Сэтгэл дотроо гүйх нь бүү хэл нисч явдаг юм

Манай улсад уул уурхайн салбар түлхүү хөгжиж буйгаас үүдэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо нэмэгдэх болжээ. Иймд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмээс тавих анхаарал, халамжийг нэмэгдүүлэх асуудал чухал байна. Үндэсний статистикийн хорооны 2011 оны судалгаанд манай улсад 86865 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэсэн тоо баримт дурдсан байдаг. Гэвч статистик мэдээлэл хангалтгүй, албаны тоо баримтууд нь хоорондоо зөрдөг гэнэ. Өдгөө манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэтгэмжээс өөр тус дэм авдаггүй, ар гэрийнхнийхээ хүч, хөдөлмөрөөр амьдардаг гэхэд болно.

Ер нь монгол улс нилээн олон эрхзүйн баримт бичигт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар тусган өгсөн байдаг нь сайшаалтай ч хуулийн заалтуудаас зарим нь хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй, зөвхөн тунхагийн шинжтэй байдаг бол эрхийн талаар зохицуулсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хариуцлагын механизм сул, хууль хэрэгжүүлэх эрмэлзэл төрийн зүгээс шаардлагын төвшинд хүрдэггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар эрхзүйн орчин бүрдэж зарим нэг алхам хийгдэж байна хэмээн төр засгаас үе үе мэдээлэл хийхээс өөр зүйл бодит байдалд ажиглагдаггүй, ХБХ–ийн эрхийг хамгаалах талаар мэдрэгдэм өөрчлөлт гарахгүй байсаар л байна.

Монгол улсын хууль тогтоомжид хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эрх бүхий этгээд гэх хандлагын үүднээс биш тусламж, халамж, өглөг хүртэгчид гэсэн хандлагын үүднээс ихэнх нь хандан үзсэн байдаг. Энэ хандлагыг хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж нэрлэсэнээс нь харж болохоор байна.

Хөгжлийн бэрхшээлтэй, сонсголгүй, дүлий гээд нийгэмд анзаарагдахгүй орхихдсон аниргүй ертөнцийнхөн. Тэд биднээс юугаараа ялгаатай вэ, авиагаар биш дохиогоор ярилцдаг л болохоос тэдний бидний нэг адил хүн. Дэлхий нийт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг харах хандлага, үзэх үзэл өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл эвий минь, халаг минь, зүгээр сууж бай, чи ажил хийж чадахгүй, болохгүй гэдгээ больж, харин үүний оронд чамд ямар боломж байна, чи юу хийж чадах вэ, ямар байдлаар хамтрах вэ. гэсэн гарц руу анхаарал хандуулах хэрэгтэй болж. Дээхнэ үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тахир дутуу хэмээн эвгүйгээр нэрлэдэг байсан. Одоо ийм үгийг хэрэглэхээ больсон ч зарим хүн тахир дутуу иргэн гэж ярьсаар л байгаа. Нэрлэж буй нэр томьёоноосоо эхлээд анхаарч баймаар.

Цөөхөн хэдэн байгууллага гадна хаалгандаа тэргэнцэртэй хүн зорчих ямар ч боломжгүй, эгц босоо шахам хийсэн налуу замыг эс тооцвол орчны хүртээмжийг бүрдүүлэх талаар монгол улсад хийсэн зүйл үгүй. Өнөөдөр барилгын дотор, хотын гудамж талбайд хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчих боломжгүй байна. Хотын гудамж талбайд хашлага, шат, нүх элбэг тохиолддог. Монголын тэргэнцэртэй иргэд, хараагүйчүүд гадуур явах боломжгүй учир олон нийт тэднийг гэртээ л сууж байх ёстой гэсэн тогтсон ойлголттой, үүнийг нь төр засаг нь дэмжиж байгаа мэт энэ чиглэлд ямар ч ажил хийдэггүй. Төрийн албан хаагчид ч мөн тэд гэртээ л сууж байх ёстой гэсэн хандлагаасаа салж чадаагүй нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн амьдралд бүр эндүүрэн оролцох эрхийг хаасаар байна.

Мэдээллийн хүртээмжийн талаар одоогоор монголын төр засагт ямар чойлголт байхгүй мэт огт дуугарахгүй, бараг ажил хийхгүй байна. Дохионы хэлний нэг ном гарсан, хааяа Үндэсний телевизийн мэдээ дохионы орчуулгатай явагддаг, хараагүйчүүдэд зориулан англи хэлний ярьдаг толь боловсруулан гаргасныг эс тооцвол хийсэн зүйл үгүй. Брайль үсгийн ном, ярьдаг ном, дохионы хэлний талаар хуульчлах, стандартчилах, түүнийг хэрэглэх тухай заавар, дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна.

Одоо хараагүй хүүхдүүд ч гэсэн жирийн сургуульд сурдаг болсон. Тархины саажилттай хүүхдүүд сураад одоо докторын зэрэг хамгаалаад явж байгаа нь хамгийн сайн жишээ. Спортод хүртэл гарж байна. Параолимпоос алтан медаль авч, юу чаддагаа харуулсаар л байгаа нь үнэхээр бахархмаар. Хараагүй, сонсголын бэрхшээлтэй ч компани байгуулж, өөрийгөө дэлхийд таниулсан хүмүүс зөндөө бий. Харин манайхны зарим нь хөгжлийн бэрхшээлтэй боллоо, 60 хувийн чадвараа алдлаа гээд өөрийгөө юу ч хийж чадахгүй гэж ойлгочихдог. Гэтэл цаана нь 40 хувийн сэргээлт, чадвар байгааг анхаардаггүй. Эцэг эх, гэр бүлийнх нь бас адилхан.

Нэг жишээ хэлэхэд биднийг хөдөө орон нутгаар явж байхад нэг цэцэрлэгийн багш доголж явдаг хүүхдийг шууд хөдөлгөөний бэрхшээлтэй учраас энгийн хүүхдүүдийн цэцэрлэгт явж болохгүй гэж хэлсэн байсан. Эцэг эх нь хүртэл миний хүүхэд харахад л ийм бэрхшээлтэй байгаа юм чинь энгийн хүүхдүүдтэй байж чадахгүй гээд цэцэрлэгээс нь гаргачихаж. Энэ байдлаас үзэхэд тэр багшид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй харьцах, сургах арга зүй дутмаг, мэдлэг хомс гэдэг нь харагдсан. Уг нь хүнийг сурч боловсрох эрхийг хасах ньбагш, хэн нэг эмчийн хийх ажил биш. Тэрийг шүүгч л хийх эрхтэй ш дээ.Нэгэн тэргэнцэртэй охин“Би хэдий тэргэнцэр дээр суудаг ч гэсэн сэтгэл дотроо гүйх нь бүү хэл нисч явдым шдээ, эгч ээ” гээд уйлж байсныг би телевизээр үзэж байснаа тод санаж байна.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ