Цаазад дуртай Ким

Энэ жилийн 50 дугаар долоо хоногт дэлхий нийтийн анхаарлын төвд мөн л Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун байлаа. Тэрээр авга ахыгаа өндөр албан тушаалаас нь буулгаад зогсохгүй түүнийг цаазалж орхисон нь дэлхий нийтэд шуугиан дэгдээсэн юм. Хэдийгээр тус улсын дотоод хэрэг ч гэсэн Кимийн гаргасан цаазаар авах олон тушаал аймшиг төрүүлж байна.

Түүнчлэн АНУ-ын Колорадо мужид сурагчид багшийгаа хөнөөсөн хэрэг гарсан юм. Өнгөрсөн жилийн өдийд мөн Коннектикут мужид сургууль руу буутай этгээд нэвтэрч олон хүүхдийг хөнөөсөн хэрэг гарсан билээ.

Энэ хэргээс гадна Украин дахь бослого мөргөлдөөн улам даамжрав. Хорь хоног орчим ийнхүү үргэлжилж байгаа бослого яваандаа эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулгарах болоод байгаа.

Харин дэлхийн хамгийн нөлөө бүхий гэгддэг “TIME”сэтгүүлээс оны онцлох хүнийг тодруулсан. Энэ жилийн оны онцлох хүнээр Ромын пап лам Францис I тодорсон билээ.

Ким Чен Ун авгыгаа цаазлав

БНАСАУ-д тус улсын удирдагч Ким Чен Уны авга ах Чан Сон Тхэкийг цаазаар авчээ. Энэ хүн Батлан хамгаалах улсын хорооны орлогч дарга байсан юм. Үүнийг тус улсын мэдээллийн ЦТАК агентлаг мэдээлэв. Тэдний мэдээлснээр бол “урвагч” Чан Сон Тхэк арванхоёрдугаар сарын 12-нд болсон цэргийн шүүх хурлын шийдвэрээр цаазаар авагдсан байна. Түүнийг баривчилсан тухай энэ сарын 09-ний өдөр зарласан билээ.

Чан Сон Тхэк “санаанд багтамгүй” гэмт үйлдлүүд хийн, Ким Чен Уны ар хударгаар хор найруулан, авлига авч, завхай зайдан амьдралаар амьдарч байсанд буруутгагджээ. Гурав хоногийн өмнө түүнийг бүх албан тушаалаас нь зайлуулсан бөгөөд энэ нь засгийн эрхийг Ким Чен Ун авснаас хойш болж байгаа хамгийн том цэвэрлэгээ юм.

Өмнөд Солонгосын “Ренхап” мэдээллийн агентлаг мөн Чан Сон Тхэкийн туслахуудыг цаазалсан тухай мэдээлэв. Энэ нь тус улсад улс төрийн их цэвэрлэгээ явагдаж эхэлсний дохио гэнэ. Энэ онд Кимийн тушаалаар маш олон хүнийг цаазаар авсан юм.

Колорадогийн сургуульд дахин буун дуу гарав

АНУ-ын Колорадо мужийн сургуульд нэгэн сурагч сургууль дээрээ буутай ирж багшийгаа буудаж, хоёр хүүхдийг ноцтойгоор шархдуулсан хэрэг гарчээ. Дараагаар нь хүү өөрийгөө хөнөөсөн нь нэлээд дуулиантай мэдээлэл болж байна.

Энэ мужид өмнө нь иймэрхүү хэрэг гарч байсан бөгөөд тухайн үед 20 хүүхдийн амь насанд хүрч байсан аж. Харин Коннектикут мужид өнгөрсөн жилийн яг өдийд буутай этгээд Ньютауны бага сургуульд нэвтэрч сурагчдыг олноор нь хөнөөсөн хэрэг гарч байсан юм.

Энэ хэрэг бямба гаригт гарсан бөгөөд амиа хорлосон сурагчийг багшдаа өс хонзон санаж байсан байж болзошгүй хэмээн таамаглаж байна.

Оны онцлох хүнээр Ромын пап ламтан тодров

“Time” сэтгүүлээс жил бүр уламжлал болгон нэрлэдэг оны хүнээр энэ жил Ромын тэргүүн хамба ламтан Францис I тодорчээ. Тус сэтгүүлийн редакцаас тухайн жилийн үйл явдалд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн, нөлөөлөл бүхий байсан хүнийг нэрлэдэг билээ.

Сэтгүүлийн редакц 1927 оноос хойш жил бүр тухайн жилдээ олны талархал хүртсэн болон, амжилттай байсан хүнийг нэрлэж байгаа.

Ромын пап Францис I католик шашинтны тэргүүний суудалд залраад есөн сарын хугацаа өнгөрчээ. Тэрээр энэ хооронд эд баялаг ядуурал, шударга ёс, ил тод байдал, орчин үе болон даяарчлал, нийгэм дэх эмэгтэйчүүдийн байр суурь, гэр бүл зэрэг бидний өмнө тулгамдаж буй асуудлуудаар яриа хэлэлцүүлэгт оролцож олны анхаарлыг хандуулж чадсан” хэмээн түүнийг энэ жилийн онцлох хүнээр нэрлээд байна.
Энэ жилийн оны онцлох хүнийг нэрлэгдэхэд нэлээд рейтинг өндөртэй байсан хүмүүсийн тоонд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Сирийн төрийн тэргүүн Башар Ассад, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын ажилтан Эдуард Сноуден нар байсан юм. Гэсэн ч иргэдийн дунд явуулсан санал асуулгаар Ромын тэргүүн хамба ламтан үнэмлэхүй санал авсан байна.

Хар тамхийг хуульчиллаа

Латин Америкийн Уругвай улс хар тамхины худалдааг зөвшөөрөх тухай шийдвэрийг баталлаа. Энэ шийдвэрийг тус улсын конгресийн 29 гишүүдийн 16 нь дэмжсэн хэмээн "Ройтерс" мэдээлж байна. Гэхдээ хар тамхийг хуульд заасан хэмжээгээр худалдаалах юм. Хар тамхийг хуулиар зөвшөөрөх саналыг анх тус улсын ерөнхийлөгч Хосе Мухика гаргаж байсан билээ. Түүний энэ шийдвэрийн тухайд асуудлыг ил гаргавал хууль бус үзэгдэл буурна гэж үзэж байгаа аж.

Тухайлбал төрийн байгууллагын хяналт дор насанд хүрсэн хүн тодорхой шалтгаантай бол сард 40 граммыг худалдан авч болох бөгөөд эмийн сангуудаар нэг грамм хар тамхийг нэг ам.доллараар гэж худалдаалахаар болсон байна. Үүнээс гадна албан ёсны зөвшөөрөлтэй бол зургаан бут марихуаны ургамлыг гэртээ тарихыг зөвшөөрсөн байна.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ