Аавыг хөнөөсөн Орос цэрэгт гурван жилийн ял оноосон

Тангараг өргөсөн албандаа үнэнчээр зүтгэж, амьдралынхаа эцсийн мөч хүртэл албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн цагдаагийн алба хаагчдыг өчигдөр дурслаа. Энэ үеэр Багануур дүүргийн цагдаагийн ахлагч П.Ганзоригтай ярилцлаа. Тэрээр ааваасаа тавхан настай байхдаа хагацсан бөгөөд нулимс дуслуулан байж амь эрсэдсэн аавынхаа талаар дурсан ярьсан юм.

-Ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаа нарыг дурсаж байна. Та сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Энэ арга хэмжээ маш гоё болж байна. Би энэ арга хэмжээ болно гэж мэдээд өглөө хэлтсээ төлөөлөөд ирлээ. Манай аав Дорнод аймагт ажиллаж байсан. Би ч бас Дорнод аймагт ажиллаж байлаа. Одоо Багануур дүүрэгт ажиллаж байна. Би яг аавынхаа ажиллаж явсан газруудад ажиллаж байгаа. Сонин тохиолдол шүү. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх ёстой хүн байх гэж боддог. Аавынхаа хамт олонтой ажиллаж явж байгаа маань надад маш бахархмаар зүйл. Маш их баяртай байдаг. Миний аав Дорнод аймагтаа Хумбан хар хэмээн алдаршсан хүн байсан. Багануур гэхээсээ илүү Дорнод аймгийнхан сайн мэднэ. Яагаад гэхээр цагдаагийн байгууллагад 17 жил ажиллахдаа 16 жилийг нь Дорнод аймагт ажилласан юм билээ.

-Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан аавынхаа талаар дурсаач?

-Миний аав Пүрэвдорж 1949 онд төрсөн. 1970 онд Монголын цагдаад орж ажиллаад, 1973 онд Дорнод аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд жолооч, 1976 онд цагдаагийн газрын даргын жолоочоор ажиллаж байгаад 1986 онд Багануур дүүрэгт шилжиж ирээд 1987 оны аравдугаар сарын 9-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан. Тухайн үед Оросын цэргийн албан хаагч аавыг минь дайрч амь насыг нь хохироосон байдаг юм.

-Яг ямар ажиллагаанд явж байгаад ам эрсэдсэн юм бол?

-Нэг орос цэрэг Багануурт орой 19:00 цагийн орчимд колонк шатаагаад, дээрэм хийх гэж байна гэсэн дуудлага ирэхэд галын тэрэг, цагдаагийн тэрэг зэрэг гарч давхисан байдаг. Гэтэл аавын машины ус нь халаад замдаа зогсоод үлдсэн юм билээ. Ингээд усаа солиод зогсож байтал нь нөгөө орос цэргийн машин шороон замаас орж ирээд дайрчихсан гэсэн. Орос цэрэгт дайруулсан талаар би өдий хүртэл мэддэггүй явсан юм. Харин Багануур дүүрэгт ажиллахаар ирээд аавын үеийн настай хүнтэй уулзаж, ярилцаж байж энэ тухай олж мэдсэн.

-Тэр цэрэг ямар ял шийтгэл хүлээсэн бол?

-Тэр дайрсан орос цэрэгт гурван жилийн ял оноосон гэсэн. Яагаад гэхээр социализмын үе байсан болохоор Монгол Орос хоорондын найрамдалт харилцаанд сэв суулгана гэдэг утгаараа. Ер нь их хаалттай нийгэм байсан шүү дээ. Үхсэний хохь болоод л үлдэж байсан гэдэг.

-Цагдаагийн газрын жолооч хийнэ гэдэг бас л хариуцлагатай ажил байх даа?

-Тэгэлгүй яахав. Тухайн үедээ ажлынхаа төлөө хамаг зүрх сэтгэлээ зориулж чаддаг хүн байсан юм. Машиных нь мотор орой нь эвдрэхэд л өглөө нь засчихсан, машин бэлэн гээд зогсож байдаг тийм л чадвартай цагдаа хүн байсан гэсэн. Дорнод аймагтаа төдийгүй Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийнхээ сор нь байсан гэж боддог.

-Аавыгаа амиа алдах үед та хэдэн настай байв?

-Аавыг амь насаа алдах үед би тавхан настай байсан болохоор сайн санадаггүй юм. Гэхдээ намайг Монголын цагдаад зүтгэхэд нөлөөлсөн хүн бол 100 хувь миний аав. Аав минь амьд сэрүүн байсан ч гэсэн би үйл хэргийг нь үргэлжлүүлээд л явна. Би отгон хүүхэд нь. Миний дээр хоёр эгч, нэг ах байсан. Ах маань өөд болчихсон. Отгон хүү болох би л үйл хэргийг нь үргэлжлүүлээд явж байна даа.

-Ээжийнхээ талаар яриач?

-Миний ээж бурхан болсон. Зүүн гурван аймагтаа хамгийн анхны эмэгтэй жолооч байлаа. Яг тэр аавын амь эрсэддэг өдөр жижүүрийн шуурхай албанд түргэний тэрэг бариад очиж байсан гэсэн. Хань нөхөр нь үхэх гэж байхад өөрөө дуудлагаар жолоо барьж очоод аавыг амьсгал хураасан байхыг харж байхад ээжид минь ямар аймшигтай байсан бол. Ар гэрээс нь ирж байгаа биш албан үүргээ гүйцэтгээд явж байгаа хүний өмнөөс очиж байгаа шүү дээ.Тухайн үед ээж маань “Эндээс бушуухан нүүх юмсан” гэж хэлж байсан. Хийж байсан ажлаа орхиод, амьдарч байсан орон нутгаасаа нүүнэ гэж бодож байсан гээд бодохоор ээжид маань хичнээн хэцүү байсан бол.

-Та өөрөө хэдэн хүүхэдтэй вэ?

-Нэг хүүхэдтэй. Би хүүхдээ цагдаа болгоно гэж зүтгэхгүй. Миний хүү өөрөө л хэн болох, хэн байх аа шийдэх байх.

-Тухайн үед цагдаагийн газраас тэтгэмж, тусламж дэмжлэг үзүүлж байсан болов уу?

-Жаахан хүүхэд байсан болохоор ёстой мэдэхгүй байна. Гэхдээ ах бид хоёрыг 18 нас хүртэл нь хагас өнчин гэж тэтгэмж өгч байсныг санаж байна.

-Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдана гэдэг харамсалтай юм?

-Нэг бодлын маш аймшигтай. Жишээ нь Н.Бадамханд гэж зоригт эмэгтэй хүний хүүхэд машинд дайруулах гэж байхад хүүхдийг түлхээд өөрөө дайруулж нас барж байсан. 25-хан настай байсан. Согтуугийн дуудлаганд очиход магадгүй тэр хүн хутга барьсан алуурчин байхыг үгүйсгэх аргагүй. Тийм болохоор манай алба үнэхээр эрсдэлтэй алба юм даа. Хэрвээ энэ амь эрсэдсэн аавын хүүхдүүд амьд сэрүүн байсан бол ижийдээ үнсүүлээд гарсан хүүгийн сэтгэл, хүүгээ элгэндээ тэврээд гарсан аавын сэтгэл, ханиа үнсээд гарсан эр нөхрийн сэтгэл өнө мөнхөд эх орныхоо төлөө байх байсан болов уу гэж бодож байна. Сая энэ үгээ тайзан дээр хэлье гэж бодож байсан боловч аавынхаа хамт ажиллаж байсан хамт олон, бие бүрэлдэхүүнээ хараад өөрийн эрхгүй уйлчихлаа.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажил албанд амжилт хүсье.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ