Хятад эзэнтэй оёдлын үйлдвэрт гал гарч долоон хүн амиа алджээ

Италийн Патро хотод хятад эзэнтэй хувцасны үйлдвэрт гал гарсаны улмаас долоон хүн амь үрэгдэж, хоёр хүн нэлээд хүнд шархадсан талаар ВВС уламжиллаа. Галын улмаас үйлдвэрийн барилгын дээвэр нурсанаас ийнхүү олон хүн гэмтэж бэртэхэд хүрсэн гэнэ. Үйлдвэрт гал гарах үед дотор нь 11 хүн унтаж байсан хэмээн гэрчүүд мэдээлсэн юм.

Гал гарах болсон шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд цагдаа нар галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Хямд үнэтэй хувцасны үйлдвэрийг хууль бус үйл ажиллагаа явуулж байсан байж болзошгүй хэмээн шалгаж эхлээд байгаа юм. Үйлдвэрийн ажилчид хонож ажиллаж байснаас үзэхэд хөдөлмөрийн нөхцөл, гэрээ зэргийг зөрчиж байсан хэмээн үзэж байгаа юм.

Европын орнуудад иймэрхүү жижиг Хятадын хувцасны үйлдвэр хууль бусаар ажилладаг бөгөөд ямар нэг асуудал үүсэхэд татан буугдан улмаар өөр хотод дахин өөр нэрээр үйл ажиллагаа эхлүүлдэг байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ