2013 онд хүн төрөлхтөн

-Энэ жилийн дэлхий дахины анхаарлыг зүй ёсоор татсан үйл явдлуудыг Bataar.mn сайт нэрлэж байна-

Өнгөрөн одож буй 2013 онд дэлхий нийтийн анхаарлыг татаж, улс төр геополитикийн хувьд хамгийн чухлаар өрнөсөн үйл явдлыг тоймлов.

Католик шашинтнууд шинэ тэргүүнтэй болов

Энэ жилийн гурвавдугаар сард Ромын хамба ламтан XVI Бенедикт өөрийн хүсэлтээр өндөр дээд ширээнээсээ бууж өөрийн шинэ залгамж халаагаа хамба Францисид шилжүүлсэн. Ингэснээр Францис I Ромын 266 дахь пап болж 1.2 сая католик шашинтныг тэргүүлэх болсон юм.

Шинээр нэрлэгдсэн хамба ламтан Аргентины иргэн Хорхе Марио Бергольог байлаа. Католик шашинтны тэргүүнийг улаан өндөгний баяраас өмнө сонгосон байх учиртай хэмээж нэлээд яаруу сонгосон юм. Түүнийг шашны тэргүүн байх бүх шаардлагыг хангасан, ариун сэтгэлтэн хэмээн нэрлэж энэхүү өндөр дээд суудлыг түүнд итгэмжлэн шилжүүлсэн билээ. Түүнийг өмнөх папуудтай харьцуулахад арай илүү нийгмийн идэвхтэй түүнчлэн нэлээд шийдэмгий хамба байж чадна гэсэн найдлага тавьж сонгосон нь өнгөрсөн хугацаанд хийсэн үйлдлүүдээр нь бэлхнээ батлагдаж байгаа.

Тэрбээр энэ сард 78 нас хүрсэн. Насныхаа ойн өдрөөр орон гэргүйчүүдэд энэрэл үзүүлэн тэдэнтэй хамт өглөөний цай уусан нь олны талархлыг хүлээсэн. Түүнчлэн TIME сэтгүүлээс нэрлэдэг оны онцлох хүнээр нэрлэгдсэн зэрэг нь хамба Францис I энэ оны олны анхаарлыг татах үйл явдал нэг болсон юм.

Ангела Меркель амжилтаа бататгав

Германы Холбооны канцлер Ангела Меркель намаа дахин толгойлохоор боллоо. Ангела Меркель долоо дахь удаагаа Христийн ардчилсан холбоо намын даргаар сонгогдсон нь энэ онд болсон чухал үйл явдлуудын нэг яах аргагүй бичигдэж байна.

Өнөөгийн канцлер ойрын хоёр жилийн дотор дараагийн их хурал болтол намын тэргүүний суудалд залрах учиртай. 1990 оноос хойш буюу хоёр Герман эргэн нэгдсэнээс хойш хэн ч Меркель шиг гурван сонгууль дараалан ялалт байгуулж байгаагүй юм. Хэдийгээр Хелмут Кёль 10 гаруй жил Германыг удирдсан ч ихэнх хугацаа нь эргэн нэгдэхээс өмнөх үед хамаардаг тул Меркелийг эргэн нэгдсэнээс хойшхи хамгийн хүчтэй удирдагч гэж өргөмжилж болох юм. Сонгуулийн үр дүнд Меркелийн олон чанар, тухайлбал, хурцадмал байдлыг намжаах чадвар нь сонгогчдод шууд нөлөөлсөн гэж хэлж болно. Түүний төрөлхийн удирдагч шинж чанар нь ард түмнийхээ итгэлт удирдагч байх гол шинж чанар юм.

Түүнчлэн Ангела Меркельтэй холбоотой бас нэгэн дуулиан бол түүний утсыг АНУ-ын тагнуулын албаныхан чагнаж байсныг мэдсэн явдал байсан. Энэ хэргээс үүдэн АНУ-ын тагнуулын албаныхан ч олон улсын өмнө нэлээд хүндхэн байдалд орж асуудал одоог хүртэл хурцаар яригдсаар байгаа билээ. АНУ-ын тагнуулын албаныхны балаг өнгөрсөн зургадугаар сараас эхэлсэн.

Эдуард Сноудений тарьсан шуугиан

АНУ-ын Тагнуулын төв агентлагийн дотоод мэдээллийг цацсан нь дэлхий нийтийн чихийг сэртийлгэсэн мэдээлэл болж чадсан. Тагнуулын төв агентлагийн экс ажилтан Эдуард Сноуден АНУ-ын тагнуулын алба иргэдийн болон нөлөө бүхий гадаадын улс төрчдийн утасны яриа болон интернэтийн мэдээллийг танддаг хэмээн зарласан. Түүнийг тагнуулын байгууллагын олон сая нууц мэдээллийг задруулсан хэрэгт буруутгагдаж байгаа. Тэрээр хэрэг бишдэж эхлэх үеэс гадаад улс руу оргон зайлж одоо ОХУ-д орогнож байгаа. Тэрээр хүндхэн нөхцөлд буюу ОХУ-ын олон улсын нисэх онгоцны буудалд14 хоног байсны дараагаар албан ёсоор тус улсад орогнох болсон юм.

Түүний үе үе дэлгэдэг АНУ-ын тагнуулын албаныхантай холбоотой мэдээллүүд дэлхийн чихийг яах аргагүй сортойлгом мэдээллүүд байдаг.

Тэрээр дахин сенсаци мэдээллүүд тараана хэмээн мэдэгдсээр байгаа. Түүнчлэн Сноуден Европын болон Латин Америкийн хэд хэдэн оронд орогнох хүсэлт тавьсан ч нааштай хариу өгөхгүй байсан бөгөөд хамгийн сүүлд Бразил улсаас орогнол хүссэн ч татгалзсан хариу өгсөн билээ. Харин АНУ-ын талаас өөрөө буруугаа хүлээж эх орондоо ирэх юм бол уучилна хэмээн мэдэгдэж байгаа.

Хайян хар салхи Филиппинийг ниргэв

Аймшигт "Хайян" хар салхи Филип­пинийг дайран өнгөрсний дараа тус улсад хүндхэн нөхцөл байдал үүсээд байгаа. Гамшгийн голомт болсон газруудад хаа сайгүй нурсан барил­га, үхсэн хүний цогцос хөг­лөрч сүйрлийн хэмжээнд хүрч 10 мянган гаруй хүн амиа алдсан. Энэ хар салхи энэ жилийн хамгийн хүчтэй хар салхи болон нэрлэгдсэн юм. "Хайян" шуурганд тус улсын 37 мужийн 11 сая гаруй иргэн өртөж хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Эндээс 673 мянга гаруй хүн орон гэргүй болж, 2.5 сая хүн хоол тэжээлийн дутагдалд орж, улс орон даяар нийтдээ 18 тэрбум ам.долларын хохирол учирсан гэсэн тооцоо гарсан юм.

Барилгын нуранги, далайн давалгаанд цогцоснууд үй олноор ил гарч ирж байна хэмээн оршин суугчид ярьцгааж байна. Хүчит шуурганы дараах бүгчим уур амьс­гал, халуун салхинд ялзарсан цогцоснуудын үнэр, байшин барил­гын нурангиас боссон тоос шороо тоосны улмаас амьсгалахад ч бэрх болж байсан талаар тэмдэглэсэн байна.

Байгалийн гамшигт өртөж хүндхэн байдалд орсон Филиппин улсад олон улс болон НҮБ тусламж илгээж одоо нөхцөл байдал эргэн сайжирч эхэлж байна.

Хоёр Солонгосын үл ойлгогдох байдал

Хойд Солонгос болон Өмнөд Солонгос улсууд 1953 онд хоорондоо гал зогсоох хэлэлцээр буюу энхийн хэлэлцээр хийсэн. Энэ хугацаанд хоёр орон аль аль талдаа энхийг эрхэмлэж байсан юм. Гэсэн ч өнгөрсөн гуравдугаар сараас тус хоёр улсын нөхцөл байдал нэлээд хурцдаж дайн гарахад тулсан. Энэ бүхэн Хойд Солонгосын цөмийн бөмбөгийн туршилтуудтай холбоотойгоор эхэлсэн юм. Хоёр орны харилцаа улам таагүй болж Хойд Солонгосын тал энхийн гэрээгээ цуцлахаа мэдэгдэж дайн зарласан нь дэлхийн нийтийг түгшээсэн. Гэсэн хэдий ч цаг хугацааны явцад асуудал намжиж байдал харьцангуй сайжирсан ч хоёр улсын хоорондын харилцаа сайнгүй хэвээр байна.

Оны сүүлийн саруудад Хойд Солонгосын талаас иргэддээ үзүүлэх ял шийтгэл нь дэлхий нийтийг цоцроосон. Тэрээр хамгийн сүүлд өөрийн нагац ах Чан Сун Текийг улсынхаа эсрэг ажилласан, авилга хээл хахууль авсан зэргээр яллаж, өндөр дээд албан тушаалаас нь буулгаж улмаар цаазалсан.

АНУ-ын төрийн үйл ажиллагаа 17 жилийн дараа зогсов

АНУ-ын Конгресс холбооны Засгийн газрын төсвийг батлаагүй учраас аравдугаар сард тус улсын Засгийн газрын үйл ажиллагаа хагас сар орчим зогссон. Алдарт Эрх чөлөөний хөшөө болон үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд үйл ажиллагаагаа зогсоож, төрийн албан хаагчид ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн явдал тун ховор тохиолдлуудын нэг байсан юм.

Вашингтонд нүүрлэсэн улстөрийн хямралын улмаас 17 жилийн дараа АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа зогссон нь энэ жилийн хувьд онцлох үйл явдлуудын нэг байсан. Засгийн газрын 800,000 гаруй ажилтан гэртээ ажилгүй сууж, Эрх чөлөөний хөшөө хаалгаа барьж, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хүнсний тусламж үзүүлдэг нийгмийн халамжийн хөтөлбөрүүд зогссон юм. Харин арван нэгдүгээр сарын эхээр Засгийн газар гацаанаас гарч үйл ажиллагаагаа дахин сэргэсэн юм.

Европын холбоонд элсэхийг хүссэн Украин

Украины зарим ард иргэд Европын холбоонд нэгдэх хүсэлтэйгээ илэрхийлэн нэлээд томоохон жагсаал, бослого хийсэн. Тус улсын ерөнхийлөгч Виктор Янукович Европын холбоонд элсэхгүй хэмээсэн нь иргэдийн дургүйцлийг хүргэх гол шалтгаан болсон юм.

Европын холбоотой худалдааны чөлөөт бүсийн талаар байгуулах хэлэлцээр үр дүнд хүрч чадаагүй Виктор Янукович хуралдааныг орхин гарсан нь дэлхий нийтэд нэлээд гайхал төрүүлэх үйл явдал болсон.

Виктор Янукович хэлэлцээрт гарын үсэг зурахаас татгалзаж, хурлыг орхин гарсны дараа Киев хотын төв талбайд 2000 гаруй оюутнууд цугларч эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Харин Европын холбооноос Виктор Януковичийг гаргасан шийдвэрээ эргэн харахыг одоо ч хүртэл ятгаж байгаа. Хэрэв тус улс Европын холбоонд элсэх юм бол зээл тусламжийн олон санал орж ирэх бөгөөд, шийдэгдэж чадахгүй байгаа олон асуудлуудаа шийдвэрлэх боломжтой.

Тэдгээрийн нэг нь ерөнхий сайд асан Юлия Тимошенког суллах асуудал яригдаж байгаа. Украин улс Европын холбоонд элсэхээс татгалзсанаар Юлия Тимошенко суллагдах магадлал бараг үгүй болох юм.

Сири химийн зэвсэг хэрэглэв

Өнгөрсөн гурван жилийн турш дотооддоо зөрчилтэй байсан Сири улсын дайн хурцадмал байдалд орж химийн зэвсэг хэрэглэсэн. Энэ нь олон улсаас нэлээд шүүмжлэл дагуулсан юм. Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн химийн зэвсэг хэрэглэсэн нь бүх талаараа нотлогдож, тэд химийн зэвсгийг хориглох байгууллагад (ХЗХБ)-д зэвсгийнхээ талаарх бүх мэдээллээ өгч үнэнээ хүлээсэн. Химийн зэвсгийн нөлөөгөөр тус улсад хэдэн мянган хүн амь үрэгдэж нөхцөл байдал хэзээ ч байгаагүй муу төвшинд хүрсэн билээ.

Олон улс хэлэлцэж химийн зэвсгийг Газар Дундын тэнгист устгахаар болсон. Химийн зэвсгийг бүрэн устгаж дуусгах хугацааг ирэх оны хагас гэхэд дуусна хэмээж байна.Өнгөрсөн сараас эхлэн энэ ажиллагаа эхлээд байгаа юм.

Египетэд төрийн эргэлт гарав

Египетийн “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийхнөөс аврахыг хүссэн шаардлагыг Мурсийн эсрэг тэмцэгсэд цэргийнхэнд хандан гаргаж төрийн эргэлт хийсэн нь энэ жилийн дэлхий дахинд өрнөсөн үйл явдлын чухалд тооцогдов. Египетийн нийгмийн ихэнх давхаргыг хамаарсан энэхүү тэмцлийг цэргийнхэн ойлгож, долдугаар сарын 1-нд эрх баригчид болон сөрөг хүчнийг 48 цагийн дотор зөвшилцөлд орохыг шаардсан юм.

Египетийн ерөнхийлөгч Мохаммед Мурси сөрөг хүчинтэй зөвшилцөл хийж чадаагүй учир долдугаар сарын 3-нд түүнийг армийнхан албан тушаалаас нь буулгасан юм.

Египетийн армийнхан улмаар Үндсэн хуулийн цэцийн дарга Адли Мансурт төрийн тэргүүний үүргийг түр хариуцуулан, долдугаар сарын 4-нд тангараг өргүүлж байв. Египетийн төрийн эргэлтээр түр Засгийн газрын тэргүүнээр сонгогдсон Адли Мансур Ерөнхийлөгч асан Мохаммед Морсигийн оронд сууж, улсынхаа Үндсэн хуулийн шүүхийн танхимыг тэргүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд тэрээр тангарах өргөхдөө “Би сонгуулиар ерөнхийлөгч болоогүй ч Тахрирын талбай дахь олон мянган хувьсгалчдын итгэлээр сонгогдлоо” хэмээн хэлж байсан юм.

Нелсон Мандела таалал төгсөв

Өмнөд Африкийн түүхэнд хамгийн нэр нөлөөтэй байсан ерөнхийлөгч агсан Нелсон Мандела энэ оны сүүлчээр таалал төгсөв. Нэн харамсалтай энэ мэдээг тус улсын ерөнхийлөгч Жекоб Зума ард иргэддээ мэдэгдсэн юм.

Нелсон Мандела ийнхүү 95 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Өнгөрсөн жилээс хойш уушигны хүнд өвчинтэйгөө тэмцсээр өнөөдрийг хүрсэн юм. Сүүлийн гурван сарын турш эрчимт эмчилгээ хийлгэж байсан ч тусыг эс олон амар амгалангийн оронд залрав.

Тэрээр Өмнөд Африкийн хамгийн анхны хар арьст ерөнхийлөгч байсан билээ. Хар арьстнуудыг адгууснаас дорд үзэж байсан расистуудын төлөө хүчтэй тэмцсэнийхээ төлөө тэрээр 27 жилийн турш шоронд хоригдсон. Хэдийгээр эрхээ хасуулсан ч гэсэн хүний эрхий төлөө дуу хоолой болж чадсаар байсан юм. Харин урт хугацааны ялаас чөлөөлөгдсөний дараа 1994 онд улсынхаа ерөнхийлөгчөөр сонгогдсон. Ерөнхийлөгчийн албыг хашиж байх хугацаандаа үндэстнийхээ эрх ашгийн төлөө маш олон зүйлсийг хийж чадсан юм. 1999 онд ерөнхийлөгчийн албанаас буусан ч гэсэн улс төрийн оролцоо болон нийгмийн асуудалд анхаарсаар байсан. Тэдгээр ажлуудын нэг бол яах аргагүй Өмнөд Африкт ХДХВ/ДОХ-ын эсрэг хамгийн хүчтэй дуу хоолой болж, улмаар дэлхий дахиныг уриалж чадсан билээ.

Түүнийг төрөлх нутаг Куну аймагт нь ёслол хүндэтгэлтэйгээр нутаглуулсан билээ.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ