Малайзд амиа алдсан монгол охиныг захын үүдэнд дүүжилсэн байжээ

Болдог бол Малайз руу болон хүний эрхийг уландаа гишгэсэн улс руу битгий яваач гэж гуймаар байх юм. Хэн ч бараг өдөр болгон манай улсын иргэн ингэж амь үрэгдлээ, тэгж ч тамлагдлаа, хохирлоо гэх мэдээг сонсохыг хүсэхгүй шүү дээ.
Гэтэл яах аргагүй өөр улс оронд ялангуяа манай улсын иргэдэд хэтэрхий бүдүүлэгээр халдсан улс оронд элэг нэгт ахан дүүс маань очиж байгаа улс орон, ёс заншил, зан байдлыг нь мэдэхгүй байгаагийн улмаас хохирсоор байгаа тул мэдээлсээр байна.
Найман жилийн өмнө Малайзад манай улсын иргэн Алтанхуяг хэрцгийгээр амиа алдсан явдлыг зарим нэг монголчууд маань мартчих. Энэ хэргийг хохирогчийн аав бүтэн найман жилийн турш хөөцөлдөж, шүүхээр шийдүүлсэн ч өнгөрсөн наймдугаар сард ял сонссон цагдаа нарыг Малайзын шүүх цагаатгаж, суллачихсан.
Хэдийгээр энэ хэргийг гардан гүйцэтгэсэн хүмүүс нь эдгээр цагдаа нар гэх боловч тэдэнд тушаал өгсөн хүмүүс тус улсын Ерөнхий сайд, Батлан хамгаалахын хурандаа байдаг гэдгийг хохирогчийн аав Шаарийбуу гуай нэгэн ярилцлагадаа дурдсаныг сануулахад илүүдэхгүй биз.
Мөн энэ хугацаанд тус хэргийн бүх гэрч нь нас барсан гэдэг нь энэ хэрэг нэг монголын, нийт монголчуудын эсрэг хийсэн зохион байгуулттай хэрэг гээд хэлчихэд ч нэг их буруудахгүй болов уу.
Тэгэхээр тэд инээгээд угтдаг ч эргээд ар нуруу руу нь юу ч шидэж чаддаг хүмүүс гэдэг нь харагдана. Өнөөдөр ч монголчууд Малайзад харамсалтайгаар амиа алдсан охиноо араас гашуудаж байна. Гэвч түүнийг аврах боломж байлаа.
Нэг сар гаруйн хугацаанд тэр аав ээж, ахан дүүс, эх орон нэгтээсээ амь гуйсан ч түүнийг гэх сэтгэл дутагджээ.
Түүнийг барьцаалсан этгээдүүд “Чиний паспортыг гаргах гэж их мөнгө орсон. Үүнийгээ төл” гэж шаардсан аж. Ингэхдээ охинд хоёр болзол тавьсан аж. Эхлээд “Чи 16 нас хүрээгүй гурван монгол охин дуудаж авч ир” гэхэд нь “Чадахгүй” гэжээ.
Тэгвэл чиний бүх эд эрхтэнг зарна гэсэн бөгөөд Малайзын хэвлэлээр өөрийг нь нас барсан талаар мэдээлэл гаргаж, өөрт нь хүртэл үзүүлсэн байна. Гэвч охиныг аврах юу ч хийж чадаагүй учир Малайзын хүн хамгийн их цугладаг захын үүдэн дээрээс нь дүүжилчихсэн байсан тухай албаныхан ярьж байна.
Одоо ар гэрийхэн нь Малайзыг зорьж, цогцсыг авчирна гэж байгаа ч яг охиныг авчирна гэдэг итгэлтэй бус байгаагаа Шаарийбуу гуай ярьжээ. Учир нь тэрбээр “Найман жилийн өмнө Шаарийбуу гуай охиныхоо чандрыг авахыг хүссэн ч манайх чандарладаггүй гэж хэлсэн байна. Гэтэл яг одоо чандарладаг болчихож” гэжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ