Маргарет Тэтчер -1980 оны Москвагийн олимпийн гол эсэргүүцэгч

БРИТАНИЙН ТАМИРЧИД, БАС ЖУУЛЧИД ТУС ОЛИМПИЙН ТОГЛОЛТОНД ЯВАХААС ТАТГАЛЗАХАД ХҮРГЭХИЙН ТУЛД ТЭРЭЭР СӨРӨГ СУРТАЛЧИЛГААНААС АВАХУУЛААД МӨНГӨН НӨХӨН ОЛГОВОР ӨГӨХ ГЭЭД ЧАДАХ БҮХИЙ Л АРГАА ХЭРЭГЛЭЖЭЭ...
Маргарет Тэтчерээр толгойлуулсан Их Британийн Засгийн газар Британийн тамирчид болон үзэгчдийг 1980 оны Олимпийн тоглолтонд явуулахгүйн тулд сөрөг сурталчилгаа хийхээс авахуулаад мөнгөн нөхөн олговор олгох хүртэл бүхий л аргаа хэрэглэсэн тухай Их Британийн Үндэсний архивын нууц материал гэрчилж байна.
Үндэсний архив пүрэв гарагт 1980 оны илүү сонирхол татам төрийн бичиг баримтуудыг олон түмэнд нээлттэй болгож байгаа ажээ. Ийнхүү нээлттэй болгох болсон шалтгаан нь 30 жил өнгөрсөн учир “маш нууц” зэрэглэл нь үгүй болж байгаа аж.
Эдгээр материалын дунд 1979 оны сүүлээрх Зөвлөлтийнхэн Афганистан руу нэвтрэн орсон явдлыг Британийн засгийн газар хэрхэн үнэлж, ямар алхам хийсэн тухай, мөн Москвагийн Олимпийг эсэргүүцсэн тухай, энэ явдлыг зохион байгуулагч нь Британи байсныг гэрчлэхматериалууд багтжээ.
“ТӨМӨР ХАТАГТАЙ”-Н ЭСЭРГҮҮЦЭЛ
1980 оны Олимптой холбоотой Лондоны авч хэрэгжүүлсэн байж болзошгүй алхмуудын талаар Тэтчерийн Гадаад хэргийн сайд Питер Каррингтай 1980 оны 01-р сарын 08-нд хийсэн уулзалтын тайланд анх удаа дурджээ.
Тэтчер нэг бол Олимпийн тоглолтыг өөр хотод зохион байгуулахаар шилжүүлэх, нэг бол ЗСБНХУ Афганистаны эсрэг хийсэн үйлдлийг нь эсэргүүцэж буй тэмдэг болгож Олимпийн тоглолтод Их Британи улсыг оролцуулахгүй байх саналтай байжээ. Тэргүүлэгч Форин-офиса эхний хувилбарыг “практик дээр байж боломгүй зүйл” хэмээн эхний хувилбарыг үгүйсгээд, Олимпийн тоглолтын талаарх байр сууриа илэрхийлэхийг холбоотон улсуудаасаа хүсэмжилсэн байна.
Бүр эхнээсээ Британийн засгийн газар тус улсын бие даасан спортын нэгдлүүдийн хувьд аливаа улс төр болон санхүүгийн тал дээрээс дарамт үзүүлэх хөшүүрэг байхгүй гэдгийг ухамсарлаж байсан ч Тэтчер болон түүний багийнхан Британийн Олимпийн Хороо, биеийн тамирын холбоод болон тамирчдад нөлөөлөл үзүүлэхээр шийджээ.
“Олимпийн тоглолт дээр нэлээд хэдэн томоохон улс орнуудын тамирчид байхгүй байх нь Зөвлөлт Холбоот улсын нэр хүндэд томоохон цохилт болох бөгөөд Афганистан руу дайран орсон явдлыг сайшаахгүй байгаагаа илэрхийлэх хамгийн шилдэг арга байх болно хэмээн би бодож байна. Олимпийн тоглолт болох газрыг өөрчлөх, хугацааг хойшлуулах, эсвэл болиулах аваас бүр илүү үр дүнтэй болно” хэмээн лорд Каррингтон Москва дахь Британийн элчин сайд Кертис Киблд явуулсан нууц цахилгаандаа бичжээ.
Тэтчер томоохон улс орнууд дундаас Москвагийн Олимпийн хувьд олон улсаас зөвшөөрөл авах хэрэгтэй талаар олон нийтэд нээлттэй мэдэгдсэн хамгийн анхны төрийн тэргүүн байсан юм. Танхимын хурал дээр нэгдүгээр сарын 17-нд үг хэлэхдээ тэрбээр хэдийгээр хатуу чанд шийдвэр гараагүй ч гэсэн засгийн газар Москвагаас Олимпийн тоглолтыг явуулах эрхийг нь булааж авах чиг шугамыг баримталж байлаа. Нөхцөл байдлыг чимээгүй судалсны дараа Британийн дипломатууд “урьд өмнө нь Олимпийн тоглолт зохион байгуулагдаж байсан бүх нийслэлүүд болох Токио, Мюнхен, Монреаль зэрэг нь зохион байгуулалтын болон санхүүгийн хүндрэлээс болж Москвагийн Олимпод оролцохоосоо татгалзаж байна хэмээн Лондонд мэдэгджээ. Олон улсын Олимпийн хороо болон түүний тэргүүн Ирландын иргэн Килланин нар хоёрдугаар сард Олимпийн тоглолтыг Москвад явуулах шийдвэрийг дахин батлажээ.
1980 оны нэгдүгээр сараас тавдугаар сарын хугацаанд Британийн Олимпийн Холбооны тэргүүн ноён Денис Фоллоуст дөрвөн удаа биечлэн захидал бичжээ. Ингэх бүрийдээ Москва дахь Олимпийн тоглолтыг эсэргүүцэх үзлээ улам бүр ширүүхэн илэрхийлж байв. Гэвч Британийн Олимпийн Холбоо 1980 оны гуравдугаар сард болсон их хурлаараа ямартаа ч тамирчдаа Москва руу илгээхээр шийджээ. Тамирчид болон засгийн газрын хоорондын иймэрхүү томоохон хагарал АНУ-аас авахуулаад Австрали хүртэл бараг бүх капиталист орнуудад явагдсан ажээ.Үүний сацуу Олимпийн тоглолтыг эсэргүүцэгч улс орны тамирчдад зориулсан иймэрхүү тэмцээн зохион байгуулах оролдлого ч амжилтад хүрсэнгүй.
“АНУ, ХБНГУ болон биеийн тамирын хувьд хөгжингүй томоохон улс орнуудын төлөөлөгчид үгүй бол Олимпийн тоглолт нь Олимпийн гэгдэх эрхгүй, Москвад олж авсан медаль, цом нь ямар ч нэр хүндгүй байх агаад ёслолын ажиллагаа нь ч утгагүй болно. Энэ тоглолт зөвхөн Зөвлөлтийн засгийн газрын сурталчилгааны хэрэгцээг л хангана. Британийн тамирчид оролцлоо гээд зөвхөн Британийн ашиг сонирхлыг гонсойлгох төдийхөн хэрэг л болно” хэмээн Тэтчер Британийн Олимпийн Холбоонд 1980 оны Олимпийн тоглолт эхлэхээс хоёр сарын өмнө захидалдаа бичжээ.
Түүнээс гадна үнэн хэрэгтээ Фоллоус бодит байдал дээр Тэтчерийн захидлуудыг огт үл тоомсорлож байсан агаад тамирчид болон Олимпийн хөдөлгөөний ашиг сонирхлыг мөрдлөгөө болгож байсан тухай гэрчүүдийн баримт ч тус архивт үлдсэн байна.
ЭДИЙН ЗАСАГ БА УЛС ТӨР
Тэр үед биеийн тамир, спортын асуудлыг хариуцдаг байсан Хүрээлэн буй орчны яамны тэргүүн Майкл Хезелтайн 1980 оны нэгдүгээр сард Гадаад хэргийн яамны тэргүүнд явуулсан нууц захидалдаа “Их Британи хамгийн түрүүнд спортыг улс төрийн зэвсэг болгон ашиглах нь зүйтэй” гэж хүлээн зөвшөөрч байжээ.
Тэр мөчөөс эхлэн зөвлөлтийн эх үүсвэрээс шууд авсан сөрөг сурталчилгааны аргуудыг өөрийн зэвсгээ болгон баримтлах болов. Энд лорд Каррингтон засгийн газрын тэргүүнд хандаж өөрийн илтгэл болон захидалдаа ЗХУ-ын Коммунист намын товхимлоос ЗСБНХУ дахь спорт, улс төрийн хоорондын холбооны талаар дурдсан хэсгийг ашиглах нь зүйтэй гэсэн зөвлөгөө анхаарал татаж буй юм. Энэхүү зөвлөгөөг нь хожмоо Тэтчерт зориулан бэлтгэсэн хэд хэдэн илтгэлд оруулсан байв.
Москвагийн Олимпод оролцохгүйгээр татгалзахад чиглэгдсэн бүх санаачлагыг Засгийн газраас дэмжиж байв. Тухайлбал Land Rover автомашин үйлдвэрлэгч ивээн тэтгэгчийнхээ гэрээг цуцалсан, эсвэл Британийн Hoover компани Олимпийн тосгонд олон тооны угаалгын машин, цагаан хэрэглэл хатаагчийг нийлүүлэхээс татгалзсан гэх мэт.
Британийн эрх баригчид тэр байтугай Москва руу аялахаар төлөвлөж байгаад төлөвлөгөө өөрчилснөөс санхүүгийн хувьд хохирол амсаж болзошгүй жуулчдад 100 мянган фунт гарган өгөхөд бэлэн байжээ. Түүнээс гадна энэ тухай агаарын тээврийн компани, жуулчдын агентлагуудтай зөвшилцөж байв.
British Airways агаарын тээврийн компани Москва руу хөгжөөн дэмжигчдийг тээвэрлэх гэж байснаа сайн дураараа татгалзсаны дараа зөвлөлтийн “Аэрофлот” компани Олимийн тоглолтын үеэр 18 нислэг үйлдэх зөвшөөрөл авахаар хөөцөлдөж эхэлжээ. Агаарын тээврийн асуудал хариуцсан Худалдааны яамны дэд сайд Норман Теббит тухайн үед үйлчилж байсан дүрэм журмын дагуу эдгээр нислэгийг зөвшөөрөхөд бэлэн байсан ч Тэтчер өөрийн гараар түүнийг хориглож: “Энэ нислэгийг “Аэфрофлотод” зөвшөөрвөл бид өөрсдөө тэнэг байдалд орно. Энэ асуудал дээр засгийн газар тун хянамгай болгоомжтой байж дэс дараатай арга хэмжээ авах ёстой” гэжээ. Ингээд эцсийн үр дүнд “Аэрофлот”-ын хүсэлтэд татгалзсан хариу өгчээ.
Төр засаг Москвагийн олимпод явахыг хүсэгч хувь хүмүүсийн сонирхлыг ч тасалдуулахыг боломжоороо хичээж байлаа. Архивт Их Британийн Гадаад хэргийн яамны ажилтан Жон Чилкотын захидал хадгалагджээ. /Тэрбээр өдгөө Ирак дахь дайныг судлах ажлыг тэргүүлж байгаа/. Тэрбээр захидалдаа Олимпийн тоглолтыг зохион байгуулагчид шоронгийн офицер, гимнастикч, биеийн тамирын зааварлагч А.Майерсыг Москвад урьсан явдалд ихэд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.
Чилкотын бичсэнээр Майерс 2-р сарын 25-наас 3-р сарын 2-ны дотор Москва руу хувийнхаа амралтаар явах аж. Ажил олгогч нь түүнд амралт олгохгүй байх боломжгүй юм. Түүнээс гадна тэр бүх нууц мэдээлэлд хүрэх эрхтэй учир аюулгүй байдлын үүднээс түүний аялалд садаа болох ямар ч боломжгүй аж.
“Бидний хийж чадах хамгийн том зүйл гэвэл өндөр албан тушаалтай офицертэй уулзуулж, түүнд засгийн газрын байр суурийг таниулж, тийш явахгүй байхыг ятгах л ганц арга байна. Түүнчлэн Майерс Олимпийн тоглолтод уригдахад хүрвэл түүнд заавал амралтаа хүлээгээд байх шаардлаггүй болно, гэвч Москвагийн Олимпийн тал Засгийн газрын баримталж байгаа дээрх бодлогын хүрээнд түүнд саад болж болох юм” хэмээн Гадаад хэргийн яамны төлөөлөгч дүгнэн хэлжээ.
Олимпийн тоглолт ид болж байх үеэр Засгийн газар мөн л Батлан хамгаалахын ажилтан болох таван атлетикч нарыг хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах уулзалтыг хязгаарлахыг оролджээ. Үүний тулд дотоод журамдаа “улс төрийн талаарх яриа хэлэлцүүлэгт оролцохыг хориглоно” гэсэн заалт оруулжээ.
ФИЛИП ХУНТАЙЖ ЗОЛТОЙ Л ОРООЦОЛДЧИХООГҮЙ НЬ
Хатан хааны нөхөр, Их Британийн хунтайж, Эдинбургийн Филип Москвагийн Олимпийн тоглолтыг ийн эсэргүүцэж байгаа явдлыг үл дэмжигч гэсэн нэр цолыг золтой л зүүчихсэнгүй. Олон улсын морин спортын холбооны ерөнхийлөгчийн хувиар 1980 оны тавдугаар сард тэрбээр Швейцарьт болсон олимпийн өмнөх бэлтгэл уулзалтад оролцжээ. Спортын олон холбоодын санаачилгаар Москвагийн Олимпийн тоглолтод ийн садаа болох явдал нь “байж болшгүй зүйл” гэсэн мэдэгдэл гарчээ. Букингемийн ордноос энэ бичиг баримтад хунтайжийг оролцсон гэдгийг үгүйсгэж улмаар “хунтайж тус мэдэгдлийг өөрчлөх гэж идэвхтэй оролдсон”, мөн “хэзээ ч Засгийн газар болон Хатан хааны байр суурийг шүүмжилж байгаагүй” гэсэн тайлбар хийжэ.
Хожим нь хунтайж Филип, морин спортын холбооны гишүүдийн нэгэн адил Москва явах төлөвлөгөөгөө өөрчилжээ.
ХАЛБАГА НЬ ҮГҮЙ Ч ШАВХРУУ НЬ ҮЛДЭВ
Москвагийн Олимпийн тоглолтын бэлтгэл, тоглолтыг явуулах үйл явцыг ажиглаж байсан Британийн дипломатуудын цахилгаан мэдээнүүд ч мөн онцгой анхаарал татаж байгаа юм. Бараг цахилгаан мэдээ тус бүрийг ард түмний дунд тархсан “Олимпийн тухай явган шог”, Брежневын тухай онигоо, Америкийн ерөнхийлөгч Картерын тухай шог яриагаар төгсгөсөн байв.
Нэгэн цахилгаан мэдээнд 80 оны олимпийн бэлэг тэмдэг болсон Баавгайг “хий хоосон инээмсэглэлтэй” хэмээн шүүмжилж, бас үхрийн арьсаар хийсэн өндөр үнэтэй мануухайгаас авахуулан гар буу барьсан Баавгайны тэмдэг зэргийг /дашрамд худалдаанаас татсан/ бэлэг дурсгал болгон тарааж байсан тухай бичсэн байлаа.
Элчин сайд Кибл “Потёмкины тосгон”-той зүйрлэж байсан Москвагийн талаарх тайлангуудаас гадна Москвад ирсэн гадаадын иргэдэд тавьсан хязгаарлалт, мөн хорлон сүйтгэгчид мөрдөн мөшгиж байгаа талаар дурдсан байлаа. Израилийн төлөөлөгчдөд виз өгөхөөс татгалзсан түүнчлэн Нидерландаас ирсэн төлөөлөгчдийн тэргүүнийг нисэх буудал дээр нохойтой нэгжсэн, Австралийн дасгалжуулагчийн хэлээгүй үгийг ТАСС хэлсэн болгосонд дасгалжуулагч нь хилэгнэн уурласан тухай мэдээллүүд агуулагдаж байв.
Олимпийн тоглолтыг нэвтрүүлэх төв байрлаж байсан “Космос” нэртэй шинэ зочид буудлын аюулгүй байдлын хэрээс хэтэрсэн арга хэмжээний талаар ч дурдсан байлаа.
“Энэ зочид буудлыг маш сайн хамгаалж байгаа. Шат болгон дээр цагдаа нар зогсч харуулдана. Магадгүй дөнгөж сая нээгдсэн энэ зочид буудлыг францын гал тогооны хэрэгсэл, болон бусад үнэт зүйлсээр тоноглосон тул тэдгээрийг алдагдаж, хар зах зээлд дамын наймаачдын гарт орчих вий гэж сэргийлснээс ийн хамгаалж байж ч мэдэх” хэмээн Кибл онцлон тэмдэглэсэн ажээ. Москвагийн Олимпийн тоглолтыг аль болох гутаан доромжлохын тулд бүх оролдлогоо хийж байсан Британийн дипломатууд ч гэсэн эцсийн эцэст “үзсэн харсан зүйлээ гайхан биширсэн хүмүүс бол оролцохоор ирсэн тамирчид, бас сэтгүүлчид байлаа” хэмээн тайлбарлахад хүрчээ.
Олон хүний хүсэн хүлээсэн ч ирээгүй тэр олон гадаадын үзэгчдийн оронд Москва хотын оршин суугчид хамгийн хямдралтай үнээр бүх тэмцээний тасалбарыг худалдан авч танхимыг дүүргэж байлаа.
Британийн тамирчид, аль хавар шийдсэнээрээ Олимпийн тоглолтын албан ёсны ёслол дээр оролцоогүй бөгөөд олимпийн далбаан дор гарч иржээ. Гэвч тэмцээнд тун амжилттай оролцож нийтдээ 21 медалийн эзэд болжээ. Хөнгөн атлетикаар Себастьян Коэ 2 удаагийн олимпийн аварга болж байсан бөгөөд өдгөө тэрбээр Лондон дахь 2012 оны Олимпийн тоглолтыг зохион байгуулах комиссийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ