Хотын даргаа, цаг хэд болж байна

Нэгэн цагт Хархорум хэмээх нийслэл хотоо байгуулж, бахархаж явсан уугуул монголчуудын нийслэл Улаанбаатарыг олигтойхон цаггүйгээр нь дэлхийн аль ч нийслэлээс амархан ялган таньж болно. Нар харж налайсан монголчууд Улаанбаатартаа улам багшралдан, юм болгон цаг хугацаатай уралдсан шинэ эринд хөл тавиад байгаа. Эртний Хархорумын эрдэнийн лууны дүрст дөрвөн цоргоор гоожиж байсан дөрвөн төрлийн ундааны зөвхөн ганцаар нь өнөөгийн Улаанбаатарчууд өдөржин, шөнөжин цангаагаа тайлдаг болжээ. Нийслэл нийслэлээ байж чадахаа больсны нэгээхэн жишээ бол энэ.
XVII зууны Английн нийслэл Лондонг архитектурын түүхэнд хогийн тантан гэж тухайн үедээ тэмдэглэн үлдээсэн юм билээ. Нийгэм, эдийн засгийн шилжилтийн үедээ энэ хот урьд өмнөхөөсөө хавьгүй илүү хэмжээгээр хулигаан, луйварчид, архичид, янхнуудаар дүүрсэн байж. Үүнийг өгүүлсний учир бол хот төлөвлөлт гэдэг чинь нийгэмд яг энэнтэй салшгүй холбоотой асуудал юмсанж. Социализмын үед "Азийн цагаан дагина" хэмээн магадгүй зөвхөн социалист хамтын нөхөрлөлийн орнуудын хүрээнд өргөмжлөгдөн нэрлэгдэж байсан хувьсгалт улсын хувьсгалжсан нэртэй Улаанбаатар маань зах зээлд хөл тавиад буй өмчөө хувьчилж эхлэх, дуусах цагийн амьд гэрч болон нүх сүв, онгорхой цоорхой болгоноо бөглөж байна.
Төрийн сүр цэрэг армидаа, цэргийн сүр жагсаалдаа байдаг шиг улсын өнгө зүс нийслэлээсээ эхэлдэг юм гэнэлээ.
Цагаан морин жилээс өмнөх Монголын нийслэлийг цагаан мориороо капитализмын хар ангал дээгүүр харайж, тэгснээ эргэж буцсан монголчуудынхаа нүдээр харсан ч социалист өмч болоод төлөвлөгөөт таван жилүүдийн зорилт, нам, намсаг их, бүгд хурлуудын шийдвэрийн тухай бичсэн төмөр самбаруудаа авч хаячихаад оронд нь оо энгэсэг, саван, сойз, бас янз бүрийн шар айраг магтсан гэрэл нь асдаг, асдаггүй олон реклам элбэгшив. Мөн газар сайгүй ТҮЦ нэртэй төмөр амбаар босгож, хүүхдийн тоглоомын талбай хумигдаж, шавар, төмөр, модон том, жижиг гарааш болгосон бол одоо тэнгэр баганадсан шил толь болсон өндөр барилгууд сүндэрлэсээр буй ч агаарын бохирдол амьсгалах аргагүй болж, их хотын соёл гэж үнэндээ алга.
Бид ахархдаг ч элэг нэгтэй уран барилгач өвөрлөгч залуугийн хэлж байсан нь эрхгүй нэгийг бодогдуулдаг юм. Тэрээр, танайд оросууд том том хорооллууд барьж өгчээ. Гэсэн ч лав л III,IV хорооллын зам чинь даан ч давчуу, хэрвээ газар хөдлөлт болбол хоёр талын өндөр байшингууд нь нурж хүн амьтныг дараад зогсохгүй хөдөлгөөнөө хаачих юм байна шүү дээ гэж хэлж байсан юм. Энэ бол орон сууцны хангамж болоод үйлчилгээний салбарыг буруу байршуулсныг хөндлөнгийн хүний нүдээр харсны тод жишээ. Тэгээд ч гэмт хэргийн тоогоор Монголдоо нийслэл нь толгой цохих болсныг хотын гэрэлтүүлэгтэй холбон тайлбарлаж байна. Харьцангуй хялбар шийдэж болох энэ ажил баяр ёслолын үеэс бусад цагт бахь байдгаараа тас харанхуй л байдаг.
Улсын маань нийслэл Улаанбаатар ийнхүү бусад хот суурин газартаа ингэж л базаахгүй маягаар үлгэр жишээ үзүүлж байх шиг. Уг нь зөвхөн Улаанбаатар хотын төлөвлөлтийг ул үндэстэй шийдчихээр хэд хэдэн газар бий. Хотын ерөнхий архитектор (энэ хүн уг нь бүгдийг зангидах ёстой баймаар), Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хот төлөвлөлтийн хүрээлэн, түүний Тамгын газрын Стратеги төлөвлөлтийн газар г.м. Эдгээр байгууллага, албан тушаалтан яг үнэнийг чангахан хэлэхэд газар олгох асуудал дээр л бие биеэсээ өрсөн ажиллаж байна. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч асны хэлснээр, УБИС-ийн урдахь цагдаагийн шовгорын дэргэдэх шорон шиг байшин чинь юу юм бэ гэж гайхсанаар төсөөлж болно.
Юм болгоны түрүүнд ад үзэгдэж байдаг гэр хорооллыг өдий хүртэл арай илүү урт настай газарт төлөвлөж чадсангүй. Энд хүн амын ихээхэн хэсэг нь амьдарч, хүн ам нь өдөр ирэх тутам өсч байхад үйлчилгээний төвүүд гэх юм үнэндээ бараг байхгүй байна. Иймээс хоорондоо ямар ч авцалдаагүй энэ мэт явдлын эх үндэс нь газрыг архитектороос өөр хүн (хотын өнгө зүсийг огт ойлгохгүй) олгодог, аливаа барилга обьек тын хувьчлалыг ийм мэргэжилтний оролцоогүй шийддэг. Ер нь манайд ажил үйлчилгээг нь болзолд заадгаас биш хувьчлагдсан газрын байшин барилгыг гаргуунд нь орхичихдог шүү дээ. Мөн адил ажил төрлийн байгууллагын эрх, үүргийг нэгэн цэгт зангидаж чадаагүйтэй холбоотой. Энэ бол дөнгөж саяхан хот төлөвлөлтийн тухай дутуу төрсөн хууль эх барьсантай шууд холбоотой. Уүнийгээ дагалдах журам дүрмээр нөхөн "инкубаторт" бойжуулах юм гэнэлээ.
Ер нь алив нийслэл хот гэдэг тухайн улс орныхоо шинжлэх ухаан, техник, соёл боловсрол, урлагийн төв нь болж байдаг. Гагцхүү энэнийг аль ч нийгэмд уран барилгачид л нийгмийн эрэлт хэрэгцээтэй нь хамтатган орон зайн хувьд зохицуулсаар иржээ. Хотыг хөгжүүлэхийн тулд дүүргүүдээсээ эхэлье гээд манай архитекторчид хориод жилийн өмнөөс судалж эхэлсэн ч харамсалтай нь энэ төлөвлөгөө зохиомол хэвээр үлдсэн юм. Ялангуяа Улаанбаатарыг Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд "уншиж" чадаагүй Тийм ч учраас хүн амын нутагшил суурьшлын бүсчлэл, улс ардын аж ахуйн салбаруудын байршлыг нийгэм,, байгаль орчин, экологийн болон хөрш зэргэлдээ улс орных нь хувьд төлөвлөх төслүүд сүүлийн үед хэд хэдэн удаа яригдсан ч Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал дээр олигтой цэгцэлсэнгүй, бахь байдгаараа байна.
Нүүдэлчин монголчууд өнөөдөр нийслэлдээ тун ч шавдуухан суурьшиж байна. Их хотын иргэн 20-50 жилд төлөвшдөг дэлхий нийтийн жишиг байхад бид 20-30 мянган төгрөгөөр Улаанбаатарын оршин суугч болох дардан зам дээр нэгэнт гарч, өдгөө ямар ч татвар төлж үзээгүй. Амьжиргаа хөөж нийслэл руу тэмүүлсэн ард олныг муйхраар зогсоож болохгүй ч, урсгалаар нь бас орхиж боломгүй. Иймээс ид хийгдэж буй Улаанбаатарыг хөгжүүлэх 2020 он хүртэлх шинэчилсэн ерөнхий төлөвлөгөөнд энэ талаар тов тодорхой тусгаж өгөх ёстой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Эрхбиш үүнийг болгоох цаг нэгэнт болжээ. Энэ мэт бүтэлгүй жишээ баримт нуршиж, цаг, цаас бараад яахав. Хориннэгдүгээр зууны Монголын нүүр царай улсын маань нийслэл Улаанбаатараас эхэлж харагдана. 2016 оны сонгууль ч хотоос эхэлнэ.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ