Тагнуулч Ц.Өлзий ба Баргыг Монгол Улсад нэгтгэх бодлого

“Бүдүүн” хэмээх Цэрэнгийн Өлзий нь 1880 онд төрсөн. Барга, Улаанбаатар хотын харъяат. Ардын засгийн үед их бууны хорооны дарга, Ховд хязгаарын сайд, Цэргийн яаманд тасгийн дарга, Хужиртын халуун усны барилгын эрхлэгч зэрэг ажлуудыг гүйцэтгэж явсан. 1937 онд ДЯЯ-нд П.Гэндэн, Г.Дэмид нарын хамт эсэргүү хэргээр баривч­лагдан ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж, БНМАУ-ын Дээд шүүхийн 1989 оны бүгд хурлын 4 дүгээр тогтоолоор цагаатгагдсан. Цэргийн гавьяаны одон, Автономит Монгол Улсын үед улаан жинсээр шагнагдаж байсан.

Монгол Улсад 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялснаар Богд хаант Монгол Улсыг байгуулж, бүх Монгол нэгэн улс байгуулах тухай бичгийг үйлдэн Альшаа, Өвөрмонгол, Барга гэх мэтчилэн олон монголчуудад хүргүүлжээ. Баргууд дээр дурдсан Богд хаант Монгол Улсаас бүх Монгол нэгдэн нэгэн улс болох тухай бичгийг хүлээн аваад “Хөлөнбуйрын өөлд бүлгийн дарга Шэн-Фү тэргүүтэй ноёд 1912 оны эхээр хуралдаж, Их хүрээнд байгуулсан Монгол Улсын Засгийн газрыг зөвшөөрөн хүлээж, дагахаа илэрхийлэн төлөө­лөгчөөр Солон хошууны бүгдийн дарга Цэндийг явуулахаар тогтсон ажээ. Үүнээс гадна Баргын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний зарим удирдагчид тухайлбал, сумын занги Ж.Дамдинсүрэн, бичээч Гайхасу нарын долоон хүн баргуудыг төлөөлөн Нийслэл хүрээнд хүрэлцэн ирсний дотор Ц.Өлзий багтаж байжээ. Ц.Өлзий нь 1915 оны Хиагтын гурван улсын гэрээний дараагаар Монгол Улсад Манлай вангийн хамт үлдэж, бүх Монголыг нэгэн улс болгохын төлөө зүтгэх болжээ.

1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал ялсны дараагаар Ардын Засгийн газарт нэн түрүүнд Өвөрмонгол, Барга дахь улс төрийн нөхцөл байдлыг судлах, Өвөрмонгол, Баргаас Монгол Улсад нэгдэх санаа зорилго бүхий хүмүүстэй харилцаа тогтоох шаардлага тулгараад байв. Баргын эрх баригчидтай холбоо тогтоохын тулд Ардын Засгийн газраас Нийслэл хүрээн дэх баргуудыг нэлээд ашиглаж байжээ. Барга дахь улс төрийн нөхцөл байдлыг мэдэх, харилцаа холбоо тогтоохоор нууцаар явагс­дын ихэнх нь “Харилцан туслалцах хоршоо”-ны худалдаачны халхавчийг хэрэглэж байсан төдийгүй Баргад үлдсэн хамаатан садантайгаа уулзах нэрийдлээр явж байжээ.

Ц.Өлзий мэдүүлэгтээ “…1921 онд жанжин Д.Сүхбаатарын тушаалаар Манжуурт нэг удаа тагнуулын ажлаар явсан … төдийгүй … Өлзийт миний биеийг удаа дараа гадаадад явахад жанжин өөрийн биеэр уулзаж, явах ажлын тухай заавар өгдөг. Би явж ирээд өөрийн хийж гүйцэтгэсэн ажлаа жанжин болон бусад эрх баригчдад биеэр уулзаж илтгэл өгдөг байсан” хэмээн мэдүүлжээ. Тэрбээр Шинэ Баргын бүгдийн дарга /Үгэрида/ Б.Эрхэмбатын хамт Ардын хувьсгалын дараа жанжин Д.Сүхбаатараас 500 винтов буу авч Баргад хүргэж өгөхөөр явсан ч нөхцөл шалтгаан бүрдээгүйгээс уг зорилгодоо хүрч чадалгүй буу зэвсгээ эргүүлэн өгсөн бөгөөд тэнд “Дотоод Монголын залуучуудын нам”-ыг таван үүртэйгээр байгуулжээ. Улмаар Ардын Засгийн газраас Баргын нөлөө бүхий ноёдтой харилцаа тогтоож чадсаны үр дүнд 1923 онд Бүх цэргийн жанжин С.Данзан нарын хүмүүс Баргын ноёдуудтай “Барга ба Халх Монгол хоёр завсартай харилцаж байх тухай” гэрээ байгуулж, дээр дурдсан нам нь 1925 оны нэгдүгээр сард Дорнод хязгаарын Ардын хувьсгалт нам болон өргөжин бэхжиж, МАХН-ын салбар байгууллага хэмээн үйл ажиллагаа явуулах болжээ.

“Дорнод хязгаарын ардын нам”-ын Анхдугаар их хурал 1925 оны нэгдүгээр сарын 13-нд хуралдаж, долоон зүйлт тогтоол гаргасны дотор “… орлогч тэргүүлэгч Эрхэмбатын хамт … Монгол Улсын цэргийн тусгай ангийн нэгдүгээр бууны дарга бөгөөд Хөлөнбуйрын Шинэ Баргын зүүн гарын бүгдийн дарга туслагч Ц.Өлзийг тусгай төлөөлөгч болон сонгож, аливаа хэрэгт хүчин хавсруулан шийтгүүлэхээр” Улаанбаатарт суулгажээ. Энэ нь 1924 онд хуралдсан Улсын Анхдугаар их хурлын дөрөвдүгээр тогтоолд “Дундад улсын олон түмэн ард лугаа холбоо найрамдал байгуулахыг хичээх ба бүх монгол угсаатанд эрх чөлөө олгох их хэргийг эрхбиш цаг тухайн байдалд нийлүүлэн улам улмаар оролдон гүйцэтгэсүгэй” хэмээснийг баримталж байв. Монголын Засгийн газрын зүгээс Баргад эрх чөлөөний хөдөлгөөнийг эхлүүлж, улмаар нэгтгэн авах, уг хөдөлгөөнөөр дамжуулан Өвөрмонголын хувьсгалт хөдөлгөөнтэй холбоо тогтоохыг хичээж байв.

Зөвлөлт ба Коминтернээс энэ үйл явцыг дэмжин туслалцаа үзүүлж байсан нь Баргыг Зөвлөлт өөртөө нэгтгэх гэсэн геополитикийн бодлоготой холбоотой байв. Зөвлөлтийн зүгээс “… Дотоод Монголын Ардын Хувьсгалт Намын /ДМАХН/ Төв Хороонд сууж байсан Коминтерны төлөөлөгч Степанов ДМАХН-ын тэргүүлэгчидтэй Монгол Улсын хил Цогтсүмбэр гэдэг газар хуралдаж, Степановоос Баргын хувьсгалд 1000 винтов, арван түмэн сум хорь хоногийн дотор хоёр замаар тусална…” хэмээн уг хурлаас даруй хөдөлгөөн гаргах тухай тогтоолыг гаргуулж, Баргын тавин залууг сонгон авч Коминтерны шугамаар түргэв­чилсэн сургалтад хамруулсан байна. Хятадын зүүн хойд мужийн захирагч Жан Золин алагдаж, Барга, Өвөрмонголд Хятадын захиргаа суларсан нь Япон Улсын зүгээс явуулж байсан ажиллагаатай холбоотой байж болзошгүй юм. Яг энэ үед буюу 1928 онд Баргын Ардын хувьсгалт нам Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Мэрсээгийн удирдлагаар Хятад Улсын зэвсэгт бослого гарчээ. Гэтэл ЗХУ-ын Засгийн газар Баргад хувьсгалт хөдөлгөөн гаргахыг дэмжин ажиллаж байснаа гэнэт уг хөдөлгөөнийг хориглон зогсоохыг Монгол Улсын Засгийн газар, МАХН, ДМАХН-ын Төв Хороонд шаардах болсон нь Зөвлөлт-Японы хоорондын улс төрийн харилцаанаас шалтгаалсан байж болзошгүй юм. Мөн Барга, Өвөрмонголын хувьсгалчдын түшиг болж байсан МАХН-ын Төв Хорооны дарга Ц.Дамбадорж болон А.Амар, Н.Жадамба, Ц.Гэлэгсэнгэ нарыг баруунтан хэмээн нам, төрийн эрхнээс холдуулсан нь Монгол Улсын Засгийн газрын зүгээс Япон Улсын цэргийн атташег Монголд суулгахаар хэлэлцэн тохиролцсон байжээ.

ЗХУ-ын зүгээс явуулсан бодлогын улмаас Мэрсээгийн бослого хөдөлгөөн мухардалд орж, Хятадын цэргийн эрхтэн Жан Сюэлян болон түүнийг ивээн тэтгэгч Японы төлөөлөгч Таридатай хэлэлцээр хийж, Баргад автономит эрх олж авах цорын ганц замыг сонгон авчээ. Мэрсээгийн удирдлагаар гарсан Барга дахь хөдөлгөөнд оролцуулах халхавчаар Цэргийн яамнаас Ц.Өлзийг тагнуулаар томилон явуулсан байдаг. Түүний мэдүүлэгт “… Миний бие хил нэвтрэн орж Баргын Жанжин сүм дээр очиж Пуминтайтай уулзаж ирсэн. Ийнхүү явахдаа Мэрсээ, Эрхэмбат нарыг Японд урваж буй байдлыг мэдэж ирсэн…” хэмээн тэмдэглэжээ. Баргыг Монголд нэгтгэх бодлого нь Богд хаант Монгол Улсаас улбаалан Ардын Засгийн үед ч явагдаж ирсэн юм. Энэхүү үйл хэрэгт барга гаралтай Ц.Өлзий ихээхэн зүтгэл гаргасан төдийгүй Барга, Монголын улс төрийн харилцааны тал дээр чухал хүний нэг байв.

Япон Улсын цэрэг 1931 оны есдүгээр сарын 18-нд Мүгдэн хотыг довтолж, 1932 оны нэгдүгээр сарын 03-нд Манжуурыг эзэлснээр Хөлөнбуйрын нутаг болон баргууд нь Япон Улсын харъяалалд багтсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэгчдээс явуулж буй бодлого ЗХУ-ын үйл ажиллагаатай зөрчилдөх болжээ. Япон, Манжийн зүгээс хийх өдөөн хатгалгын цар хүрээ 1935 он гарсаар улам өргөжиж, Халхын сүм орчмоор 1935 оны нэгдүгээр сарын 26-нд Япон, Манжийн цэргүүд довтлон эзлэн авсанаар БНМАУ, Манжго улсын хоо­рондын харилцаа хурцадмал байдалд хүрээд байв.

Энэхүү үйл явдалтай холбогдуулж Монгол Улсын Засгийн газраас нэгэн арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Энэ нь Монгол Улс, Япон Улстай байлдах хүчин чадалгүй буурай улс бөгөөд ЗХУ-аас манайд туслана гэх боловч жинхэнэ Японыг довтлох үед туслах эсэхийг мэдэхийн аргагүй. Тиймийн тулд урьдаас бэлтгэлээ сайн хийж, Япон­той байлдахгүйгээр найрамдаж хоёр улсын төлөөлөгч солилцон суулгах арга бодохгүй бол эцэстээ манай улсад туйлын аюултай байдал тохиолдож магадгүй хэмээн Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргаж, Монгол, Манжго Улсын хэлэл­цээрийн зэрэгцээгээр Японтой нууцаар харилцан өөрийн засгийн жинхэнэ бодлогоо мэдэг­дэх хэрэгтэй болсон тул хилийн чанадад нууц ажил­танг явуулах болжээ. Энэхүү нууц ажилтан нь барга гаралтай, олноо “Бүдүүн” хэмээн алдаршсан тагнуулч Ц.Өлзий байжээ.

Ц.Өлзийн мэдүүлэгт “1935 оны нэгдүгээр сард түүнийг Цэргийн ерөнхий сургуульд хэлмэрчийн ажилтай байхад Цэргийн яамны гуравдугаар газ­рын дарга Очирбат дуудан ирүүлж, “… Өлзий, та сур­гагчийн зааварласан ёсоор Замын-Үүдээр хил нэвтэрч Утай, Бээжингээр дамжин Хайлаар, Манжуур хүрч Баргын Эрхэмбат, хошуу туслагч Чулуун /Галдаа/ нартай биеэр уулзах хэрэгтэй…” хэмээн мэдэгдээд Ерөнхий сайд П.Гэндэнтэй биечлэн уулзуулахаар болжээ. Ц.Өлзий 1937 оны наймдугаар сард өгсөн хоёр дахь удаагийн мэдүү­лэгтээ “… Гэндэнгийн гэрт нь очиход … энэ бичгийг баргын Чулуун, Эрхэмбат нарт өгөөд тухайн хариуг авч ирэх хэрэгтэй гээд нэгэн орос дугтуйтай захидал бичгийг авч өгсөн…” хэмээжээ. Тагнуулын үйл ажиллагааны логикоор бол Ц.Өлзий тагнуулаар явахдаа Ерөнхий сайдтай уулзсан байж таарахгүй юм. Харин П.Гэндэн, Г.Дэмид нарын хэрэг гэгчийн холбоосыг үүсгэх үүднээс мэдүүлэгт нэр заан зориуд нэмэн оруулсан байж болзошгүй юм. Үүнээс гадна 1934 онд Баргын Чулуунтай холбоо бариулахаар явуулсан бололтой.

Тэрээр мэдүүлэхдээ, “…Өлзий би, өөрийн Засгийн газраас тусгай даалгавартай ирлээ гэхэд … Чулуун танаар ирүүлсэн бичиг бий юу гэсэн. Өлзий би, хил дээр баригдаж бичиг баримт надаас илрэх бол төрийн талаар аюултай болох учир тусгайлан бичиг захидал авч гараагүй…” хэмээн мэдүүлжээ. Улмаар Чулуун Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн явааг нотлох бичиг хэрэгтэй хэмээн зөвлөсний үндсэн дээр 1935 онд захидал үйлдүүлэн хүргэж очсон байж болзошгүй байна. Ц.Өлзий нь 1935 онд Ерөнхий сайдаас өгсөн нууц захидлыг Чулуунаар дамжуулан япон цэргийн эрх баригчдад хүргэж, захидлын хариуг авч ир­сэн байна. Энэхүү нууц ажиллагаа амжилттай явагдсанаар Манжго Улс “хилийн будлиан” гэгчийн маргаантай асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгаагаа 1935 оны хоёрдугаар сарын 01-нд Монголын талд албан ёсоор мэдэгдэж, Монгол, Манжуурын бага хурлын 1935 оны зургаадугаар сарын 03-нд Манжуур өртөөнд эхлэх нэгэн шалтгаан болсон байж болзошгүй юм. Басхүү Ц.Өлзийг Монгол Улсын Засгийн газрын зүгээс Эрхэмбаттай уулзуулахаар хэд хэдэн удаа явуулж байсныг анхаарууштай юм. Энэхүү Баргын харьяаллын асуудал болоод Ц.Өлзийн талаар судлаач С.Баттогтох “… тэгэхээр энэ ажил Д.Сүхбаатарын үеэс холын зорилготой бодож боловсруулсан ДХГ ба Цэргийн тагнуулын чухал нарийн нууц ажиллагаа байжээ гэж үзэх үндэстэй…” хэмээсэн нь маргахааргүй зүйл биз ээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ