Импортын огцом өсөлт нь Монгол Улсын эдийн засгийг шоконд оруулсан байжээ

Сөрөг хүчний зүгээс улс оронд тулгамдаад буй бэрхшээлүүд, эдийн засгийн нөхцөл байдлын алдаа бүхнийг өнөөгийн эрх баригчдад тохож үүрүүлэх гэсэн санаархлыг илтэд цухалзуулах болсон.
Тэгвэл энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүлгийнхээ дүгнэлтийгтанилцуулахдаа “Ардчилсан нам засаг хүлээж авах үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг “2012 онд улс орноо хүлээн авахад биднийг угтаж байсан эдийн засаг, нийгмийн бодит байдлаас асуудлын эхийг авч үзэх нь зүйтэй. Монгол Улс хөгжиж буй улс орнуудын дайрч өнгөрдөг зовлонг туулж бна. Бэрхшээлийг даван туулах эдийн засгийн шинэ бодлогын эхлэлийг тавих үүрэг энэ Засгийн газар, түүний санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан хоёр сайдад оногдсон юм.
Нэг жил таван сарын өмнөх Монгол орон богино хугацааны зээлийн өртэй, импортын хэт хараат, экспортолдог үйлдвэрүүд нь улс төрийн популизмд боомилогдсон, мэргэшсэн ажиллах хүчний дутагдалтай, экспортын үндэсний үйлдвэрлэл хомсдолтой, хэрэглээний болон халамжийн эдийн засагтай орон байсан. 2011-2012 оны хэрэглээний зардлын хоёр их наяд төгрөг, түүнийг дагасан импортын огцом өсөлт нь Монгол Улсын эдийн засгийг шоконд оруулсан байсан юм” хэмээн дүгнэсэн байна.
Энэ хүнд байдлаас гарахын тулд ямар арга хэмжээ авсан талаар “УИХ дахь Ардчилсан намын бүлэг үүсч болох аюулыг урьдчилан таамаглаж, шинэчлэлийн Засгийн газар, Монголбанкинд зөв бодлого баримталж хэрэглээний эдийн засгаас үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, хуримтлалд суурилсан эдийн засаг руу шилжүүлэх алхмыг хийх үүрэг өгсөн.” хэмээн тайлагналаа. Гэтэл энэ удаагийн парламентад цөөнх болсон МАН-ын бүлгийнхэн иймэрхүү бэрхшээлүүд огт байгаагүй юм шиг, эдийн засгийн ямар ч асуудалгүй улс орныг хүлээлгэж өгсөн юм шиг гэнэт сэрсэн мэт авирлах болжээ
ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛЭЭС МОРГЕЙЖИЙН ЗЭЭЛД ШИЛЖСЭНЭЭР
СЭТГЭЛГЭЭНИЙ ТОМ ДЭВШИЛ ГАРЧ БАЙНА
Өнөөгийн эрх баригчид засаг барьснаас хойш нэг жилийн хугацаанд Оюутолгой, Тавантолгойн гэрээний нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх зэс, нүүрсний үнийн уналттай давхцаж, экспортын огцом татралт, валютын хомсдол, Оюутолгойн эхний шатны хөрөнгө оруулалт дууссанаас улбаатай гадаадын хөрөнгө оруулалтын бууралт, урьдчилан авсан зээлийн төлөлт, ужгирсан хэт тансаглал, үрэлгэн байдал нь эмзэг эдийн засгийг огцом эрсдэлд оруулсан гэж УИХ дахь АН-ын бүлэг үзсэн байна.
Нэгэнт ийм нөхцөл байдалтай нүүр тулсан учраас 2008-2009 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд огцом унаж байсан гашуун туршлагыг давтахгүйн тулд тодорхой бодлого боловсруулж, шуурхай арга хэмжээг авч ажилласны бодит жишээ бол УИХ-ын 52 дугаар тогтоолоор зөвшөөрсөн гадаад эх үүсвэрээс 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон явдал хэмээн тус бүлэг үнэлжээ.
"Чингис бонд"-ыг босгосноор юу хийж бүтээв, ямар эерэг үр дүн авчрав гэдэг асуудал урган гарах нь тодорхой. Тэгвэл уг бондоос санхүүжүүлсэн “Үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 3.1 их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлээд байгаа. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахын тулд 136 тэрбум төгрөг зарцуулсан бол шатахууны үнийг тогтворжуулахын тулд 200 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Үүний үр дүнд нефтийн бүтээгдэхүүн импортолдог компаниуд жижиглэнгийн үнийг тогтвортой барьж, тасалдах явдлыг зогсоож чадсан юм.
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд барилгын гол нэр төрлийн материалын дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих үүднээс нийт 162 тэрбум төгрөг, цемент, арматур зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэхэд 125 тэрбум төгрөг, нийт 287 тэрбум төгрөг зарцуулсан байна. Түүнчлэн дотоодын барилгын компаниудыг дэмжиж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд нийт 430 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Энэ бүхний дүнд барилгын угсралт түүхэнд байгаагүй их хэмжээгээр нэмэгдэж байна.
“Чингис” бондын санхүүжилтээр бидний нүдэнд дээр хийгдсэн үр дүнтэй томоохон ажлуудын нэг нь авто зам, уулзваруудын шинэчлэл юм. Бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт дундаас төмөр зам, авто замыг дэмжсэн хөтөлбөрүүд хамгийн чухал, алсыг харсан алхамд тооцогддог. 2011 онд Улаанбаатарын хатуу хучилттай зам 427.6 км байсан бол 2012 онд 512.1, 2013 онд 657.6 км болжээ. Зөвхөн энэ онд гэхэд Улаанбаатарт 110 гаруй км зам тавьсан бөгөөд шинэчлэлийн ажил хийсэн байна. Харин улсын хэмжээнд энэ онд 1800 км зам ашиглалтад хүлээж авсан юм.
Мөн бондын хөрөнгөөс 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн санхүүжилтийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд өмнө олгосон ипотекийн зээлээс 798 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирснээс 16923 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, 481.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, зээлийн хүүг нь 8 хувьд шилжүүлсэн байна. Энэ ньөндөр хүүтэй зээлийн дарамтанд орж байсан иргэдийн амьдралд ихээхэн дэмжлэг болж байгаа юм. Түүнчлэн иргэд 755.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 12106 иргэнд 694.7 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Ийнхүү “Хоёрхон жилийн дотор гурав дахин өсч байсан хэрэглээний зээлтэй, хэрэглээний эдийн засагтай байсан Монгол орны хувьд моргейжийн зээл олгож эхэлсэн нь хуримтлалаараа орон сууцтай болох, иргэн хүн хариуцлагатай, ажилтай, орлоготой байх эрмэлзлэлийг сэргээж, гэр бүлийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа нь эдийн засгийн ач холбогдлоос гадна сэтгэлгээний том дэвшилд хөтөлж байна” хэмээн АН-ын бүлэг дүгнэсэн нь үнэнд ойр байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.
Энэ мэтчилэн Чингис бонд болон “Үнийг тогторжуулах хөтөлбөр”-ийн санхүүжилтийг олгосноор нийт 204 мянган ажлын байр хадгалагдаж, 42 мянган ажлын байр шинээр бий болсон байна. Бондын хөрөнгийг бодит секторт чиглүүлснээр эдийн засаг дахь бүтээмжтэй мөнгөн нийлүүлэлтийг дэмжсэн,банкуудын зээлийн тасалдлыг зогсоож, санхүү эдийн засгийн болзошгүй хямралаас урьдчилан сэргийлж чадсан гэж УИХ- дахь АН-ын бүлэг үзэж байна.
16 ЖИЛИЙН ӨМНӨХ САНААРХАЛ ДАХИН ӨНДӨЛЗӨЖ БАЙНА
16 жилийн өмнөх шиг арга барилаар улс орныг хөтлөх санаархал хол явахгүй гэдгийг өнөөгийн УИХ дахь олонхийн бүлэг анхааруулж байна. “МАН-ын санхүү эдийн засгийн гол хуулиудад тээг тавьж байгаа байдал, хоёр сайдыг огцруулах гэж буй оролдлого нь Монголын эдийн засгийн шинэ бодлогыг санаатайгаар таслан зогсоох гэсэн оролдлого юм. 1996-2000 онд “Ардчилсан холбоо” эвслийн чөлөөт зах зээлийн зөв эхлэлийн бодлогыг таслан зогсоосон, 2000-2012 онд төр, түмний хөрөнгөөр хэсэг хүмүүсийг баяжуулан, иргэдийн өөрсдийн хүчээр амьдрах эрмэлзлэлийг мөхөөсөн социалист хэв шинжтэй капитализмыг үргэлжлүүлэхийг эрмэлзсэн сонирхлуудыг дахин өндөлзөх болсон” хэмээн гэж эрх баригчид үзэж байгаа юм.
Өнгөрсөн он жилүүдэд нэг нам, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг эрхэмлэж, төрийг үнэгүйдүүлж, завсраас нь ашиг хонжоо олж, Монгол орныг амьдрах чадваргүй болтол олон жил тонож, баяжсан үйлдэл, Улаанбаатарыг утаатай, угаартай, замгүй, газаргүй, төлөвлөлтгүй “хуаран” болгосон хариуцлага тооцогдоогүй үйлдлийг давтахыг хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ эрх баригчид илэрхийллээ.
Өнөөдөр эрх баригч болон сөрөг хүчний эдийн засгийн тухай ойлголт хол зөрүүтэй байна. Хэрэв экс эрх баригчид өнгөрснөө мартсан бол зарим нэг зүйлийг эргэн сануулъя. Ардын нам /тухай үеийн МАХН/ Засгийн эрхийг дангаар барьж байсан 2007 онд улсын нийслэлийг гурван жилийн дотор буюу 2010 он гэхэд утаагүй болгоно хэмээн амлаж байсан нь “Өдрийн сонин”-д тэмдэглэгдэн, түүх болон үлдсэн байна. Харин өнөөдөр нийслэлчүүд утаанаасаа салж чадсан уу гэдэг асуултын хариу хэн бүхний нүдэнд илхэн байгаа.
МАН эрх барьж байх үед газрын наймаа цэцэглэн хөгжиж, хамаг л байршил сайтай газрууд мөнгөтэй нэгний мэдэлд очин, албаны хүмүүсийн хэтэвчийг түнтийлгэснийг дээр доргүй л ярьцгаадаг.Замбараагүй газар олголтын үр дүнд өнөөдөр нийслэл хот маань бодлого, төлөвлөлтгүйгээр барьсан башингуудын бөөгнөрөл болжээ.Түүнчлэн оршин суугаа хотдоо газар өмчлөх гэсэн иргэдийн хүсэлт ч талаар өнгөрч, хүсвэл хөдөө, орон нутагт газар авч болно гэх хариуг сонсох болсон.
“Чингис” бондын санхүүжилтээр бидний нүдэнд дээр хийгдсэн үр дүнтэй томоохон ажлуудын нэг нь авто зам, уулзваруудын шинэчлэл юм. Бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт дундаас төмөр зам, авто замыг дэмжсэн хөтөлбөрүүд хамгийн чухал, алсыг харсан алхамд тооцогддог. 2011 онд Улаанбаатарын хатуу хучилттай зам 427.6 км байсан бол 2012 онд 512.1, 2013 онд 657.6 км болжээ. Зөвхөн энэ онд гэхэд Улаанбаатарт 110 гаруй км зам тавьсан бөгөөд шинэчлэлийн ажил хийсэн байна. Харин улсын хэмжээнд энэ онд 1800 км зам ашиглалтад хүлээж авсныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганы танхимд мэдээлсэн. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнийг дэд бүтцийн тухай ам ангайх бүрт сөрөг хүчнийхэн үгүйсгэж, бид наад ажлыг чинь эхлүүлсэн гэдэг. Тийм ээ, МАН эрх барьж байхдаа мянганы замын ажлыг эхлүүлсэн нь үнэн. Хөрөнгө санхүүгийн хомсдолоос шалтгаалж зогссон нь ч бас үнэн. Гэхдээ нэгэнт эхлүүлээд, дутуу орхисон ажлуудыг гүйцээж, цэг тавих ажлыг өнөөгийн Засгийн газар хийж байгааг хүлээн зөвшөөрчих эр зориг сөрөг хүчнийхэнд дутаж байна. Зөвхөн харлуулахын тулд үгүйсгэх зарчмаар ажиллаж байгаадаа дүгнэлт хийж, цаашид хамтдаа зөвшилцөн, хөгжлийг урагшлуулахад хувь нэмрээ оруулахгүй бол ирэх сонгууль тэдний хувьд тун “хатуу самар” болно гэдгийг шинэхэн удирдлагуудад нь нөхөрсгөөр зөвлөе.
Өнөөгийн Засгийн газар олон бэрхшээлтэй тулгарч байгаа. Эдгээр бэрхшээлийг даван туулахад алдаа онооны дэнсэнд байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ сөрөг хүчний зүгээс хойш улдан чангаах биш урагшлуулах ташуур өгөхийг цаг хугацаа шаардаж байна. Ямартай ч, Монгол орны макро эдийн засгийн бодлого шинэчлэгдэн, хэрэглээний эдийн засгаас бодит бүтээлч эдийн засаг руу асар богино хугацаанд шилжин орж байгааг мөн цалин, халамж, хэрэглээнд дулдуйдсан эдийн засгаас үйлдвэрлэгч эдийн засаг руу шилжин, эдийн засгийн өсөлтөөс иргэдийн орлого шууд хамааралтай өсөх шинэ загварт эргэлт буцалтгүй шилжиж байгааг Сангийн сайд Ч.Улаан хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ