Ким Чен Ун авга ахыгаа цаазлав

БНАСАУ-д тус улсын удирдагч Ким Чен Уны авга ах Чан Сон Тхэкийг цаазаар авчээ. Энэ хүн Батлан хамгаалах улсын хорооны орлогч дарга байсан юм. Үүнийг тус улсын мэдээллийн ЦТАК агентлаг мэдээлэв. Тэдний мэдээлснээр бол “урвагч” Чан Сон Тхэк 12 дугаар сарын 12-нд болсон цэргийн шүүх хурлын шийдвэрээр цаазаар авагдсан байна. Түүнийг баривчилсан тухай энэ сарын 09-ний өдөр зарласан билээ.

Чан Сон Тхэк “санаанд багтамгүй” гэмт үйлдлүүд хийн, КимЧен Уны ар хударгаар хор найруулан, авлига авч, завхай зайдан амьдралаар амьдарч байсанд буруутгагджээ. Гурав хоногийн өмнө түүнийг бүх албан тушаалаас нь зайлуулсан бөгөөд энэ нь засгийн эрхийг Ким Чен Ун авсанаас хойш болж байгаа хамгийн том их цэвэрлэгээ юм.

Өмнөд Солонгосын “Ренхап” мэдээллийн агентлаг мөн Чан Сон Тхэкийн туслахуудыг цаазалсан тухай мэдээлэв. Энэ нь тус улсад улс төрийн их цэвэрлэгээ явагдаж эхэлсний дохио гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ