“ДДЭШТВ”-ийнхэн хөхөө өвлийн хүйтэнд малчдыг гаднаа жагсааж байна

“Харилцаа Холбооны Зохицуулах Хороо”-ноос зарласан Сансрын хиймэл дагуулын Кей Юү зурвасаар үндэсний телевизийн 10 сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах тендерт 2008 оны 5-р сард “ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” ХХК оролцон шалгарч, олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах эрхийг авсан юм.
Тус тендерийн дагуу Засгийн газраас зөвхөн 10 сувгийг дахин дамжуулах хиймэл дагуулын транспондерийн түрээсийн төлбөрийг санхүүжүүлэхээр тусгагдсан байсан бөгөөд газрын станц байгуулах, ашиглалт үйлчилгээний зардлыг уг тендерт ялагч өөрөө хариуцахаар заагдсан байсны дагуу “ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” ХХК нь уг үйл ажиллагааг явуулахаар “ДДЭШТВ” ХХК-ийг 2008 оны 5-р сард байгуулсан билээ. Анх байгуулагдахдаа хөдөөний иргэдийн хэрэглэж байсан том тавган антеныг халж өөрсдийн оруулж ирсэн хятад антен түүний дагалдах хэрэгслийг малчдад шахсан тус компани цаг хугацааны эрхээр малчид болон төв суурин газрын иргэдийг хэрэглэгчээ болгоод амжсан.
Гэтэл тус компанийн үйл ажиллагаа малчдын буянаар улам өргөжихийн хэрээр шуналдаа хөтлөгдөж хөдөөний хэдэн малчдыг шулж эхэлжээ. Ингэхдээ анх арван суваг үзүүлж байсан тус компани 30 суваг болгон нэмэгдүүлж түүнийхээ хөлсийг даган өсгөсөн. Тэгснээ өнгөрсөн жилээс эхлэн 70 сувагтай боллоо хэмээн иргэдээс илүү мөнгө завшиж эхэлсэн билээ. Гэтэл “ДДЭШТВ”-ийнхэний хэнээрхэл шунал эрээ цээрээ алдаж тоон системд шилжих нэрийдлээр 100 гаруй сувагтай боллоо. Тийм учраас ирэх сарын 1-нээс өмнө нь олон сувгийнхаа хүлээн авагчийг 45000 төгрөгөөр солих хэрэгтэй гэж өдөр шөнөгүй сурталчилгаа явуулсан. Түүнийг сонссон малчид Улаанбаатар хотод ганцхан байдаг “ДДЭШТВ”-ийн төв рүү цуварчээ. Ийнхүү энэ сарын 26-наас хойш шинэ хүлээн авагчийг нь иргэдэд олгохоор болсон тус байгууллагынхан өчигдрөөс эхлэн үүдэндээ олон хүмүүсийн урт дараалал үүсгэсэн байна. Хаа байсан баруун, зүүн хязгаараас ч малчид ирж очерт зогсож байгаа гэнэ.
“ДДЭШТВ” ХХК-ийнхан ийм олон хэрэглэгчтэй байж ганцхан салбарыг хөдөөний хүн олохооргүй байрлалд ажиллуулж байгаа нь иргэдийн дургүйцлийг ихэд хүргэж байгаа аж. Аргаа барсан иргэд ядаж зүүн аймгийн иргэд хотынхоо зүүн талд, баруун аймгийн иргэд баруун талдаа, хотын иргэд төвд үйлчлүүлж болдоггүй юм байхдаа гэцгээх юм. Ийнхүү хөхөө өвлийн хүйтэнд ард иргэдийг гаднаа очерлуулаад халаасыг нь сэгсэрч байгаа энэ компанийг ШӨХТГ-аас шалгаж өгөхийг иргэдийн зүгээс хүсч байгаа бололтой. Мөн анх зарлахдаа 45000 төгрөгөөр олон сувгийн хүлээн авагчаа солино гэж амласан “ДДЭШТВ”-ийнхэн олон хүн очерлоод эхлэхээр үнээ нэмж байгаа сураг ч дуулдаж байна. Дур зоргоороо үнээ нэмж, ес эхэлсэн өдрүүдэд малчдыг гаднаа хүлээлгэж байгаа “ДДЭШТВ” ХХК-ийг холбогдох албаныхан анхааралдаа авч ажиллах нь зүйтэй болов уу. Түүнчлэн ганцаараа монополь тогтоосон тус компани шударга ажиллаж байгаа эсэхийг шалгах цаг нь болжээ.
А.Төмөрсүх
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ