Ким Чен Уны эрс шийдвэрийн цаана юу бий бол

Дэлхий дахины анхаарлыг татсан үйл явдлын тоймоос хураангуйлан мэдээллийн багцыг бэлтгэлээ. Дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг хэмээн зүй ёсоор тооцогдож байсан Өмнөд Африкийн ерөнхийлөгч агсан Нелсон Мандела таалал төгссөн нь дэлхий нийтийн анхаарлыг яахын аргагүй татсан.
Түүний дараагаар Азийн улсуудын хамгийн халуун цэгүүдийн нэг болоод байгаа Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны гаргасан шийдвэрүүдийг онцолж байна. Тэрээр өөрийн авга ахыгаа армийн өндөр албан тушаалаас нь буулгасан. Харин үүний хариуд түүний ах нь Өмнөдөөс орогнол хүссэн нь тун сонин үзэгдэл болсон билээ. Эдгээрээс бусад мэдээллийг эхээс уншина уу.
Өмнөд Африкийн уй гашуу
Өнгөрсөн баасан гариг зөвхөн Өмнөд Африкт төдийгүй дэлхий нийтэд уй дагуулсан өдөр байлаа. Өмнөд Африкийн түүхэн хамгийн нэр нөлөөтэй гэгддэг ерөнхийлөгч агсан Нелсон Мандела өвчний улмаас таалал төгссөн юм. Нэн харамсалтай энэ мэдээг өнөө тус улсын ерөнхийлөгч Жейкоб Зума ард иргэддээ мэдэгдсэн билээ.
Нелсон Мандела ийнхүү 95 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Өнгөрсөн жилээс хойш уушигны хүнд өвчинтэйгөө тэмцсээр өнөөдрийг хүрсэн. Сүүлийн гурван сарын турш эрчимт эмчилгээ хийлгэж байсан ч тусыг эс олон амар амгалангийн оронд залрав. Түүнийг оршуулах ёслол энэ долоо хоногийн бямба гаригт болохоор товлогдоод байна. Манделагийн оршуулгын ёслолд АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама өөрийн биеэр оролцохоор болов. Түүнчлэн хөрш зэргэлдээ улсын ерөнхийлөгчид, Засгийн газрын тэргүүнүүд мөн оролцохоо мэдэгдсэн.
Нелсон Мандела Өмнөд Африкийн хамгийн анхны хар арьст ерөнхийлөгч байсан билээ. “Түүний үндэстнийхээ төлөө хийж бүтээсэн, зүрх зориг гаргасан олон олон зүйлийг хэзээ ч мартахын учиргүй. Бид үндэстнийхээ хамгийн агуу хүүг алдлаа” хэмээн ерөнхийлөгч Зума хэлэв. Үндэстнийхээ бэлэг тэмдэг болгосон нэр хүндтэй эрхмээ алдлсан тул улс орон даяар гашуудал зарлаж, төрийн далбаагаа буулгаж, арав хоногийн гашуудал зарлаад байгаа юм.
Дэлхийн хүний эрхийн төлөө хүчтэй дуу хоолой болж чадсан түүнийг шоронгийн хоригдлоос улсын ерөнхийлөгчийн суудалд суух хүртэл зам дардан байгаагүй. 1993 онд Нобелийн энх тайвны шагналтнаар тодорч, улмаар дараа жил нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрээр 2010 оны дэлхийн хөлбөмбөгийн тэмцээнээс хойш олны өмнө цөөхөн гарсан. Удаан хугацааны турш эмчилгээ хийлгэж байсан ч ийнхүү таалал төгслөө.
Ким Чен Уны гэнэтийн шийдвэрүүд
Өнгөрсөн аравдугаар сард Хойд Солонгост аялахаар очсон АНУ-ын армийн албан хаагч, ахмад дайчин Меррил Ньюмэн Хойд Солонгосуудад баривчлагдан тус улсад хоригдож байсан. Тэгвэл түүнийг бямба гаригт суллаж эх оронд нь буцаахаар болжээ.
Умардынхан түүнийг Солонгосын дайнд Өмнөдийг дэмжин оролцсон хэмээн буруутгаж байсан юм. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын зүгээс Меррил Ньюмэнийг суллахыг шаардсан мэдэгдэл өгсөн. Умардынхан тэдний хүсэлтийн дагуу сулласан уу үгүй юу гэдгээ илэрхийлээгүй ч түүнийг сулласан байна.
Кимийн тушаал
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн долоо хоногт авга ах Чан Сун Тэкийг армийн дээд албаны дэд даргын суудлаас нь буулгасан нь түүний гэнэтийн хачирхалтай шийдвэрүүдийн нэг байлаа.
Чан Сун Тэкийг өндөр албан тушаалаасаа буух болсон шалтгаан нь түүний туслахууд авилгын хэрэгт нэлээд ноцтойгоор орооцолдсонтой холбоотой гэнэ. Цаазын ял хүлээсэн Ли Ён Ха болон Жан Со Ке нарыг олны өмнө хороосон хэмээн Өмнөд Солонгосын албаныхан мэдээлэв. Өмнөдийнхний зүгээс Чан Сун Тэкийг Ким Чен Уны улстөрийн бодлогод хүчтэй нөлөө үзүүлдэг, хөшигний ар дахь удирдагч гэж дүгнэдэг. Тэрээр Ким Чен Унаас өмнө аавтай нь хамтарч нэлээд дотно ажиллаж байсан аж.
Тэгвэл энэ томилгооны дараа түүний авга ах Өмнөд Солонгосын талаас орогнол хүссэн нь дэлхий нийтэд нэлээд шуугиан дэгдээсэн билээ. Ким Чен Уны гаргасан эдгээр эрс шийдвэрийн цаана юу байгааг одоогоор тааж хэлэх боломж байхгүй хэмээн ажиглагчид хэлж байна.
Иордан НҮБ-ийн аюулгүйн зөвлөлд нэгдлээ
НҮБ-ын Ерөнхий ассамблей Иорданыг Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр 2014-2015 онуудын хугацаанд сонгов. Аюулгүйн зөвлөлийн байгууллагын аюулгүй зөвлөлийн байнгын бус таван гишүүнийг сонгох ажиллагаа өнгөрсөн аравдугаар сарын дундуур явагдсан юм.
Нэмэлт сонгуулиар байнгын бус таван гишүүнээр Литва, Нигери, Саудын Араб, Чад, Чили сонгогдсон.
Ухаалаг хөхөвч удахгүй худалдаанд гарна
“Microsoft”-ийн зохион бүтээгчид удахгүй ухаалаг хөхөвч худалдаанд гаргахаар ажиллаж байна. Энэ хөхөвч нь стрессийг хянах бөгөөд юунаас болж стресстэж байгааг илрүүлэх чадвартай ажээ.
Зүрхний үйл ажиллагаагааг хянах зориулалттай энэ аппарат нь арьсан дээр суурьлаж ажиллах юм байна. Эмэгтэйчүүд стресстсэн үедээ хэтрүүлж идэх нь их байдаг. Үүнээс улбаалан таргалалт болон элдэв өвчин үүсдэг бол энэ бүхнээс ухаалаг хөхөвч хамгаалах ажээ.
Хөхөвчинд суурилсан гироскоп болон хурдсгалын хэмжих хэрэгслийн тусламжтайгаар стрессээ хянаж, тайвшрах арга хэмжээ авч чадсанаар огцом их идэх болон стресстсэн үедээ хийдэг муу зуршлаа хийхгүй байх боломжтой. Эмэгтэйчүүдийн дотуур хувцсанд суурьлуулсан иймэрхүү төрлийн төхөөрөмжүүд нь нэлээд элбэг ашигдаж эхэлсэн бөгөөд үүнээс өмнө Энэтхэгийн инжинерийн сургуулийн гурван оюутан хүчирхийллээс хамгаалах зориулалт бүхий дотуур хувцас зохион бүтээж байсан билээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ