Өмнөд Африкийн эцэг Нелсон Мандела таалал төгслөө

Өмнөд Африкийн түүхэн хамгийн нэр нөлөөтэй байсан ерөнхийлөгч агсан Нелсон Мандела таалал төгслөө. Нэн харамсалтай энэ мэдээг өнөө өглөө тус улсын ерөнхийлөгч Жекоб Зума ард иргэддээ мэдэгдсэн юм.
Нелсон Мандела ийнхүү 95 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа юм. Өнгөрсөн жилээс хойш уушигны хүнд өвчинтэйгөө тэмцсээр өнөөдрийг хүрсэн юм. Сүүлийн гурван сарын турш эрчимт эмчилгээ хийлгэж байсан ч тусыг эс олон амар амгалангийн оронд залрав.
Тэрээр Өмнөд Африкийн хамгийн анхны хар арьст ерөнхийлөгч байсан билээ. “Түүний үндэстнийхээ төлөө хийж бүтээсэн, зүрх зориг гаргасан олон олон зүйлийн хэзээ ч мартахын учиргүй. Бид үндэстнийхээ хамгийн агуу хүүг алдлаа” хэмээн ерөнхийлөгч Зума хэлэв. Үндэстнийхээ бэлэг тэмдэг болгосон нэр хүндтэй эрхэмээ алдлсан тул улс орон даяар гашуудал зарлаж, төрийн далбаагаа буулгалаа.
Нелсон Манделагийн оршуулах ёслол ирэх бямба гаригт болно хэмээн эх сурвалжид тэмдэглэсэн байна. Тэр хүртэл түүний цогцсыг Перэториа дахь сүмд хадгалах гэнэ.
Хар арь стнуудыг адгууснаас дорд үзэж байсан расистуудын төлөө хүчтэй тэмцсэнийхээ төлөө тэрээр 27 жилийн турш шоронд хоригдсон. Хэдийгээр эрхээ хасуулсан ч гэсэн хүний эрхий төлөө дуу хоолой болж чадсаар байсан юм. Харин урт хугацааны ялаас чөлөөлөгдсөний дараа 1994 онд улсынхаа ерөнхийлөгчөөр сонгогдсон. Ерөнхийлөгчийн албыг хашиж байх хугацаандаа үндэстнийхээ эрх ашгийн төлөө маш олон зүйлсийг хийж чадсан юм. 1999 онд ерөнхийлөгчийн албанаас буусан ч гэсэн улс төрийн оролцоо болон нийгмийн асуудалд анхаарсаар байсан. Тэдгээр ажлуудын нэг бол яах аргагүй Өмнөд Африкт ХДХВ/ДОХ-ынэсрэг хамгийн хүчтэй дуу хоолой болж, улмаар дэлхий дахиныг уриалж чадсан билээ.
Нобелийн энх тайвны шагналтан Нелсон Мандела зөвхөн улс төрийн нөлөө бүхий нэгэн байсангүй. Тэрээр нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг байсан бөгөөд хүүхдийн боловсролын төлөө нэлээд доривтой зүйлсийг хийж чадсанаараа Өмнөд Африкийн хүүхдүүд түүнийг “Мадиба аав” хэмээн нэрлэснээс илэрхий.
2004 онд Мандела тэтгэвэртээ гарсанаар олны өмнө гарах нь багассан. Харин 2010 онд дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Өмнөд Африкт зохиох эрх авахад томоохон нөлөөтэй ажилласан юм.Түүнээс хойш биеийн байдал нь үе үехэн муудаж эмнэлгийн хяналтад байх болсон. Тэрээр уушигны архаг өвчтэй байсан. 27 жилийн турш шоронд хоригдохдоо тэрээр уушигны сүрьегээр өвчилж байсан нь хожмын архаг хууч өвчин нь болсон юм.
Нельсон Манделагийн таалал төгссөн гэсэн гунигт мэдээг сонссон улс орны төрийн тэргүүнүүд эмгэнэл илэрхийлж байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ