“Эрэл” группын “Шинэ үе” хотхон иргэдийг хохироосоор

“Эрэл” группын дэргэдэх барилгын “Эрэл” компани салбартаа багагүй нэр хүндтэй. Хотын хэд хэдэн дүүрэгт өөрсдийн орон сууцны хотхоныг барьж ашиглалтад оруулсан тус компанийн барилга одоо нэр хүндээрээ борлогдчихдог болсон гэхэд хилсдэхгүй. Гэвч реклам шигээ байрыг иргэдэд хүлээлгэн өгөөгүй тус компаниас болж өдгөө оршин суугчид хүндхэн байдалтай байгаа юм. Өмнө нь тус компанийн барьж ашиглалтад оруулсан 10 дугаар хорооллын байрууд нь өдгөө халаалт гээд байх юмгүй, паар нь дараад үзэхэд халуун төөнөж байдаг хэрнээ өрөөгөө халааж дийлдэггүйгээс дээлтэй, гуталтай өвөлждөг айлууд цөөнгүй байдаг. Гэтэл өнгөрөгч 2012 онд барьж ашиглалтад оруулсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” худалдааны төвийн зүүн жигүүрт байрлах “Шинэ үе” нэртэй хотхонд өнөөдөр мөнгөө төлөн байраа аваад амьдарч байгаа иргэд олон төрлөөр эрхээ зөрчүүлсээр байгаа аж.
Эхнээсээ орчин үеийн домофон системтэй гэгдэж байсан тус байранд тийм систем байхгүйгээс өдгөө оршин суугчид СӨХ-ны мөнгөн дээрээ орцны жижүүр цалинжуулах татаасыг давхар төлдөг болжээ. Тус бүр нь зургаан давхар таван орон сууцны уг хотхонд амьдарч байгаа 250 айлаас сардаа СӨХ-ны мөнгө гэж нэг айлын 15 мянга, нийтдээ гурван сая 750 мянган төгрөг хураадаг аж.
Домофон системтэй гэх байранд уул нь орцны жижүүр байгаад байх шаардлагагүй, үйлчлэгч л байхад болох боловч үнэн хэрэгтээ энэ систем, хэлээд байсан дохиолол бүү хэл харуул хамгаалалт ч тааруухан учраас өнгөрөгч хавар зогсоол дээрх таван машины цонхыг хагалан дээрэмдсэн хэрэг ч гарч байлаа. Мэдээж орцны жижүүртэй газар болгонд тохиолддог орцонд жижүүр тамхи татах, хачин сонин хүмүүс цуглуулан архидаж хонох, оршин суугчдыг тав тухгүй, нойргүй хонуулах асуудал бол энүүхэнд болжээ. Үүний дээрээс компанийн зүгээс цахилгааны монтажны асуудлыг яаж хийснийг нь мэдэхгүй, сард 10 удаа гэрлийн чийдэнгээ сольдог, унтраалга дараад л бүх эд зүйлсээ шатаадаг байдал байнга давтагддаг болжээ. Мэргэжлийн цахилгаанчин авчирч үзүүлэхэд цахилгааны монтажийг барилгын компаниасаа зураг төслийг нь авч байж хаана, ямар гэмтэлтэйг нь тодорхойлох учир дуртай нэг нь янзлах боломжгүй гэнэ.
Гэтэл СӨХ болон компанийн зүгээс энэ асуудлыг огтхон ч тоодоггүй аж. Ашиглалтад ороод жилийн нүүр ч үзээгүй “Шинэ үе” хотхонд гарч буй өөр нэгэн нийтлэг асуудал нь вакум боловч модон цонхноос долоон дор, салхи сийгэж, хөлөрч, ус тунарч эхэлсэн цонхнууд болоод байна. Барилгын компани барьсан байрныхаа эхний гурван жилийн засвар үйлчилгээ, элдэв асуудлыг хариуцах ёстой ч “Эрэл” компаниас өнөөдрийг хүртэл оршин суугчдын гомдлыг шийдвэрлэх нь бүү хэл сураг чимээгүй таг чиг байгаа, харин СӨХ нь мөнгөө авахын тулд байсаар байдаг аж. Барилга бариад худал рекламдаж иргэдэд зарсан л бол дараагийн асуудал хамаагүй гэсэн шиг зөнд нь хаячихдаг компаниудын гайг иргэд үүрсээр байгаагийн нэг жишээ ийнхүү “Эрэл” компанийн “Шинэ үе” хороолол болоод байна гэлтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ