулах гээд хэт их гоё юм гаргаад байдаг болсныг тэр шүүмжилдэг.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ