Нисдэг иог, хад чулууг алт болгох сургалтад урьж байна

Мэдээний эхэнд тоглоом наадам хийгээгүй, үнэхээр ийм зарлал бүр нийтийн сонин хэвлэл дээр зурагтай хөрөгтэйгээ, утас шөрмөстэйгээ, буцах хаяг Яармаг, буух этгээд нь Язу төв хэмээн дурайтал гарсаныг зориуд сануулж байна.

Сургалтаар хоёр их эрдэмд боловсрон, нууц шид увьдасыг бие сэтгэлдээ шингээнэ. Энэ сургалтанд сууснаар Та 1 дүгээрт нисдэг хүн болно. Дээвэр дээр суудаг Карлсон шиг бяцхан сэнсгүй ч Та энэ их түгжрэл гацаатай хотын иргэний хувьд үүлтэй тэнгэрээс доохнуур, үзүүртэй байшингуудаас дээхнүүр дүүлэн халин ажилдаа очно, гэртээ харина.

Тэнгэр заяат монгол хүн гэдгээ дүүлэн нисэх явцдаа хөөрөн хөөрөн мэдэрч, агаарын уудамд шунганхан шумбанхан аж төрнө. Харин нидсэг монгол хүний элэн халих агаарын шугам хаагуур байна, нислэг, навигацийн аюулгүй байдлыг хэн хангах, хотын захиргаа, Иргэний нисэхийн ерөнхий газраас зөвшөөрөл авах эсэх, замын цагдаа нарыг хотын тэнгэрт жингүйдэх сургалтанд хамруулахуу, төсөв нь байна уу, торгууль оногдуулдаг шинэ төхөөрөмж тэнгэрт ажиллах уу, утаа ихтэй үед үзэгдэх орчныг яаж бүрдүүлэх зэрэг асуудал шийдлээ хүлээж байна.

Иргэний нисэхийн ерөнхий газар хэмээх агентлагийн оноосон нэрийг ямар их оновчтойгоор хэн санаачлан өгсөн бэ? Иргэн хүн хэзээ нэгэн цагт ниснэ гэдгийг мэдсэн л байгаа юм даа. Хөх тэнгэрийн тамга хонгон дээрээ даруулж төрдөг тэнгэр заяат монгол хүмүүн ирээдүйд курсэд хичээллэн агаар мандалд дүүлэн гарахыг цагаас нь түрүүлж зөн совингоороо мэдсэн төрийн албан тушаалтныг шагнах нь зүйтэй юм.

Нисдэг хүн гэнэт олшрох нь тодорхой болсон тул хотын утаанаас гадна дүүлэн халигч иргэдийнхээ хөдөлгөөнийг агаар мандалд зохицуулах хууль журам, хөтөлбөр төслийг ч УИХ-аар хэлэлцэн батлах хэрэгцээ шаардлага тулгарав. “Зөв нисдэг монгол хүн” дэд хөтөлбөрийг ССАЖЯ, ИНЕГ, Батлан хамгаалахад туслах нийгэмлэг хамтран хэрэгжүүлэх цаг үеийн шаардлага боллоо. Нисч яваад хүн гэнэт унавал, агаар мандалд ууж согтуурвал газрын амьтад бид яах билээ. Баярламаар ч юм шиг, аймаар ч юм шиг.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ