"Талийгаач буудуулаад сөхөрч унахад хамт явсан хүмүүс нь машинтайгаа зугтсан"

-Б.ЭРДЭНЭСҮХ "ЧАМАЙГ АМЬД ҮЛДЭЭЛЭЭ. БУСДЫГ ЧИНЬ ХҮЙС ТЭМТЭРЧИХЭЭД ИРЭЭД, ЧАМАЙГ АЛНА АА" ГЭЖ ХЭЛЭЭД ЯВААД ӨГСӨН ЮМ БИЛЭЭ-
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм багийн нутаг дэвсгэрт Сум дундын шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээр очсон В.Сүхбат болон иргэн Д.Батсайханыг буудан амь насыг нь зэрлэгээр хөнөөсөн малчны талаар манай сонин өмнө нь дэлгэрэнгүй мэдээлж байсан, Ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан В.Сүхбатын хадам эгч А.Нямсүрэнтэй ярилцлаа.
-Хэцүү байгаа үед тань та нараас ярилцлага авъя гэж хандсанд уучлаарай. Та нарыг саяхан хэргийн газар очоод ирсэн гэж сонслоо?
-Энэ талаарх мэдээллийг өнгөрсөн ням гаригийн орой 22.00 цагийн үед сонссон. Талийгаачийн аав нь даваа гаригийн 10 цагт ирээд бид Улаанбаатараас хэрэгтэй зарим зүйл базаагаад 13.00 цагийн үед Сүхбаатар аймаг руу хөдөлсөн. Шөнө аймгийн төвд очсон. Тэр үед Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан биднийг хүлээж авч талийгаачийн амьдарч байсан байшинд хүргэж өгсөн. Тэр байшин нь хүйтэн хүн амьдрахын эцэсгүй юм билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхны ярьж буйгаар энэ жил тэр байшинг нь төвийн халаалтад холбоно гэж байгаад холбож чадаагүй гэсэн. Тэгээд хэрэг болсон газар маргааш нь очсон. Биднийг хүлээж авсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлагч гэх залуу бидэнд тайлбар хийсэн. Эндээс бид бүдэг бадаг мэдээлэлтэй явсан. Хэрэг болсон газар аймгаасаа 70 орчим км зайтай сумаасаа 20 орчим км хол юм байна лээ.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь яг хэдэн цагийн үед болсон байдаг юм бол?
-Өглөө 10.00 цагийн үед Мөнххаан сум руу явсан юм билээ. Хоёр шийдвэр гүйцэтгэгч, талийгаачийн амийг хөнөөсөн Б.Эрдэнэсүхийн эхнэр хоёр хүүхдийн хамт. Мөн эхнэр Д.Отгонзаяагийнх нь талын гурван залуу хүүхдийн тэтгэлэг болох 88 толгой малыг гаргуулахаар явсан гэдэг тайлбарыг бидэнд тус албаныхан нь өгсөн. Б.Эрдэнэсүх тэднийг очиход "Би эхнэрээсээ салж байгаа нь үнэн юм чинь, өглөг авлагаа барагдуулна" гэсэн гэж байгаа юм. Үүнээс нь харвал хүүхдийн тэтгэлэг болох мал өгөх сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан. Ямар ч хэрэг үйлдэх сэдэл тэр хүний гадаад төрхөөс илрээгүй гэсэн. Б.Эрдэнэсүх үхэр, адуу нийлсэн 20 гаруй мал шийдвэр гүйцэтгэгч нарт өгөөд гарынхаа үсгийг зурсан аж. Жижиг мал хойно аавын гэрт бий гэж хэлсэн гэнэ. Аавынх нь гэр тэднийхээс арав гаруй км-ын зайд байдаг. Мөнххааны айлууд их таруу өвөлждөг юм билээ. Тэгээд Б.Эрдэнэсүхийг дагаад аавынхаас нь мал авахаар Д.Отгонзаяагийн талаас ирсэн хоёр хүн малыг нь туулцах гээд дагаад явсан гэсэн. Тэд яваад нэлээн хугацаа өнгөрсөн. Ирэхгүй болохоор нь үлдсэн "фургон" маркийн машинтай хүмүүс аавынх нь гэр рүү явсан байгаа юм. Б.Эрдэнэсүхийн ээж нь гэртээ байж таарчээ. Тэднийг ирсэн эсэхийг ээжээс нь асуухад "ирээгүй" гэсэн аж. 30 орчим минут хүлээж байгаад ээжийг нь машиндаа суулгаад буцаад Б.Эрдэнэсүхийн гэрт иржээ. Тэднийг буцаад ирэхэд хотонд нь байсан том оврын машин байхгүй, нэг л эл хуль байсан гэнэ. Хамт явсан ахлах шийдвэр гүйцэтгэгч нь "За хүн байна уу хараад ир" гэсэн байгаа юм. Тэгэхээр нь манай талийгаач гурван залгаа гэрийн сүүлчийнх нь хаалгыг шагайгаад эргэж харахад нь буудсан юм билээ. 10 орчим метрийн зайнаас буудсан гэж тэндхийн хүмүүс ярьж байсан. Тэгж буудахад нь талийгаач өвдөлт мэдэрсэн бололтой. Сөхөрч суугаад цээжээ хоёр гараараа дарсан байдаг. Зүрхэнд нь хэрэв оносон бол хүн шууд ухаан алдаад унадаг гэсэн. Гэтэл талийгаач өвдөлт мэдрээд хоёр гараараа цээжээ дараад унасан байсан. Хамт явж байсан ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Ц.Аваасүрэн талийгаачийг сөхөрч суухыг харсан байдаг. Энэ үеэр машинд байсан Б.Эрдэнэсүхийн ээж гарч ирээд хүүгийнхээ бууг авах гээд 3-4 минут ноцолдсон юм билээ, Ээж нь бууг нь булаагаад гэрийнх нь хаал-гаар шидсэн аж. Гэтэл Б.Эрдэнэсүх морио унаад зугтжээ.
-Талийгаачийг буудуулчихаад байхад хамт явсан хүмүүс нь туслаагүйгээр барахгүй ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Ц.Аваасүрэн ч очоогүй явсан гэж дуулсан. Энэ үнэн үү?
-Ээж нь хүүгээсээ бууг нь булааж байхад хэн нь ч машинаасаа бууж туслаагүй. Бууг нь аваад гэрийнх нь хаалгаар шидэж байхыг харсан мөртлөө машинд сууж явсан хүмүүс машинаа асаагаад хэргийн газраас зугтсан гэсэн. Эх хүн хүүгийнхээ бууг авах гээд ноцолдож байгаад авчихаад байхад дүүг маань ядаж амьд байна уу гээд үзээгүйд нь бид маш их харамсаж байгаа.
-Хамт явсан шийдвэр гүйцэтгэгч болон эхнэр нь түүний талын хүмүүс цочирдоод хэргийн газраас зугтсан байлаа гэхэд ядаж буцаж очоогүй юу?
-Буцаж очоогүй. Үүнд маш их гомдолтой байгаа. Цагдаа болон эмнэлгийн тусламж маш орой очсон байсан. Үйл явдал 16.00 цагийн үед болсон. Хэрэг явдал гараад хэтэрхий их цаг алдсан болохоор дүү минь амиа алдсан. Дүүгий минь унасан чигээр нь гадаа тэр чигээр нь хонуулсан байна лээ. Хүн амиа алдаж байхад тэр хүмүүс ядаж очоод эцсийнх нь хэлэх үгийг сонсоогүй явсан байгаа юм.
-Үхлийн шалтгаан нь юу гэж гарсан бэ?
-Хараахан шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр үхлийн шарх аваад өнгөрч үү, цус алдсанаас болсон уу гэдэг нь тодорхой болох байх. Талийгаач буудуулаад яаж унасан тэр л хэвээрээ хөшсөн байсныг аав, ах нар нь хараад "хайрцаганд нь эвлэж л хийх нь дээ" гэж байсан.
-Эхнэрийнхээ талын хоёр залууг Б.Эрдэнэсүх авч явсан гэдэг. Тэд юу болсон гэж байх юм?
-Б.Эрдэнэсүх тэр хоёр хүнийг авч явахдаа гэмт хэргийн сэдэлтэй л байсан юм шиг байна лээ. Хээр тэр буугаа нуусан юм уу яасан юм. Эхнэрийнхээ талын хоёр хүнийг авч явчихаад нэгийг нь буудаад нөгөөг нь шархдуулаад "Чамайг амьд үлдээлээ. Бусдыг чинь хүйс тэмтэрчихээд ирээд, чамайг ална аа" гэж хэлээд яваад өгсөн юм билээ.
-Шархдаад эмнэлэгт хүргүүлсэн хүн үү?
-Тийм, тэр хүн шархадсан газраасаа зугтаж ирээд холбогдох байгууллагуудад мэдээ хүргэсэн гэж ойлгосон.
-Малаа огт өгөхгүй гэж хэлээгүй мөртлөө яагаад тэдний амийг хөнөөх болов. Хуучин эхнэрийнхээ талын хүмүүстэй маргасан юм болов уу. Б.Эрдэнэсүхийн бусдын амийг хороох сэдэл нь юу байсан юм бол?
-Тэр хүн ер нь их дотогшоо, дотуур тамиртай хүн гэж нутгийнхан нь ярьж байсан. Би бол тэр Б.Эрдэнэсүх гэж хүн ямархуу хүн гэдгийг мэдэхгүй. Нутгийнхан нь л тэгж хэлж байсан.
-Зарим хэвлэл дээр В.Сүхбатыг архи уусан гэх мэтээр мэдээлсэн харагдсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн мэдээлэл гарсан гэж сонссон. Манай талийгаач Цагдаагийн академи төгссөн. Тэнд суралцаж байхдаа хүнд хэлбэрээр шарласан. Архи, тамхи огт хэрэглэдэггүй. Манай хүргэн болоод найман жил болж байхад бид нэг удаа согтуу явж байсныг нь хараагүй. Хүний уй гашуугаар яагаад хүмүүс ингэж тоглож, тохуурхаж байгааг ойлгохгүй байна.
-Цагдаагийн академи төгсөөд Сүхбаатар аймагт очиж ажилласан юм уу?
-Үгүй, төгссөнийхөө дараа Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажилласан. Бид дургүйцдэг байсан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хийнэ гэдэг амаргүй, боль. Шүүхийн шийдвэр гүйцэтгээд ядаж л айлд очоод зурагтыг нь аваад гарна. Тэр болгон хүн ав гээд өгөхгүй. Сайхан ажил биш гэж олон ч удаа хэлсэн. Тэгсэн овоо ойлгосон юм болов уу нэг хэсэг наймаа хийсэн. Ашгүй энэ ажлаасаа хөндийрлөө гэж бодож байтал хэсэг хугацааны дараа "Ганц худаг"-т хэдэн сар ажиллаж байгаа гэж байсан. Дараа нь шалгалт шүүлгийг нь өгөөд Сүхбаатар аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд орчихсон байсан. Дүү маань ажилдаа дэндүү дуртай. Сэтгэл сайхантай, хүнд тусархуу, хөнгөн шингэн, ямар ч ажлыг шургуу хийдэг. Ямар сайндаа бид гадуур хөөцөлдөх ажлаа түүнд даатгадаг. Тэр дор нь л бүтээгээд ирдэг "одтой" нэгэн байсан. Хэрэг гардаг өдрийнхөө шөнө хамт ажилладаг хүнийхээ эхнэр хүүхдийг хотод авчирч өгсөн байгаа юм. Тэгээд буцаж явахдаа эхнэр рүүгээ яриад "Би очих уу" гэсэн аж. Эхнэр нь "Ажил ихтэй байж хол зам туулаад ядарчихна. Яах юм, маргааш ажилтай биз дээ" гэсэн байгаа юм. Тэгээд л шөнөжин давхисаар аймагтаа ирээд маргааш өглөө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэхээр Мөнххаан явсан нь энэ. Энэ ажлыг амжуулчихаад Дархан руу явах гэж байсан юм билээ.
-Дархан руу ямар ажлаар явах гэж байсан юм?
-Эхнэр хоёр хүүхэд нь Дарханд байдаг. Сүхбаатар аймгийнх нь байр хэцүү. Хүн амьдрахын аргагүй. Зун тэд хамтдаа амьдрах гээд үзсэн. Хоёр хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулсан. Даанч болоогүй, тэгээд эхнэр хүүхэд нь тусдаа амьдрах болж Дарханд ирж эгчийнхээ байранд амьдарч байсан юм.
Талийгаач тав дахь өдрийн орой гараад шөнөжин явсаар Дарханд ирж эхнэр хүүхдийнхээ дэргэд нэг хоночихоод буцаад л явдаг байсан байгаа юм. Хэрэв тэр хэрэг гараагүй бол талийгаач маань маргааш нь төрсөн өдрөө тэмдэглэхээр Дархан явах гэж байсан юм. Яг 31 нас хүрэх гэж байсан." Хүүхдүүд нь аав ирнэ. Төрсөн өдрийг нь тэмдэглэнэ" гээд хүлээж байсан.
-Сүхбаатар аймагт ажиллаад хэр удсан юм бэ?
-Тав зургаан сар л болж байсан.
-Талийгаачийн гэр бүлийнхэн бүгдээрээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байсан гэж сонссон. Энэ үнэн үү?
-Аав нь Дарьтын хориход насаараа ажилласан Ваанчиг гэж хүн бий. Ах нь Тахир Соёотын орлогч дарга хийдэг. Эгч нь ч мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч. Гэр бүлээрээ л энэ байгууллагын төлөө зүтгэж яваа хүмүүс. Аав нь хүүгээ өнгөрснийг сонссоод "Миний хүү төрийн албаа хашиж яваад амиа алдлаа. Гэхдээ хүүгийн минь дэргэд явсан хамт ажилладаг ахлах шийдвэр гүйцэтгэгч хамтран зүтгэгчийнхээ сүүлийн үгийг сонсоод ядаж гарыг нь янзалаад тавьчихгүй дээ гэж их харамсаж байгаа. Тэр хүнийг зугтсанд их бухимдсан.
-Ядаж хамгаалалтын хувцас өмссөн бол ийм зүйл болохгүй л байсан байх?
-Мэдээж хүнээ алдсан юм чинь бид олон зүйлд харамсаж байна. Зүгээр малчин хүн л буудчихаж байна. Энэ удаа бид хайран сайхан дүүгээ алдлаа. Дүүгээр минь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд зүтгэж буй залуус дуусахгүй. Цаашдаа энэ хүмүүсийг тодорхой хэмжээний багаж хэрэгслээр хангаасай гэж бодож байна. Миний дүү шиг олон залуус ийм ажлыг хийж байна. Тэдний аюулгүй байдлыг хангаасай, үүнд төр засгийнхан анхаараасай. Тэр өдөр дүү минь ядаж сум нэвтрэхгүй хантааз өмсөөд явсан бол гээд л их л зүйл бодогдож байна. Аливаа зүйлийг өнгөрсний дараа нь бус эрт ухаарч анхаараасай гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарын өмнөөс хүсч байна.
Г.ЯЛГУУН

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ