Хятадад ДОХ-оор өвчилсөн ижил хүйстнүүд эрс нэмэгдэж байна

Дундад улсын хүн ам арвин. Тэдгээрт учрах зовлон бэршээл, баяр жаргал ч элбэг билээ. Өнгөрсөн жилээс эхлэн тус улс ХДХВ/ДОХ-ын эсрэг олон нийтийн ажил ихээр зохион байгуулан хүн амынхаа эрүүл мэндийн төлөө санаа тавих нь илт нэмэгджээ. Энэ бүх ажил Хятадын шинэ удирдагч Ши Жинпиний эхлүүлсэн шинэчлэлийн ажилтай холбоотой байв.
Олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж эхэлсэн энэ өргөн хүрээг хамарсан ажлыг БНХАУ-ын тэргүүн хадагтай Пен Лиюань удирдан ажиллаж байна. Тэрээр дэлхийн нөлөө бүхий тэргүүн хатагтай нарын тоонд орохоор чармайн ажиллаж байгаа нь олон нийтийн ажилд оролцох оролцоо зэргээс харагдаж байгаа. Хатагтай Пенийг Мишель Обаматай харьцуулах нь ихэссээр байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Хятад улсад ХДХВ/ДОХ-ын вирусаар халдварлан өвчилсөн хагас сая хүн амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Өвчлөгсдийн тоо өдрөөс өдөрт цар хүрээгээ нэмэн томорч байгаа нь хүн ам олонтой энэ улсын толгойн өвчин болоод байна. Хүн амын дунд явуулсан судалгаагаар эрчүүдийн дундах ХДХВ/ДОХ-ын өвчлөл их байгаагийн дээр цэргүүд, армийнхан илүүтэй өвчилсөн байгаа гэнэ.
Хятадын хүн амын дундах хүйсийн тэрш байдал алдагдаж эхэлсэн нь ч нэг талаараа энэ өвчний дэгдэлт ихсэх нэг шалтгаан болж байна. ДОХ-оор өвчилсөн хүмүүсийн багагүй хувийг ижил хүйстнүүд эзэлж байна. Насны хувьд өвчлөгсөд залуу учир өвчин тархах магадлал тун өндөр гэсэн үг.
НҮБ-ийн ДОХ-ын эсрэг байгууллагаас саяхан гаргасан нэгэн судалгаанд “ДОХ-той хүмүүсийг нийгмээс гадуурхахгүй байх нь зөв гэдэгч Хятадад тэдгээр хүмүүсийг олон нийтийн байгууллагат ажиллуулахаас татгалзах, нийтийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхээс зайлсхийх хандлага их байгаа”-г цохон тэмдэглэсэн байна. Өнгөрсөн аравдугаар сарын дундуур олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар ХДХВ/ДОХ-оор өвчилсөн хүмүүсийг олон нийтээс аль болох тусгаарлах нь зөв гэсэн судалгаа гарчээ.
Хэдийгээр 1.3 тэрбум хүн амтай тус улсын хувьд хагас сая хүн л энэ өвчний тээгч байгаа нь бага тоо боловч 2012 оноос хойш энэ тоо эрс хурдацтай буюу дунджаар 25 хувиар ихсэж байгаа нь айдас төрүүлж эхэлж байна. Нийт өвчлөгсдийн 60-аас дээш хувь нь оюутнууд, залуус, идэвхтэй насныхан байгаа нь тус улсын санаа зовох асуудлуудын нэг яах аргагүй болж байгаа билээ.
БНХАУ-д 20 жилийн өмнөөс ДОХ-ын эхний тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ