Жар хүрч ухаан суугаад жаран нэг хүрч үхэв гэгч болох вий дээ

Өөрийгөө дайчлах. Энэ бол хүн бүрт,ялангуяа залууст туйлын хэрэгтэй том ойлголт, сэтгэл судлалын шинжлэх ухааны гоё сэдэв. Өөрөө өөрийгөө ялан дийлэхийн ухаан ч гэдэг, амжилтанд хүрсэн хүмүүс энэ талаар агуу гоё гоё юм ярьдаг.

Яаж гэдэг дээр онол ярилгүй өөрөөсөө болон өрөөл бусдын тухай амьд жишээ ярилцвал илүү сонирхолтой. Тамирчид бэлтгэл хийж байхыг би нэг удаа харсан юм. Хөлс зогсолтгүй асгарчихсан, нэг захаас нөгөө зах хүртэл хүнд хэцүү дасгал хөдөлгөөнийг хийж, минутад 100 гаруй суниаж, хүнд хэцүү мэхүүдийг тасралгүй давтаж байсан юм даг. Тэр үед бодож байсан. Хөөрхий, бидний өөрийгөө дайчлана гэж яриад байдаг маань, эдний хажууд бол юу ч биш юм байна аа, хүн ингэж л өөрийгөө дайчилж байж, юманд хүрдэг юм байна гэдгийг яс махандаа шингэтэл мэдэрсэн дээ.

Асар их тэвчээрийн цаанаас амжилт дөнгөж цухуйна. Энэ үгийг би шинэ авсан ном, дэвтэр, жорлон, гал тогоо, унтлагын өрөөний хана зэрэг байнга орж гарч хэрэглэдэг болгон дээрээ бичээд орхидог. Нэг их тэвчээргүйдээ биш л дээ. Заримдаа үнэхээр тэсвэр алдах,залхуурах үед бага ч гэсэн нэмэр болдог юм. Энэ үгээ уншаад л нээрээ би дахиад жаахан тэвчих хэрэгтэй юм байна шүү гэж боддог. Энэ үгтэйгээ би арваад жил найзалж байна. Ямар ч байсан надад олон амжилтыг авчирсан болохоор тэр олон дүрэм журмаас хавьгүй дээр санагддаг.

Миний хамгийн сул тал болох “өөрийгөө дайчлах чадваргүй”. Үүнээс болж би олон боломжийг алдсан, алдаж байгаа, алдсаар ч байх юм шиг байна. Заавал хүний шахалт, шаардлагаар юм хийдэг. Өөрөө өөрийгөө дайчилж юм хийнэ гэж байхгүй. Ёстой сонин. Би энэ сул талаа арилгаж чадвал одоо байгаагаасаа хавьгүй илүү хүн болох боломжтой санагдаад байгаа юм. Харин миний давуу тал бол ямар ч юмыг оролдвол сурчихдаг. Тэгтэл сул тал нь дийлээд юуг ч өөрөө сонирхож оролддоггүй. Би тийм залхуу юм болов уу гэхээр үгүй юм шиг байгаа юм. Бодоод үзэхээр өглөө босоод, орой унтах хүртлээ бараг ганц ч хормыг зүв зүгээр сууж дэмий өнгөрүүлсэн удаа байхгүй юм шиг. Тэгэхээр би залхуу хүн биш. Зөвхөн өөрийгөө дайчлах чадваргүй нэгэн. Би үүнийгээ аль эрт мэдсэн, засахыг маш олон удаа хичээж байсан. Ажилд орох анкетан дээрээ хүртэл “таны сул тал” гэсэн талбарыг “өөрийгөө дайчлахдаа муу” гэж бөглөөд, дараа нь ярилцлаган дээр “өөрийгөө дайчлахдаа муу хүнийг ажилд авна гэдэг хэцүү л байна” гэж хэлүүлж байлаа шүү дээ.

Би багадаа “өөрийгөө ялах л хамгийн хэцүү” гэх юмуу, “өөрийгөө ялвал тэр чинь хамгийн том ялалт болно” гэх мэт үгийг бишгүй сонсдог байлаа. Тухайн үед “тийм л байх” гэж бодоод өнгөрдөг байсан ч, одоо эргээд санахад яг нарийн утга учрыг нь тунгааж мэдрээгүй явжээ. Нэг сайхан ном уншаад, сайхан яриа сонсоод, эсвэл ямар нэг хүчтэй өдүүлэлт аваад хүн нэг хэсэгтээ биеэ дайчлах нь бий.

Жишээ нь цэнэг авсан үедээ би “Өнөөдрөөс эхлээд өдөрт хоёр цаг англи хэл үзнэ” гэх ч юмуу өөртөө амладаг. Гурав хоног, за сайндаа долоо хоног үргэлжилнэ. Яг тэгж байтал ар гэрийн ч юмуу, яаралтай чухал нэг ажил гарах ба нөгөө хуваарь маань саатахаас өөр аргагүйд хүрдэг. Хүний амьдралд юу ч тохиолдож болох учир иймэрхүү саатал гарцаагүй гарна, харин түүний дараа шууд горимондоо буцан орж үргэлжлүүлэх нь чухал. Гэтэл бид тэгдэггүй ба хоног өдрүүд хүүе хайя гэхийн зуургүй урсан одож нэг л мэдэхэд нэг, хоёр сар өнгөрчихсөн байдаг. Бүтэн жилүүд, тэр ч бүү хэл залуу нас тэр чигтээ өнгөрнө. Ихэнх хүн дахиад залуу болох юмсан гэдэг шүү дээ. Би лав эргээд нэгдүгээр курсын оюутан болвол ингэх байсан, тэгэх байсан гэж одоо харуусан боддог юм. “Жар хүрч ухаан суугаад жаран нэг хүрч нас барав” гэдэг үг байдаг даа.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ