Харанхуй амьдралд охидоо битгий үлдээгээрэй

Шинэ жил гээд үсчний газар хаа сайгүй дугаар ихтэй. Оноос өмнө амжаад ядаж үсээ засуулах санаатай ажлынхаа ойрхон үсчний газраар орлоо. Хүүхнүүд л үсчин хийдэг юм хойно гэр бүлийнхээ дотоод амьдралыг өөр хоорондоо үйлчлүүлэгчдээсээ үл ичин ярилцана. Чихээ таглаад суултай биш сонсохоос яалтай.
“Орой шинэ жилдээ орохын тулд нөгөөдөхийн чинь хоолыг хийж орхиод гарахгүй бол болохгүй. Өчигдөр шинэ жилтэй гэсэн биш уурлаад шөнийн хоёр цаг хүртэл хувцсыг нь угааж индүүдлээ. Манай хүн ч хэцүү шүү дээ” хэмээн нэгэндээ ярих үсчинг харвал залуу нэгэн биш. Лав тавь гарсан л харагдана. Насныхаа ихэнхийг хамт илээчихээд ганц өдрийн баярт явах гэснийх нь төлөө уурлаж дургүйцсэн гэдгийг сонсоод үнэхээр хачин ч гэмээр нөгөө талаас өрөвдөлтэй санагдлаа. Өглөөхөн нь 21 настай охиныг хэрцгийгээр зодож, үхэл рүү түлхсэн эрийг ямар ч гэмгүй нэгэн болгох гэж улайрч буй тухай хохирогчийн ар гэрийнхний гомдлын талаархи хэвлэлийн хурлын сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэлд “булуулж” байгаад орсныг хэлэх үү.Сэтгэл нэг л хөндүүр.

Хохирогчийн ар гэрийнхэнд М.Ичинноров хуульч өмгөөлөл үзүүлж байгааг сонсоод үнэн мөнийг нь олж гэмт этгээдэд эдлэх ёстой ялыг нь эдлүүлж чадна гэдэгт итгээд гарсан ч сэтгэл бөөн хар үүлтэй болчихлоо. Учир нь түүний ойрын хүн энэ зовлонт амьдралын захад бүдэрч үзсэн гэдэг. Тиймээс зовлон үзсэн хүн л зовлон ойлгодог гэгчээр тэрээр энэ хэрэг дээр сэтгэл зүрхнээсээ хандана гэдэгт итгэж байна.
Хаа сайгүй гэр бүлийн хүчирхийллийн талаархи сэтгэл сэртхийлгэсэн мэдээ. Сонины, сайтын, зурагтын мэдээ ийм бараанаар дүүрэн.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 1589 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэргийн хохирогч болж, 61 хүн амиа алдаж, долоон хүн амиа хорлоход хүрч 1092 хүн гэмтэл авсан гэсэн байна. Энэ бүхний 90-ээд хувь нь эмэгтэйчүүд гэсэн баримт миний өмнө байгаа юм.2013 онд гарсан аймшигт хэргийн нэг болнэг эрээс болж хоёр бүсгүй нэг нь шороонд булуулж, нөгөө нь шоронд орсон. Харин бүсгүйчүүдийн дунд гүйж байсан эр хар шил зүүж, үсээ гейлдэж, ганган машин унасан хэвээр. Энэ бол гэр бүлийн хүчирхийллийн тод жишээ биш гэж үү. Нийгэм даяар аймшиг дагуулсан энэ хэргийн шүүх ажиллагаа цэгцэрч дуусаагүй байтал Булган аймагт эхнэрээ дөрвөн цагийн турш тарчилгаж тамлаж, үхэлд хүргэсэн нөхөр, 48 цагийн турш хайртай гэж байсан бүсгүйгээ зодож, амь насыг нь авч одсон найз залуугийн хэрэг гарлаа. Түүгээр ч зогсохгүй хүний наймааны золиос болсон бүсгүйн хэргийн талаар ч мэдээлэл...

Охин хүүхэдтэй аав, ээж бүр энэ нийгмийг хараан зүхэж эхэллээ.
Айлын ганц охин байсан юм шүү хэмээн харуусах аавыг хараад “хүүхэддээ хаана юу хийж явна, хэнтэй хамт амьдарч байна, алив дагуулаад ир” гэж чангахан хэлээдэхгүй дээ хэмээн харууссан. Хүний эцэг эх заяаны ханийг нь мөн бишийг таньдаг хэмээн хэзээ ч юм сонсч байсан. Магадгүй тэд охинд минь хань биш дайсан болох хүн байна гэж хараад эртхэн шиг холдуулах ч байсан юм бил үү.Хохирогч охин 21 настай. Хөдөөнөөс хотод сайхан амьдрах мөрөөдөл тээн ирсэн нь ойлгомжтой. Гэтэл өнөөдөр Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болоод аав ээжийгээ эмтэлж байдаг.Шинжээчийн дүгнэлтээр хохирогч амь насаа алдсан нь гадны нөлөөгүй байсан гэж. Энэ дүгнэлтийг хүлээж авсныхаа дараа ар гэр нь өмгөөлөгч нь хэвлэлийнхэнд хандахаас аргагүй болсон гэнэ.
Хохирогчийн нагац эгч Д.Сүрэнхорлоо нүүр бие нь тэр чигтээ авах юмгүй хөх няц болсон дүүгээ хараад шууд л шоконд орсон гэв. Талийгаач Б.Цэдэн-Ишийн хөх няц болсон биед өмнө нь ч зодуулж байсан болов уу гэх сорви байж. Задарсан элгийг нь эмч нар яаралтай хагалгаа хийн оёсон ч цус их алдсаны улмаас хагалгаагаа ч даах чадваргүй байж. Ингээд арга буюу хойшлуулсан ч охин үүрээр бурхны орон руу оджээ. Харсан хүн нүд хальтирмаар болтлоо нэг эрийн гарын шүүс болчихоод байсныг гэрчилсээр байтал Шүүх эмнэлгийн дүгнэлт яагаад нөгөө талд гарчихав.

Тиймээс хуульч М.Ичинноров Хууль зүйн сайдад үнэн мөнийг тогтооход өөрийн эрх мэдлийн хүрээнд ажиллаж туслаач хэмээн хүсэлт хүргүүлж.АТГ-т ч нэр бүхий шинжээч эмчийг шалгуулахаар хандсан аж. Мөн хохирогчийг Алтанхүүгийн зодуурын нөлөөнд амиа алдсаныг батлах маш олон баримт нотолгоо бий. Шаардлагатай үед нь ил болгоно гэв.

Энэ бол зөвхөн гэр бүлийн хүрээнд болж байгаа хүчирхийллийн нэг хэрэг гэхээсээ илүүтэйгээр Монголын нийгэм улам балмад болж байгааг илэрхийлэх нэг жишээ гэдэгтэй уншигч та санал нэгдэнэ гэж бодож байна. Саяхан нэг гавьяат хуульчтай чин сэтгэлээсээ ярилцаж суусан. Цөөн хором ч гэлээ тэр хүний хэлсэн үг сэтгэлд нэвчсэн. “Хууль гэдэг шүүгчээс гашуун нулимс үргэлж шаарддаг зүйл юм шүү. Тиймээс хуулийг боловсруулж батлахдаа гар өргөж байгаа хүмүүс маань маш сайн судалж уншиж үзэж байгаасай. Хэрвээ та нар ажиглаж байгаа бол манай нийгэм дэндүү харгис болж байх шиг. Эцэг эхээ хөнөөсөн, эхнэрээ удам судраар нь хүйс тэмтэрсэн, хүүхдээ алсан гээд л энэ хэргүүдийг үйлдэж байгаа хэлбэр нь дэндүү балмад болж байгаа дуулдах юм. Заримдаа энэ Хятадын цаазаар авах ялын хэлбэр манайд өнөөдөртөө байх хэрэгтэй байж гэж чин сэтгэлээсээ боддог юм шүү. Мэдээж Монгол гэдэг улс дэлхийтэй хөл нийлүүлж алхах нь зүй. Гэхдээ заримдаа ялангуяа хууль эрхзүйн хувьд маш бодолтой болгоомжтой алхам хийж байх ёстойг төрийн түшээд маань надаар хэлүүлэлтгүй мэддэг биз дээ” гээд “та нар шүүгчид 10 мянган төгрөг хулгайлсан хүнийг шоронд хийдэг хэрнээ хүн алсан хүнийг тавиад явуулчихдаг гэдэг. Гэтэл бид прокурорын, мөрдөн байцаагчийн баримт дээр үндэслэн хуульд заасан тэр л ялыг оноодог юм шүү. Шүүгч байна гэдэг үнэхээр хүнд ажил” гэж байсан.Тэгэхээр дээрх хэрэг шүүх дээр хэрхэн шийдэгдэх вэ гэдэг нь тодорхой мэт. Хууль зүйн анхан шатныхан маань ширхэг зүү ч нэвтрэхийн аргагүй хийгүй ажиллаж гэмээнэ Монголын нийгэм айдсаас ангижирмаар.
Би үнэхээр айдаг. Охин хүүхдүүдийг минь ямар хувь тавилан хүлээж байгаа бол гэж бодохоос айдаг.Сайн боловсрол олгох сайн хүн болгож хүмүүжүүлэх нь эцэг эхийн үүрэг гэдгийг хамгаас сайн ухамсарладаг ч охиныхоо ирээдүйг бараан сүүдрээс халхалж чадах эцэг эх байхсан гэж хамгаас их хүсдэг.
Б.Энхтуяа найрагчийн“Охин үрээ хайрла” шүлгийн
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг, намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла гэсэн мөрүүдийг уншигч танд илгээе.
Эх сурвалж: #000; font-weight: bold;" href="http://www.assa.mn/content/19406.shtml?alias=social">www.assa.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ