Ж.Цогтхүү: Охиныг минь 73 удаа хутгалсан Ц.Туяагийн цаана Д.Батболд байхыг үгүйсгэхгүй

444

Өчигдөр Нийслэлийн шүүхэд Ц.Туяад холбогдох хэргийн шүүх хурал өдрийн 13:00 цагийн үед эхэлсэн. Энэ үеэр бид хохирогчийн ар гэрийнхнээс үнэн бодит мэдээллийг тодрууллаа. Анх хэвлэл мэдээллийн хэрэгслээр хохирогч Э нь гэртээ орох замдаа Ц.Туяад 73 удаа хутгуулсан гэсэн ярилцлага бүхий мэдээлэл гарч, хүчтэй цацагдаж эхэлсэн. Гэтэл үнэн чанартаа хохирогч Э өөрийнхөө гэрийн орцонд бус 3,4 дүгээр хорооллын 21 дүгээр байрны IV орцонд амиа алдсан байна. Хэргийг нарийн ухаж үзвэл дан ганц Ц.Туяа хэргийг үйлдээгүй гэдэг нь илт. Түүний цаана магадгүй Д.Батболд байхыг үгүйсгэхгүй гэнэ.

Ингээд хохирогч Э-гийн аав Ж.Цогтхүүгээс болсон явдлын талаар тодруулсан юм.

-Болсон үйл явдлын талаар яриач. Уг нь талийгаач гэртээ орох замдаа амиа алдсан гэж байсан?

-Бидний зүгээс энэ хэргийг үйлдэхдээ өөр нэгэн хэргийг нуун далдлах зорилгоор үйлдсэн байж магадгүй гэж үзэж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл бүгд ташаа байсан. Манай охиныг гэртээ орох замдаа амиа алдсан гэж мэдээлж эхэлснээс хойш цөм ташаа мэдээлэл. Миний охины оршин суудаг газар Үйлдвэр комбинатад байрладаг. Харин хэрэг 3,4 дүгээр хорооллын 21 дүгээр байранд үйлдэгдсэн. Охиныг маань Ц.Туяа 3,4 дүгээр хорооллын байранд дуудахдаа шинэ дугаар худалдан авч 200 мессэж бичин, 20 гаруй удаа залгаж гуйж, тулгасан байдаг. 20 дуудлагын бичлэгээс 15 дахь нь устсан. Харин 19, 20 дахь дуудлагад Д.Батболд манай охин руу ярьж, Ц.Туяа руу очихыг зөвлөсөн байдаг. Ингээд охин маань ажлаасаа гарахдаа өөрийнхөө машиныг ажлынхаа гадаа орхиод өөр нэг хүнээр хүргүүлсэн байгаа юм. Охин минь ажлынхаа гадаа юм уу, гэрийнхээ гадаа машинаа тавихдаа нэг бол Д.Батболдоор хүргүүлдэг үгүй бол Д.Батболдын туслахаар хүргүүлдэг. Тэгэхээр тэр өдөр хэн хэргийн газар хүргэж өгсөн бэ гэдэг нь бидэнд чухал байна. Гэвч мөрдөн байцаалтын явцад үүнийг илрүүлээгүй. Ингээд л Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс гараад хорооллын 21 дүгээр байр хүртэлх ганц ч бичлэг хэргийн материалд хавсрагдаагүй. Тэр бичлэг байх шаардлагатай гэсэн хүсэлт тавихаар харанхуй байсан учраас камерт хүний дүрс буугаагүй. Баримтаар авч болохгүй гэсэн тайлбар хийдэг. Түүнчлэн Ц.Туяа хэргийн газрыг урьдчилж бэлдсэн гэж бодож байгаа. 21 дүгээр байрны ганц жижүүргүй орцыг сонгосон. Дээр харанхуй, камергүй байсан учраас хэрэг хийхэд таатай нөхцөл бүрдсэн байх. Тиймдээ ч эртнээс төлөвлөж хийсэн. Хэрэг болохын өмнөхөн Д.Батболд Ц.Туяатай 19 цагийн үед холбоо барьсан байдаг. Ингэхдээ өөрийнх нь утас руу залгаагүй, Туяагийн том охины утас руу залгаж, Ц.Туяатай ярьсан байдаг. Гэвч энэ утасны бичлэг устсан. Ц.Туяа гэрээсээ гарахдаа 2 хутга авч гарсан байдаг. Хэрвээ анхнаасаа ганцаараа үйлдэнэ гэж бодсон бол 2 хутга авч гарах шаардлагагүй. Тэгэхээр 2 дахь хутгаа хэн нэгэнд зориулж авсан байж магадгүй. Гэрчийн өгч байгаа мэдүүлгээр “Лифтнээс буухад нэг хүүхэн зогсож байсан, гэртээ ороод 6 минут болоод гарч ирэхэд хүн амины хэрэг үйлдэгдсэн байсан” гэж мэдүүлсэн. Тэгэхээр 2 хутгаар зургаахан минутад нэг хүнийг 73 удаа хутгална гэж байхгүй. Хоёрдогч этгээд байгаа юм шиг санагдаад байгаа юм. Хэрэг үйлдсэнийхээ дараа 2 хутгыг ойролцоох хогийн саванд аваачиж хаясан байдаг. Дээрх хоёр хутганы нэгнээс нь Ц.Туяагийн гарын хээ илэрсэн бол хоёр дахь хутганаас гарын хээ илрээгүй гээд байдаг. Тэгээд хэний гарын хээ гэдэг нь тодорхойгүй шүүх хурал шийдээ гаргачихсан. Уг нь бид шүүх хуралдааны үеэр дан ганц Ц.Туяа хэргийг үйлдээгүй байх магадлал өндөр. Тиймээс хэргийг нягталж өгөөч гэсэн хүсэлт удаа дараа тавьсан ч шүүх хүлээж аваагүй. Ядаж хоёрдогч этгээдийг тогтоогоод өгсөн бол бид гомдолгүй байлаа. Магадгүй түүний цаана Д.Батболд байгааг үгүйсгэхгүй.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг үндэслэж асуухад Д.Батболд, Ц.Туяа хоёр хамт амьдарч байхад танай охиныг гэр бүл үймүүлсэн гэж байсан?

-Д.Батболд, Ц.Туяа хоёр гэр бүл биш. Ц.Туяа хоёр хүүхэд, эцгийнхээ хамт амьдардаг. Харин хоёр дахь хүүхэд нь Д.Батболдын хүүхэд юм байна лээ. Түүнээс биш албан ёсоор гэр бүл болоогүй гэсэн. Харин Ц.Туяагаас өмнө эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан ч эхнэрээсээ аль эрт салж, хоёр хүүхдээ Д.Батболд ээжийнхээ асрамжид шилжүүлсэн юм байна лээ. Тэгэхээр Д.Батболд эхнэргүй болж таарсан. Харин Ц.Туяа өөр нөхөртэй байсан байж магадгүй. Учир бид мөрдөн байцаалтын явцад Хан-Уул дүүрэгт байрлах “Шинэ хороолол” хотхоны 2а байрны 1 тоотод оршин суух Ц.Туяагийн хамтран амьдрагчийг хэн болохыг олж тогтоож өгөхийг хүссэн ч мөн л авч хэлэлцээгүй. Хэрвээ Д.Батболдоос өөр нөхөртэй гэдэг нь тогтоогдсон бол хардалтын бус гэдэг нь нотлогдоод магадгүй хэрэг илчлэгдэх байсан байх. Бид үзэхдээ өөр нэг хэргийг нуун далдлахын тулд хэргийн хийсэн хэрэг гэж үзэж байгаа.

-Хэрэг болохоос өмнө даргатайгаа ярьж байр авах гэж байгаагаахэлсэн гэдэг?

-Хэрэг болохоос 10 минутын өмнө өөрийн дарга Бадам гэгчтэй утсаар ярьж, хоёр хоногийн дараа байранд орох гэж байгаагаа хэлсэн байна лээ. Байранд орохдоо лизингд хамрагдахаар төлөвлөсөн юм шиг байсан. Тэгээд урьдчилгаа 30 хувиа бэлдсэн ухааны юм ярьсан гэсэн. Тэгэхээр хамгийн багадаа 30 сая төгрөг байсан л байж таараа. Тэр мөнгө нь дансанд нь болоод, өөрт нь бэлэн байхгүй байгаа. Хэргийн газраас Ц.Туяа цүнхийг нь авч явсан. Хоёр хутга ойролцоох хогийн савнаас олдчихоод цүнх нь өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа. Магадгүй цүнхэн дотор нь байрны урьдчилгаа төлбөр 30 сая төгрөг байсныг үгүйсгэхгүй. Шүүх хурлын үеэр Ц.Туяагаас манай өмгөөлөгч цүнх нь хир том цүнх байсан бэ гэж асуухад “Notebook-ны цүнхний хэмжээтэй” гэж гараараа дүрсэлснээ хөнгөн цүнх байсан гэж ам алдсан. Харин дотор нь юу байсан бэ гэхэд “Хатуу боодолтой юм байсан” гэж хариулсан. Хамгийн хачирхалтай нь бид цүнхэнд нь байсан бичиг баримтыг нь зарлуулаад ч өнөөдрийг хүртэл ямар ч мэдэгдсэн хүн байхгүй байгаа. Уг нь олсон гээсэн бичиг баримт оллоо гээд хүмүүс утасддаг биз дээ. Гэтэл тийм юм ердөө алга. Бүх л зарын газар тэмдэглүүлсэн. Ийм удаан хугацаанд олдохгүй байгаа юм чинь Ц.Туяад өөрт нь л байгаа байх гэж бид хардаж байгаа.

-Д.Батболдыг олон хүүхэнтэй явалдаж байсан гээд хэвлэлээр шуугиж байсан?

-Д.Батболд гэгч тэр этгээд хамгийн анх эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдарч байсан юм байна лээ. Эхнэртэйгээ гадаадад хамт ажил хийж байгаад ирээд дундаа байр аваад удаагүй салсан гэдэг. Харин хоёр хүүхэд нь Д.Батболдын ээжийнх нь асрамжид байдаг юм байна лээ. Анхны эхнэрээсээ салаад Ц.Туяатай явалдаж, тохиолдлоор жирэмсэн болгосон гэдэг. Гэхдээ ямар ч хайр сэтгэлийн холбоогүй. Зөвхөн өөртөө ашиглах зорилгоор явалдаж байсан гэдэг нь одоо харагдаж байгаа. Д.Батболд нь томоохон уул уурхайн компаниудтай. Магадгүй түүнийхээ татварыг нуун дарагдуулахын тулд Ц.Туяатай явалдаж эхэлсэн байж магадгүй. Ц.Туяаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр жирэмсэнийхээ амралтыг авсан байхдаа энэ хэргийг үйлдсэн гэж шуугиж байсан. Үнэндээ Ц.Туяа гэгч нь өмнө нь гурван жилийн ялаар шийтгүүлэхдээ ажлаасаа хөөгдсөн. Ингээд л ажлаасаа хөөгдсөн хүн Д.Батболдод хэрэггүй болсон хэрэг. Харин манай охиныг ч мөн адил ашиглаж байсан байх. Магадгүй миний охин Д.Батболдын нууц, томоохон гэмт хэргийг мэдэж байсан учраас өөрийнхөө гэмт хэргийг нуун далдлахын тулд Ц.Туяагаар энэ хэргийг үйлдүүлсэн байж магадгүй. Миний охиныг нас бардаг өдөр Д.Батболд өөр нэг хүүхэнтэй байсан гэдэг. Тэр хүүхэн нь одоо Уул уурхайн яаманд мэргэжилтэн хийдэг. Магадгүй Д.Батболдын бизнест тус хүргэх хүүхэн учраас л явалдаж байгаа

-Батболдыг хэрэгт татан оруулах шаардлагатай гэсэн хүсэлт тавихаар яагаад шүүх хүлээж авахгүй байгаа юм бэ?

-Манай улсад нэг хүн олон хүүхэнтэй явалдахад тэр хүнийг нь шийтгэх хууль эрх зүйн орчин бүрдээгүй. Тэр утгаараа Д.атболдыг хэрэгт татан оруулах боломжгүй гээд байгаа юм. Угтаа бол бидний үзэж байгаагаар гол буруутан нь Д.Батболдыг л гэж үзэж байгаа. Х.Тэмүүжин сайд хүртэл хэрэг болсны дараахан сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Д.Батболдыг буруутгах хууль эрх зүйн орчин бүрдээгүй гэж хэлсэн. Эндээс харахад нэг хүн хэдэн ч хүүхэнтэй явж болно. Хүүхэнтэй явалдсан нь хожоод, нөгөөдүүл нь хохироод үлдэх нөхцөл бүрдсэн гэж ойлгож байгаа.

-Та түрүүн шүүх хурал дээр хэлсэн Д.Батболд уул уурхайн компанийнхаа гэрчилгээг манайхаас нэхээд байгаа гэж хэлсэн. Энэ ямар учиртай гэрчилгээ юм бэ?

-Миний охиныг өөд болохоос өмнөхөн Д.Батболд өөрийн нэр дээр байдаг уул уурхайн компаниа туслах Энхтайвандаа шилжүүлж өгсөн байна лээ. Эндээс харахад ийм хэрэг болно гээд эртнээс бүх юмаа янзалсан юм шиг байгаа юм. Тэр шилжүүлсэн компанийн гэрчилгээ нь манай охинд байсан юм болов уу. Харин одоо биднээс нэхэж байгаа.

-Шүүх бүрэлдэхүүн яагаад та бүгдийн хүсэлтийг хүлээн авахгүй байна гэж бодож байна?

-Хэтэрхий нэг талыг барьсан шүүх хурал болоод байна. Хэдийгээр миний охин босч ирэхгүй ч гэлээ, ийм аймшигтайгаар алуулсан гомдлыг нь тайлах хэрэгтэй биз дээ. Мөнгөтэй хүн нь бүхнийг өөрийнхөө хүслээр хөдөлгөж болдог гэдгийг л бид энэ шүүх хурлаас харлаа. Мөрдөн байцаалтын явц дутуу хийгдчихээд эргэн мөрдөн байцаалтад явуулах хүсэлтийг хүлээн авсангүй. Ойлгомжгүй олон асуудал байхад яагаад нарийвчлан хийж болохгүй гэж. Энэ шүүх хурал зөвхөн сэжигтэн олдсон гэдгээр нь шууд хийгээд байна. Магадгүй түүний цаана хэн байгааг шалгахаас залхуурсан байх. Нэгэнт хэрэгтэн тодорхой юм чинь гэсэн байдлаар яаравчлаад байгаа юм. Бид гомдолтой байна.

Шүүх хуралдааны үеэр хохирогчийн талаас эхэлж давж заалдах хүсэлт гаргасан. Ингэхдээ 10 зүйл ангийн дагуу хэргийг эргэн мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүссэн юм. Гэвч шүүх бүрэлдэхүүн хүлээн авсангүй. Харин хариуцагч талаас яллагдагч Ц.Туяагийн хоёр хүүхэд, аавыг нь асран хүмүүжүүлэх хүнгүй болсон. Хэдийгээр гэм буруутай ч гэлээ хоёр хүүхдийг нь бодоод ялын хэмжээг нь ядаж 20 жил болгож өгөөч гэсэн хүсэлт тавьсан.Гэвч мөн адил адил шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй юм. Ингээд анхан шатны шүүх хурлаас баталсан ялын тогтоолыг хэвээр баталлаа.

Б.Дөлгөөн www.mass.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ