“Хэцүү ангийнхан” төлөвлөгөөтэй ажиллана

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин УИХ-ын дарга З.Энхболдод “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн төслийг өргөн барьсан. Уг төслийг энэ оны нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, дөрөвдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлсэн ч буцаан татаж, ХЗЯ дахин боловсруулсны эцэст парламентын тогоонд илгээснийг бодоход чамбай эд болсон бололтой. Дээрх үндсэн чиглэлийн төслийг хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын төсөл гэсэн үндсэн хоёр хэсгээс гадна Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газраас санаачлан боловсруулах хуулийн төслүүдийг нэгтгэн бас нэг хэсэг болгон багцалжээ. Ингэснээр шинээр гарах хууль, тогтоолууд нь Засгийн газрын гишүүдийн эрхлэх асуудлын хүрээгээр 19 чиглэлд ангилагдаж, яагаад ийм хууль, тогтоол санаачлах болсон үндэслэл, өргөн мэдүүлэх хугацаа, хяналт тавих байнгын хороо зэргийг тодорхой тусгасан байна.
Ийнхүү “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төсөл батлагдвал нэг ёсондоо "хэцүү ангийнхан" төлөвлөгөөтэй ажиллана гэсэн үг. Хуралдаанаас хоцорч, тасалдаг эрхэм гишүүд төлөвлөгөө тасалбал баалуулна. Энэ бол сугаараа амьсгалдаг гишүүдийг сууж ажиллахад хүргэж байгаа юм. Өмнө нь 1998, 2001, 2005, 2009 онд ийм үндсэн чиглэлийг баталж байсан боловч энэ удаагийнх шиг ингэж ач холбогдол өгч, дахин боловсруулж усыг нь шахаж байсныг мэдэхгүй. Ер нь хуульд “Үндсэн чиглэлийн төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох бусад байгууллагын саналыг авч нэгтгэн судалсны үндсэн дээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна” гэж заасан байдаг. Иймээс энэ нь шинэчлэлийн Засгийн газрын үйл ажилагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл болох учиртай.
Үндсэн чиглэл нэртэй энэхүү төлөвлөгөөний дагуу бол эрхэм гишүүд зодог тайлтлаа 218 хуулийг хэлэлцэх нь гарцаагүй бөгөөд хэдийг баталсан нь хууль тогтоох ажлын гол үзүүлэлт болох нь мэдээж. Харин эдгээрээс 79 хуулийг шинээр боловсруулж, 75 хуулийг шинэчлэн найруулж, 64 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Мөн УИХ-ын 43 тогтоолын 38-ыг шинээр боловсруулж, хоёрт нь нэмэлт, өөрчлөлт оруулж, гурвыг шинэчлэн найруулна. Нийт хууль, тогтоолыг сайд нарын эрхлэх асуудлын хүрээнд 19 ангилсан гэж дээр өгүүлсэн. Тэгвэл Эрүүл мэндийн сайд Н.Удвал ес, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ 11, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав зургаа, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун 10, Сангийн сайд Ч.Улаан 13, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр 12, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга найм, Барилга, хот байгуулалтын сайд Н.Баярсайхан 15, Зам, тээврийн сайд А.Гансүх долоо, Эрчим хүчний сайд М.Сономпил гурав, Уул уурхайн сайд Д.Ганхуяг 11, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл 13, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 31, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тав, Гадаад харилцааны сайд Л.Болд гурван хуулийг тус тус хийгүй боловсруулж, хугацаанд нь батлуулах үүрэгтэй. Түүнээс гадна Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эрхлэх асуудлын хүрээнд 10, Шадар сайд Д.Тэрбишдагвад 18, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт зургаа, Ерөнхийлөгчид найм, эрхэм гишүүдэд 13 хууль ногджээ. Мэдээж холбогдох байнгын хороод ягштал хяналт тавина. Үлдэж буй хоёр жил гаруй хугацаанд УИХ-ын 43 тогтоол гарна.
Шинэ хуулиудын дотор Эрүүл мэндийн салбарын ажилтны хариуцлагын даатгалын тогтолцоог бий болгох, Цэцэрлэг, сургуулийн удирдлага болон эцэг, эхчүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлж, хамтран ажиллах дүрэм, арга зүйн зөвлөмжтэй болгох, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай, Гэр бүлийн шинээр төрсөн дөрөв дэх хүүхдийн урамшууллыг хуульчлах, Гадаад оронд хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг хангах. Мөн Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөл нуур орчмын бүс нутгийг улсын нөөцөд авч байгалийн нөөцийн үндэсний парк байгуулах, Гадаадын зээл, тусламжтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, Үндэсний үйлдвэрлэгчдийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах, Шууд худалдааг хөгжүүлэх, хэрэглэгч болон шууд худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, Хот суурин газрын хүн амд ногдох ногоон байгууламжийн стандарт хэмжээг тогтоох, хөрс, агаарын бохирдол зэрэг сөрөг үзэгдлүүдийг хязгаарлах, Газрын үнэлгээг түүнийг зүй зохистой ашиглах эдийн засгийн хөшүүргийн механизмтай уялдуулан боловсронгуй болгож, зах зээлийн үнэлгээгээр тогтоох, Морин уралдааны тухай, Мөрдөх албаны тухай, Иргэний шийдвэр гүйцэтгэлийн тухай, Хуулийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай зэрэг агуулга бүхий хуулиуд олон нийтийн анхаарлыг татаж байна.
Ааяа доктор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ