AK47 бууг зохион бүтээсэн Михайл Калашников таалал төгслөө

АК47 Калашников бууг зохион бүтээсэн Михайл Калашников өчигдөр таалал төгссөн тухай ВВС уламжилж байна. Тэрээр олон жилийн турш амьдарсан Изхевскт амьдралынхаа сүүлчийн мөчийг өнгөрүүлжээ.
Түүний зохиосон буу дэлхийн хамгийн өргөн хэрэглээтэй, алдартай буу юм. Энэхүү буу нь гар аргаар бүтээгдэж байсан бөгөөд хэрэглэхэд хамгийн хялбар буу хэмээн дайчдад үнэлэгдэж байсан. Михайл Калашников АК47 буугаараа багахан мөнгө хөрөнгө үүсгэж, түүнийгээ ашиглан буугаа улам шинэчилж боловсронгуй болгож чадаж байлаа.
Тэрээр 1919 онд Сибирьт төрсөн бөгөөд 18 хүүхэдтэй өнөр айлын хүүхэд байсан билээ. 1938 онд Оросын улаан армид алба хааж байсан бөгөөд тэрүедээ АК47 бууны анхны загварыг зохион бүтээж байсан. АК47 буу 1947 онд илүү хүчин чадалтай болж улсын хэмжээнд үйлдвэрлэгдэж эхэлсэн байна.
Михайл Калашников Оросын армид олон жил хүчин зүтгэж галт зэвсгийн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан. Харин 2008 оноос бие нь чилээрхэж урт хугацаанд эмчилгээ хийлгэж байсан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ