Усны хомсдол Хятадаас эхэлнэ

Хятад улсын хөгжил дэвшил хурдацтай явагдаж байна. Яг үүнтэйгээ зэрэгцэг тэдэнд нүүрлэх бэршлээл өсөн нэмэгдэж байгаа. Тус улсын хувьд ундны усны нөөцийн асуудал хүндхэн сэдвүүдийн нэг болж эхэлж байгааг Синьхуа агентлаг нийтэлжээ.
Хятад улсад 20-иод жилийн өмнө 50 мянган гол мөрөн байсан бөгөөд тэдгээр нь тус бүрдээ 100-аас доошгүй шоо метрт ай савтай байжээ. Тэгвэл энэ оны эхээр тус улсад гол мөрөн тоолох ажил явагдсан бөгөөд үр дүнд нь тус улсад 28 мянган гол мөрөн ширгэсэн байгааг олж мэджээ. Тэдгээр ширгэсэн гол усны талбай Миссисипи мөрөнтэй тэнцэнэ гэж тооцоолсон байна.
Албан ёсны мэдээллүүдэд үүнийг цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байгаа. Гэсэн ч энэ нь 100 хувь үнэнд нийцсэн шалтгаан биш. Харин илүү бодитой шалгаан нь үйлдвэржилт, хотжилттой холбоотой. Хятадад усны хангамж болон ус ашиглах тулгамдсан асуудлууд нь цаг уурын өөрчлөлтөөс илүүтэй, цогц шалтгаантай холбоотой. Хятадын хүн ам, эдийн засаг сүүлийн хэдэн арван жилд хурдтай хөгжиж байгаа учраас тус улс усны нөөцийн хүчтэй хомсдолтой тулгарч буй юм.
Томоохон гол мөрөнүүд ширгэж алга болж байгаагийн гол шалтгаан ихэнх тохиолдолд аж үйлдвэр, хөдөө аж ахуйд хяналтгүй, үр ашиггүй усны хаалтыг ашигласантай холбоотой ажээ.
2012 онд явуулсан Йелийн их сургуулийн усны үйлдвэрлэл болон хэрэглээтэй холбоотой судалгаагаар Хятад улс 132 орны дунд чансааны хамгийн доогуур байр эзэлсэн. Хүн амын хэт шигүү суурьшил энэ бүх асуудлын учир шалтгаан болж байгаа юм. Тус улсад дэлхийн цэвэр усны нөөцийн ердөө долоон хувь ногддог бөгөөдарван жилийн дараа гэхэд Хятадад цэнгэг усны хэрэгцээ нөөцөөс нь давж усны хомсдолд орох гэнэ.
Одоо Хятадын иргэдийн тэн хагас нь усан хангамж муутай амьдарч байгаа. Түүнчлэн усаар хангагдсан хэсэг нь усны чанарын тухай ярилтгүй хэмээж байна. Хятадын нутаг дахь нийт голын 90 орчим хувь нь бохирдсон гэж үздэг бөгөөд тус улсын эрх баригчид үүнээс гарах арга замыг эрэлхийлэх нь хамгийн чухал ажлуудын нэг болоод байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ