Меррил Ньюмэн: Хойд Солонгосын эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан

Хойд Солонгост аялахаар очсон АНУ-ын армийн албан хаагч, ахмад дайчин Меррил Ньюмэн өнгөрсөн аравдугаар сард Хойд Солонгосуудад баривчлагдан тус улсад хоригдож байгаа.

Түүнийг Солонгосын дайнд Өмнөдийг дэмжин оролцсон хэмээн Умардын тал буруутгаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын тал Умардынхны баривчлан хорьсон ахмад дайчныг суллах байх хэмээн харзнаж ямар нэг мэдэгдэл хийлгүй хүлээж байсан. Харин өчидөр АНУ-ын тал Меррил Ньюмэнийг суллахыг албан ёсоор шаардсан талаар Ройтерс агентлаг дамжуулж байна.

АНУ-аас шаардах бичиг ирсэн даруйд Хойд Солонгосын тал Меррил Ньюмэн Солонгосын дайны үед Хойд Солонгосын эсрэг үл мартагдах гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээсэн хэмээн мэдээллийн агентлагаараа дамжуулан мэдээлсэн байна. Түүнчлэн өршөөл хүсэн өөрийн гараар бичсэн захидлыг нь мөн дэлгэжээ.

Меррил Ньюмэнтай холбоотой ийм мэдээлэл гарсан учир түүний суллагдах эсэх нь одоохондоо тодорхойгүй байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ