Утаа нэмэгдэж, эрчим хүч дутагдах нь


Их хотын агаарын бохирдлыг бууруулах ажил олон тэрбумыг салхинд хийсгээд олигтой үр дүнд хүрсэнгүй. Одоо агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхийлагчийн харьяанаас Ерөнхий сайдын мэдэлд шилжүүлэхээр УИХ хэлэлцэх гэж байна. Үүний зэрэгцээ Улаанбаатарын эрчим хүчний хангамж салхинд үлээгдсэн дэнгийн гэрэл шиг нэг тодорч, нэг бүдгэрч байна. Тэнгэр баганадах шинэ барилгууд ч улам их цахилгаан, дулаан нэхсээр. Нийслэлийн цахилгаан, дулааны хэрэгцээг социализмын үед барьсан гуравхан Дулааны цахилгаан станц нуруундаа үүрч байгаа юм. Ялангуяа сүүлийн хэдхэн жилд ачаалал 8-10 хувиар өсчээ. Гэтэл ДЦС-4 аль 1983 онд гал голомтоо асааж, гурван жилийн дараа эхний ээлжийн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээс хойш их хот тулгандаа гал нэмсэнгүй. Тэр үед улс орны удирдлага сэтгэлдээ галтай хүмүүс байсан ч юм уу эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлэх түлхүү бодлого хэрэгжүүлсний хүчинд өчигдрийг хүртэл хөгжлийн алхаанаас хоцорсонгүй.
Мөнөөх эрчим хүчний түрүүлж явсан алхаа уул уурхай, их барилгажилтын хөгжлийн хурдыг гүйцэхгүй түүртэж эхэллээ. Тус салбарын эх үүсвэрүүдийн өнөөгийн суурилагдсан хүчин чадал дээр импортоор авах боломжит чадлыг тооцож үзэхэд 2014 оноос эрчим хүчний дутагдалд гарцаагүй орж эхлэх тооцоо гарч байна. Ер нь эрчим хүчний хангамжийг хэд хэдэн түвшинд авч үзэх хэрэгтэй юм байна л даа. Төвлөрсөн хот суурин газарт ямар байхав, алслагдсан бүсийг яаж хангахав, тархай бутархай малчдаа орхих юм уу гэх мэт. Тэгвэл төвийн эрчим хүчний систем маань их нүүдлийн дараах суудлын ая даахгүй болж. Дан ганц улсын нуруун дээр энэ салбар цааш хөгжихгүй нь тодорхой болов. Иймээс хувийн хэвшлийнхэн хүч түрж орж ирэх цаг болжээ. Саяхан Салхитын цахилгаан парк ашиглалтад орсон нь багагүй хувь нэмэр болж эхлэв. Одоо нэг кВт цахилгаан, нэг Гкал/ц дулаан ямар үнэтэй байхыг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоож байна. Гэхдээ төрөөс жолоог нь сул тавьчихсангүй. Дандаа алдагдалтай явж ирсэн эрчим хүчний үнийг УИХ-ын 2011 оны 72 дугаар тогтоолд аажмаар нэмэгдүүлж, хэвийн хэмжээнд хүргэхээр заасан.
“Улаанбаатар ДЦС-5” төслийн хувь заяа эргэж буцсаар “Интернэшнл Пауэр Жи Ди Эф Суез, Поско Энержи, Сожитс Корпораци, Ньюком ХХК” консорциум давуу эрхтэй оролцогчоор шалгарсан билээ.Тус консорциум туршлага, чадвар, санхүү болон техник технологийн боломж, дотоодын хамтрагчийн чадамж зэргээрээ олон давуу талтай юм байна. Станцын нийт хүчин чадал 100,469 МВт, үйлдвэрлэлийн гол цөм болох эргэлдэгч буцламтгай давхрагат шаталттай зуух буюу CFBбүхий ДЦС-ыг барьж байгуулсан болон ашиглаж буй туршлага нь 2,705 МВт ажээ. Төвийн бүсийн цахилгааны хэрэглээ 2015 он гэхэд 1000 МВт, дулаан 1800 Гкал/ц хүрэхээр байгаа нь эрчим хүчний энэхүү шинэ эх үүсвэрийн бүтээн байгуулалтыг яаравчлахад хүргэж байна. Арга ч үгүй биз, төвийн эрчим хүчний системд нийслэл, 13 аймгийн 150 гаруй сум багтдаг. Дээр нь Улаанбаатарын утааг багасгах дунд хугацааны бүтээн байгуулалт орон сууцнй хөтөлбөрийг амилуулахад гол судас болно.
Гэвч шаваа тавиагүй ДЦС-5-ыг ашиглалтад орох хүртэл нийслэлийн дулаан хангамжийн чадлын хомсдлыг арилгах зорилгоор Амгалан дахь “УС-15”-ыг түшиглэн 250 Гкал/ц хүчин чадалтай дулааны станцыг 18 сарын хугацаанд барихаар төлөвлөжээ.Илч түгээх энэ эх үүсвэр ашиглалтад орсноор 20 мянга гаруй айл өрхийн дулааны хангамжийг шийдвэрлэх боловч аанай л хойшилсоор. Монгол Улсын тулганы галд сүүлийн гучаад жилд Тайшир, Дөргөний усан цахилгаан станц, Өмнөговийн Даланзадгад, Ухаахудаг дахь дулааны цахилгаан станцаар цучил нэмснийг эс тооцвол эрчим хүчний томоохон эх үүсвэр нэмэгдсэнгүй. Уг нь “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газрын 1996-2000 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Эрчим хүчний найдвартай эх үүсвэрт хөрөнгө оруулж, хөгжлийн бүс, аймаг, сумын төв, суурин газрыг эрчим хүчний шинэ эх үүсвэрээр хангах арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлнэ” гэж заасан байсныг Н.Алтанхуягийн шинэчлэлийн Засгийн газар сэргээж, анхны дорвитой шан татахыг ард түмэн хүлээж байна. Эс тэгвэл Эрчим хүчний ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдорж гуайн зүйрлэж хэлснээр Монгол Улсын эрчим хүчний салбар өндөр даваа өөд нэгдүгээр араагаараа мацаж яваа ахадсан ачаатай чиргүүлтэй машин шиг ухрах эрхгүй уухилж явна. Энэ машин хүч алдвал эх орны голт зүрх тэр чигээрээ зогсоно гэсэн үг. Нүүдлийн хөлд дарагдаж, суудлын ая даахгүй болсон цаг үе ДЦС-5-ыг шавдуулж байна.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ