МАН бага шиг шоудаасай

Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудал шоу болоод дуусах бололтой. Уг нь энэ асуудлыг сөрөг хүчний зүгээс УИХ-д тавихад нь нийгэм алга ташиж байв. “Ашгүй МАН сэрлээ, одоо ч эрх баригчид бажигдаж эхэлнэ дээ. Сайдуудаа авч үлдэхийн тулд Н.Алтанхуягийн танхим ямар хор найруулах бол” гээд чих тавьж сууцгаав.

Гэтэл юу вэ? Огцруулах асуудал тавьсан МАН өөрөө хөгийн улс төр хийж эхэлдэг юм байна. Чуулганы хуралдаанд оролцох гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүрдүүлснийг далимдуулж өргөн барьсан асуудал дээрээ завсарлага авч "тэнэгтэв". Түүгээр ч зогсохгүй УИХ-ын чуулганы пүрэв, баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бүхий л асуудлыгхамт “царцаав”. Сүрийг үзүүлэхээ ч мартсангүй, УИХ-ын санал авах техник буруу ажиллаж байна гэдэг үндэслэлээр тэр өдөртөө буюу пүрэв гаригт Тагнуулын ерөнхий газарт хандав. Тагнуулынхан УИХ-ын техникт үзлэг хийгээд алдаа олсонгүй. Гэвч цөөнхийн бүлэг шоугаа зогсоосонгүй, завсарлагаа үргэлжлүүлж, өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг Засгийн газрын мэдээллийг сонссоноор домоглоод өнгөрөв. Үр дүнд нь Засгийн газрын сайд нарын дээлийг тайлуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, Хилийн боомтын тухай, Хот байгуулалтын тухай зэрэг Засгийн газраас санаачилсан чухал төслүүдийн хэлэлцүүлэг хойшлов.

Цөөнхийн бүлгийн популизм үүгээр дууссангүй УИХ-ын даргад хандан шаардлага хүргүүлсэн тухай мэдээлэл чих дэлсэх нь тэр. Шаардлагыг нь нягталбал бүлгийн гишүүдээ байнгын хороонд харьяалуулахыг хүссэн байв. Уг нь жил гаруйн өмнө анхдугаар чуулганыг зарлах үед Ардчилсан намынхан МАН-ынханд хадаг сүү барих нь холгүй юм болж, хуралдаанд хүрэлцэн ирэхийг гуйсан удаатай. Даанч эрх мэдлээсээ салаагүй байсан болоод тэр үү, МАН-ынхан“Бага хурал болж байна, анхдугаар чуулганд оролцох боломжгүй” гэж гэдийцгээгээд ирээгүй юмдаг. “Шанд” нь өнөөг хүртэл УИХ-д авсан суудлынхаа тоогоор байнгын хороодод харьяалагдаж чадахгүй тарчилзаж сууж байгаа билээ.

Гэхдээ өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд УИХ-дахь МАН-ын бүлгийн даргаар ажилласан Н.Энхболд гишүүн дээрх асуудлыг нэлээд урагш ахиулж, бараг шийдэгдэх даваан дээр авчиртал намынхан нь түүнийг шахсаар бүлгийнх нь даргаас чөлөөлүүлсэн тухай дуулддаг. Тэгэхээр шинэ дарга С.Бямбацогтын хувьд энэ асуудлыг 0-ээс эхлэхээс аргагүй болж буй бололтой. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хамгийн сүүлд хэвлэлийнхэнд өгсөн байр сууриар “Одоо Ардын намынханд ганцхан боломж байгаа нь тухайн байнгын хорооны гишүүдтэй зөвшилцөж оронд нь орох хуулийн гарц бий” гэснээс үзвэл энэ асуудлыг шийдвэрлэхэд нэлээд цаг хугацаа шаардаж мэдэхээр байна.

Мөн цөөнхийн бүлгийн хувьд хоёр сайдыг огцруулах тухай асуудлаар барьцаа ахиулж байнгын хорооны асуудлыг урагшлуулах бололцоо байсан ч завсарлага авч хугацаа алдсанаар боломжоо алдсан тухай яриа ч улстөрийн хүрээнийхэн дунд өрнөж байна. Өөрөөр хэлбэл, цөөнхийн бүлэг өнгөрсөн долоо хоногт хоёр сайдыг огцруулах асуудлыг өргөн мэдүүлснээс эхлээд хэд, хэдэн акцийг хийгээд амжсан ч цаад агуулгаараа өөрсдийн талд шийдэгдэх зүйлийг нэг шатаар ч ахиулж чадаагүй бололтой.Хуульд зааснаар сайд нарыг огцруулахтай холбоотойгоор авсан цөөнхийн завсарлага маргааш өдрөөр дуусгавар болно. Мөн Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ долоо хоногт багтаан хэлэлцэж шийдвэрээ гаргах заалттай,эцсийн хугацаа нь мөн л маргааш өдрөөр дуусна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаад хоёр сайдыг огцруулах асуудлыг мягмар гаригт буюу маргааш УИХ-ын чуулганыг зарлан хэлэлцэх шийдлийг гаргасан байна. Энэ өдөрт амжиж УИХ дээрх асуудлыг шийдэхгүй бол хэлэлцэх хугацаа хуульд заасан хугацаанд багтахгүй болно. Харин цөөнхийнхөн үлдэж байгаа нэг хоногийг ашиглаж чадахгүй бол хий газар алгадаад л өнгөрснөөс ялгаагүй болно гэсэн үг.

Хэдийгээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Эрх баригчид бодит байдалд дүгнэлт хийж хариуцлагагүй хүмүүсээ огцруулахгүй хамгаалаад үлдвэл долоо хоногийн дараа дараагийн сайдад хариуцлага тооцох асуудлыг дахин тавих болно” гэдэг мэдэгдлийг хийсэн ч гэлээ эцсийн дүндээ энэ нь зөвхөн бүлгийн гишүүдээ байнгын хороонд харьяалалтай болгох гэсэн явцуу эрх ашгаас нь хэтрэхгүй улстөрийн тоглолт болж бууж мэдэхээр байна. Эхний хоёр сайдыг огцруулах эсэх асуудал шийдэгдээгүй байгаа ч Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт хариуцлага тооцох асуудал хоёрдугаар ээлжинд УИХ-д орж ирнэ гэх “бор шувуу” Төрийн ордонд нисч эхэллээ. “Бор шувуу” үнэн бол цөөнхийн бүлэг байнгын хороонд гишүүдээ харьяалуулахын тулд зөвхөн Засгийн газрын сайд нараар оролдох ажил л хийхээс цааш хэтрэхгүй нь. Ингэж ч сөрөг хүчний үүрэг гүйцэтгээд яах вэ дээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ